Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/03063

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 06 с 15

Дугаар 101/ШШ2023/03063

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .................../-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ....................-д холбогдох,

 

 Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан, хариуцагчийн өмгөөлөгч О.Золбаяр, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

Зохигчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Б- нь 2020 оны 05 сарын 24-ний өдөр № г4-д7-3-53 дугаартай Орон сууц захиалгын гэрээг Ай ХХК  -ийн захирал Б-тэй байгуулсан. Баянзүрх дүүргийн 16 р хороо, Гарден-16 хотхоны 420 айлын орон сууцны 4 дүгээр блок барилгын 7 давхрын 53,35 м.кв талбайтай зүүн талын А айлын зохион байгуулалттай 40 тоот орон сууцыг бүх төлбөр тооцоог нь хийж захиалсан. Тухайн орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд төлбөр тооцоонд нийт 80,025,000 төгрөгөөр тооцож бүх төлбөрийг төлсөн, одоо тус компанид төлөх төлбөр тооцоогүй болсон. Орон сууцыг улсын комисс хүлээн авсан эсэхийг иргэн Б- миний бие мэдэх боломж байхгүй, мэдэхгүй болно. Ай ХХК   нь Гарден-16 хотхоны 16 давхар барилгыг барьчихсан, дотор засал, сангийн материалуудаа одоогийн байдлаар угсарчихсан, барилгын ажил дуусах байдалдаа нэлээд дөхчихсөн байсан. Ийм хэмжээнд барилгын ажил явагдаж байгаа нь тус компанийн хувьд зохих газрын зөвшөөрөл бусад холбогдох зөвшөөрлүүдээ авсан болоод барилга барих ажлаа эхлүүлсэн байх гэж миний хувьд бодож байна.

Орон сууц захиалгын гэрээний 3.1.2 дахь хэсэгт зааснаар орон сууцыг 2020 оны 09 сарын ЗОны дотор хүлээлгэж өгөхөөр заасан боловч өнөөдрийг хүртэл тус гэрээний заалт хангагдаагүй иргэн миний эрх зөрчигдөж байна. Аи ди си Проперти компанийн захирал Б-тэй удаа дараа холбогдох гэсэн боловч утсаа авдаггүй, тус компанийн БЗД-ийн 16 дугаар хороонд байрлах оффисын байранд очихоор байнгын хүнгүй байдаг зэрэг нь миний итгэлийг алдаж, захиалсан орон сууцаа алдахад хүрч байгаа эсэхдээ ч эргэлзээ төрөх боллоо. Иймд Б- намайг БЗД-ийн 16 дугаар хороо, Гарден-16 хотхоны 4 дүгээр блок 7 давхрын 40 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийг дэмжиж байна. Орон сууц захиалгын гэрээний 3.1.2 дахь хэсэгт зааснаар орон сууцыг 2020 оны 09 сарын 30-ны дотор хүлээлгэж өгөхөөр заасан боловч өнөөдрийг хүртэл тус гэрээний заалт хангагдаагүй иргэн Б-гийн эрх зөрчигдөж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ай ХХК  -ийн захирал Б-тэй удаа дараа холбогдох гэж залгасан боловч утсаа авдаггүй, тус компанийн БЗД-ийн 16 дугаар хороонд байрлах оффисын байранд очихоор байнгын хүнгүй байдаг зэрэг нь итгэлийг нь алдаж, захиалсан орон сууцаа алдахад хүрч байгаа эсэх талаар эргэлзээ төрж байна. Энэ орон сууц гэрээнд заасан хугацаанаасаа бараг 3 жилийн өмнө ашиглалтад орохоор заасан байсан боловч энэ хугацаанаас хойш 3 жил орчим ашиглалтад ороогүй. Орон сууцны гаднаас харахад барилгыг 16 давхар барьсан, дотор засал, сангийн материалуудаа бүгдийг нь угсарсан, барилгын ажил дуусах байдалдаа нэлээн дөхсөн явж байгаа. Орон сууцыг зөвшөөрөлгүй газар барьсан, эсхүл орон сууц барих зөвшөөрөл аваагүй байсан юм болов уу гэж шүүхийн журмаар энэ хүсэлтийг Барилга хот байгуулалтын яамнаас тодруулж өгнө үү гэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн журмаар албан бичиг гарсан. Үүнд Баянзүрх дүүрэг, 16 хороо, Гарден-16 хотхоны 420 айлын орон сууцанд Ай ХХК   нь бүх зөвшөөрөл авсан байсан, энэ бичгийг нь бид авч зөвшөөрөлтэй орон сууц юм байна гэж мэдэж сэтгэл амарсан. Төлбөр тооцоо дууссан гэдэгт хариуцагчийн өмгөөлөгч маргаж байна. Тухайн үед нэхэмжлэгч Б- нь ДМК ЗГБХН-ийн Б-гийн найз хувь эзэмшигч Ч-ийн төрсөн дүү юм. Ч- болон Б- захирал нар хоорондоо Б-гийн санал болгосноор хоорондоо ДМК ЗГБХН-ийн 20 хувийг чи эзэмшдэг, эзэмшлийнхээ эрхийг над руу бусдад шилжүүлэх, худалдах эрхээр шилжүүлчих би чамд оронд нь 6 орон сууцыг бусад хөрөнгийн хамт шилжүүлж өгье гэж 1 сар гаруй хугацаанд Б- нь хөөцөлдсөн байсан, нэлээн ашигтай болоод ингэж гуйж явсан байх. Гуйж байх хооронд 2020 оны 05 сарын 09-ний өдөр Ч- болон Б- нар нь 6 байр авах хэлцэл хийж 187 дугаартай нотариатаар орж 6 байрыг би Ч-т эрхийг нь шилжүүлж байна гэж орсон байдаг. Үүний дараа 2020 оны 05 сарын 24-ний өдөр Ай ХХК  -ийн хувьцаа эзэмшигч Энхбат, Батзориг, Шижирбадрах, Б- нар гарын үсэг зурж энэ 6 байрыг Ч-ийг төрсөн дүү Б-д шилжүүлэх эрхийг Б-д олгож байна нотариатаар орсон. 2020 оны 05 сарын 28-ны өдөр Ч- ДМК ЗГБХН-ийн 20 хувийг Б-д шилжүүлэх, бусдад худалдах эрхийг нь олгох итгэмжлэл хийлгэсэн. Энэ нь Улсын бүртгэлийн газраас ирсэн нотариатаар харагдаж байгаа. 2020 оны 05 сарын 28-ны өдөр Ч- нь амласан ёсоор хөрөнгүүдийг шилжүүлж авсан учир 20 хувийг Б-д шилжүүлэх итгэмжлэл олгосон. 2020 оны 06 сарын 04-ний өдрийн нөхөрлөлийн эрх шилжүүлэх гэрээ гэж байгаа, үүнд ДМК ЗГБХН-ийн хувь эзэмшигч Ч-ийг төлөөлж Б- нөгөө талаас Батзориг нар харилцан тохиролцож Ч-ийн итгэмжлэл олгосон 20 хувийг Батзоригт худалдан шилжүүлэв гэж гэрээ байгуулсан, энэ гэрээ нь Улсын бүртгэлийн газраас ирсэн материалд байгаа. Бүх процесс ийнхүү явагдсан, Ай ХХК   нь 2020 оны 05 сарын 24-ний өдөр итгэмжлэл олгох нь гэж нотариатаар орж 6 байрны мэдээлэл тавьж нотариатаар батлуулсан. Мөн ерөнхий нягтлан бодогч Бурмаа нь энэ 6 байрыг ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээгээр төлбөрийг 100 хувь төлсөнд шилжүүлэн тооцож байгаа болно гэж ерөнхий нягтлан тодорхойлолт гаргаж өгсөн, энэ нь нотариатаар баталгаажуулсан хэргийн материалд хавсаргасан байгаа. Б- нь төлбөрийг 100 хувь төлсөн юм байна, төлбөр төлсөн гэрээний заалтаар ямар нэгэн маргаангүй, тухайн хүний нөхцөл, хэлцэл, итгэмжлэл зэрэг бүх зүйлд дандаа ийм байгаа, дараа нь ямар нэгэн маргаан, төлбөр тооцоо байхгүй гэдэг өгүүлбэр итгэмжлэл, хэлцэл болгонд явж байгаа, өнөөдөр 3 жилийн дараа үүнийг үгүйсгэж байгаа мэт ярьж байна. Тухайн үед бүх зүйл болсон байсан. Энэ шилжүүлсэн 6 байрны 5 байр Б-д эрх нь шилжсэн байгаа. Одоо ганцхан энэ байранд маргаж би энэ хэлцлийг хийгээгүй гэж маргаж байгаа. Иймд Б-д Баянзүрх дүүрэг, 16 хороо, Гарден-16 хотхоны 420 айлын орон сууцны 4 блок, барилгын 7 давхрын 53.35 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү ... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Эрх зүйн харилцааны хувьд талууд харилцан тохиролцож, хэлцэл хийдэг. Мөн үүнийгээ зарим тохиолдолд бичгээр баримтжуулж харилцан тохиролцоогоо баталгаажуулдаг. Талууд харилцан тохиролцож бичгээр хийх нь тохиролцооны нэг хэлбэр ба үүнийгээ бодитойгоор биелүүлэх үүний дараачийн асуудал юм. Ай ХХК   нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц захиалгын гэрээг бичгээр хийсэн. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Захиалагч энэхүү гэрээний 2.1-т заасан орон сууцны төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээний төлбөрт шилжүүлж байгаа болно гэж заасан. Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуульд нэрлэж заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаардаг ба захиалагч ажлын үр дүнг авахын тулд төлбөрийг төлсөн байхыг шаарддаг. Нөгөөтээгүүр төлбөр төлөөгүй бол шаардлага гаргах, үр дүнг шаардах эрхгүй. ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийн төлбөр энэ үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй болсон тул Б- нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Гарден-16 хотхон, 420 айлын орон сууцны 4 дүгээр блок барилгын 7 давхрын 53.35 м.кв талбайтай зүүн талын А айлын зохион байгуулалттай 40 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь төлбөр төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримтад төлбөр төлсөн гэх баримт байхгүй, зөвхөн гэрээний төлбөрийг шилжүүлсэн гэж маргаж байгаа, манай зүгээс үүнийг шилжүүлээгүй, орон сууц захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд маргаж байгаа. Ч-, Б- гэх 2 хүний хувьд яг энэ хэрэгт ямар нэгэн хамааралтай байна уу, Ч-ийн ДМК ЗГБХН-ийн 20 хувь шилжүүлэх захиалгын гэрээтэй холбоотой ямар нэгэн хамаарал байна уу гэдэгт нотлох баримт байхгүй байна. Ай ХХК  -ийн Гарден-16 орон сууцны төслөөс дараах орон сууцыг 2015 оны 09 сарын 02-ны өдрийн ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авахад хамаарах төлбөр тооцооны гэрээгээр төлбөрийг 100 хувь төлсөнд тооцож шилжүүлж байгаа болно гэж байгаа болохоос биш Б-д шилжүүлж байгаа болно гэж өгүүлбэр огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ хүчин төгөлдөр эсэх, татгалзсан уу, цуцалсан юм уу гэдэг нь тодорхойгүй гэрээгээр өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б- хариуцагч Ай ХХК  -д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Гарден 16 хотхоны 420 айлын орон сууцны 4 дүгээр блок 7 давхар 53.35 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч төлбөрөө төлөөгүй, иргэн Ба-гийн гэрээний үүргийг компани хариуцахгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байх магадлалтай гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Талуудын хооронд 2020 оны 05 сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байх ба ажил гүйцэтгэгч тал болох Ай ХХК   Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Гарден 16 хотхоны 420 айлын орон сууцны 4 дүгээр блок 7 давхар 53.35 м.кв орон сууцны 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр, нийт 80,025,000 төгрөгөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч тал болох Б- ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна. /хх-84-86/

 

Иймд талуудын хооронд хийгдсэн гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

 

344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...ДМК ЗГБХН-ийн гишүүн Ч- 2020.06.04-нд өөрийн 20 хувийг Ба-д худалдах эрхтэйгээр шилжүүлж төлбөрийг төлсөн, 2020.05.28-нд төлбөр тооцоо байхгүй гэсэн хэлцэл байгуулсан ... гэж тайлбарлаж байна.

 

Ч-оос ДМК ЗГБХН-ийн 20 хувийн эрхээ бусдад шилжүүлэх, худалдах эрхийг Ба-д 2020.05.28-ны итгэмжлэлээр олгосон, уг итгэмжлэлийн дагуу Ч-ийн эзэмшдэг ДМК ЗГБХН-ийн 20 хувь Б.Батзоригт шилжсэн болох нь нөхөрлөлийн хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэлээр тогтоогдож байх тул Ч-ийн 20 хувийг Ба- худалдан авсан гэж үзэхгүй./хх-128-131/

 

Хариуцагч тал төлбөрийг төлөөгүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч тал өөр гэрээний үүрэгт харилцан тооцох замаар 80,025,000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй байна.

 

Гэрээний 2.2-т талууд гэрээний үнийг ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон байх ба 2015 оны 09 сарын 02-ны өдрийн ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээний хэрэгжилтийг хэн, хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй, хоорондоо тооцоо нийлсэн баримтгүй, энэ талаарх баримтыг зохигч хэрэгт өгөөгүй.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах эрхтэй, Ба- нь Ай ХХК  -ийн захирал байхдаа орон сууц захиалгын гэрээг байгуулсан байх боловч иргэн Ба-гийн ДМК ЗГБХН-ийн гишүүдийн хооронд байгуулагдсан ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээний төлбөрийг Ай ХХК  -д хариуцуулах үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагч Ай ХХК   нь иргэн Ба-гийн ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээний төлбөрт маргаан бүхий орон сууц захиалгын гэрээний үнийг тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн хэлцэл /хх-54/, итгэмжлэл /хх-74/ гэх баримтуудаар захиалагч Б-г 80,025,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч 2015 оны 09 сарын 02-ны өдрийн ДМК ЗГБХН-ийн гишүүдийн оруулсан хөрөнгийг шилжүүлэн авч буйд хамаарах төлбөр тооцооны гэрээ-ний оролцогч мөн болохоо баримтаар нотлоогүй ба уг гэрээний талаар тодруулахад ...хэрэгт хамааралгүй, 2020.06.04-нд Ч- өөрийн 20 хувийг Б-д худалдах эрхтэйгээр шилжүүлж 80,025,000 төгрөгийн төлбөрийг төлсөн... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон тул энэ тайлбарын хүрээнд дээрх дүгнэлтийг хийв.

 

Иймд хариуцагч Ай ХХК  -д холбогдох Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Гарден 16 хотхоны 420 айлын орон сууцны 4 дүгээр блок 7 давхар 53.35 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 562,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ай ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 562,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ                                           Д.БАТЦЭЦЭГ