Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01589

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01589

 

 

Арвай авто транс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/02801 дугаар шийдвэртэй,

Арвай авто транс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Опту ХХК-д холбогдох,

30,548,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Опту ХХК-ийн төлсөн 30,548,400 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Анужин, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани Опту ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Барилгын суурийн ухмалын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгэхээр тохирсон. Гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, ажлаа хүлээлгэж өгсөн. Гэрээний хөлсөнд 24,274,200 төгрөгийг бэлэн мөнгөөр, 24,274,200 төгрөгийг бартерын нөхцөлөөр, нийт 48,548,400 төгрөг авахаар тохирсон ба Опту ХХК-аас 18,000,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна.

1.2. 60-.. УБО улсын дугаартай Тоуоta Pгоbох маркийн машин (2012/2017)-ыг 12,000,000 төгрөгөөр, 49-..УБХ улсын дугаартай Ниссан Latio (2013/2019) машиныг 12,000,000 төгрөгөөр тооцож, нийт 24,000,000 төгрөгөөр тооцож надад өгсөн боловч тус автомашинуудын зах зээлийн нийт үнэлгээ нь 24,000,000 төгрөгийн үнэд хүрэхээргүй тус бүрдээ 5-6 сая буюу нийт 12,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан тул нэгэнт нэр шилжүүлж аваагүй байгаа учраас буцааж өгье гэж хэлсэн. Гэтэл уг машинаа авахгүй, одоог хүртэл манай зогсоолд байгаа. Дээрх автомашинуудыг манай компани нэр дээрээ шилжүүлж аваагүй.

Опту ХХК-тай хийсэн гэрээнд заасан төлбөрийн 50%-д бартер байдлаар гэж тохирсон бөгөөд энэ бартераар төлөгдөх төлбөрийн зүйлийг ямар эд хөрөнгө байхыг тухайлан тохиролцоогүй бөгөөд хоёр тал ирээдүйд 24,274,200 төгрөгийн үнэд дүйцэхүйц юу ч байж болно гэж тохирсон байсан юм. Уг автомашинууд нь одоо Эрдэнийн Алтан сүлд ХХК-ийн өмчлөлд байгаа. Иймд тус компаниас гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,548,400 төгрөг гаргуулж өгнө үү.

Машин хүлээж авсан н.Мөнх-Эрдэнэтэй утсаар ярьсан, Эрдэнийн алтан сүлд ХХК-аас Мөнх-Эрдэнэ нь авлагатай, машины өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй, тооцоотой байгаа гэж хэлсэн учир яах ч учраа олохгүй байна

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: .

2.1. ..2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №2022/081701 тоот Барилгын суурийн ухмалын ажил гүйцэтгэх гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 24,274,200 төгрөгийн үнийн дүнд тээврийн хэрэгсэл бартерт шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Арвай авто транс ХХК-д нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслүүдийг авахыг ямар нэгэн байдлаар тулгаагүй, Арвай авто транс ХХК-ийн захирал нь ОПТУ ХХК-д өглөгтэй Төгс Херо Конкрет ХХК-ийн захиралтай уулзаж, тээврийн хэрэгслүүдийг өөрөө сонгож, тэдгээрийн үнэлгээг харилцан тохиролцон тогтоож авсан.

2.2. Төгс Херо Конкрет ХХК нь нэхэмжлэгчид тээврийн хэрэгслүүдийг өгч явуулахдаа тэдгээр нь Эрдэнийн алтан сүлд ХХК-ийн өмчлөлд байгаа, тухайн компанид Арвай авто транс ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөх тухай мэдэгдсэн болон хэрхэн өмчлөх эрхээ шилжүүлэн авах, түүнчлэн тухайн компанийн хаяг, холбогдох утас зэрэг мэдээллийг өгсөн байсан бөгөөд ОПТУ ХХК нь Арвай авто транс ХХК-ийг нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг тус компаниас шилжүүлэн аваагүй болохыг мэдээгүй.

Арвай авто транс ХХК нь тээврийн хэрэгслүүдийг буцааж өгөх тухай манай компанид өмнө нь мэдэгдэж байгаагүй. Тээврийн хэрэгслийн өмчлөх эрх шилжүүлэн өгөх тухайд ОПТУ ХХК-ийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэгчээс шалтгаалах зүйл бөгөөд тээврийн хэрэгслүүд нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа тул ОПТУ ХХК нь бартерын төлбөрийн хувьд үүргээ гүйцэтгэсэн байна.

Гэрээт ажлыг өмнө нь Шилмэл угсралт ХХК нь гүйцэтгэж байсан бөгөөд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж, оронд нь Арвай авто транс ХХК нь ажлыг хийж гүйцэтгэх тухай мэдэгдсэн тул ОПТУ ХХК нь Арвай авто транс ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний эрх, үүрэг, хариуцлага Шилмэл угсралт ХХК-иас Арвай авто транс ХХК-д шилжсэн. Шилмэл угсралт ХХК нь ОПТУ ХХК-тай бичгээр гэрээ байгуулж байгаагүй боловч Иргэний хуулийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Шилмэл угсралт ХХК нь ажлын хөлсөнд тооцон авсан бэлэн болон бэлэн бус төлбөрийн зөрүү болох 9,206,540 төгрөгийг ОПТУ ХХК-д төлж барагдуулаагүй.

ОПТУ ХХК-ийн зүгээс Арвай авто транс ХХК-д гэрээний төлбөрийн үнийн дүнд НӨАТ шивээгүй, нэхэмжлэгчийн хамаарал бүхий Шилмэл угсралт ХХК нь дээрх зөрүү төлбөрийг хэрхэн барагдуулах, гэрээний эрх, үүрэг шилжсэн байхад түүнийг хэн хариуцах зэрэг нь тодорхой бус байсан тул үлдэгдэл 6,548,400 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байсан бөгөөд нэхэмжлэгчид өмнө нь гэрээний төлбөрт НӨАТ шивж, дээрх тодорхойгүй байдлыг тодорхой болгосны дараа үлдэгдэл 6,548,400 төгрөгийг төлөх тухай мэдэгдэж байсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаас өмнө 2 авто машиныг нэр дээрээ шилжүүлж авахыг нэхэмжлэгчид өөрт нь илэрхийлж байсан, энэ талаар маргаан үүсээд явж байгаа тул орхисон. 30,548,400 төгрөгийн НӨАТ-ыг тайлагнах юм бол 6,548,400 төгрөгийг төлнө гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Гэрээний 2.1 дэх хэсэгт "... барилгын суурийн ухмалын ажлын төлбөр НӨАТ-тэй м.кв-ийн 12,000 төгрөгөөр ... гэж заасан. ОПТУ ХХК нь гэрээний төлбөрт 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг бэлнээр, 24,000,000 төгрөгийн үнийн дүнд нэхэмжлэлд дурдсан автомашинуудыг, нийт 42,000,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн. Арвай авто транс ХХК нь бэлнээр төлсөн 18,000,000 төгрөгийн үнийн дүнд НӨАТ шивсэн бөгөөд гэрээний төлбөрт шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнийн дүн буюу 24,000,000 төгрөгөөс НӨАТ шивээгүй /татварын албанд тайлагнаагүй/ байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг өөрөө сонгож, үнэлгээг Төгс Херо Конкрет ХХК-тай харилцан тохиролцож, үнийг бууруулан тооцож авч явсан байсан нь Төгс Херо Конкрет ХХК-ийн бичгээр гаргасан тайлбарт тусгагдсан байдаг. Төгс Херо Конкрет ХХК нь тээврийн хэрэгслүүд нь Эрдэний алтан сүлд ХХК-ийн өмчлөлд байгаа, тус компанид Арвай авто транс ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөх тухай мэдэгдсэн тухайгаа болон хэрхэн өмчлөх эрхээ шилжүүлэн авах, түүнчлэн тухайн компанийн хаяг, холбогдох утас зэрэг мэдээллийг нэхэмжлэгчид өгсөн байсан.

3.2. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг зөвшөөрсөн болох нь харагдаж байгаа бөгөөд өмчлөлд шилжүүлэх тухайд ч ямар нэг маргаан байгаагүй, нэхэмжлэгчид Эрдэнийн алтан сүлд ХХК-аас өмчлөлдөө шилжүүлж авах тухайг нь мэдэгдсэн байх тул ОПТУ ХХК нь бартерын төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна гэж;

11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж;

15.3 дахь хэсэгт Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно: , 15.3.2 дахь хэсэгт худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх гэж тус тус заасан байдаг.

Иймд Арвай авто транс ХХК-д ОПТУ ХХК-ийн төлсөн 24,000,000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнахыг даалгаж өгнө үү.

Талуудын хооронд байгуулсан Барилгын суурийн ухмалын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1-т Гэрээний дагуу гүйцэтгэх барилгын суурийн ухмалын ажлын төлбөр НӨАТ-тэй... гэж заасан байдаг. Арвай авто транс ХХК нь бэлнээр төлсөн 18,000,000 төгрөгийн үнийн дүнд НӨАТ шивсэн боловч гэрээний төлбөрт шилжүүлсэн автомашины үнийн дүн болох 24,000,000 төгрөгөөс НӨАТ шивээгүй байна. Дээрх асуудалтай холбоотойгоор Арвай авто транс ХХК-ийн зүгээс гэрээний төлбөрт шилжүүлсэн автомашины үнийн дүн болох 24,000,000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнасан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр хүлээж байсан. Нэхэмжлэгч нь дээрх үүргээ биелүүлсэн тохиолдолд Опту ХХК-ийн зүгээс бэлнээр төлөх үлдэгдэл төлбөр буюу 6,548,400 төгрөгийг төлөх тул уг үнийн дүнгээс мөн үндсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 24,000,000 төгрөг, нийтдээ 30,548,400 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Опту ХХК-аас 30,548,400 /гучин сая таван зуун дөчин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Арвай авто транс ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Арвай авто транс ХХК нэхэмжлэгч Опту ХХК-ийн төлсөн 30,548,400 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг татварын албанд тайлагнахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Арвай авто транс ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310,692 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Опту ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 310,692 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Арвай авто транс ХХК-д, Арвай авто транс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж Опту ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Арвай авто транс ХХК-иас 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж шинжээчээр ажилласан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК /рд:2545411/-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

Нэхэмжлэгч "Арвай авто транс" ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2 автомашины нийт үнэлгээ 24,000,000 төгрөгийн үнэд хүрэхээргүй гэж тайлбарладаг ба энэ тайлбараа баримтаар нотлоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 2 автомашины зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлтийн дагуу шинжээч томилсон байдаг. Шинжээч дүгнэлт гаргахдаа 60-.. УБО улсын дугаартай, Toyota Probox маркийн автомашиныг 6,600,000 төгрөг, 49-.. УБХ улсын дугаартай Nissan Latio маркийн автомашиныг 7,800,000 төгрөгөөр үнэлсэн гэх боловч Шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хуудсанд 2 автомашины нийт үнэлгээг үсгээр 37,400,000 /гучин долоон сая дөрвөн зуун мянга/ гэж бичсэн байдаг. Түүнчлэн шинжээч томилсон шүүгчийн захирамжид 2022 оны 09 дүгээр сарын байдлаар 2 тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор заасан боловч шинжээч дүгнэлт гаргахдаа өөр цаг үеийн зах зээлийн үнэ ханштай харьцуулалт хийсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангахгүй орхиж, эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

5.2. Мөн манай компанийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангасан захирамжаа хүчингүй болгож, хэргийг шийдвэрлэсэн. Гэрчээр оролцох байсан Б.Мөнх- Эрдэнэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий үйл явдал буюу "нэхэмжлэгч Арвай авто транс ХХК-ийн захирал Х.Баяржаргал нь өөрөө автомашинуудыг сонгон авч, өөрөө үнэлгээгээ тогтоож авсан болон автомашинууд нь тухайн үед Эрдэнийн алтан сүлд ХХК-ийн өмчлөлд байгаа бөгөөд тухайн үед шууд өмчлөх эрхийг шилжүүлэхээр явахад нэхэмжлэгч өөрөө шилжүүлье гэж татгалзаж байсан болон өмчлөгч компанид Арвай авто транс ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөх тухай мэдэгдсэн, тус компани өмчлөх эрх шилжүүлэхэд саадгүй болон хэрхэн өмчлөх эрхээ шилжүүлэн авах, түүнчлэн тухайн компанийн хаяг, холбогдох утас зэрэг мэдээллийг өгсөн" зэрэг нөхцөл байдлыг гэрчлэх байсан юм. Дээрх 2 автомашин нь одоог хүртэл нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа бөгөөд 2022 оны 09 дүгээр сараас хойш нэхэмжлэгч унаж, эдэлж байсан болно. Түүнчлэн нэхэмжлэгчид 2 автомашиныг өгөхдөө өмчлөх эрхийг шилжүүлэх гэтэл нэхэмжлэгч өөрөө шилжүүлж авна гээд автомашинуудыг авч явсан байдаг. Анхан шатны шүүх дээрх байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар нотлох баримт дутуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

5.3. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22/0..... дугаар Барилгын суурийн ухмалын ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т "Гэрээний дагуу гүйцэтгэх барилгын суурийн ухмалын ажлын төлбөр НӨАТ-тай м3- ийн 12,000 /арван хоёр мянга/ төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд Үүнд: 50% бэлнээр, 50% бартер байдлаар гэрээний үнийн дүн задарна" гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний төлбөрийн 50%-ийг бэлэн бусаар буюу бартераар төлөхөөр харилцан тохиролцсон ба гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, гэрээний дээрх заалтад өөрчлөлт оруулаагүй, хүчин төгөлдөр хэвээр байхад гэрээний талуудын чөлөөт байдалд хөндлөнгөөс нөлөөлж, бэлэн бусаар буюу бартераар төлөх үүргийг бэлэн мөнгөөр төлөх үүрэгт тооцож шийдвэрлэсэн, дээр дурдсанаар анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2801 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шинжээчийн үнэлгээ 3 сарын зөрүүтэй байсан бөгөөд миний хувьд зах зээлийн үнэлгээ өсөлттэй гарсан гэж үзэж байна. Үнэлгээний хувьд өмнө нь тоогоор бичсэн байгаа бөгөөд үсгээр бичсэн алдаа нь эргэлзээ төрүүлж байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Маргаантай байсан учраас тус автомашиныг ашиглаагүй. Мөн эзэмшилд ороогүй автомашиныг ашиглавал даатгалын, торгуулийн асуудал яригдах учраас ашиглах боломжгүй. н.Мөнх-Эрдэнээс 24,000,000 төгрөгт тооцож 2 автомашин авахдаа тухайн автомашиныг шууд дараагийн хүнд худалдах талаар тайлбарласан. Тухайн автомашин зах зээлд 8,000,000 төгрөг хүрэхгүй байсан. Гэтэл н.Мөнх-Эрдэнэ гэх хүн 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулж чадна гэж хэлэхээр нь 10,000,000 төгрөгөөр худалдаад өг гэж зурвас илгээж байсан. Бүх нэхэмжлэхийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Хариуцагч компанийн захирал нь надтай огт ярилцдаггүй, харилцахад хүндрэлтэй байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Арвай авто транс ХХК нь хариуцагч Опту ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 30,548,400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлээс 6,548,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 24,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар.

2.а. Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр барилгын суурийн ухмалын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал ...... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4,045.70 м.куб барилгын талбайн хог хаягдлыг цэвэрлэх, уг байрлалд шинээр баригдах барилгын суурийн ухмалын ажлыг бүрэн гүйцэтгэж 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь 1 м.кубыг 12,000 төгрөгөөр тооцож, 48,548,400 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гэрээ ёсоор ажил гүйцэтгэгч тал болох Арвай авто транс ХХК 2022 оны 08 сарын 24-ний өдөр ........... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4,045.70 м.куб барилгын талбайн хог хаягдлыг цэвэрлэх, уг байрлалд шинээр баригдах барилгын суурийн ухмалын ажлыг бүрэн гүйцэтгэж хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 7 дахь талд авагдсан ажил гүйцэтгэлийн акт зэрэг баримтаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

2.б. Гэрээний дагуу захиалагч тал 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, богд банкны шилжүүлгийн мэдээлэл, Опту ХХК-ийн Хаан банкны 51314..... тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, талууд энэ үйл баримтад маргаангүй. /хх-27-30/

 

3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д төлбөрийн 50 хувийг бэлнээр, 50 хувийг бартераар төлөхөөр тохирсон байх ба хариуцагч тал ...24,000,000 төгрөгт тооцож 2 авто машин өгсөн ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Баяржаргал 60-.. УБО улсын дугаартай Тоуоta Pгоbох маркийн машиныг 12,000,000 төгрөгөөр, 49-.. УБХ улсын дугаартай Ниссан Latio маркийн машиныг 12,000,000 төгрөгөөр, нийт 24,000,000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцож Опту ХХК-д өглөгтэй гэх н.Мөнх-Эрдэнэ, Төгс херо конкрет ХХК-аас хүлээн авч эзэмшилдээ байлгаж байгаа, уг машинууд Эрдэнийн Алтан сүлд ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь зохигчийн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-16-17/

Дээрхээс үзэхэд тус хэргийг хянан шийдвэрлэхэд 60-.. УБО улсын дугаартай Тоуоta Pгоbох, 49-.. УБХ улсын дугаартай Ниссан Latio маркийн автомашины өмчлөгч болох Эрдэнийн Алтан сүлд ХХК-ийн буюу гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар зохигчдоос тодруулж холбогдох ажиллагаа явуулаагүй нь буруу байна.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/02801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,692 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД