Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/02969

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 06 с 12ө

Дугаар 101/ШШ2023/02969

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Т.Болормаа, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............................-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................................-д холбогдох,

Гэм хорын хохиролд 5,684,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанцэцэг, иргэдийн төлөөлөгч Г.Анударь, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай охин Б  нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн орчим ангийн найз Д  утсаар ярьж хамт хичээлээ хийе гэж гэртээ дуудсан. Гэрт нь хичээлээ хийгээд сууж байтал хаалга тогшсон тул Д  хаалганы дуран хэсгээр харахад аав М   нь байсан. Тэгтэл Д  нь Б ыг чи аавд харагдаж болохгүй. Чи аавд харагдвал манай аав намайг ээжид хэлнэ, аав ээж хоёр намайг загнана, ална хоорондоо хэрэлдээд байдаг гэж хэлээд маш их сандарч эхлээд орон доогуур нууж, өрөөнийхөө цонхоор байн байн очиж харж, хаалганы завсраар хараад аав 00-н өрөө орсон хурдан гараарай гэхээр нь орон доогуураас нь гарч ирэхэд цонхоор хурдан гар гэсэн. Би цонхоор гарч чадахгүй, айж байна унана аавд чинь хэлээд хаалгаар чинь гаръя гэхэд Д  нь цонхоор гялс, хурдан гар аавд л харагдаж болохгүй гэсээр байгаад цонхоор унагасан болно. Д  нь ааваасаа айн сандарч орон доогуур нууж, хаалгаар нь гарах гэхэд ааваасаа айж улмаар Б ыг оруулсныг мэдэгдэхгүйгээр 2 давхрын цонхоор гаргах явцдаа унагаж, Б ын биеийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжгүй насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Миний охин Б  нь өндрөөс унаж гэмтсэний улмаас Интермед эмнэлгийн IМR буюу бүтэн нурууны дүрс оношилгооны шинжилгээ хийлгэхэд сээрний Тh 7,8,9,10,11,12 болон бүсэлхийн L2,3, ууцны S4 нугалмайн хугарал, хавантай гэсэн хариу гарсан. Миний охин Б  нь арваад нурууны хугарал, гэмтлийн улмаас болж нуруу нь мурийсан биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа болно. Дөлгөөний эцэг М  , эх Д. Майцэцэг нараас охин Б ын эрүүл 1эндэд болон бусад учирсан болох зардлуудыг дараах байдлаар нэхэмжилж байна.

Б  Интермед эмнэлэгт үзүүлсэн 69,000 төгрөг, Улсын 3-р төв эмнэлэг мэдрэлийн мэс засал үзүүлсэн 35,000 төгрөг, 2022 оны 6-р сарын 16-ны өдөр ГССҮТ-ийн сэргээн засварлах эмчилгээнд өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг Аэртал мазь 19,000 төгрөг, Грандмед эмнэлэгт 2022 оны 7-р сарын 5-нд үзүүлсэн төлбөр 50,000 төгрөг, Хужирт рашаан сувилалд асран хамгаалагч эх М ын хамтаар 2022 оны 7-р сарын 13-аас 7-р сарын 21-ийг хүртэлх эмчилгээний төлбөр 720,700 төгрөг, Хужирт сувилалд асран хамгаалагч эх М ын хамтаар Улаанбаатар хотоос Хужирт, Хужиртаас Улаанбаатар хот руу ирж очсон тээврийн зардлууд 90,000 төгрөг, Хужиртад төлбөртэй эмчилгээ хийлгэсэн баримтууд 24,000 төгрөг, эмнэлгээр үзүүлсэн бензиний баримтууд 2022 оны 4 сараас 6-р сарын хооронд машинд хийсэн бензиний баримт 300,000 төгрөгийг 88 улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашинд, 2022 оны 7-р сарын 21-ний өдөр өвчин намдаах дархлаа сайжруулах эм 34,700 төгрөг, 2022 оны 11-р сарын 11-ний өдөр өвчин намдаах тос 21,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,600,000 төгрөг, нийт 4,963,400 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

 

Хужирт рашаан сувиллын эмчилгээний төлбөр 720,700 төгрөгийг нэмж нийт 5,684,100 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Д ий эцэг М  өөс охин Б ын Хужирт рашаан сувиллын эмчилгээний төлбөр 720,700 төгрөгийг нэмж гаргуулахаар шаардаж байна. Өмнөх нэхэмжлэхийн дүн дээр нэмэгдээд нийт 5,684,100 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.

