Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02570

 

 

 

 

 

2023 08 21

181/ШШ2023/02570

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Б ХХК

Хариуцагч: М ХХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 453,613,443 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.

 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 453,613,443 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 ...Б ХХК болон М ХХК-ийн хооронд арматур худалдах-худалдан авах харилцан тохиролцлоор 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр №8 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр №9 дугаартай Бараа нийлүүлэх нэмэлт гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу манай компанийн зүгээс эрх, үүргээ хэрэгжүүлж урьдчилгаа төлбөрүүдийг шилжүүлсэн боловч нийлүүлэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй удаа дараа зөрчин асуудал гаргаж байсан учраас энэ олон сарын хугацаанд захиалагч талын эрх, ашиг сонирхол давхар зөрчигдөж эдийн засгийн хохирол амсаж цаашид итгэх найдвар алдагдсан тул хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдлыг нийлүүлэгч талын буруутай, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас бий болсон тул арматур нийлүүлэх гэрээнүүдийг цуцалж нийлүүлээгүй арматурын шилжүүлсэн төлбөр болон манай компанид учруулсан хохирол, гэм хорыг барагдуулах маргааныг шийдвэрлүүлэхээр гэрээний ерөнхий нөхцлийн 3.9 заалт болон гэрээний тусгай нөхцлийн 14 заалтыг удидлага болгон шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Анхны гэрээ хэлцлээр 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №8 дугаартай гэрээгээр нийлүүлэгч тал болох М ХХК нь А500С маркийн стандартын арматурыг нийлүүлэх гэж тохиролцсон ёсоор ОХУ-аас нийлүүлнэ гэж байсан тул 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр манай компанийн зүгээс гэрээний эрх, үүргээ зохих ёсоор биелүүлж 1 тэрбум 460 сая төгрөгийг нийлүүлэгч компанийн дансанд шилжүүлсэн байтал гэнэт ОХУ дайтаж байгаа учир хойд хөршөөс нийлүүлэх боломжгүй боллоо, урд хөршөөс нийлүүлье гэсэн тайлбар гаргасны дагуу бид хамтын ажиллагаагаа хүндэтгэн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт №9 дугаартай гэрээ байгуулж БНХАУ-аас арматур оруулж ирэх нөхцөл байдлыг харгалзан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 210 сая төгрөгийг нийлүүлэгч талын хүсэлтийн дагуу дахин шилжүүлсэн байдаг.

Ингээд 2022 оны 4 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд 450,216 тонн арматур нийлүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу 1 тонн арматурын үнэ 2 сая 900 мянган төгрөгөөр тооцоход 1,305,626,400 төгрөгийн бараа нийлүүлсэн ба бидний зүгээс нийт 1 тэрбум 670 сая төгрөг шилжүүлсэн буюу энэ нь 575 тонн 862 кг болж байгаа ба нийлүүлээгүй арматурын зөрүү нь 125,646 тонн буюу 364 сая 373 мянга 600 төгрөгийн барааг бидэнд огт нийлүүлэлгүй байсаар удаа дараагийн хүсэлт, шаардлагад элдэв янзын тайлбар, амлалт гаргаж цаг хугацаа хожиж эцэстээ учир битүүлэг, үл ойлголцох нөхцөл байдал үүсгэж компанийн аж ахуйн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж барилгын ажлыг явуулах улирлын богинохон цаг үед бусдад арматур нийлүүлэх ажлыг гацааж манай компанид их хэмжээний санхүүгийн саад бэрхшээл, хохирол учруулж тус компанийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул гэрээний ерөнхий нөхцлийн 7.2-т ...нийлүүлэгч барааг нийлүүлэх хуваарийн дагуу нийлүүлээгүй, бараа нийлүүлэх чадваргүй, нийлүүлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул заасныг баримтлан гэрээг бүхэлд нь цуцалж байгаа тул тус Бараа нийлүүлэх гэрээний тусгай нөхцлийн 11 дэх заалтыг баримтлан мөн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6, 9 дүгээр зүйлийн 9.4.4 болон 222 дугаар зүйлийн 222.1, 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч талаас нийлүүлээгүй барааны төлбөр 364,373,600 төгрөгийг 89,239,843 төгрөгийн алдангийн хамт нийт 453,613,443 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд М ХХК зүгээс Бараа нийлүүлэх гэрээний эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй зөрчиж, Б ХХК-д хохирол учруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож иргэний эрх зүйн харилцааны хамгаалалтыг хэрэгжүүлж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч М ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...нийлүүлэгч М ХХК болон үүрэг гүйцэтгүүлэгч Б ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №8 дугаартай гэрээгээр нийлүүлэгч тал нь А500С маркийн стандартын Арматурыг нийлүүлэх гэж тохиролцсоны дагуу манай компанийн зүгээс ОХУ-аас оруулж ирж, нийлүүлэх байсан боловч тухайн үед тус улсад гарсан дайнаас үүдэн хойд хөршөөс нийлүүлэх боломжгүй болсон. Иймд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт №9 дугаартай гэрээ байгуулж БНХАУ-аас арматур нийлүүлэхээр болсон. Ийнхүү М ХХК-ийн ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, төлөвлөгөөт харилцагч нарынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадалгүй, урд хөршөөс хараат байдалд ороод байгаа билээ.

Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй нийлүүлээгүй барааны төлбөр 364,373,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангид тооцож буй 89,239,843 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, М ХХК-тай байгуулсан 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №8 дугаартай /Арматур А500С/ Бараа нийлүүлэх гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №9 дугаартай /Арматур HRB400E/ Бараа нийлүүлэх нэмэлт гэрээ, хавсралтаар Гэрээний ерөнхий ба тусгай нөхцөл, техникийн тодорхойлолт, барааны жагсаалтын хамт, Inner Mongolia Xinjieshun International Freight Agency ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн №А2022/01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, Б ХХК, Гэгээн байшин ХХК-иудаас М ХХК-ийн дансанд мөнгөн шилжүүлэг хийсэн талаарх Голомт, Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримтууд, Мега майнд ХХК-д хүргүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №А-22/18 дугаартай мэдэгдэл /хх 4-39, 76, 111, 120/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: М ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл /ХЭУБ-ийн нээлттэй мэдээллийн сангаас татсан/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зарлагын баримт /хх 53-54, 67, 101/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт үгүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 453,492,167.4 төгрөгийг хангаж, үлдэх 121,275.6 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М ХХК-иас арматур худалдан авахаар харилцан тохиролцож, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр №8 дугаартай Бараа нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээнд заасан үүргийн дагуу мөн өдрөө бараа материалын урьдчилгаа төлбөрт 1,460,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч гэнэт ОХУ дайтсанаас болж бараа материалыг нийлүүлэх боломжгүй боллоо гэсэн хариуг өгсөн. Бид хамтын ажиллагаагаа хүндэтгэн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр №9 дугаартай Бараа нийлүүлэх нэмэлт гэрээг байгуулж, БНХАУ-аас бараа материалыг оруулж ирэх нөхцөл байдлыг харгалзан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бараа материалын төлбөрт 210,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд нийт 1,305,626,400 төгрөгийн бараа, материалыг нийлүүлсэн. Улмаар үлдэгдэл бараа материалыг нийлүүлэлгүй, хугацаа хэтрүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний Ерөнхий нөхцлийн 3.9, 6.3, 7.2, Тусгай нөхцлийн 11, 14 дэх заалтуудыг үндэслэн нийлүүлээгүй бараа материалын төлбөр болох 364,373,600 төгрөгийг алданги 89,239,843 төгрөгийн хамт гаргуулна... гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу нийлүүлээгүй бараа материалын төлбөрт 364,373,600 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 89,239,843 төгрөгт холбогдох үлдсэн хэсгийг эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 4.1. Б ХХК нь М ХХК-тай 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр №8 дугаартай Бараа нийлүүлэх гэрээг бичгээр байгуулж, нийлүүлэгч М ХХК нь 2,920,000,000 төгрөгөөр А500С маркийн арматур /цаашид бараа материал гэх/ 1,000 тонн-г нийлүүлэх, захиалагч Б ХХК нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Ингэхдээ захиалагч нь бараа материалын урьдчилгаа төлбөрт 1,460,000,000 төгрөгийг нийлүүлэгч талд шилжүүлсэн өдрөөс хойш 800 тонн-г 15 хоногийн дотор, үлдсэн 200 тонн-г 15-20 хоноийн дотор нийлүүлэхээр тохиролцжээ. /хх 7-14/

 4.2. Улмаар нийлүүлэгч нь бараа материалыг ОХУ-аас оруулж ирэх боломжгүй /тус улсад дайн дэгдсэн/, цаашид БНХАУ-аас оруулж ирэх болсноо захиалагчид мэдэгдсэнээр талууд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр №9 дугаартай Бараа нийлүүлэх нэмэлт гэрээг бичгээр байгуулж, нийлүүлэгч нь 2,900,000,000 төгрөгөөр HRB400E маркийн арматур 1000 тонн-г нийлүүлэх, захиалагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Ингэхдээ гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нийлүүлэгч нь 504 тонн-г 15 хоногийн дотор, үлдсэнийг нь 21 хоногийн дотор нийлүүлэхээр тохиролцжээ. /хх 20-23/

 4.3. Дээрх гэрээний дагуу захиалагч нь бараа материалын урьдчилгаа төлбөрт 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 1,460,000,000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 210,000,000 төгрөгийг тус тус нийлүүлэгчийн дансанд шилжүүлсэн, нийлүүлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 450,216 тонн буюу 1,305,626,400 төгрөгийн бараа материалыг нийлүүлсэн болох нь мөнгөн гүйлгээ хийсэн шилжүүлгийн баримт, зарлагын баримт, зохигчийн маргаагүй тайлбараар тогтоогдож байна. /хх 35-37, 101/

 4.4. Нэхэмжлэгч нь бараа материал нийлүүлэх хугацаа 121 хоногоор хэтэрсэнтэй холбогдуулан нийлүүлээгүй бараа материалын үнэ 364,373,600 төгрөгийг алдангийн 76,729,865 төгрөгийн хамт шаардсан мэдэгдлийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн байх ба үүнд нь ямар нэгэн хариу өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. /хх 39/

5. Зохигчид гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдал, бараа материалын төлбөрт төлсөн үнийн дүн, нийлүүлсэн бараа материалын тоо хэмжээ, үнийн дүн, нийлүүлээгүй бараа материалын үнийн дүн, гэрээний үүргийн зөрчилтэй холбогдсон асуудлаар маргаагүй.

 Харин хариуцагч нь хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлын талаар тайлбарлаж, алдангид тооцсон 89,239,843 төгрөгийг эс зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

6. Гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь бараа материалын урьдчилгаа төлбөрт нийт 1,670,000,000 төгрөгийг төлсөн байх боловч хариуцагч нь 1,305,626,400 төгрөгийн бараа материалыг хүлээлгэн өгч, үлдэх 364,373,600 төгрөгийн бараа материалыг өгөөгүй байна.

 Иймд хариуцагч М ХХК-иас нийлүүлээгүй бараа материалын төлбөрт 364,373,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзэв.

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 Гэрээний Ерөнхий нөхцлийн 6.3-т Нийлүүлэгч нь бараа нийлүүлэх хуваарийг зөрчсөн, барааг тогтоосон хугацааг хэтрүүлэн нийлүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. ... гэж, Тусгай нөхцлийн 11-т Алданги нь хоногт гэрээний үнийн дүнгийн 0,1 хувь байна. Алдангийг гэрээний тусгай нөхцлийн 4-р зүйлд заасан хуваарийн дагуу хоцорсон хоног тутамд тооцно. гэж талууд тохиролцжээ.

Хариуцагч нь бараа материалыг нийлүүлэх үүргээ гэрээгээр тохиролцсон хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь дээрх тохиролцооны дагуу алданги шаардах эрхтэй бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар хэтэрсэн 121 хоногийн алданги болох 76,729,865 төгрөг шаардсан мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч няцаан үгүйсгээгүй тул энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар хэтэрсэн 34 хоногийн алданги болох 12,388,702.4 төгрөгийг нэмж тооцвол нийт 89,118,567.4 төгрөг болж байна.

Хариуцагчийн зүгээс ийнхүү хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, урд хөршөөс хараат байдалд ороод байгаа хэмээн тайлбарлах боловч энэ нь гэм буруугийн асуудлыг зөвтгөх шууд үндэслэл болохгүйн гадна, өөрийн татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 364,373,600 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангид 89,118,567.4 төгрөгийн хамт шаардах эрхтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул хариуцагчаас нийт 453,492,167.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121,275.6 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн хуваарилав.

8. Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчир мэдсэн боловч шүүх хуралдааны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт ирүүлжээ.

Гэвч эмнэлгийн магадлагаа нь холбогдох журмын шаардлагад нийцээгүйн гадна, тэрээр удаа дараагийн шүүх хуралдааныг мөн шалтгаанаар болон өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаан давхцсан зэрэг асуудлаар хүсэлт гарган хойшлуулсан бөгөөд дараагийн шүүх хуралдааны товыг түүний саналыг харгалзан тогтоож байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг зохигч эдлэхдээ үүргээ мөн хэрэгжүүлэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй оролцох ёстой боловч энэ үүргээ хариуцагч тал санаатай хэрэгжүүлээгүйгээс үүссэн асуудлыг хүндэтгэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 453,492,167.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121,275.6 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,426,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 2,425,410.83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН