Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2023/01881

 

 

 

 

 

 

 

 

2023 10 20 210/МА2023/01881

 

 

Б ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02570 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК -ийн хариуцагч М ХХК -д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 364,373,600 төгрөг, алданги 89,239,843 төгрөг, нийт 453,613,443 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б ХХК , М ХХК -иудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №8 дугаартай бараа нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч тал болох М ХХК нь А500С маркийн стандартын арматурыг ОХУ-аас нийлүүлэхээр тохиролцсон. Уг үүргээ зохих ёсоор биелүүлж 1,460,000,000 төгрөгийг нийлүүлэгч компанийн дансанд шилжүүлсэн байтал гэнэт ОХУ дайтаж байгаа учир хойд хөршөөс нийлүүлэх боломжгүй боллоо, урд хөршөөс нийлүүлье гэсэн тайлбар гаргасны дагуу бид хамтын ажиллагаагаа хүндэтгэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт №9 дугаартай гэрээ байгуулж, БНХАУ-аас арматур оруулж ирэх нөхцөл байдлыг харгалзан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 210,000,000 төгрөгийг нийлүүлэгчийн хүсэлтийн дагуу дахин шилжүүлсэн. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд 450,216 тонн арматур нийлүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу 1 тонн арматурын үнэ 2,900,000 төгрөгөөр тооцоход 1,305,626,400 төгрөгийн бараа нийлүүлсэн.

Бидний зүгээс нийт 1,670,000,000 төгрөг шилжүүлсэн буюу энэ нь 575 тонн 862 кг болж байгаа ба нийлүүлээгүй арматурын зөрүү нь 125,646 тонн буюу 364,373,600 төгрөгийн барааг нийлүүлээгүй тул гэрээний 7.2-т заалтыг баримтлан гэрээг цуцалж байгаа тул тус гэрээний 11 болон Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6, 9 дүгээр зүйлийн 9.4.4 болон 222 дугаар зүйлийн 222.1, 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч талаас нийлүүлээгүй барааны төлбөрт 364,373,600 төгрөг, алданги 89,239,843 төгрөг, нийт 453,613,443 төгрөгийг хариуцагч М ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М ХХК , Б ХХК -иудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №8 дугаартай гэрээгээр нийлүүлэгч тал нь А500С маркийн стандартын арматурыг нийлүүлэх гэж тохиролцсоны дагуу манай компанийн зүгээс ОХУ-аас оруулж ирж, нийлүүлэх байсан боловч тухайн үед тус улсад гарсан дайны нөхцөл байдлаас шалтгаалж нийлүүлэх боломжгүй болсон. Иймд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт №9 дугаартай гэрээ байгуулж, БНХАУ-аас арматур нийлүүлэхээр болсон. Ийнхүү М ХХК -ийн ажилчдын цалин хөлсийг олгож чадахгүй, төлөвлөгөөт харилцагч нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадалгүй, урд хөршөөс хараат байдалд орсон. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй нийлүүлээгүй барааны төлбөр 364,373,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК -аас 453,492,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121,275 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК -ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,426,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК -аас 2,425,410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК -д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3-т заасны дагуу хариуцагчийн зүгээс хуульд заасан эрхийг хангалтай хэрэгжүүлэхийн тулд холбогдох нотлох баримтыг шүүхэд тухай бүр баримтаар гаргаж хуульд заасан үндэслэлээр шүүгчийн захирамжаар хурал хойшилж байсан. 2023 оны 08 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч О.Санчир нь хоолны хордлого авч, улмаар эмчид үзүүлэхэд ажилдаа очих боломжгүй, гэрээр эмчилгээ хийх шаардлагатай болж эмнэлгээс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажлаас чөлөөлж эмнэлгийн тамга тэмдэг дарагдсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эмнэлгийн магадлагааг баримтаар шүүхэд гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Түүнчлэн, О.Санчир нь биеийн байдлын улмаас удаа дараа эмнэлэгт үзүүлж хагалгаанд орж цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохооргүй болсон. О.Санчир төлөөлөгч нь зөвхөн энэхүү хэргийн шүүх хуралдаанд хойшлуулаагүй бөгөөд өөр бусад шүүх хурал, ажлуудаа хойшлуулсан байх тул энэхүү хэргийг санаатайгаар хойшлуулсан гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Мөн хавтаст хэргийн 24-28 дахь талд авагдсан нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтууд нь хятад хэл дээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Гэрээ байгуулсны дараа ОХУ руу захиалгын дагуу бүх мөнгөө Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан шилжүүлсэн байсан бөгөөд мөнгөө буцаад авахаар ОХУ руу хандахад дайны улмаас ОХУ-ын свитт олон улсын гүйлгээ хаагдсан гэсэн үндэслэлээр үлдэгдэл мөнгөө буцаан авч чадаагүй. Энэ тухай удаа дараа нэхэмжлэгчид хэлж байсан. Бизнесийн зарчмын хувьд нэхэмжлэгчийн өмнө үндсэн төлбөрөө дангаар хариуцах нь шударга бус ч бид нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг ойлгож хүлээн зөвшөөрч байгаа боловч алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талуудын аль аль нь өөрсдийн үйл ажиллагаанаас бус хөндлөнгийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хохирсон байхад уг хохирлыг үүрэг гүйцэтгэгч дангаар хариуцах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчир Чингэлтэй дүүрэгт амьдардаг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаа ирүүлсэн ба онош тодорхой бус байсан. Мөн уг магадлагаа нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалд заасан журамд нийцээгүй. Тэрээр 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 6 удаа шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан. Хэрэгт авагдсан Хятад улсын хэлээр бичигдсэн баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бус тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн, ажилчдын цалинг төлөөгүй болон ОХУ руу шилжүүлсэн мөнгөө буцаан авч чадаагүй нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл тус тус болохгүй. Мөн энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон гэрээний 6.3, 11-д тус тус заасны дагуу алданги шаардсан. Анхан шатны шүүх хариуцагчаас алданги 89,118,567 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь М ХХК -д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 364,373,600 төгрөг, алданги 89,239,843 төгрөг, нийт 453,613,443 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б ХХК , М ХХК -иудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №8 дугаартай бараа нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч М ХХК нь барааны жагсаалт хавсралт №1-д заасан арматурыг нийт 2,920,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Б ХХК нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон /хх7-10/ байна.

