Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/01374

 

Л.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01436 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ит холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3 813 297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2016.10.07-ны 174 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.11.22-ны өдрийн 744 дүгээр магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017.01.20-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Г.И нь 2016.03.06-ны өдөр В.Бат-Очир, Л.Б нарыг санаатайгаар зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Г.Ит зодуулснаас хойш удаа дараа таталт өгч эмчилгээ хийлгэсэн ба эм тариа урагт нөлөөлөх учир хүүхдээ тээх боломжгүй болсон. Цаашид 5 жилийн хугацаатай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Дээрх цаг хугацаанаас хойш эмчийн үзлэг, эмчилгээ, эм тарианы зардалд эрүүгийн хэрэг шийдвэрлэх хүртэлх хугацаанд 1 661 790 төгрөг зарцуулсан. Худалдан авсан эмийн нийт дүн 929 543 төгрөг, эмчилгээ, үзлэг хийлгэсэн 483 000 төгрөг, Хятад эмнэлгийн төлбөр 540 000 төгрөг, нийт 3 614 333 төгрөг болсон бөгөөд үүн дээр хамгийн сүүлд хийлгэсэн эмчилгээ болон эмийн төлбөр 198 964 төгрөгийг нэмж 3 813 297 төгрөг болсон. Иймд Г.Иаас 3 813 297 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Бт учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэж дүгнэсэн. Гэтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд Л.Б нь 3 813 297 төгрөг нэхэмжилж байгааг хэт өндөр үнэлсэн,  зардлууд нь түүнд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд хамааралгүй, өөр бусад ужиг өвчнөө эмчлүүлсэн эмчилгээний зардлаа нэхэмжилсэн гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 11 дүгээр тогтоолд анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Г.Иаас 1 661 790 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон хэмээн тусгагдсан байна. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад Л.Б нь 3 600 000 төгрөг нэхэмжилж байсан. Миний бие түүнд гар хүрээгүй гэж үздэг, одоо ч ийм байр суурьтай байна. Л.Б нь намайг В.Бат-Очиртой барилцаж авах үед гарын тохойноос зүүгдэж байгаад унахдаа машины гуфер мөргөж тархиндаа гэмтэл авсан гэж өөрөө ярьдаг. Гэтэл энэ өдрөөс өмнө буюу 2016.03.03-ны өдөр Л.Б нь түргэнд дуудлага өгч, түүнийг түргэн тусламж авч явсан, үүнээс гадна өмнө нь авто осолд орсон байдаг учир энэ бүх шаардаж байгаа эмчилгээ, эм тарианы зардал нь миний учруулсан гэмтэлтэй хамааралтай гэж үзэхэд эргэлзээтэй юм. Нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Иаас 386.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.426.797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, хариуцагч Г.Иаас улсын тэмдэгтийн хураамжид 12.245 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримт бүрдүүлэн  нэхэмжилсэн ба үнийн дүнгээс 3 426 797 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Шинжээч дахин томилуулах хүсэлт гаргахад авч хэлэлцэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар зөв харьцуулан үнэлж чадаагүй байна. Гэвч талууд бүрэн мэтгэлцсэн, зохигчийн эрхийг хангасан, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Б нь Г.Ит холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3 813 297 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,нэхэмжилж буй эмчилгээний зардал нь хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй” гэж маргажээ. /хх1-2, 154, 185/

 

Хэргийн баримтаас үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Г.И нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 14 дүгээр байрны гаднах автомашины ил зогсоолд автомашин байршуулахаас болж бусадтай маргаан үүсгэж Л.Бийг зодсоноос түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон. /хх 5-20 /

 

Хариуцагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгджээ. /хх 5-20/

 

Талууд гэм хор учруулсан үйл баримт, гэм буруугийн асуудалд маргаагүй. Харин хохирол гэмтлийн улмаас үүссэн эсэх, хохирлын хэмжээний талаар маргажээ. / хх 1-2, 154, 185 /

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотойгоор гарсан зардлуудыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагчаас эмчилгээний зардалд нийт 3 813 297 төгрөг төгрөг шаардсанаас 1 879 300 төгрөгийг гаргуулж, 1 933 997 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан баримтаас хавтаст хэргийн 55-99 дүгээр талд авагдсан баримтууд нь хэнд хамаарах нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй нотлох баримт гэж шүүхээс дүгнэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байна.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал тайлбараа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг няцаагаагүй. Хэрэгт 30 000 төгрөгийн  үзлэгийн баримт /2016.4.19, хх21/,К-томографи, МРА, сэрээний үеийн бичлэг, эмийн үнэ, Лижини ХХК-ийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн баримт, эм тарианы үнэ зэрэг баримтаас үзэхэд  хариуцагчаас 1 879 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нэхэмжлэгчийн “ .., хохирлын хэмжээг нотолсон нотлох баримтыг хуульд нийцүүлж үнэлээгүй” гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “386 500” гэснийг “1 879 300” гэж, “3 426 797” гэснийг “1 933 997” гэж, тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2. Нэхэмжлэгч Л.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай..

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                        Ш.ОЮУНХАНД