Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/02801

 

 

2023 о 06 с 02ө

Дугаар 101/ШШ2023/02801

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 Нэхэмжлэгч: ..................-ийн нэхэмжлэлтэй, 

 Хариуцагч: ....................д холбогдох, 

 30,548,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

О ХХК -ийн төлсөн 30,548,400 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани О ХХК -тай 2022 оны 8 сарын 17-ны өдөр Барилгын суурийн ухмалын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгэхээр тохирсон. Манайх гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. 2022 оны 8 сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, ажлаа хүлээлгэж өгсөн. Гэрээний хөлсөнд 24,274,200 төгрөгийг бэлэн мөнгөөр, 24,274,200 төгрөгийг бартерын нөхцөлөөр, нийт 48,548,400 төгрөг авахаар тохирсон ба О ХХК -иас 18,000,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. 0  улсын дугаартай Тоуоta Pгоbох маркийн машин (2012/2017)-ыг 12,000,000 төгрөгөөр, 00  улсын дугаартай Ниссан Latio (2013/2019) машиныг 12,000,000 төгрөгөөр тооцож, нийт 24,000,000 төгрөгөөр тооцож надад өгсөн боловч тус автомашинуудын зах зээлийн нийт үнэлгээ нь 24,000,000 төгрөгийн үнэд хүрэхээргүй тус бүрдээ 5-6 сая буюу нийт 12,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан тул нэгэнт нэр шилжүүлж аваагүй байгаа учраас буцааж өгье гэж хэлсэн. Гэтэл уг машинаа авахгүй, одоог хүртэл манай зогсоолд байгаа. Дээрх автомашинуудыг манай компани нэр шилжүүлж аваагүй байгаа. О ХХК -тай хийсэн гэрээнд заасан төлбөрийн 50%-д бартер байдлаар гэж тохирсон бөгөөд энэ бартераар төлөгдөх төлбөрийн зүйлийг ямар эд хөрөнгө байхыг тухайлан тохиролцоогүй бөгөөд хоёр тал ирээдүйд 24.274,200 төгрөгийн үнэд дүйцэхүйц юу ч байж болно гэж тохирсон байсан юм. Уг автомашинууд нь одоо Эрдэнийн Алтан сүлд ХХК-ийн өмчлөлд байгаа. Иймд тус компаниас гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,548,400 төгрөг гаргуулж өгнө үү.

Машин хүлээж авсан Мөнх-Эрдэнэтэй утсаар ярьсан, Эрдэнийн алтан сүлд ХХК-аас Мөнх-Эрдэнэ нь авлагатай, машины өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй, тооцоотой байгаа гэж хэлсэн учир би яах ч учраа олохгүй байна... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Анужин шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаяр шүүх хуралдаан гаргасан тайлбартаа : ...2022 оны 08 сарын 17-ны өдрийн №2022/081701 тоот Барилгын суурийн ухмалын ажил гүйцэтгэх гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 24,274,200 төгрөгийн үнийн дүнд тээврийн хэрэгсэл бартерт шилжүүлэхээр харилцан тохиролцсон. А ХХК -д нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслүүдийг авахыг ямар нэгэн байдлаар тулгаагүй, А ХХК -ийн захирал нь О ХХК -д өглөгтэй Т ХХК -ийн захиралтай уулзаж, тээврийн хэрэгслүүдийг өөрөө сонгож, тэдгээрийн үнэлгээг харилцан тохиролцон тогтоож авсан байсан. Т ХХК  нь нэхэмжлэгчид тээврийн хэрэгслүүдийг өгч явуулахдаа тэдгээр нь Эрдэнийн алтан сүлд ХХК-ийн өмчлөлд байгаа, тухайн компанид А ХХК -ийн нэр дээр шилжүүлж өгөх тухай мэдэгдсэн болон хэрхэн өмчлөх эрхээ шилжүүлэн авах, түүнчлэн тухайн компанийн хаяг, холбогдох утас зэрэг мэдээллийг өгсөн байсан бөгөөд О ХХК  нь А ХХК -ийг нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг тус компаниас шилжүүлэн аваагүй болохыг мэдээгүй. А ХХК  нь тээврийн хэрэгслүүдийг буцааж өгөх тухай манай компанид өмнө нь мэдэгдэж байгаагүй. Тээврийн хэрэгслийн өмчлөх эрх шилжүүлэн өгөх тухайд О ХХК -ийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэгчээс шалтгаалах зүйл бөгөөд тээврийн хэрэгслүүд нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа тул О ХХК  нь бартерын төлбөрийн хувьд үүргээ гүйцэтгэсэн байна.

