Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/01929

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 04с 17ө

Дугаар 101/ШШ2023/01929

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .........................

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, С.Гантогтох, шинжээч Б.Батзаяа, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар 101/Ш32016/17558 тоот шүүгчийн захирамжаар зээлдэгч Шарнуурын мандал ХХК, Боржигон овогт Тогтохын Маряш /РД: ХД78031305/, Боржигон овогт Пүрэвжавын Мандахбаяр /РД: ЦБ62030712/ нараас 2,559,565,036 /хоёр тэрбум таван зуун тавин есөн сая таван зуун жаран таван мянга гучин зургаа/ төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Шарнуурын мандал ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрээ 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс өөрчилж Гангар-Од Дэвжих ХХК болсон. /рд:2847264 хэвээр байгаа/ Хариуцагч нар болох Шарнуурын мандал ХХК, М, Ма нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч Х ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрийг гаргуулахаар НШШГГ-т хүсэлт, материалуудаа өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг байгуулж ажиллагаа хийгдэж эхэлсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 1 дүгээр гудамж, 1 а тоот хаягт байрлах 951 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, нэгж талбарын 18637315447122 дугаартай, 191 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18637315443150 дугаартай, 132 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн 00 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны 18010, Баянхошууны гудамжны 02 тоот хаягт байрлах 2415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 9,824,747,240 /есөн тэрбум найман зуун хорин дөрвөн сая долоон зуун дөчин долоон мянга хоёр зуун дөч/-н төгрөгөөр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК нь үнэлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №4-132/24391 дугаартай албан тоотоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг 9,824,747,240 /есөн тэрбум найман зуун хорин дөрвөн сая долоон зуун дөчин долоон мянга хоёр зуун дөч/-н төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдсэнийг Төлбөр авагч манай Х ХХК-ийн зүгээс зах зээлийн үнэ ханшаас хэтэрхий өндөр үнээр үнэлсэн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйлүүд болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг 9,824,747,240 төгрөгөөр 2022 оны 12-р сарын 14-ний өдөр үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Хөрөнгө эстимейт ХХК үнэлснийг Төлбөр авагч манай Х ХХК-ийн зүгээс зах зээлийн үнэ ханшаас хэтэрхий өндөр үнээр үнэлсэн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байсан учир Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гаргасан боловч хүлээн авахгүйгээр шийдвэрлэсэн. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан Дуудлага худалдаа явуулах үеийн үнх тодорхой болоогүй, уг үнэлгээнд гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байхад албадан дуудлага худалдааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Анхны албадан дуудлага худалдааг, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулж хуульч зөрчсөн ажиллагаа явуулсан. Иймд тус шүүхэд гаргасан С дүүрэг тоотод байрлах 951 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянхошууны гудамж 2 тоотод байрлах 2451 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 191 м.кв 132 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт үнэлсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож, уг хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр зохион байгуулсан анхны дуудлага худалдаа, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17558 дугаар захирамжаар "Шарнуурын мандал ХХК, М, Ма нараас 2.559.565.036 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 9 сарын 27-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Шарнуурын мандал ХХК, М, Ма нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2018 оны 12 сарын 25, 2019 оны 02 сарын 22-ны өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул 1 дүгээр гудамж 1а тоот хаягт байрлах 951 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны 18010, Баянхошууны гудамжны 02 тоотод байрлах 2415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158/01 дугаар тогтоолоор, нэгж талбарын 18637315447122 дугаартай 191 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18637315443150 дугаартай 132 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 2022 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн 18261876/05 дугаар тогтоолоор тус тус битүүмжлэн, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18261876/06, 18261876/07 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоол гоход 9.824.747.240 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний тайлан мэдэгдлийг төлбөр авагч Х ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганбандид 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 4-132/24391 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 00 тоотод байрлалтай 951 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 0 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 00 тоотод байрлалтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баянхошууны 18010, баянхошууны гудамж 2 тоот хаягт байрлалтай 2,415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 00 тоотод байрлалтай 132 м.кв талбайтай иргэн ахуйн зориулалттай эзэмших газар, Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо, 00а тоотод байрлалтай 191 м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлсэн ба дээрх шаардлагуудаа дэмжиж оролцож байна.

 

Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 101/ШЗ2016/17558 дугаар захирамжаар Шарнуурын мандал ХХК, М, Ма нар нь өргөдөл гаргагч Х ХХК-ийн нэхэмжилсэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн төлбөр 2.664.975.036 төгрөгийг хариуцан төлөхийг зөвшөөрч, Шарнуурын мандал ХХК, М, Ма нар нь дээрх 2.664.975.036 төгрөгийг 2016 оны 5 дугаар сараас эхлэн 12 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүрийн 28-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас эхлэн 5 дугаар сарыг дуусталх хугацаанд сарын бүрийн 28-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сараас 8 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүрийн 28-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүхийн 28-нд 12,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд сар бүрийн 28-нд 20,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 28-нд үлдэх 2,226,975,036 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрснийг баталгаажуулж, Шарнуурын мандал ХХК, М, Ма нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд М, Ма нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 44/1 дүгээр байрны 34 тоотод байрлалтай 56.54м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 57 дугаар байрны 1 тоотод байрлалтай 42м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 00 тоотод байрлалтай 951 м.кв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо, 00а тоотод байрлалтай 191 м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газар, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баянхошууны 18010, Баянхошууны гудамж, 2 тоот хаягт байрлалтай 2,415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 00 тоотод байрлалтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Сонгинохайрхан дүүргийн 00тоотод байрлалтай 132 м.кв талбайтай иргэн ахуйн зориулалттай эзэмших газар, 55 улсын дугаартай, Kia Bongo 3.0 шаргал өнгөтэй 2004 онд үйлдвэрлэсэн, бага оврын ачааны автомашин зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсоныг баталж шийдвэрлэсэн байна. /хх-103-108/

 

Уг шийдвэрт 2018 оны 09 сарын 20-ны өдөр 16248 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу 1463 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Цэнд-Аюуш 2018 оны 09 сарын 28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, 18261876 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-86-90/

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч Мийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 00 тоотод байрлалтай 951 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 0 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 00тоотод байрлалтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баянхошууны 18010, Баянхошуу 18010 баянхошууны гудамж 2 тоот хаягт байрлалтай 2,415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Мийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 00тоотод байрлалтай 132 м.кв талбайтай иргэн ахуйн зориулалттай эзэмших газар, Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо, 00а тоотод байрлалтай 191 м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газрыг 2019 оны 03 сарын 28, 2022 оны 11 сарын 29-ний өдөр битүүмжилж, 2022 оны 11 сарын 29-ний өдөр хураан авсан байна. /хх-126-128, 135-144/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн үнийн саналаа ирүүлсэн боловч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2022 оны 12 сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 12/416 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байх ба шинжээч Б.Батзаяа гарын үсэг зурсан байна.

 

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч Б.Батзаяагийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 00 тоотод байрлалтай 951 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 0 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 00тоотод байрлалтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баянхошууны 18010 баянхошууны гудамж 2 тоот хаягт байрлалтай 2,415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Мийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 00тоотод байрлалтай 132 м.кв талбайтай иргэн ахуйн зориулалттай эзэмших газар, Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо, 00а тоотод байрлалтай 191 м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газрыг нийт 9,824,747,240 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч нарын ... үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт өндрөөр үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 00 тоотод байрлалтай 951 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 0 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 00тоотод байрлалтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 01 тоот хаягт байрлалтай 2,415 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 00тоотод байрлалтай 132 м.кв талбайтай иргэн ахуйн зориулалттай эзэмших газар, Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо, 00а тоотод байрлалтай 191 м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