Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 300

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

            иргэдийн төлөөлөгч: Ц.Гэрэл,

            улсын яллагч: А.Баясгалан,

           хохирогч Б.Энхсайханы өмгөөлөгч: Д.Гомбо, /2130/

           шүүгдэгч: Б.Нацаг, түүний өмгөөлөгч С.Батболд /0899/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гунан Дандар овогт Бат-Эрдэнийн Нацагт холбогдох 2016 2602 1906 тоот, 2 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, Идрэнд оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1-23 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВД 93061011, Гунан Дандар овогт Бат-Эрдэнийн Нацаг.

Шүүгдэгч Б.Нацаг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 26-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөнх гал” төвийн орчим явган хүний зам дээр иргэн Б.Энхсайханыг танхайн сэдэлтээр зодож, амь биед нь аюултай гэмтэл буюу ураг зулбуулж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Нацаг мэдүүлэхдээ:

...2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн Модны 2-ын ойролцоох “Нэмэх 25” бааранд Дашдорж, Дондов нартай хамт орсон. Тэгээд нэг 0.5 литрийн нэг шил архи, тус бүр нэг шил шар айраг уугаад шөнийн 02 цагт тэндээс гараад би “явган явна” гэхэд Дондов “такси барина” гээд маргалдаж байсан. Тэр үед хохирогч Энхсайхан “Мөнх гал” баарнаас охинтойгоо гарч ирээд биднийг чиглээд ирж байхаар нь би “тойроод гараач 2 авгай чинь” гэхэд тэд бидний хажуугаар өнгөрч гарснаа буцаж ирээд охин нь “ээж, охин 2 явж байхад юун авгай, яагаад хүн хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэсэн. Тухайн үед Энхсайхан эгч согтуу байсан. Тэгээд би маргалдсан. Намайг таскинд суутал Энхсайхан эгч машины хаалгыг хаалгахгүй татаад байсан. Тэгэхээр би Энхсайхан эгч рүү “яаж байгаа юм бэ” гээд дайраад хэл амаар доромжилсон нь миний буруу. Өөрийн ёс зүйн буруугаас эмэгтэй хүнийг хэл амаар доромжилсон нь миний буруу. Үнэхээр их гэмшиж байна. Намайг явах гэтэл Энхсайхан эгч явуулахгүй “цагдаа дуудна” гээд миний футболкноос зуураад, таскины хаалганд хөлөө хавчуулсан байсан. Тэгэхээр нь би таксинаас буух гээд хаалгыг түлхэхэд Энхсайхан эгч хаалганд нь түлхэгдээд цаашаа унасан. Би таксинаас буугаад цааш явахад тэр хүн миний хойноос гутлаа тайлаад явахдаа өөрөө бүдэрч унахдаа өвдөгөө шалбалсан байх. Энхсайхан эгч над руу орилоод, нүүр самардах гээд намайг зуурчихаад тавихгүй дайраад байхаар нь би зам хөндлөн гараад такси бариад явсан. Тэр эмэгтэйг гадаад төрхөөр нь жирэмсэн гэж би мэдээгүй. Хохиролд нийт 830 000 төгрөг төлсөн. Би чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамрчин юм. Өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Энхсайхан мэдүүлэхдээ:

 “...нөгөө залуучуудын нэг нь муу гичийнүүдээ, банзлуудаа гэх мэтээр хараагаад орилоод байхаар нь эргэн тойрноо харсан чинь бид хоёроос өөр хүн ойр хавьд байгаагүй. Тэгсэн чинь нөгөө орилоод байсан залуу бид хоёр луу хандаж “та хоёрыг хэлж байна, гичийнүүд минь” гэсэн чинь М.Мөнхсайхан “чи юу гээд байгаа юм бэ” гээд өөдөөс нь уурласан маягтай хэлсэнд нөгөө бид нар луу орилоод байсан залуу хүрч ирээд Мөнхсайханы нүүрэнд гараа тулгасан. Тэгэхээр нь би дундуур нь ороод “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд түлхэж охиноосоо холдуулсан чинь намайг хүчтэй түлхэж газар унагасан. Тэгэхээр нь би өндийж босоод “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь тэр залуу миний хэвлий хэсэг рүү өшиглөж, ахиад намайг унагасан. Тэгэхэд би бөгсөөрөө газар унасан. Тэр үед миний дотор гэдэс эвгүйрэхээр нь би Мөнхсайханд “цагдаа дууд” гэж хэлсэн чиь нөгөө залуу зугтаах гэхээр нь би зугтаалгахгүй гээд татаж чангаасан чинь такси зогсоогоод таксинд суучихсан. Тэгэхээр нь би тэр залуугийн цамцнаас зуурсан чигээрээ байсанд нөгөө залуу таксины жолоочийг “хурдан яваач” гээд орилоод байсан. Нөгөө таксины жолооч жоохон хөдөлсөнд би орилоод “зогсооч ээ, наад хүн чинь намайг зодсон” гэсэн чинь нөгөө такси зогсоод нөгөө залууг “буу” гэсэнд нөгөө залуу өөрийгөө тавиулах гээд намайг ахиад 2-3 удаа хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгж байгаад арай гэж чирээд машинаас буулгаад зууралдаад зогсож байсан чинь миний гарыг цохиж, тавиулаад гүйгээд зугтаасан. Тэгсэн чинь нөгөө хамт явсан 2 залуу нь намайг тайвшруулаад зогсож байтал цагдаа нар ирсэн. Намайг зодсон залуугийн хамт явсан 2 залуу нь надтай маргалдаж, зодож байхад 2 найз нь болиулах гэж их хэлж, оролдсон боловч зүгээр байхгүй над руу улам дайрч давшилж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 34 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-М.Мөнхсайхан мэдүүлэхдээ:

