Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01637

 

 

 

 

 

 

 

2023 08 21 210/МА2023/01637

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12ы өдрийн 101/ШШ2023/02969 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.*******д холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,684,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Э.*******ийн төрсөн охин М.******* нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний охин А.Булгантамирыг хамт хичээлээ хийе гэж гэртээ дуудсан. Гэрт нь хичээлээ хийгээд сууж байтал аав Э.******* нь ирэхэд ааваасаа айгаад манай охиныг 2 давхрын цонхоор гаргах явцдаа унагасан. Миний охин А. ******* нь өндрөөс унаж гэмтсэний улмаас ******* эмнэлгийн IМR буюу бүтэн нурууны дүрс оношилгооны шинжилгээ хийлгэхэд сээрний Тh 7,8,9,10,11,12 болон бүсэлхийн L2,3, ууцны S4 нугалмайн хугарал, хавантай гэсэн хариу гарсан. Охины минь биед арваад нурууны хугарал, гэмтлийн улмаас болж нуруу нь мурийсан биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа болно. А.*******ын биеийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан гэх боловч гэмт хэргийн шинжгүй насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд М.*******ий эцэг Э.*******, эх Д.******* нараас охин А.*******ын эрүүл мэндэд болон бусад учирсан болох зардлуудыг дараах байдлаар нэхэмжилж байна.

А. ******* ******* эмнэлэгт үзүүлсэн 69,000 төгрөг, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс засалд үзүүлсэн 35,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ГССҮТ-ийн сэргээн засварлах эмчилгээнд өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг Аэртал мазь 19,000 төгрөг, Грандмед эмнэлэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үзүүлсэн төлбөр 50,000 төгрөг, Хужирт рашаан сувилалд асран хамгаалагч эх Д. *******ын хамтаар 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс мөн сарын 21-ний өдөр хүртэлх эмчилгээний төлбөр 720,700 төгрөг, Хужирт сувилалд асран хамгаалагч эх Д.*******ын хамтаар Улаанбаатар хотоос Хужирт, Хужиртаас Улаанбаатар хот руу ирж очсон тээврийн зардлууд 90,000 төгрөг, Хужиртад төлбөртэй эмчилгээ хийлгэсэн баримтууд 24,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд 89-72 УНЛ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашинаар эмнэлэгт үзүүлсэн бөгөөд 300,000 төгрөгөөр шатахуун авсан, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өвчин намдаах дархлаа сайжруулах эм 34,700 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өвчин намдаах тос 21,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,600,000 төгрөг, нийт 5,684,100 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ .

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Дээрх үйл баримтыг Цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт хянагдаж гэмт хэргийн шинжгүй учир эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж татгалзсан байна. Мөн учирсан гэмтэл нь ахар сүүлний ясанд мурийлт үүссэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Олон хугарал гарсан гэж байна, тогтоогдоогүй үйл явдлын талаар ярьж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор гэж үзэхгүй тул хохирлыг төлөх боломжгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр гарсан зүйлд зориулагдсан эмчилгээ нь зөвхөн тос болон дархлаа сайжруулах гэх 2 эмчилгээ байна. Бусад нь бүгд нэмэгдэл баримтууд байна, өөрөөр хэлбэл сувилалд явсан, эцэг, эхийнх нь явсан, ирсэн, очсон зардал, өмгөөллийн хөлс, олон эмнэлэгт үзүүлсэн талаар эмч, эмчилгээ хийлгэ гэх баримт байхгүй. Нотлох баримт мөн гэм хорын асуудлыг тогтооход чухал юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт заасны дагуу энэ хэрэгт хохирол төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч М.*******өөс 2,145,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс 3,538,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх 2 хүүхдийн цонхоор гарсан үйлдлийг болгоомжгүй байдлаас үүссэн гэм хор гэж дүгнэсэн. 2 хүүхдийн үйлдэл нь хоорондоо тохиролцож, нэг нь цонхоор гарчих, нөгөө нь гаръя гэсэн байдлаар үүссэн учир болгоомжгүй санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Үйлдэл, хохирол хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант үр дагавар үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шахалт дарамт үзүүлээгүй, тухайн шийдвэрээ өөрөө гаргасан. н.*******ий гэр бүлээс загнах, айлгах мэт сөрөг үйлдэл байгаагүй. Мөн ямар үндэслэлээр гэм хор, хохирлын асуудлыг шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Шүүх нэхэмжлэгч н.******* 4 удаагийн эмчийн үзлэгт орж, зөвөлгөө авчээ. Үүний үр дүнд, эмчийн заавраар, өвчин намдаах тос, дархлаа сайжруулах эмэнд нийт 53,700 төгрөг зарцуулсан байна. Энэ нь гэмтлийн улмаас үүссэн бодит шууд хохирлын хэмжээ байна. Бусад нь нэмэгдэл зардлууд бөгөөд Хужирт рашаан сувилалд эхийн хамт 2 удаа явсан тээврийн болон рашаан сувилалын зардал, бензин шатахууны зардлууд нэхэмжилсэн байгаа.

Эдгээр зардлуудыг гэм хор учруулсан гэж үзэн, хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч одоо гадаадад явж эмчлүүлэх зардлууд, амралт рашаан сувилалын зардлууд, тээврийн зардал зэргийг дахин нэхэмжлэнэ гэдгээ шүүх хурал дээр илэрхийлсэн.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан гомдолд ямар нэгэн шалтгаант холбоогүй, хоёр хүүхэд тохиролцож нэг нь унасан асуудал гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэгт гэмт хэргийн шинжгүй гэдэг нь субъектийн нас заасан байдаг. Насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Шат, шатны прокуророос дээрх үндэслэлээр гомдол хэрэгсэхгүй болсон. Иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрх нь нээлттэй гэдгийг дурдсан байдаг. Гомдолд дурдсанаар тухайн үйл явдал нь хохирогчийг хаалгаар гарч болохгүй, цонхоор гар гээд алчуураас бариулж, буулгаж байх явцад хүүхэд гар алдаад унасан байдаг. Гэмтлийн зэрэг нь хүндэвтэр гэж тогтоогдсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан гэм хор учирсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэж заасан. Тухайн үйл явдлыг хариуцагч нотлоогүй. Хэргийн материалд хүүхдийн нуруу мурийсан зураг нь байдаг. Монголын нөхцөлд хүүхдийн гэмтсэн нурууг сувилалд эмчлүүлэх боломжтой байсан. Эцэг, эх нь хүүхдээ боломжит нөхцөл байдлаар эмчлүүлсэн хүрээнд, эмчилгээний зардлаа нэхэмжилсэн. Хохирогч насанд хүрээгүй учир эмчлүүлж, сувилуулахдаа зайлшгүй асран хамгаалагчийн хамт явах хэрэгтэй. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Э.*******д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,684,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3.Насанд хүрээгүй иргэн А.*******, найз М.*******тэй гэрт нь хичээлээ хийж байхад М.*******ий аав ирсэн, М.******* ааваасаа айж өөрийн өрөөний цонхоор /2 давхарт/ А.*******ыг буулгах явцад тэрээр газарт унаж биед нь хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримтыг хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3241 дугаартай прокурорын тогтоол, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4/1031 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/2260 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2101 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчий 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5054 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-..../

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ эрүүгийн журмаар шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, ... гэм хорын хохирол гэж үзэхгүй, болгоомжгүй, санаатай үйлдэл гэм хорын хооронд ямар ч шалтгаан үр дагавар үүсээгүй, ... хохирол төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ,

М.******* нь гэртээ зөвшөөрөлгүй хүн оруулсан гэж эцэг, эхдээ загнуулахаас айж, А.*******ыг цонхоор буулгасны улмаас А.*******ын эрүүл мэндэд хохирол учирсан буюу биед нь ууцны 4 дүгээр нугалмын далд зөрөө бүхий хугарал, баруун болон зүүн шуунд цус хуралт, зүүн өгзөгт зулгаралт зэрэг гэмтэл учирчээ. Анхан шатны шүүх М.*******ий үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж дүгнэсэн нь зөв. Учир нь Иргэний хуульд заасан хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-д зөвхөн хуулиар тогтоосон хоригийг зөрчсөн байхыг хамааруулж ойлгохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул үйлдлийг хоёулаа ярилцаж зөвшилцсөн, А.******* өөрөө үйлдэл хийж цонхоор буусан, зөвхөн М.******* хариуцахгүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

А.*******, М.******* нар 10 настай учир Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503,1 дэх хэсэгт зааснаар А.*******ын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг М.*******ий эцэг, эх нь гэм хорыг хариуцан арилгана.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээд А.*******ын эмчилгээний зардал болон сувилалын газар сувилуулсан зардалд нийт 2,145,800 төгрөгийг хариуцагч буюу М.*******ий эцэг Э.*******өөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 503,1, 505,1 дэх хэсгийн заасантай нийцжээ.

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12ы өдрийн 101/ШШ2023/02969 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан төлсөн 49,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД