Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/01436

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр            Дугаар 101/ШШ2019/01436         Улаанбаатар хот

 

        

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч З.Баярмаа, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 42 тоот хаягт оршин суух, Боржгон овогт Лхагвацэндийн Б /РД:ТЕ79113067/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн 18 дугаар гудамж, 34 тоот хаягт оршин суух, Байчууд овогт Гонгорболдын И /РД:РУ82102934/-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3.813.297 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сүхболд /ШТ№0898/,

Хариуцагч Г.И,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг /ШТ№0887/,

Иргэдийн төлөөлөгч Ц.Бум-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                       

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  өмгөөлөгч С.Сүхболдын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны 174 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр тогтоолтой 201625011041 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогч Байчууд овогтой Гонгорболдын Иаас Монгол Улсын Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийн дагуу эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжилж байна.

Г.И нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гаднах талбайд автомашины зогсоол булаацалдаж хэрүүл маргаан үүсгэж, В.Бат-Очир, Л.Б нарыг санаатайгаар зодож, бие махбодид тус тус хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс тогтоогдсон.

Гэтэл Г.И гэм буруугаа хүлээхгүй, бие махбодид учруулсан гэмтлийг эмчлэх эмчилгээний зардлыг сайн дураараа барагдуулахгүй намайг хохироож байна.

Г.Ит зодуулснаас хойш байнга толгой өвдөж нойргүйдэн унтаж байхдаа уналт таталт 2016.04.19-ний өдөр анх удаа өгсөн.

 Үүнээс хойш удаа дараа таталт өгч эмчилгээ хийлгэж, ухаан алдсанаас эм байнга уух шаардлагатай болж бие махбодь маш зовиуртай эмчилгээ хийлгэж, хийлгэж байгаа эм тариа урагт нөлөөлөх учир тээх боломжгүй болсон. Одоо ч  гэсэн “Гэмтлээс үүдэлтэй тархи доргилтын эмчилгээ, тархинд гэмтэл авснаас үүдэн тархины судасны ханын эмчилгээ”-г хийлгэж байгаа бөгөөд цаашид 5 жилийн хугацаатай хийлгэх шаардлагатай болсон.

Г.Иын учруулсан тархины доргилтоос болж тархины 2 судас нарийссан, гэмтлээс үүдэлтэй тархины шохойжилт үүссэн болох нь эрүүл мэндийн дэвтэрт бичигдсэн, үүнээс учирсан гэмтлийг эмчлүүлэхээр эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэсэн.    

Дээрх цаг хугацаанаас хойш эмчийн үзлэг, эмчилгээ,  эм тарианы зардалд эрүүгийн хэрэг шийдвэрлэх хүртэлх хугацаанд 1.661.790 төгрөг зарцуулсан.

Худалдан авсан эмийн нийт дүн 929.543 төгрөг, эмчилгээ, үзлэг хийлгэсэн 483.000 төгрөг, Хятад эмнэлгийн төлбөр 540.000 төгрөг, нийт 3.614.333 төгрөг болсон бөгөөд үүн дээр хамгийн сүүлд хийлгэсэн эмчилгээ болон эмийн төлбөр 198.964 төгрөгийг нэмж 3.813.297 төгрөг болсон.  

Энэ хугацаанд Г.И нь гэм буруугаа ухаарч уучлалт гуйгаагүй, учруулсан хохирол төлж барагдуулаагүй болно. 

Иймд Л.Б миний эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд Г.Иаас 3.813.297 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон  өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолд Л.Бт учирсан гэмтлийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3343 дугаар дүгнэлтээр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэж заасан байна.

Гэтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд Л.Б нь 3.813.297 төгрөг нэхэмжилж байгааг хэт өндөр үнэлсэн, эдгээр зардлууд нь түүнд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд хамааралгүй, өөрийн өөр бусад ужиг өвчнөө эмчлүүлсэн эмчилгээний зардлаа нэхэмжилсэн гэж үзэж байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 11 дүгээр тогтоолд анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ хохирогч Л.Бийн эмчилгээний зардалтай холбоотой гэж гаргаж өгсөн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх огноо бүхий 40 ширхэг баримт нь бүгд тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Г.Иаас 1.661.790 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон хэмээн тусгагдсан байна.

Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад Л.Б нь 3.600.000 төгрөг нэхэмжилж байсан. Бид нэг байранд амьдардаг, түүнтэй тааралдахдаа 3.600.000 төгрөг  өгөх боломжгүй, 1.000.000 төгрөг өгөх боломж байна гэхэд “чи миний нэхэмжилсэн 3.600.000 төгрөгийг өг, мөн цаашид гарах үр дагаврыг мөн чамаас нэхэмжилнэ” гэсэн байдлаар хандсан учраас хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь дээр юм байна гэж бодсоор өнөөдрийг хүрсэн.

Миний бие түүнд гар хүрээгүй гэж үздэг, одоо ч ийм байр суурьтай байна. Л.Б нь намайг В.Бат-Очиртой барилцаж авах үед гарын тохойноос зүүгдэж байгаад унахдаа машины гуфер мөргөж тархиндаа гэмтэл авсан гэж өөрөө ярьдаг.

Гэтэл энэ өдрөөс өмнө буюу 2016.03.03-ны өдөр Л.Б нь түргэнд дуудлага өгч, түүнийг түргэн тусламж авч явсан, үүнээс гадна өмнө нь авто осолд орсон  байдаг учир энэ бүх шаардаж байгаа эмчилгээ, эм тарианы зардал нь миний учруулсан гэмтэлтэй хамааралтай гэж үзэхэд үнэхээр эргэлзээтэй байгаа юм. Ялихгүй зүйлээс болж ийм зүйл болсонд Л.Бээс уучлалт гуйж байсан.

Иймд Л.Бийн нэхэмжилж байгаа 3.813.297 төгрөг нь түүнд учирсан гэх хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхэд хамааралгүй бөгөөд үндэслэлгүй, өөрийн ужиг өвчнөө эмчлүүлэхэд нь гарсан зардлыг нэхэмжилж байна гэж үзэж байна.

Гэвч хөнгөн гэмтлийг учруулахад эмчлүүлэхэд зардал гарсан байх гэж бодоод нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй  гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Г.Ит холбогдуулан гэм хорын хохиролд 3.614.333 төгрөг гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 198.964 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 3.813.297 төгрөг болгож, энэхүү шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн болно.

 

Нэхэмжлэгч Л.Б болон түүний өмгөөлөгч нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Г.Ит зодуулсны улмаас учирсан гэмтлээс үүдэлтэй тархины судасны нарийсалт,  судасны шохойжилттой болсноос ухаан алдаж, таталт өгдөг болсон, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан гаргасан зардалд 3.813.297 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж,

Хариуцагч Г.И болон түүний өмгөөлөгч нь “хөнгөн” зэргийн гэмтлийн улмаас нэхэмжлэгчийн тархи гэмтэж, ухаан алдаж, таталт өгдөг болсон гэдгийг зөвшөөрөхгүй, түүний өөр бусад өвчнөө эмчлүүлэхэд гаргасан зардлыг хариуцан арилгах үүрэггүй, нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 174 тоот шийтгэх тогтоолоор 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Г.И нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 14 дүгээр байрны гаднах автомашины ил зогсоолд автомашин байрлуулахаас болж бусадтай маргаан үүсгэж, улмаар давтан үйлдлээр Л.Бийг зодсоноос түүний биед “хөнгөн” зэргийн гэмтэл учруулсан болохыг тогтоожээ.

 

Дээрх 174 тоот шийтгэх тогтоолоор Г.Иыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн, үүний улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болохыг тогтоон, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн байна. 

 

/хх-ийн 5-11 дүгээр тал/

 

Г.Иын үйлдлийн улмаас Л.Бийн биед “тархи доргилт, зүүн өвдөг болон аюулхайд зөөлөн эдийн няцрал” бүхий “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №3343 тоот актаар тогтоожээ.

 

/хх-ийн 7, 161 дүгээр тал/

 

Уг 174 тоот шийтгэх тогтоолын  4 дэх заалтанд Г.Иаас гэм хорын хохиролд нийт 1.661.790 төгрөг гаргуулан Л.Бт олгож, цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасан байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 тоот магадлалаар дээрх 174 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар, тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

/хх-ийн 12-16 дугаар тал/    

 

 

 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 тоот тогтоолоор:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг: “Хохирогч Л.Б, ...нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

/хх-ийн 17-20 дугаар тал/

 

Үүнээс үзэхэд Г.Иын үйлдлийн улмаас Л.Бт цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “хөнгөн” зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д: “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч Г.И нь нэхэмжлэгч Л.Бийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Бийн эрүүл мэндийн дэвтэр, эм, эмчилгээний зардал, үзлэгийн төлбөр төлсөнтэй холбоотой баримтуудаас үзэхэд тэрээр 2016.04.19-ний өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, 2016.05.18-ны өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд, 2016.05.05-ны өдөр “Интермед” эмнэлэгт, 2017.05.06-ны өдрөөс 2017.05.14-ний өдрүүдэд “ЛиЖинЖи” эмнэлэгт, 2018.05.14-ний өдөр “Ачит эх” эмнэлэгт, 2016.04.19, 2016.05.09, 2016.05.10, 2016.05.26-ны өдрүүдэд мэдрэлийн эмчид, он нь тодорхойгүй 03.13, 04.17, 05.25-ны өдрүүдэд Өрхийн Эрүүл Мэндийн Төвд, огноо нь тодорхойгүй “Санус” дотор, мэдрэлийн эмнэлэгт тус тус үзүүлж, эмчийн бичсэн зааврын дагуу шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэжээ. 

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №3343 тоот шинжээчийн дүгнэлтээр 2016 оны  03 дугаар сарын 06-ны өдөр Г.Иын үйлдлийн улмаас  Л.Бт “тархи доргилт, зүүн өвдөг болон аюулхайд зөөлөн эдийн няцрал” бүхий “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон байх ба энэ гэмтлийн улмаас тархины судасны нарийсалт,  судасны шохойжилттой болсноос ухаан алдаж, таталт өгдөг болсон гэх  байдлыг тогтоогоогүй байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.Бийн эмчийн заавраар эмчилгээ хийлгэсэн нь хариуцагч Г.Иын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний учруулсан гэмтлийн улмаас дээрх өвчин үүдэлтэй, үүнээс шалтгаалан тэрээр зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-т: “Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

2.4.1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан,

2.4.2. ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/тогтонги алдагдсан” гэж заажээ.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журамд “хөнгөн” зэргийн гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байхыг шаардаж байна.

 

/хх-ийн 35 дугаар тал/

            Дээрх журамд заасны дагуу шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш дөрвөн долоо хоногийн хугацаанд Л.Бт  учирсан гэмтлийг эмчлүүлэхэд эмчилгээ шаардлагатай, үүнээс хойших хугацаанд уг гэмтэл энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж үзэхээр байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас  2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 386.500 төгрөгийн баримт нь дээр дурдсан хугацаанд хамаарч байх тул уг зардлыг хариуцагч Г.И хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Г.Иын учруулсан “хөнгөн” зэргийн гэмтлийн улмаас тархины судасны нарийсалт,  судасны шохойжилттой болсноос ухаан алдаж, таталт өгдөг болсноос эмчилгээ хийлгэсэн гэж эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч энэхүү шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

Иймд хариуцагч Г.Иаас 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эмчилгээний зардалд 386.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.426.797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Иаас 386.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.426.797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, хариуцагч Г.Иаас улсын тэмдэгтийн хураамжид 12.245 төгрөг гаргуулан  улсын орлогод оруулсугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

                                          ШҮҮГЧИД                                      З.БАЯРМАА

 

                                                                   Н.САРАНГҮН