Гэрээт ажлыг өмнө нь Шилмэл угсралт ХХК нь гүйцэтгэж байсан бөгөөд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж, оронд нь А ХХК  нь ажлыг хийж гүйцэтгэх тухай мэдэгдсэн тул О ХХК  нь А ХХК -тай гэрээ байгуулж, гэрээний эрх, үүрэг, хариуцлага Шилмэл угсралт ХХК-иас А ХХК -д шилжсэн. Шилмэл угсралт ХХК нь О ХХК -тай бичгээр гэрээ байгуулж байгаагүй боловч Иргэний хуулийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Шилмэл угсралт ХХК нь ажлын хөлсөнд тооцон авсан бэлэн болон бэлэн бус төлбөрийн зөрүү болох 9,206,540 төгрөгийг О ХХК -д төлж барагдуулаагүй. О ХХК -ийн зүгээс А ХХК -д гэрээний төлбөрийн үнийн дүнд НӨАТ шивээгүй, нэхэмжлэгчийн хамаарал бүхий Шилмэл угсралт ХХК нь дээрх зөрүү төлбөрийг хэрхэн барагдуулах, гэрээний эрх, үүрэг шилжсэн байхад түүнийг хэн хариуцах зэрэг нь тодорхой бус байсан тул үлдэгдэл 6,548,400 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байсан бөгөөд нэхэмжлэгчид өмнө нь гэрээний төлбөрт НӨАТ шивж, дээрх тодорхойгүй байдлыг тодорхой болгосны дараа үлдэгдэл 6,548,400 төгрөгийг төлөх тухай мэдэгдэж байсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаас өмнө 2 авто машиныг нэр дээрээ шилжүүлж авахыг нэхэмжлэгчид өөрт нь илэрхийлж байсан, энэ талаар маргаан үүсээд явж байгаа тул орхисон. 30,548,400 төгрөгийн НӨАТ-ыг тайлагнах юм бол 6,548,400 төгрөгийг төлнө... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Анужин шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ... Гэрээний 2.1 дэх хэсэгт "... барилгын суурийн ухмалын ажлын төлбөр НӨАТ-тэй мкв-ийн 12,000 төгрөгөөр ... гэж заасан. О ХХК  нь гэрээний төлбөрт 2022 оны 08 сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 08 сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг бэлнээр, 24,000,000 төгрөгийн үнийн дүнд нэхэмжлэлд дурдсан автомашинуудыг, нийт 42,000,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн. А ХХК  нь бэлнээр төлсөн 18,000,000 төгрөгийн үнийн дүнд НӨАТ шивсэн бөгөөд гэрээний төлбөрт шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнийн дүн буюу 24,000,000 төгрөгөөс НӨАТ шивээгүй /татварын албанд тайлагнаагүй/ байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг өөрөө сонгож, үнэлгээг Т ХХК -тай харилцан тохиролцож, үнийг бууруулан тооцож авч явсан байсан нь Т ХХК -ийн бичгээр гаргасан тайлбарт тусгагдсан байдаг. Т ХХК  нь тээврийн хэрэгслүүд нь Эрдэний алтан сүлд ХХК-ийн өмчлөлд байгаа, тус компанид А ХХК -ийн нэр дээр шилжүүлж өгөх тухай мэдэгдсэн тухайгаа болон хэрхэн өмчлөх эрхээ шилжүүлэн авах, түүнчлэн тухайн компанийн хаяг, холбогдох утас зэрэг мэдээллийг нэхэмжлэгчид өгсөн байсан. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг зөвшөөрсөн болох нь харагдаж байгаа бөгөөд өмчлөлд шилжүүлэх тухайд ч ямар нэг маргаан байгаагүй, нэхэмжлэгчид Эрдэнийн алтан сүлд ХХК-иас өмчлөлдөө шилжүүлж авах тухайг нь мэдэгдсэн байх тул О ХХК  нь бартерын төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ -нд албан татвар ногдуулна гэж;

11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж;

15.3 дахь хэсэгт Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно: , 15.3.2 дахь хэсэгт худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх гэж тус тус заасан байдаг.

Иймд А ХХК -д О ХХК -ийн төлсөн 24,000,000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнахыг даалгаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд байгуулсан Барилгын суурийн ухмалын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1-т Гэрээний дагуу гүйцэтгэх барилгын суурийн ухмалын ажлын төлбөр НӨАТ-тэй... гэж заасан байдаг. А ХХК  нь бэлнээр төлсөн 18,000,000 төгрөгийн үнийн дүнд НӨАТ шивсэн боловч гэрээний төлбөрт шилжүүлсэн автомашины үнийн дүн болох 24,000,000 төгрөгөөс НӨАТ шивээгүй байна. Дээрх асуудалтай холбоотойгоор А ХХК -ийн зүгээс гэрээний төлбөрт шилжүүлсэн автомашины үнийн дүн болох 24,000,000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнасан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр хүлээж байсан. Нэхэмжлэгч нь дээрх үүргээ биелүүлсэн тохиолдолд О ХХК -ийн зүгээс бэлнээр төлөх үлдэгдэл төлбөр буюу 6,548,400 төгрөгийг төлөх тул уг үнийн дүнгээс мөн үндсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 24,000,000 төгрөг, нийтдээ 30,548,400 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнахыг даалгаж өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А ХХК  хариуцагч О ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 30,548,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал 24,000,000 төгрөгийн авто машин хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээс 6,548,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 24,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын хооронд 2022 оны 8 сарын 17-ны өдөр барилгын суурийн ухмалын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4045.70 м.куб барилгын талбайн хог хаягдлыг цэвэрлэх, уг байрлалд шинээр баригдах барилгын суурийн ухмалын ажлыг бүрэн гүйцэтгэж 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь 1 м.кубыг 12,000 төгрөгөөр тооцож, 48,548,400 төгрөгийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гэрээ ёсоор ажил гүйцэтгэгч тал болох А ХХК  2022 оны 08 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4045.70 м.куб барилгын талбайн хог хаягдлыг цэвэрлэх, уг байрлалд шинээр баригдах барилгын суурийн ухмалын ажлыг бүрэн гүйцэтгэж хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 7 дахь талд авагдсан ажил гүйцэтгэлийн акт зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Гэрээний дагуу захиалагч тал 2022.08.19-нд 6,000,000 төгрөг, 2022.08.20-нд 6,000,000 төгрөг, 2022.08.22-нд 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, богд банкны шилжүүлгийн мэдээлэл, О ХХК -ийн Хаан банкны 5131447523 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-27-30/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д төлбөрийн 50 хувийг бэлнээр, 50 хувийг бартераар төлөхөөр тохирсон байх ба хариуцагч тал ...24,000,000 төгрөгт тооцож 2 авто машин өгсөн... гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б 1 улсын дугаартай Тоуоta Pгоbох маркийн машиныг 12,000,000 төгрөгөөр, 2  улсын дугаартай Ниссан Latio маркийн машиныг 12,000,000 төгрөгөөр, нийт 24,000,000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцож О ХХК -д өглөгтэй гэх н.Мөнх-Эрдэнэ, Т ХХК -иас хүлээн авч эзэмшилдээ байлгаж байгаа, уг машинууд Эрдэнийн Алтан сүлд ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь зохигчийн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-16-17/

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ... уг 2 автомашины нийт үнэлгээ 24,000,000 төгрөгийн үнэд хүрэхээргүй, тус бүрдээ 5-6 сая буюу нийт 12,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байна... гэх тайлбараа баримтаар нотлоогүй ба нэхэмжлэгч талын хүсэлтээр томилогдсон шинжээч 1 улсын дугаартай Тоуоta Pгоbох маркийн машиныг 6,600,000 төгрөгөөр, 2  улсын дугаартай Ниссан Latio маркийн машиныг 7,800,000 төгрөгөөр, нийт 14,400,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад эвлэрэх хугацаа удаа дараа өгсөн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ....1 улсын дугаартай Тоуоta Pгоbох маркийн машин, 2  улсын дугаартай Ниссан Latio маркийн машиныг тус тус өөрийн өмчлөлд бүртгүүлэх талаар авто машиныг хүлээн авсан н.Мөнх-Эрдэнэтэй утсаар ярьж шаардахад Э Т ХХК -д өглөгтэй, хоорондоо тооцоотой байгаа тул нэр дээр шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул миний бие яах учраа олохгүй байна... гэж тайлбарлаж байна.

 

О ХХК  нь Т ХХК -иас авлагатай, Т ХХК  нь Эрдэнийн алтан сүлд ХХК-иас авлагатай болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Захиалагч тал бартерийн 50 хувь болох 24,274,200 төгрөгт тооцон 2 авто машиныг ажил гүйцэтгэгчийн эзэмшилд шилжүүлсэн, өмчлөх эрхийг шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал бартерийн 2 авто машины өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүйг эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч шүүхэд хандсан 2022.11.07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 200 гаруй хоногийн хугацаанд хариуцагч тал Э болон авто машиныг хүлээлгэн өгсөн н.Мөнх-Эрдэнэ, Т ХХК  нартай тооцоо нийлэн 2 авто машины өмчлөх эрхийг А ХХК , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б ын өмчлөлд шилжүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн 2 авто машиныг өмчлөлд нь шилжүүлж өгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж тооцох боломжгүй.

 

Гэрээний 2.1-д заасны дагуу Э өөрийн өмчлөлийн 2 авто машиныг А ХХК -д шилжүүлэхийг зөвшөөрсөн баримтыг захиалагчийг бүрдүүлэх үүрэгтэй гэж үзэхээр байх ба хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээр дурдсанаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 48,548,400 төгрөгөөс төлсөн 18,000,000 төгрөгийг хасвал захиалагчийг үлдэх 30,548,400 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч О ХХК -иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,548,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК -д олгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310,692 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 30,548,400 төгрөгт ногдох 310,692 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлээгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан нэхэмжлэгч талд шинжээчийн зардлыг хариуцуулав.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч О ХХК  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч А ХХК -д холбогдуулан О ХХК -ийн төлсөн 30,548,400 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б шүүх хуралдаанд ...О ХХК -ийн төлсөн 30,548,400 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнахыг А ХХК  хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг гаргаж байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хэргийг хэлэлцэх шатанд хариуцагч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК -иас 30,548,400 /гучин сая таван зуун дөчин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК -д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК  нэхэмжлэгч О ХХК -ийн төлсөн 30,548,400 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч А ХХК -д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310,692 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 310,692 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д, А ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж О ХХК -д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК -иас 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж шинжээчээр ажилласан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК /рд:2545411/-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хариуцагч А ХХК  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК -д холбогдох хэргийг шийдвэрлэсэн хэсэгт зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