...Ээж бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан залуу ганцаараа ээжийг түлхэж унагаад, бас машины арын суудлаас буухгүй гэж өшиглөж, цохиж зодсон. Сүүлд машинаас бууж ирэхэд ээж явуулахгүй байхад түлхэж унагаад зуурсан гараа тавиагүй байхад чирч өвдгийг нь гэмтээсэн. Тухайн үед ээжийг зодож байхад нөгөө 2 залуу нь боль гээд салгах гэж оролдсон боловч тэр залуу найзуудынхаа үгэнд орохгүй улам догшроод байсан гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Дондов мэдүүлэхдээ:

...Би 2016 оны 6 дугаар сарын 25-ний өдөр найз Нацагтай хамт түрээслэдэг байрандаа байж байсан чинь хамаатны дүү Дашдорж хөдөөнөөс ирээд 2 ахыгаа дайлна, гаръя гээд бид 3 орой 22 цагийн үед гэрээс хамтдаа гараад модны 2-т байдаг “М2” бааранд орсон. Бааранд ороод 1 шил 0.5 литрийн Чингис архи, хүний нэг, нэг шил 0.5 литрийн пиво зэрэг зүйлс ууж бүжиглэж байгаад шөнө 02 цагийн үед баарнаас гараад “Мөнх гал” төвийн тэр хавьд такси барих гээд зогсож байсан чинь бид нарын хажуухнаар өнгөрсөн 2 эмэгтэйг Нацаг “авгай” минь гэх мэтээр хэл амаар доромжилсон. Яг юу гэж хэлснийг нь сайн санахгүй байна. Тэгсэн чинь нэг эмэгтэй нь “манай ээжийг хэл амаар доромжилдог хэн юм бэ” гээд маргалдсан. Тэгэхээр нь би Нацагийг болиулаад, нөгөө эгч охиноо болиулаад, 2 тийш салаад би “уучлаарай” гэж хэлээд явуулсан чинь нөгөө 2 эмэгтэй буцаж ирээд “цагдаад хэлнэ” гэсэн чинь Нацаг “2 авгай минь зайл” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхэд такси зогссон чинь Нацаг таксины арын суудалд ороод суусан чинь ээж нь хаалгыг нь хаалгахгүй, явуулахгүй байсан. Тэгсэн чинь Нацаг хаалгаа чанга онгойлгож, тэр эгчийг хаалгаар түлхэж унагаахад тэр эгч хойшоо бөгсөөрөө газар унасан. Тэгээд босч ирээд ахиад хаалгыг нь бариад хаалгахгүй байсан. Нацаг машины хаалгыг дахиад түлхээд тэр эмэгтэй дахиад газар бөгсөөрөө унасан чинь Нацаг машинаас бууж ирээд машин хөдлөөд явсан. Нацаг машинаас бууж ирээд нөгөө 2 эмэгтэй рүү хэл амаараа доромжилж дайраад байсан чинь нөгөө ээж нь Нацагийг зуураад байсан чинь Нацаг түлхэж өөрөө холдуулахад тэр эгч унах гэж байхад нь би түшиж авсан чинь Нацаг зугтаасан. Тэгсэн чинь нөгөө эгч 2 гутлаа тайлаад араас нь хөөгөөд нэг булан тойроод чанга орилсон. Дашдорж араас нь түрүүлж очсон, харин би араас нь охинтой нь хамт очсон чинь нөгөө эгч бөгсөөрөө газар суучихсан уйлж байсан. Дашдорж үүрээд тэр эгчийг явган хүний зам дээр гаргасан. Тэгээд зогсож байсан чинь тэр эгчийн найз нь ирсэн, удалгүй араас нь цагдаа нар ирсэн гэжээ.   (хэргийн 1 дүгээр хавтас, 42, 43 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Наранцацрал мэдүүлэхдээ:

...2016 оны 6 дугаар сарын 27-ны өглөө Энхсайхан гэх эмэгтэй үтрээнээс цус алдсан байдалтай ирж үзүүлсэн. Энхсайханыг ЭХО-д хархад умайн хөндийд эхо холимог хэсэгтэй дутуу зулбасан байдалтай байсан. Хэвтэн эмчлүүлж умай агшаах, үрэвсэл дарах эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөөгүй тул умайн хөндийг соруулж цэвэрлэж гарсан зүйлийг эд эсийн шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу нь дутуу зулбалт, эхэсийн үлдэгдэл гэж гарсан. Хэвлий хэсэгт өшиглүүлснээс ураг зулбасан байж болно” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 47 дугаар хуудас)

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 30 ны өдрийн 8963 тоот дүгнэлтэд:

1. “Энхсайханы биед ураг зулбалт, тархи доргилт, баруун, зүүн өвдөг, 2 тавхайд, хуруунуудад зулгаралт, баруун шагай, өсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 231 тоот дүгнэлтэд:

1. №8963 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Уг жирэмслэлттэй холбоотой эмнэлгийн бичиг баримт байхгүй тул архаг хууч өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй.

3. Согтууруулах ундаа хэрэглэсэн нь ураг зулбах шалтгаан болохгүй.

4. Түлхэж унагах, хэвлий рүү өшиглөх үйлдлийн аль алинаас нь ураг зулбах боломжтой.

5. Б.Энхсайхан нь гэмтлийн улмаас ураг зулбаж, умайн хөндий цэвэрлүүлэх ажилбар хийгджээ.

6, 7. Б.Энхсайхан жирэмсэн байсан нь 2016 оны6 дугаар сарын 26-ны өдрийн Бүжинлхам эмэгтэйчүүдийн эмнэлгийн ЭХО шинжилгээ болон жирэмсний тест, Номун эмнэлгийн 7/1-ний умайн хөндийг цэвэрлэсэн мэс ажилбар, сорьцийн шинжилгээний дүгнэлт, зэргээр батлагдаж байна.

8. Бүжинлхам эмнэлэг нь Энхсайханд эхо шинжилгээ хийсэн байна. Номун эмнэлэг Энхсайханд ураг зулбалттай холбоотой умайн хөндийг цэвэрлэх ажилбар хийсэн ба энэ нь стандартын дагуу хийгджээ гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 181 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Нацаг ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 66 дугаар хуудас)      

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Нацаг нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 6 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх гал” төвийн орчим хохирогч Б.Энхсайхан, түүний охин М.Мөнхсайхан нарыг “муу гичийнүүд, банзал, муу авгай нар” гэж хэл амаар доромжлон, улмаар Б.Энхсайханыг түлхэж унагаах, таксины хаалгаар савж унагаах зэргээр танхайн сэдэлтээр зодож, амь биед нь аюултай гэмтэл буюу ураг зулбуулж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энхсайхан, гэрч М.Мөнхсайхан, Л.Дондов, Б.Наранцацрал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16437 тоот дүгнэлт, хохирогчид үзлэг хийсэн “Бүжинлхам” эмнэлгийн хэт авиан шинжилгээ, сорьцын шинжилгээний илгээлт, “Номуун” эмнэлгийн 2229 тоот өвчний түүх, жирэмсэн эсэхийг шалгасан тест, гэрэл зураг зэрэг нотлох баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нацагт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба уг зүйл, хэсэгт танхайн сэдэлтээр хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт 7-оос дээш 10 хүртэлх жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж шүүгдэгчийн үйлдэлд байхгүй,  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ялын сонгох төрөл нэмэгдэн, хорих ялын доод, дээд хэмжээ буурсан байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Б.Нацагийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Энхсайханы эд зүйлд 280 000 төгрөгийн, эмчилгээний зардалд 550 270 төгрөг, нийт 830 270 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээ бэлэн мөнгөний орлогын баримт кассын орлогын ордер зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг бүрэн төлсөн, өмгөөлөгч Д.Гомбо манай үйлчлүүлэгч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, Б.Нацагт хөнгөн ял оногдуулна уу гэж хохирогчийн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах гэм хорын хохиролд 830 270 төгрөг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, саналгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ялын сонгох төрлийг заасан тул дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Б.Нацагийг арван мянган нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх Б.Нацагт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 183 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул 1 хоногийг торгох ялын 15 /арван таван/ нэгжээр тооцож, 2 745 нэгжтэй  тэнцэх хэмжээний 2 745 000 төгрөгийг түүнд шүүхээс оногдуулсан 10 000 000 төгрөгөөр торгох ялаас хасах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Нацаг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.