Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2023/01143

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2023/01143 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух,  овогт Г.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х тоот хаягт оршин суух  овогт Д.Д /РД:/-д холбогдох,

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох  тоот хаягт байрлах, 62,405 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрт үлдээж, ногдох хэсгийг гэр бүлийн 3 гишүүнд хуваарилуулах, өр төлбөрөөс хариуцагчид ногдох хэсэг болох 39 282 539 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек /ШТЭҮД: 2631/, хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир /ШТЭҮД: 1981/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Г.Б миний бие 2014 онд Д.Д-тэй танилцан улмаар бид хоёр 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтийн 00 дугаартай баталгаагаар бүртгүүлэн гэрлэлтээ батлуулсан. Ингээд бид хоёр хамт амьдарч байх хугацаанд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оны 10 дугаар сараас хойш тустай амьдрах болсон. Үүнээс хойш бид хоёр тус тусдаа шинээр амьдрал зохиож, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/03256 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Энэхүү гэрлэлтээ шүүхээр цуцлуулахад бид хоёр дундын өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж чадаагүй, учир нь Д.Д нь гэрлэлтээ яаралтай цуцлуулмаар байна, өөр хүнтэй хамтын амьдралтай болсон гээд шүүхэд хүсэлт гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрлэлтээ цуцлуулсан. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс Д.Дэ-тэй гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлээ энэхүү шүүхэд гаргаж байна. Угтаа бол Г.Б миний бие Д.Д-тэй 2014 онд гэр бүл болсноос хойш 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 0 тоот хаягт байрлах 62.405 м.кв 2 өрөө байрыг 104 840 400 төгрөгөөр, Хас банкны 8 хувийн линзенгээр худалдаж авсан. Энэхүү дээрх 2 өрөө орон сууцыг миний бие Хас банкны 8 хувийн зээлээр худалдаж авахад байрны урьдчилгаа төлбөр болох 42 000 000 төгрөгийг миний одоо ажиллаж байгаа Монмасло ХХК миний тухайн компанид үр бүтээлтэй ажиллаж байсан хөдөлмөрийг маань үнэлж, байрны урьдчилгаа төлбөр болох 42 000 000 төгрөгийг компаниас олгосон. Үүний дагуу миний бие байрны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн, Хас банкны 8 хувийн зээлээр 62 дугаар байр, 144 тоот хаягт байрлах 62.405 м.кв 2 өрөө байрыг 104 840 400 төгрөгөөр худалдан авч, банкнаас 62 840 400 төгрөгийн зээл гаргуулсан. Ингээд миний бие 2015 оны 08 сарын 27-ны өдрөөс хойш банкнаас авсан ипотекийн зээл болон зээлийн хүүг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж, уг байранд амьдарч байгаа болно. Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч /эхнэр/ Д.Д-тэй 2018 оноос хойш салж, тус тустай амьдрах болсон учир дундын өмч хөрөнгийн талаар тохиролцох, нэхэмжлэгчийн зүгээс эхнэр Д.Д-д ногдох хувийг өгөх талаар санал гаргасан боловч, тэрээр зөвшөөрөөгүй, байрны зээлийг нэхэмжлэгч төлж дууссаны дараа 50, 50 хувиар хувааж авах санал гаргаж, бид дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож чадаагүй учир энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхээс бидний гэр бүлийн дундын өмч хөрөнгө болох 0 тоот хаягт байрлах 62.405 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд үлдээж, орон сууцнаас ногдох хэсгийг Д.Д болон охин Б.М нарт хуваарилуулж, гэр бүлийн өр төлбөр болох банкинд төлөх 78 656 078 төгрөгөөс хариуцагчид ногдох 39 282 539 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид гэрлэлтээ цуцлуулж, охин минь миний асрамжид үлдсэн бөгөөд Г.Б-ын тухайд хүүхдийн тэтгэлэг төлдөггүй юм. Улмаар бидний тохиролцоо бол тухайн орон сууцыг Г.Б эзэмшиж байгаад охиныгоо насанд хүрэхээр түүний нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, миний хувьд Г.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар тохиролцсон боловч орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардаж байгааг нь гайхаж байна. Миний хувьд тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд авч, Г.Б-ын ногдох хэсгийг шүүхээр тогтоолгох замаар мөнгөн хэлбэрээр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Өөрөөр хэлбэл орон сууцны үнэ болох 104 840 400 төгрөгөөс зээлийн үлдэгдэл 52 000 000 төгрөгийг хасаж, Хас банканд төлж барагдуулах, мөн орон сууцны үлдэх мөнгөн дүнгээс Г.Б-д ногдох хэсгийг шүүхээр тодорхойлуулж, гарсан мөнгөн дүнг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1050025266 дугаартай Зээлийн гэрээ, түүний хавсралтад Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1050025266-01 дугаартай Барьцааны гэрээ, түүний хавсралтад Барьцааны хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, барьцааны хөрөнгийн жагсаалт, 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 1050027396 тоот гэрээний дугаарын хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь,түүний хавсралт, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх Дансны хуулга, түүний хавсралт, Хас банк ХХК-ийн тодорхойлолт, Орон сууцны гэрчилгээний хуулбар, 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өрийн Монмасол ХХК-ийн 17/05 дугаартай хувь эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Монмасол ХХК-ийн 17/05 дугаартай Хувь нийлүүлэгчдийн хурлын протокал, түүний хавсралт, Итгэмжлэл, 2018 оны 01 дүгээрс сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Дансны хуулга, түүний хавсралт зэргийг нотлох баримтаар өгсөн болно. Хариуцагчаас нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 0 тоот хаягт байрлах 62.405 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд үлдээж, орон сууцнаас ногдох хэсгийг Д.Д болон охин Б.М нарт хуваарилуулж, гэр бүлийн өр төлбөр буюу Хас банкинд төлөх 78 656 078 төгрөгөөс хариуцагчид ногдох 39 282 539 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч орон сууцны үнэлгээг 104 840 400 төгрөг болох талаар маргаагүй бөгөөд харин орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэх, банкны зээлийг төлж, үлдэх хэсгээс нэхэмжлэгчид ногдох хэсгийг хуваарилуулна гэж нэхэмжлэлийг үгүйсгэн маргав.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03256 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар Г.Б, Д.Д нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.М-г эх Д.Д-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

6. Зохигчид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхдээ дундын эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.

 

7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна гэж, 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө хамтран өмчлөх дундын хөрөнгө байна. гэж заасан.

 

8. Эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байршилтай 62,405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг талууд гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, орон сууцны үнэлгээ 104 840 000 төгрөг болох талаар маргаагүй болно.

 

9. Тухайн орон сууцны урьдчилаа төлбөрт 42 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 62 840 400 төгрөгийг Хас банк ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1050025266 дугаар зээлийн гэрээний дагуу 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлийн санхүүжилтээр авсан болох нь зохигчдын тайлбар, зээл болон барьцааны гэрээ гэх баримтаар тогтоогдож байна.

 

10. Дээрх зээлийн үүрэгт хуваарийн дагуу 26 420 736 төгрөг төлөгдсөн байх бөгөөд орон сууцны 30 хувийн урьдчилгаанд төлөгдсөн 42 000 000 төгрөг, нийт 68 420 736 төгрөгийн эд хөрөнгө гэр бүлийн гишүүдэд хуваарилагдах хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй. Хэргийн үйл баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд 0 144 тоот хаягт байршилтай 62,405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгч Г.Б-д үлдээж, гэр бүлийн гишүүн болох Д.Д, охин Б.М нарт ногдох хэсэг болох 45 613 825 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б-аас гаргуулан хариуцагч Д.Д-д олгох нь зүйтэй.

 

11. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 62,405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээсэн учраас ирээдүйд төлөх ипотекийн зээлийн өр төлбөрийг нэхэмжлэгч хариуцагч үүрэгтэй байна. Тодруулбал нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Д-ээс зээлийн гэрээний үүрэг болох орон сууцны 8 хувийн зээлийн төлбөрөөс оногдох 39 282 539 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой шаардлагыг шүүх энэ нэхэмжлэлээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

12. Дээрх үндэслэлээр  тоот хаягт байршилтай 62,405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлд үлдээж, уг хөрөнгөөс Д.Д, Б.М нарт ногдох хэсгийг буюу 45 613 825 төгрөгийг /68 420 736:3 =22 806 912/ нэхэмжлэгч Г.Б-аас гаргуулан хариуцагч Д.Д-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39 282 539 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 62,405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлд үлдээж, уг хөрөнгийн үнэлгээнээс Д.Д, Б.М нарт ногдох хэсгийг буюу 45 613 825 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б-аас гаргуулан хариуцагч Д.Д-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39 282 539 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 678 048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-ээс улсын тэмдгийн хураамжид 332 684 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