Дээрх гэрээнд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр худалдагч нь HRB400E маркийн арматур 1000тн-г гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 8 вагон буюу 504 тн-ийг 15 хоногийн дотор, үлдэгдэл 8 вагон буюу 504 тн-ийг 21 хоногийн дотор нийлүүлэх, худалдан авагч нь урьдчилгаа төлбөр 1,460,000,000 төгрөг төлж, бараа, дагалдах ажил үйлчилгээг актаар хүлээн авсны дараа үлдэгдэл 50 хувь буюу 1,440,000,000 төгрөг төлөхөөр нэмэлт өөрчлөлтийг харилцан тохиролцож оруулсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

5. Нэхэмжлэгч Б ХХК нь дээрх гэрээний төлбөрт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөг, 1,200,000,000 төгрөг, 200,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 210,000,000 төгрөг, нийт 1,670,000,000 төгрөгийг М ХХК -ийн дансанд шилжүүлсэн болох нь Голомт банкин дахь мемориалын баримт, Худалдаа хөгжлийн банкин дахь дотоод шилжүүлгийн маягт зэргээр тогтоогджээ. /хх35-37/

6. Худалдан авагч Б ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 450,216 тонн буюу 1,305,626,400 төгрөгийн арматурыг худалдагч М ХХК -аас хүлээн авсан, үлдэгдэл 364,373,600 төгрөгийн арматурыг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй үйл баримтын талаар талууд тайлбарласан байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас үлдэгдэл төлбөр 364,373,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас алданги 89,118,567 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан Б ХХК -ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А-22/18 тоот албан бичигт ...гэрээний тусгай нөхцөлийн 4-р зүйлд заасан хоногоос 121 хоногоор хэтэрсэн..., гэрээний тусгай нөхцөлийн 11-д заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөр алданги болон 76,729,865 төгрөг төлөхийг үүргээр мэдэгдэж байна гэжээ. /хх-39/ Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан төлбөр төлөх мэдэгдлийг хариуцагч хүлээн авсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх алдангийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд тооцож, хариуцагчаас 89,118,567 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

8. М ХХК -ийн зүгээс ОХУ-аас арматурыг нийлүүлэхээр мөнгөө шилжүүлсэн боловч тухайн үед тус улсад дайнаас үүдэн нийлүүлэх боломжгүй болсон учраас БНХАУ-аас нийлүүлсэн. ОХУ-ын свитт олон улсын гүйлгээ хаагдсан гэсэн үндэслэлээр үлдэгдэл мөнгөө буцаан авч чадаагүй, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хохирсон байхад уг хохирлыг үүрэг гүйцэтгэгч дангаар хариуцах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж тайлбарласан боловч дээрх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн татгалзлыг үнэн зөв гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

9. Хариуцагчийн ...хэргийн 24-28 дахь талд авагдсан нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтууд нь хятад хэл дээр байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь уг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт биш бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

10. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, түүнийг нотлох эмнэлгийн магадлагааг шүүхэд хүргүүлсэн байхад хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдол гаргажээ. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзсан нь шүүх эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах талаар удаа дараа гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэж байсан байх ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

11. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,425,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН