Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01372

 

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй иргэний 

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/01143 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрт үлдээж, ногдох хэсгийг гэр бүлийн 3 гишүүнд хуваарилуулах, өр төлбөрөөс хариуцагчид ногдох хэсэг болох 39,282,539 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К /цахимаар/, хариуцагч Д.Д-, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2014 онд Д.Д-тэй танилцан, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оны 10 дугаар сараас хойш тустай амьдарч, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/03256 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Д.Д-тэй 2014 онд гэр бүл болсноос хойш 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, Нарны зам гудамж 62 байрны 144 тоот хаягт байрлах 62.405 м.кв 2 өрөө байрыг 104,840,400 төгрөгөөр, Хас банкны 8 хувийн линзенгээр худалдаж авсан. Урьдчилгаа төлбөр болох 42,000,000 төгрөгийг миний ажиллаж байгаа “Монмасло” ХХК төлсөн. Банкнаас 62,840,400 төгрөгийн зээл гаргуулсан. Иймд 144 тоот өрөө орон сууцыг миний өмчлөлд үлдээж, орон сууцнаас ногдох хэсгийг Д.Д- болон охин Б.М- нарт хуваарилуулж, гэр бүлийн өр төлбөр болох банкинд төлөх 78,656,078 төгрөгөөс хариуцагчид ногдох 39,282,539 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид гэрлэлтээ цуцлуулж, охин минь миний асрамжид үлдсэн бөгөөд Г.Б-ын тухайд хүүхдийн тэтгэлэг төлдөггүй юм. Улмаар бидний тохиролцоо бол тухайн орон сууцыг Г.Б- эзэмшиж байгаад охиныгоо насанд хүрэхээр түүний нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, миний хувьд Г.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар тохиролцсон боловч орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардаж байгааг нь гайхаж байна. Миний хувьд тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд авч, Г.Б-ын ногдох хэсгийг шүүхээр тогтоолгох замаар мөнгөн хэлбэрээр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Өөрөөр хэлбэл орон сууцны үнэ болох 104,840,400 төгрөгөөс зээлийн үлдэгдэл 52,000,000 төгрөгийг хасаж, Хас банканд төлж барагдуулах, мөн орон сууцны үлдэх мөнгөн дүнгээс Г.Б-д ногдох хэсгийг шүүхээр тодорхойлуулж, гарсан мөнгөн дүнг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-22040772585 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/ Нарын зам гудамж 62 дугаар байрны 144 тоот хаягт байршилтай 62,405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлд үлдээж, уг хөрөнгийн үнэлгээнээс Д.Д-, Б.М- нарт ногдох хэсгийг буюу 45 613 825 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б-аас гаргуулан хариуцагч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,282,539 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 678,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс улсын тэмдгийн хураамжид 332,684 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “... нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд хариуцагчийн хувьд нэгэнт нэхэмжлэгч талаас өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлага гаргасан тул үүнийг хүлээн зөвшөөрч, улмаар маргаан бүхий орон сууц хариуцагч Д.Д-гийн өмчлөлд үлдэх ёстой гэсэн байр суурьнаас хуралдаанд оролцсон. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хууль зүйн үндэслэлээ тайлбарласан тайлбарыг гаргаж шүүхээс уг баримттай танилцуулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад өмгөөлөгч А.Кадербек бид хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гаргуулах гэдгийг эд зүйл гаргуулж авах бус харин хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ тодорхойлуулах гэдэг агуулгаар гаргасан гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл ойлгомжгүй байхад шүүх хуралдааныг хийсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбарыг хариуцагчид гардуулаагүй. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн гаргуулах нэхэмжлэлээ тодорхойлуулах, хувиарлуулах тайлбарласантай холбоотойгоор маргаан бүхий хөрөнгийг үнэлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулж, шинжээч томилуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, маргаан бүхий орон сууцны өнөөгийн зах зээлийн үнийг тодорхойлуулах хариуцагч талаас хүсэлт гаргасан боловч шүүх түүнийг шийдвэрлээгүй бөгөөд мөн орон сууцны үнэлгээний талаар маргаантай байхад түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг танилцуулаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсан байхад түүний хэргийн оролцогчид гардуулах, танилцуулах ажиллагаа хийхгүйгээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн хүрээнд тайлбар гаргах эрхтэй. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа хуралдаан эхлэхийн өмнө бичгээр гаргаж өгсөн. Уг тайлбарыг хэргийн оролцогчид гардуулах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 72 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гардуулах агуулгад хамаарахгүй. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хариуцагчид гардуулаагүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэх талаар гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд мөн оны 12 дугаар сарын 26, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хариуцагч нь анхан шатны шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх үе шатанд хариуцагчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй. Хэргийн 146 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд анхан шатны шүүхээс нотлох баримт шинжлэн судалж дууссаны дараа талуудаас нэмж хэлэх тайлбар байгаа эсэхийг асуусан. Гэтэл хариуцагч талын зүгээс хөрөнгийн үнэлгээний талаар шинжээч томилуулна гэх байдлаар тайлбар гаргасан. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь Улсын Дээд шүүхээс гаргасан зөвлөмжийн дагуу анхан шатны шүүхийн санаачилгаар нотлох баримт судлуулах асуудал биш юм. Хэргийн оролцогчдын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөх боломжтой. Мөн хэргийн оролцогч нь өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Д.Д-д холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрт үлдээж, ногдох хэсгийг гэр бүлийн 3 гишүүнд хуваарилуулах, өр төлбөрөөс хариуцагчид ногдох хэсэг болох 39,282,539 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03256 дугаар шийдвэрээр Г.Б-, Д.Д- нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.М-г эх Д.Д-гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.а.Талууд гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Хас банк” ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 62,840,400 төгрөгийг, 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар зээлжээ. /хх-ийн 4-17-р тал/

 

3.б.Улмаар талууд орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж, дээрх зээлийг оролцуулан Баянзүрх дүүрэг, 25хороо, 13хороолол, /13371/ Нарны зам гудамж, 62байр, 144 тоот хаягт байршилтай 62,405 м.кв талбайтай, 2 өрөө орон орон сууцыг худалдан авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна.  

 

3.в.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээ 104,840,400 төгрөг болохыг талуудын хэн аль нь зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул тус үнэлгээнд үндэслэн дүгнэлт хийх нь талуудын зарчимд харшлахгүй.

 

3.г.Анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн ногдох хэсгийг тодорхойлохдоо холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

3.д.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж, 129.4 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж заасан.

 

3.е.Хуулийн дээрх зохицуулалт ёсоор гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хэмжээ бүх гишүүдэд адил тэнцүү хуваарилагдахаар байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Д-, охин Б.М- нарт ногдох хэсэг нь 69,893,600 төгрөг болно. /104,840,400 : 3 = 34,946,800, 34,946,800 х 2 = 69,893,600/.

 

3.ё.Иймд Баянзүрх дүүрэг, 25хороо, 13хороолол, /13371/ Нарны зам гудамж, 62байр, 144 тоот хаягт байршилтай 62,405 м.кв талбайтай, 2 өрөө орон орон сууцыг нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Г.Б-аас 69,893,600 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Д-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.Зээлийн үлдэгдэл төлбөрт 39,282,539 төгрөг гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх “гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргийн асуудлыг энэ нэхэмжлэлээр шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд шийдвэрийн энэ хэсэгт зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй болно.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг гардуулаагүй, орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу гэжээ. Гэвч талууд нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд мэтгэлцсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон, хариуцагч талын хувьд үүнтэй холбоотой хүсэлтийг шүүхэд гаргасан гэх байдал тогтоогдоогүй.

 

5.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны зах зээлийн үнэлгээг 104,840,400 төгрөг болох талаар талуудын хэн аль нь зөвшөөрч тайлбар гаргасан. Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан хэрэг хэлэлцэж эхлэх дарааллын дагуу талуудаас санал, хүсэл асуухад хариуцагч тал хүсэлтгүй гэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль зөрчөөгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6.Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсан, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарыг буруу бичсэн зэрэг алдаа гаргасныг залруулах шаардлагатай. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт дахь хуваарилалт 104,840,400 : 3 = 34,946,800 гэх үнийн дүнд таарч байх тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/01143 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 130.3 дахь ...” гэснийг “130.1 дэх” гэж, “.... Ү-22040772585 ...” гэснийг “Ү-2204072585” гэж, “... 45 613 825 төгрөгийг ...” гэснийг “69,893,600 төгрөгийг” гэж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Д-гээс төлсөн 678,048 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

                             ШҮҮГЧИД                               Т.БАДРАХ

      Г.ДАВААДОРЖ