Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/03638

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 08 101/ШШ2023/03638

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Э ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- А.А т холбогдох,

Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны *** тоотын орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 7,640,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагчийн 13,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч О.Ц /ӨНБД-****/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь А.Ат холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны ** тоотын орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 7,640,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон /хх-1-2, 41/.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ иргэн А.А нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ************** тоот байрыг сарын 340,000 төгрөгөөр манай Э ХХК-иас хөлслөн амьдарч байгаа. Уг гэрээг бичгээр байгуулах тухай мэдэгдэл болон гэрээр нь очдог боловч гэрээнд гарын үсэг зурдаггүй, орон сууцны төлбөрийг удаа дараа хоцроосон нөхцөл байдалтай. Гэвч бид хариуцагчийг урт хугацаагаар байрыг хөлслөн амьдарч байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн сарын орон сууцны хөлсийг дараагийн саруудад авсаар хугацаа хэтэрсэн төлбөр бүрийг тухайн цаг үед нь тооцож дараа дараагийн саруудад нь төлдөг нөхцөл байдлыг харгалзан өнөөдрийг хүрсэн.

А.А нь 2018 оноос хойш орон сууцны тухайн төлбөрийг тохиролцсон хугацаанд бус хугацаа хожимдуулан төлсөөр ирсэн бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021 оны 02-10 дугаар сарын төлбөр төлсөн. Энэхүү төлбөр төлөгдсөнөөр хариуцагчийн 2021 оны 10 дугаар сар хүртэлх орон сууцны төлбөр төлөгдөж дууссан буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үед 1 жил 2 сарын хугацаа хэтрэлттэй, 2021 оны 11, 12 дугаар саруудын төлбөр, 2022 оны 01-12 дугаар сарын төлбөр өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна.

Орон сууц хөлслөгч нартай 2021 оны 01 дүгээр сараас эхлэн зах зээлийн ханшаар буюу 2 өрөө байрыг 480,000 төгрөгөөр 2022 оны 6 дугаар сараас эхлэн мөн нэмэгдүүлж 680,000 төгрөгөөр тус тус тооцож авч ирсэн бөгөөд хариуцагч болох А.А нь дээрх шаардлагыг хүлээн авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул 2021 оны 11, 12-р сарын нэг сарын төлбөрийг 340,000 төгрөгөөр тооцож 680,000 төгрөгийг, 2022 оны 01-6 дугаар сарын нэг сарын төлбөрийг бусад айлуудаас авсан үнийн дүнг 480,000 төгрөгөөр тооцож, 2,880,000 төгрөгийг, 2022 оны 6-12 дугаар сарын нэг сарын төлбөрийг 680,000 төгрөгөөр тооцож 4,080,000 төгрөг, нийлбэр нийт дүн 7,640,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч нь орон сууцны төлбөрийг удаа дараа төлөөгүй тул нэхэмжлэгчийг зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 21, 5 дугаар сарын 21, 9 дүгээр сарын 02, 2022 оны 5 дугаар сарын 15, 9 дүгээр сарын 12-ны өдрүүдэд тус тус төлбөр төлөхийг сануулсан мэдэгдэл болон орон сууц чөлөөлөхийг шаардсан албан бичгийг өгсөн боловч ямар нэгэн өөрчлөлт гараагүй гэж тайлбарласан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа манайх орон сууц түрээсэлж байгаа гэж үздэггүй. Орон сууцны ашиглалтын болон СӨХ-ны төлбөрийг өгч байгаа гэж үздэг. Эхний 340,000 төгрөгийг хожимдуулж төлж байсан. Яагаад гэхээр 2016 оноос хариуцагч А.А нь Франц улс руу 1 жилийн хугацаатай явсан. Тэр хооронд эзэнгүй байсан зардал хуримтлагдаж өр үүссэн. Үүний дараа хэдэн сар байж байгаад явсан, төлж амжаагүй. Энэ бүхнийг хилээр гарсан баримтаар нотолж болно. Ковидын үеэр А.А ажилгүй байсан. Энэ компаний менежер н.Этэй би өөрөө ярилцдаг байсан. Сүүлд бөөгнөрсөн мөнгөнөөс өмнө нилээн их төлбөр байсан тэрийг би барагдуулсан.

Хариуцагч А нь 2020 оны 9 сараас хойш улирлын чанартай ажилд орсон. Хуримтлагдсан их мөнгийг би багасгасан. Би уг нь битгий шүүхэд өгөөрэй гэж ярьж хэлж байсан. Тухайн үед намайг зүрх өвдсөн эмнэлэгт байх үед шүүхэд өгсөн байсан. Орон сууцанд санаатайгаар амьдарч байгаа ашиглалтын зардлыг төлөхгүй байгаа зүйл байхгүй. Байрнаас гаргана гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анх өмчлөгч гээд ОХУ-ын консулын газартай 1993 онд гэрээ байгуулж байранд орсон байдаг. Нэхэмжлэгч компани 2013 оноос үйл ажиллагаа явуулсан. Олон жил төлбөр төлж амьдарсан, байрнаасаа гармааргүй байна. Энэ байрны өмчлөлийн асуудлыг дараа нь шийдүүлэхийг үгүйсгэхгүй. Засгийн газраас ОХУ-ын байруудыг шийдсэн байдаг. Яваандаа нэгдсэн журмаар шийдэх болов уу гэж өдийг хүрсэн. Өөрсдөө хөөцөлдөж явдаг талаар сайн мэдэхгүй учир хөөцөлдөөгүй тайван амгалан, зардлаа төлөөд явж байсан. Хариуцагч А.А 1 настайгаасаа хойш энэ байранд амьдарсан. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амьдарсан хугацааны төлбөрийг 480,000 төгрөгөөр төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны хөлсийг ямар ч үндэслэл гэрээгүйгээр нэмсэн зөрүү мөнгө болох 2015 оны 5-12-р сар, 2016-2021 оны 10-р сарыг дуусталх хугацаанд илүү төлсөн 13,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан /хх-113/.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ өмнө нь сард 150,000 төгрөгийг төлдөг байсан. 2015 оны 5 дугаар сараас шууд 340,000 төгрөг болгосон. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед 340,000 төгрөгөөр байсан боловч нэмэгдүүлсэн шаардлагаар оруулж ирээд тухайн оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бол 1 дүгээр сараас нэмэгдүүлсэн гээд орж ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс 2015 оноос бидэнтэй гэрээ хэлцэл байгуулахгүй утсаар хэлээд л нэмсэн төлбөрийн зөрүүг авна.

Гэрээ байгуулахаас зугтдаг байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Төлбөр гарсан байна, холбогдох хугацаанд нь төлөхгүй бол шүүхийн дагуу арга хэмжээ авна гэсэн бичиг ирж байсан болохоос түрээсийн гэрээ байгуул гэсэн бол уулзаад зохицуулах байсан. Гэрээ байгуулаагүй үнийн дүн нэмсэн зөрүүг 2015 оны 5 дугаар сараас 340,000 төгрөг, 150,000 төгрөгийн зөрүү 190,000 төгрөгийг сараар үржүүлж нэхэмжилж байгаа. Илүү төлсөн сар болгоны 190,000 төгрөг гэж тооцсон. Ковидын үед Засгийн газар орон сууцны ашиглалтын зардлуудыг хөнгөлсөн байхад манайд тийм зүйл гараагүй. 2015 оны 5 дугаар сараас ямар ч түрээсийн гэрээ хийгээгүй гэж үзээд 2022 оны 8 дугаар сар хүртэл тооцсон гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нь Э ХХК юм байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо эзэн биегүй тайлбар гаргасан гэж харж байна. Үүнээс гадна хэрэгт 2015 оны 5 дугаар сараас 150,000 төгрөг төлдөг байсан үйл баримт байхгүй. Манайхаас төлбөр 340,000 төгрөг болсон гэсэн гэрээнд гарын үсэг зурдаггүй байсан болохоос, 340,000 төгрөгөөр төлж байсан гэсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй. Э ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж энэ байранд амьдарч байгаа хүмүүстэй гэрээ хийгээд төлбөрүүдээ зохих ёсоор авдаг байсан. Хэрэгт Э ХХК 150,000 төгрөг авдаг байсан гэсэн үйл баримт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

5. Нотлох баримтын тухайд

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, төлөөлөгч томилсон 2022-9-8-ны өдрийн итгэмжлэл /хх-6/, Ц.Эийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7-16/, Э ХХК-ний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-17/, Э ХХК-ний 2021-03-21-ний өдрийн мэдэгдэх хуудас /хх-18/, 2021-04-21-ний өдрийн мэдэгдэх хуудас /хх-19/, 2021-5-21-ний мэдэгдэх хуудас /хх-22/, 2021-9-02-ны мэдэгдэх хуудас /хх-24/, 2022-4-28-ны мэдэгдэх хуудас /хх-20/, 2022-5-15-ны мэдэгдэх хуудас /хх-21/, 2022-8-12-ны мэдэгдэх хуудас /хх-23/, нэмэгдүүлсэн шаардлага /хх-41/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-40/, 2015-12-28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх 2014.11.28-ны өдрийн ********* тоот түрээсийн гэрээг шинэчлэх тухай 1-р хэлэлцээр /хх-42, 44/, 2015-12-28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн 2014.11.28-ны өдрийн ********* тоот түрээсийн гэрээг шинэчлэх тухай 2-р хэлэлцээр /хх-43, 45/, 2022-3-02-ны өдрийн орон сууц хөлслөн суугчтай байгуулсан гэрээ /хх-46-47/, 2013-12-09 түрээсийн гэрээ ******* орос хэлнээс орчуулсан /хх-48-54/, 1-р хавсралт /хх-55/, 2-р хавсралт /хх-56/, 3-р хавсралт /хх-57/, ********** ********* орос хэлээр бичигдсэн /хх-58-62/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-63/, *************** Холбооны улсын үйлдвэрийн хилийн чанад дахь төрийн өмчийн удирдах үйлдвэрийн газар ************ бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газар гэж орчуулагдсан 2023-01-9-ний өдрийн ***** дугаартай албан бичиг /хх-82-83, 126/, төлөөлөгч томилсон 2022-9-8-ны өдийн итгэмжлэл /хх-85/, 2014-11-28-ны огноотой ********* түрээсийн гэрээ гэж орчуулагдсан баримт орос, монгол хэлээр /хх-86-91, 92-101/, төлөөлөгч томилсон 2023-2-7-ны өдрийн 3 дугаартай итгэмжлэл /хх-108/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хх-124/, 2023-3-22-ны өдрийн огноотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-157/, 1999-12-03-ны өдрийн Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /хх-158/, өмгөөлөгчөөр Б.Эийг оролцуулах хүсэлт /хх-185/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагчаас төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-28/, хариуцагчийн хариу тайлбар /хх-33-34, 71/, сөрөг нэхэмжлэлийн шаардлага /хх-113/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-112/, Д.Л, А.А нарын төрөл садангийн лавлагаа /хх-201/, Д.Лгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-202/ зэрэг баримтыг гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК-ний нэхэмжлэлээс орон сууцнаас албадан гаргах болон 6,440,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 1,200,000 төгрөгийн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь А.Ат холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны *** тоотын орон сууцнаас хариуцагчийг албадан гаргах, түрээсийн төлбөрт 7,640,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ иргэн А.А нь ***********ын өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 1************** тоот байрыг хөлслөн амьдарч байгаа. Э ХХК нь ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар холбооны төрийн өмчит нэгдлийн газартай 2014 оны 11-р сарын 28-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагчийн оршин сууж байгаа 14-р байрыг бусдад түрээслэж, түрээсийн төлбөрийг өмчлөгчид шилжүүлэх үүргийг хүлээдэг.

Хариуцагч А.А нь 2018 оноос хойш орон сууцны төлбөрийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй, 2021 оны 02-10 дугаар сарын төлбөрийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 2021 оны 11, 12 дугаар сарын төлбөр, 2022 оны 01-12 дугаар сарын төлбөр төлөгдөөгүй байна.

Орон сууц хөлслөгч нартай 2021 оны 01 дүгээр сар, 2022 оны 6 дугаар сараар гэрээ байгуулсан боловч хариуцагч А.А нь бичгээр гэрээ байгуулаагүй, бидний зүгээс тавьсан шаардлагыг хүлээн авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг энэ орон сууцанд анх 1993 онд ОХУ-ын консулын газартай гэрээ байгуулснаар миний ээж Д.Л орж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бид амьдарч байна. Нэхэмжлэгч компани нь 2013 онд үүсгэн байгуулагдсан байна. Манайх орон сууц түрээсэлж байгаа гэж үзэхгүй. Орон сууцны ашиглалтын болон СӨХ-ны төлбөрийг төлж байгаа гэж үзэж байна.

Хариуцагч А.А нь Франц улс руу 1 жилийн хугацаатай явснаар уг орон сууц эзэнгүй байсан тул зардал хуримтлагдаж өр үүссэн. Ковидын үеэр А.А мөн ажилгүй байсан тул би энэ компаний менежер н.Этэй ярилцаж бөөгнөрсөн төлбөрөөс нэлээн их төлбөрийг би төлж барагдуулсан. Хариуцагч нь 2020 оны 9 сараас хойш улирлын чанартай ажилд орсон. Төлбөрийн чадваргүй байсан тул байрнаас гаргана гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ байрны өмчлөлийн асуудлыг дараа нь шийдүүлэхийг үгүйсгэхгүй. Засгийн газраас ОХУ-ын байруудыг шийдсэн байдаг. Яваандаа нэгдсэн журмаар шийдэх болов уу гэж өдийг хүрсэн. Хариуцагч А.А 1 настайгаасаа хойш энэ байранд амьдарсан тул ашиглалтын төлбөрийг 480,000 төгрөгөөр тооцож төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргаж байна.

 

4. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2015 оноос бидэнтэй гэрээ хэлцэл байгуулахгүйгээр утсаар хэлээд төлбөрийг нэмсэн, төлбөр гарсан байна, холбогдох хугацаанд нь төлөхгүй бол шүүхийн дагуу арга хэмжээ авна гэсэн бичиг ирж байсан болохоос түрээсийн гэрээ байгуул гэсэн бол бид уулзаад зохицуулах байсан. Гэрээ байгуулаагүй төлбөрийг нэмж 150,000 төгрөгөөс илүү авсан 190,000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл тооцож 13,300,000 төгрөг нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 2015 оны 5 дугаар сараас 150,000 төгрөг төлдөг байсан үйл баримт байхгүй. Мөн төлбөр 340,000 төгрөг болсон гэрээнд гарын үсэг зурдаггүй байсан болохоос , 340,000 төгрөгөөр төлбөрийг төлж байсан баримт хэрэгт авагдсан байгаа. Э ХХК 2013 онд үүсгэн байгуулагдаад тэнд амьдарч байгаа хүмүүстэй гэрээ хийгээд төлбөрүүдээ зохих ёсоор хийгээд авдаг байсан. Хэрэгт Э ХХК 150,000 төгрөг авдаг байсан үйл баримт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ****** дугаартай 1999 оны 12-р сарын 3-ны өдөр олгогдсон гэрчилгээнд улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ********* орших 6292.18 мкв талбайтай, 660,060 ам.долларын үнэ бүхий таван давхар угсармал орон сууцны барилга 14-ийн хууль ёсны өмчлөгч нь *********** болох гэж бүртгэгдсэн байна /хх-158/.

 

*************** *********** газар, Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн ***** дугаартай мэдэгдэлд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар Холбооны төрийн өмчит нэгдлийн газар нь Монгол Улсын хуулийн этгээд Э ХХК-тай ********* тоот түрээсийн гэрээг 2014 оны 11-р сарын 28-ны өдөр байгуулж, тус гэрээгээр ОХУ-ын өмч болох Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Хилчдийн гудамж 15-р хорооллын 14-р байрны 1, 3, 7, 10, 14, ...тоот, мөн 110-129 тоот амьдрах зориулалттай орон сууцуудыг түрээслүүлдэг болно. Монгол Улсын хуулийн этгээд болох Э ХХК нь дээр дурдсан хаягт заасан *** тоот орон сууцыг бусдад хөлслүүлэх, хөлс, төлбөрийг шаардах, уг орон сууцыг бусдын ашиглалт, эзэмшил, өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, шаардлагыг шүүх болон хууль хяналтын байгууллагын өмнө гаргах болон тус орон сууцыг хөлслүүлэх, чөлөөлүүлэхтэй холбоотой бүхий л бүрэн эрхийг эдлэх эрхтэй болно гэж дурджээ /хх-126/.

****************** газар нь Э ХХК-тай 2013 оны 12-р сарын 9-ний өдөр ******* дугаартай түрээсийн гэрээг, 2014 оны 11-р сарын 28-ны өдөр ********* дугаартай түрээсийн гэрээг тус тус байгуулж, Баянзүрх дүүргийн 15 ************** 64 айлын, 3325,29 ам.м нийт талбай бүхий үл хөдлөх хөрөнгыг түрээслэх, түрээсийн төлбөрийг сар бүр гүйцэтгэх гэрээ байгуулсан байна /хх-48-57, 92-101/.

 

Түүнчлэн, ****************** газар нь Э ХХК-тай 2015 оны 12-р сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх 2014.11.28-ны өдрийн ********* тоот түрээсийн гэрээг шинэчлэх тухай 1-р хэлэлцээрийг, ********* тоот түрээсийн гэрээг шинэчлэх тухай 2-р хэлэлцээрийг тус тус байгуулж, 2014.11.28-ны ********* тоот гэрээний 1-р хавсралтад заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх талаар гэрээт харилцаа нь 2016.01.01-ээс тодорхой бус хугацаанд шинэчлэгдсэн талаар дурдсан байна /хх-42-45/.

 

7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж зохицуулсан.

 

Тиймээс нэхэмжлэгч Э ХХК нь ****************** газартай Баянзүрх дүүргийн 15 дугаар ************ орон сууцыг түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан байх тул шууд эзэмшигч гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Зохигч талуудын хооронд Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны *** тоотын орон сууцыг хөлслүүлэх, түрээслүүлэх гэрээ бичгээр байгуулагдаагүй болохыг, хариуцагч нь тухайн орон сууцанд 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин сууж амьдарч байгаа боловч 2021 оны 11, 12-р сарын 2022 оны 01-12 дугаар саруудын төлбөр төлөөгүй болохыг хэн аль нь тайлбарлаж, маргаагүй тул тэдгээрийн хооронд орон сууц хөлслөх гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэстэй бөгөөд уг гэрээг байгуулахад хэлбэрийн тусгайлсан зохицуулалтгүй тул орон сууц хөлслөх гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хариуцагч талын гаргасан 1993 оноос хойш амьдарч байгаа орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэж татгалзсан тайлбар үндэслэлгүй.

 

8. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зохицуулсан.

 

Хариуцагч А.А, түүний эмээ Д.Л нар 1993 оноос ОХУ-ын консулын газрын зөвшөөрлөөр тухайн орон сууцыг эзэмшиж эхэлсэн болохыг тайлбарлаж байх боловч хэн нэгэн этгээд үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа тохиолдолд түүнийг өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд гагцхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж тооцох тул хариуцагчийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2021-3-21, 2021-4-21, 2021-5-21, 2021-9-02, 2022-4-28, 2022-5-15, 2022-8-12-ны өдрүүдэд хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлж мэдэгдсэн /хх-18-24/ байх бөгөөд хариуцагч тал орон сууц ашиглалтын зардлыг нэхэмжлэгч компаний ажилтан Эийн дансанд шилжүүлдэг байсан болохыг тайлбарласан, нэхэмжлэгч тал маргаагүй.

 

Хэрэгт авагдсан Ц.Эийн Хаан банкны ********* тоот дансанд 2018-12-03-нд 340,000 төгрөгийг *** тоотоос байрны мөнгө А **** гэх гүйлгээний утгаар /хх-7/, 2018-6-28-нд 340,000 төгрөгийг ТТбайрны мөнгө гэх гүйлгээний утгаар /хх-8/, 2018-9-7-нд 340,000 төгрөгийг 14-*** *********** гэх гүйлгээний утгаар /хх-9/, 2018-11-6-нд 340,000 төгрөгийг *** тоот байрны мөнгө *********** гэх гүйлгээний утгаар /хх-10/, 2019-01-08-нд 340,000 төгрөгийг 14-*** тоот байрны мөнгө гэх гүйлгээний утгаар /хх-11/, 2019-12-28-нд 680,000 төгрөгийг 14-*** altaisumber гэх гүйлгээний утгаар /хх-12/, 2021-11-23-нд 340,000 төгрөгийг 14-*** тоот байрны мөнгө гэх гүйлгээний утгаар /хх-13/, 2021-10-17-нд 340,000 төгрөгийг 14-*** байр *********** гэх гүйлгээний утгаар /хх-14/, 2022-01-31-нд 680,000 төгрөгийг 14-*** тоот гэх гүйлгээний утгаар /хх-15/, 2022-6-9-нд 732,000 төгрөгийг 14-*** тоот гэх гүйлгээний утгаар /хх-16/, 2022-8-30-нд 3,060,000 төгрөгийг 14 байрны *** тоот Аээс гэх гүйлгээний утгаар /хх-17/ тус тус шилжүүлсэн байх тул хариуцагчийг эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны *** тоотын орон сууцнаас хариуцагч А.Аийг албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагч А.Аээс 2021 оны 11, 12-р сарын төлбөрийг нэг сарын 340,000 төгрөгөөр тооцож 680,000 төгрөгийг, 2022 оны 01-6 дугаар сарын төлбөрийг нэг сарын 480,000 төгрөгөөр тооцож 2,880,000 төгрөгийг, 2022 оны 6-12 дугаар сарын төлбөрийг нэг сарын 680,000 төгрөгөөр тооцож 4,080,000 төгрөг, нийт 7,640,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2021 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч А Франц улс руу 1 жилийн хугацаатай явсан. ковидын үеэр ажилгүй байсан зэрэг шалтгааны улмаас төлбөр хуримтлагдсан ч бага багаар төлж байсан. Энэ байрны өмчлөлийн асуудлыг дараа нь шийдүүлэхийг үгүйсгэхгүй. Засгийн газраас ОХУ-ын байруудыг шийдсэн байдаг. Яваандаа нэгдсэн журмаар шийдэх болов уу гэж хөөцөлдөөгүй тайван амгалан, зардлаа төлөөд явж байсан. Бидэнтэй гэрээ хэлцэл бичгээр байгуулаагүй байж төлбөрийг нэмсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны *** тоотын орон сууцыг хөлслөх гэрээ бичгээр байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь орон сууцны хөлсний төлбөр нэмэгдсэн талаар хариуцагчид мэдэгдсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч А.А нь Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны *** тоот орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь, 2021 оны 11-р сараас 2022 оны 12 дугаар сарын орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардсан хугацааны орон сууц хөлсөлсний төлбөрийг хариуцагчийн хүлээн зөвшөөрч төлсөн 340,000 төгрөгөөр 2021 оны 11, 12-р сарыг тооцож 680,000 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд төлөхөөр зөвшөөрсөн дүн 480,000 төгрөгөөр 2022 оны 01-12-р сарын төлбөрийг тооцож 5,760,000 төгрөг, нийт 6,440,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны *** тоот орон сууцнаас хариуцагч А.Аийг албадан гаргуулах, орон сууцны хөлсний төлбөрт 6,440,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагч нь 2015 оноос бидэнтэй гэрээ хэлцэл байгуулахгүйгээр төлбөрийг нэмж анх төлдөг байсан 150,000 төгрөгөөс илүү 190,000 төгрөгийг авсан тул 2015 оны 5 дугаар сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл тооцож 13,300,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны *** тоотын орон сууцыг хөлслүүлэх, түрээслүүлэх гэрээ бичгээр байгуулагдаагүй болохыг, тухайн орон сууцанд 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин сууж амьдарч байгаа болохыг сарын 340,000 төгрөгөөр тооцож орон сууцны төлбөрийг төлдөг байсан талаар тайлбарлаж, маргаагүй.

 

Зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээ амаар байгуулагдсан гэж үзсэн ба уг гэрээг байгуулахад хэлбэрийн тусгайлсан зохицуулалтгүй тул хариуцагчийн сайн дураар хүлээн зөвшөөрч төлсөн төлбөрийг дүнгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэжээ.

 

Хуульд зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг, үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны *** тоот орон сууцыг хариуцагч А.А эзэмшиж, ашиглаж байх бөгөөд тухайн орон сууцны төлбөрийг 2018 оны 12-р сараас 2022 оны 8-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 340,000 төгрөгөөр төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж хураана гэж зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2022-9-13-нд төлсөн /144,990 төгрөг /74,790+70,200/, 2022-12-6-нд төлсөн 77,350 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2023-02-06-нд төлсөн 224,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 188,190 төгрөг /70,200+117,990/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 101 дүгээр зүйлийн 101.6, 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар хариуцагч А-н А /*************/-н эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 4-р хороо, ************ байрны *** тоот орон сууцыг албадан чөлөөлж,

хариуцагч А-н А /*************/-с орон сууцны төлбөрт 6,440,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК /********/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,200,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,340 төгрөг /144,990+77,350/-ийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 224,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Аээс 188,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК /********/-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.Я