 

Хариуцагч Мө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Энэхүү үйл явдлын талаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс шалгаж шийдвэрлэсэн. Насанд хүрээгүй хүүхдийг өөрсдийн эцсийн хор холбогдлыг ойлгохгүй асуудалд хандаж хохирсныг үгүйсгэхгүй. Гэхдээ хүүхдүүдийн аль алиных нь буруу байсан. Манай зүгээс хохирсон гэх А.Б ын эрүүл мэндэд туслалцаа үзүүлсэн.

1 жилийн гаруй хугацаа болоход биднээс ямар нэг эрүүл мэндэд зориулж мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Харин энэ хугацаанд утас мессежээр янз бүрийн бүдүүлэг үг яриа, дарамт учруулж байсан.

Хохиролд гэж нэхэж байгаа 4,963,400 төгрөгийг төлөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Бид нэгэнт шүүхэд нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхэд хариуцагчийн зүгээс энэ асуудлыг хуулийн утгаар тохирсон, болсон процессын талаар дүгнэлтээ харуулах байх гэж бодож байна, өөрөөр хэлбэл болсон үйл явдлын талаар Цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт хянагдаж эрүүгийн хэргийн процесс нь гэмт хэргийн шинжгүй учир эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж татгалзсан байгаа. Татгалзсан учир энэ хэрэг нь санаатай болон болгоомжгүй үйл явдал биш юм гэх хуулийн байгууллагын дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээс үзэхэд учирсан гэмтэл нь ахар сүүлний ясанд мурийлт үүссэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Сая нэхэмжлэгч ярихдаа олон хугарал гарсан гэж байна, тогтоогдоогүй үйл явдлын талаар ярьж байна. Бид өмнө нь цагдаагийн байгууллага шалгасан үйл баримтад үндэслэж ярих нь зүйтэй байх гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор гэж юу вэ, гэм хор үүсэх үндэслэл юу вэ, хэрвээ гэм хор гэж үзэх юм бол хохирлыг хэн төлөх вэ гэж заасан байдаг. Миний хувьд хэлэхэд гэм хор гэх асуудал болгоомжгүй буюу санаатай гэх үйлдлийн эцсийн үр дагавар үүссэн гэм хор байх юм бол хохирол төлөгдөх ёстой, гэтэл гэм хорын асуудал нь болгоомжгүй, санаатай үйлдэл, учирсан гэм хорын хооронд ямар ч шалтгаан үр дагавар үүсээгүй байна гэх дүгнэлтэд хүрч байна, иймд гэм хор гэж үзэхгүй тул хохирлыг төлөх боломжгүй юм. 2-т нотлох баримтад яригдсан баримтууд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гарсан зүйлд зориулагдсан эмчилгээ нь зөвхөн тос болон дархлаа сайжруулах гэх 2 эмчилгээ байна. Бусад нь бүгд нэмэгдэл баримтууд байна, өөрөөр хэлбэл сувилалд явсан, эцэг, эхийнх нь явсан, ирсэн, очсон зардал, өмгөөллийн хөлс, олон эмнэлэгт үзүүлсэн талаар эмч ийм эмчилгээ хийлгэ гэх баримт байхгүй. Нотлох баримт мөн гэм хорын асуудлыг тогтооход чухал байр эзэлдэг, иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасны дагуу энэ хэрэгт хохирол төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М  хариуцагч Мөд холбогдуулан гэм хорын хохиролд 4,963,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 720,700 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 5,684,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба энэ шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч тал үйлдэл нь гэм хор учирсантай шалтгаант холбоогүй, шинжээчийн дүгнэлтээр олон хугарлууд тогтоогдоогүй, хариуцагчийн үйлдлээс гэм хор учраагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Насанд хүрээгүй 11 настай А.Б ын төрсөн эх М  мөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй тул насанд хүрээгүй А.Б ыг төлөөлж эх М  нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

2022 оны 03 сарын 25-ны өдөр ............ тоотын палкон дээрээс насанд хүрээгүй Д  насанд хүрээгүй А.Б ыг аавдаа мэдэгдэхгүйгээр гэрээсээ гаргах зорилгоор алчуурын тусламжтай гаргах үйлдлийг хийсэн, үүний улмаас А.Б  2 давхраас унаж гэмтсэн болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 3241 дугаартай прокурорын тогтоол, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 4/1031 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 1/2260 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 09 сарын 05-ны өдрийн 1/2101 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.

 

Насанд хүрээгүй Д ий үйлдлийн улмаас А.Б ын биед гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана,

505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Осол хариуцагч Мөийн гэрт, түүний насанд хүрээгүй охин Д ий ...найз болох А.Б ыг өөрийн эцэг, эхэд мэдэгдэхгүйгээр 2 давхрын салхивчаар гаргасан... болгоомжгүй үйлдлийн улмаас гарсан байх тул хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.Б ын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Хариуцагч 2022.03.25-нд А.Б ыг Интермед эмнэлэгт үзүүлсний төлбөрт 1,330,000 төгрөгийг Интермед эмнэлгийн данс уруу шилжүүлсэн, үүнээс хойш өөр мөнгийг нэхэмжлэгчид өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

А.Б  унаж гэмтсэнтэй холбоотой эрүүл мэндийн байдлаа үзүүлж, Улсын 3-р төв эмнэлгийн мэдрэлийн мэс засалд 2023.03.25-нд 35,000 төгрөг, 2022.04.12-нд 26,000 төгрөг, 2022.04.14-нд 9,000 төгрөг, Гранд мед эмнэлэгт 2023.03.28-нд 50,000 төгрөг, Интермед эмнэлэгт 2022.04.04-нд 69,000 төгрөг, 2022.07.05-нд эмчийн үзлэгт 50,000 төгрөг тус тус,

эмчийн заавраар 2022.06.16-нд өвчин намдаах тосонд 19,000 төгрөг, 2022.07.21-нд өвчин намдаах дархлаа сайжруулах эмэнд 34,700 төгрөг, 2022.11.11-нд үрэвслийн эсрэг аэртал мазьд 21,000 төгрөг,

Хужирт рашаан сувилалд асран хамгаалагч эх М ын хамтаар 2022 оны 7-р сарын 13-ны өдрөөс 7-р сарын 21-ний өдрийг хүртэл эмчлүүлсэн эмчилгээний төлбөрт 720,700 төгрөг, төлбөрт эмчилгээнд 2022.07.13-нд 60,000 төгрөг, 2022.07.14-нд 24,000 төгрөг,

эх М ын хамтаар Улаанбаатар хотоос Хужирт, Хужиртаас Улаанбаатар хот руу ирж очсон тээврийн зардалд 90,000 төгрөг,

эмнэлгээр үзүүлэхээр явахдаа шатахууны зардалд 2022.05.11-нд 9,700 төгрөг, 2022.05.26-нд 70,000 төгрөг, 2022.06.14-нд 19,400 төгрөг, 2022.05.14-нд 40,000 төгрөг, 2022.05.30-нд 38,800 төгрөг, 2022.06.07-нд 40,000 төгрөг,

2023.06.05-нд Хужирт рашаан сувилалд 719,500 төгрөг, нийт 2,145,800 төгрөгийг зарцуулсан болох нь төлбөр төлсөн и баримтууд, бэлэн мөнгөний орлогын баримтууд, Хужирт рашаан сувиллын кассын баримт зэргээр тогтоогдож байх тул хариуцагчид хариуцуулах үндэслэлтэй.

 

2022.05.26-нд 70,000 төгрөгийн шатахуун авсан баримтыг тооцсон ба 2022.05.26-нд дахин 20,000 төгрөг, 30,000 төгрөг, 25,000 төгрөгийн шатахуун авсан гэж үзэхээргүй байх тул шатахуун 75,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч М  нь өмгөөлөгч Т.Мөнхтуяатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 3,600,000 төгрөгөөр байгуулж, өмгөөлөгчид 3,600,000 төгрөг төлсөн болох нь гэрээ, Т.Мөнхтуяагийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 2022.04.25-ны өдрөөс хойш өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, тус иргэний хэрэгт өмгөөлөгч Т.Мөнхтуяа оролцоогүй болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч дээрх байдлаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, өмгөөлөгчийн оролцоо зэргээс хариуцагчийн үйлдэлтэй шууд шалтгаантай хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх боломжгүй тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3,600,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр, хариуцагч Мө-өөс гэм хорын хохиролд 2,145,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М д олгож, нэхэмжлэлээс 3,538,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан боловч шүүх баримтын хүрээнд хохирлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан дүн 2,145,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 49,283 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Мө-өөс 2,145,800 /хоёр сая нэг зуун дөчин таван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М д олгож, нэхэмжлэлээс 3,538,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА