Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 337

 

Б.Нацагт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Хохирогч Б.Энхсайханы өмгөөлөгч Д.Гомбо,

Ялтан Б.Нацагийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, С.Батболд,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Нацаг, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, С.Батболд, хохирогчийн өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Нацагт холбогдох 201626021906 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Гунан Дандар овогт Бат-Эрдэнийн Нацаг, 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, 4 дүгээр багийн Идрэнд оршин суух бүртгэлтэй боловч гэмт хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1-23 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД: ВД93061011/;

Б.Нацаг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөнх гал” төвийн орчим явган хүний зам дээр иргэн Б.Энхсайханыг танхайн сэдэлтээр, илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн зодож, амь биед нь аюултай гэмтэл буюу ураг зулбуулж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Нацагт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Нацагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Нацагийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагийг 3 жил 5 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Нацагт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Нацагийн цагдан хоригдсон 76 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Нацаг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би 2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 2 цагийн орчим гэрч Дондов, Дашдорж нарын хамт Баянгол дүүргийн Модны хоёрт байрлах баарнаас гараад гэр лүүгээ харих гээд замын хажууд хоорондоо үл ойлголцон маргаад зогсож байсан. Энэ үед хажуугийн баарнаас 2 эмэгтэй гарч биднийг чиглэн тулж ирэхэд нь би “юугаа хараав 2 авгай минь, тойроод гараач” гэж хэлэхэд нэг эмэгтэй нь “юу гээд хүн доромжлоод байгаа юм бэ, ээж, охин хоёр явж байхад” гээд над руу дайрсан. Тэр үед Дондов, Дашдорж хоёр “уучлаарай” гээд уучлал гуйгаад цааш явуулсан. Тэгтэл тэр хоёр эмэгтэй цаашаа 2 метр орчим явж байснаа буцаж ирээд чамайг цагдаад өгнө гэж над руу дайрахад нь би тэр эмэгтэйг өөрөөсөө холдуулаад таксинд суутал намайг явуулахгүй хувцаснаас зуураад хөлөө машины хаалганд хавчуулаад байхаар нь миний бие буух гээд машины хаалгыг онгойлгох үед тэр эмэгтэй өндөр өсгийтэй гуталтай байсан бөгөөд тэнцвэр алдаад арагшаа бөгсөн биеэрээ газар суусан. Тэгээд би таксинаас буухад надаас дахин зуураад авахаар нь “та одоо яагаад байгаа юм бэ” гээд өөрөөсөө холдуулаад гүйгээд явсан. Намайг явсны дараа гутлаа тайлаад араас гүйхдээ бүдэрч унаад мөлхөж байхад нь Дашдорж очиж тайвшруулсан гэж Дондов, Дашдорж нар ярьдаг. Намайг явснаас хойш юу болсныг би мэдэхгүй. Мөн хохирогч гэх эмэгтэй өөрөө хүчтэй бүдэрч унаад уйлсан гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байсан. Тухайн үед болсон зүйлийг миний бие үнэн зөвөөр мэдүүлж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Б.Нацаг нь хохирогчийг зодож, цохисон нь тодорхой биш, өөрөөр хэлбэл ураг зулбасан гэдэг нь тодорхойгүй байгаа учраас эмэгтэйчүүдийн эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилон хэргийг үнэн зөвөөр дахин тодруул гэснээр хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Гэтэл нэмэлт мөрдөн байцаалтад эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн шинжээч томилоогүй, мөн надаас ямар нэгэн нэмэлт зүйл огт тодруулаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч “би өөрөө эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч биш учраас ураг юунаас болж зулбасан болохыг сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. Иймд миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг зааснаар зүйлчилснийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дахин эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн шинжээч эмч томилуулж, уг гэмтлийг дахин нягтлан тогтоолгуулах хүсэлтэй байна. Миний бие шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би Монгол Улсын Залуучуудын шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийдэг, Ази тив болон олон улсын тэмцээнээс Монгол Улсаа төлөөлөн оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг удаа дараа авч, улс эх орныхоо нэрийг гаргаж байсныг минь спорт сонирхогчид мэднэ. Амьдралдаа том зорилго тавин 2020 оны Токиогийн олимпод оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байхдаа ийм асуудалд орсондоо үнэхээр харамсаж байна. Иймд энэ хэргийн үнэн зөвийг тунгааж, ид хийж бүтээж хөдөлмөрлөх насыг минь харгалзан үзэж, миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Ялтан Б.Нацагын өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолын “...96 дугаар зүйлийн 96.2.8-д зааснаас бусад хүндрүүлэх нөхцөл байдлыг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5-д зааснаар ойлгож хэрэглэнэ” гэжээ. Тэгвэл энэ 14 дүгээр тогтоолын 5.15-д “...хохирогчийн жирэмсэн болохыг гадаад төрх байдал, хоорондын харилцаа, эсхүл бусад эх сурвалжаас лавтай сайн мэдсэн байхыг хэлнэ...” гэжээ. Үүнээс үзвэл шүүгдэгч нь хохирогчийн жирэмсэн гэдгийг нь заавал мэдсэн байхыг шаардаж байна.

 Б.Нацаг нь хохирогч Энхсайхантай анх удаа гудамжинд тааралдсан, түүний жирэмсэн гэдгийг нь ямар нэг эх сурвалжаас олж мэдээгүй, хохирогч нь гадаад төрхөөрөө жирэмсэн гэж харагдахааргүй, түүгээр ч барахгүй хохирогч өөрөө жирэмсэн гэдгээ тухайн үед мэдээгүй байсан гэдгээ шүүхэд амаар болон бичгээр тайлбарлаж хэлсээр байгаа. Хохирогчийн үр зулбасан шалтгааныг давтан гаргасан шинжээчийн дүгнэлтээр ч тогтоож чадаагүй. Хохирогч өөрөө гутлаа тайлаад Б.Нацагийн араас хөөж гүйж явах үедээ бүдэрч унаснаа хэлдэг. Үүнээс болж зулбасан байхыг үгүйсгэхгүй гэж мэдүүлж байгаа. Б.Нацагийн санаа бодол, гэм буруугийн хэлбэр, субъектив талын шинж тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хохирогчид хүнд гэмтэл учруулна, ураг зулбуулна гэсэн бодол санаа байгаагүй. Б.Нацагт эмэгтэй хүнийг элдэв үгээр дайрч, маргасан, түүнийг хойш нь түлхсэн гэх мэт буруу үйлдлүүд байгааг үгүйсгэхгүй. Иймээс түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлээр зүйлчилж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Ялтан Б.Нацагын өмгөөлөгч С.Батболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхний шинжээчийн дүгнэлтийг гаргахаад заавал нарийн мэргэжлийн эмчийг оролцуулах журмыг зөрчсөн. Үүний дараа бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Үр зулбасан гэмтэлтэй холбоотой асуудалд нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчийг оролцуулах ёстой. Мөрдөн байцаагч шинжээч эмчээс цохих буюу түлхэж унагах үйлдлийн талаар ердөө 2 зүйл асуусан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч “өөрөө унах буюу бүдэрч унах үед мөн адил үр зулбах боломжтой” гэж хэлсэн. Үүнээс үүдэн эргэлзээтэй байдал үүсч байна. Хохирогчийг цохисноос уу, түлхсэнээс үү, эсхүл хохирогч өөрөө Б.Нацагийн хойноос гүйж явахдаа гутлынх нь өсгий хугарч унаснаас үр зулбасан уу гэдэг нь тогтоогдоогүй. Эдгээр үйлдлүүдийн альных нь улмаас үр зулбасан бэ гэдэг нь эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хэрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Нацаг хохирогчид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан асуудал харагдаж байна. Б.Нацаг анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин байсан. Тэрээр азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авч байсан, Монгол Улсын нэрийг дэлхийд гаргах боломжтой шилдэг тамирчин залуу юм. Иймд шүүх бүрэлдэхүүн эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хэдийгээр энэ хэрэгт хохирогчоор тооцогдсон боловч хохирлоо бүрэн барагдуулсан, гэм хорыг арилгасан ба уучлал гуйж эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, гомдол саналгүй бөгөөд Б.Нацагын үйлдсэн хэргийг хуулийн дагуу хөнгөрүүлэх нөхцөл бололцоог судлан түүнд хохирогчийн талаас хууль зөрчилгүй, хэргийн бодит үнэнд саад учруулахгүйгээр туслахыг хүссэн юм. Иймээс өмгөөлөгч миний бие дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийг эрхэм шүүгч та бүхнээс хүсэж байна. Уг хэрэг болох үед шүүгдэгч Б.Нацаг нь хийсэн үйлдэл болгон миний үйлчлүүлэгчээс салах, холдох зорилготой байсан бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолд "шүүгдэгч нь таксинд сууж зугтах гэхэд нь хохирогч түүнийг явуулахгүй гэж ноцолдох явцад уг хэрэг үйлдэгдсэн байна" гэж шүүх дүгнэлээ гэжээ. Анхан шатны шүүх нь дээрх дүгнэлтийг хийсэн мөртлөө уг үйлдлийг шууд санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч Б.Нацаг нь Миний үйлчлүүлэгч Б.Энхсайханы өөрийг нь явуулахгүй хорих зорилготой үйлдлийг нь таслан зогсоохын тулд хийсэн түлхэх болон машины хаалгыг татан хаах, гарыг нь түлхэн тавиулах зэрэг үйлдлүүдээс болж хохирогч газар унан хүнд гэмтэл учруулсан байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн гэсэн үг юм. Дээрх үйлдлүүд нь субъектив санаа зорилгын хувьд миний үйлчлүүлэгчийн биед гэмтэл учруулах зорилгогүй байгаа юм. Зөвхөн зугтах зорилгоо гүйцэлдүүлэх явцад учирсан гэмтэл юм. Шүүгдэгч Б.Нацаг нь миний үйлчлүүлэгчийг жирэмсэн байсныг мэдээгүй байсан бөгөөд мэдэх боломжгүй байсан байна. Мөн миний үйлчлүүлэгч өөрөө ч жирэмсэн байснаа мэдээгүй юм. Иймээс Б.Нацаг нь миний үйлчлүүлэгчийг жирэмсэн байсныг мэдээгүй байхдаа уг хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм . Иймээс уг хэргийн шүүгдэгч Б.Нацагийн анхан шатны шүүхийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар өөрчилж өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх Б.Нацагын үйлдсэн гэмт хэргийн сэдэлтийг “...Хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хоорондын таарамжгүй тохиромжгүй харьцаа, хохирогчийн зүй бус үйлдэлтэй холбоотой байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна…” гэж үзжээ.

Хохирогч Б.Энхсайханы “...нөгөө залуучуудын нэг нь муу гичийнүүдээ, банзлуудаа гэх мэтээр хараагаад орилоод байхаар нь эргэн тойрноо харсан чинь бид хоёроос өөр хүн ойр хавьд байгаагүй. Тэгсэн чинь нөгөө орилоод байсан залуу бид хоёр луу хандаад “та хоёрыг хэлж байна гичийнүүд минь гэсэн. Мөнхсайхан чи юу гээд байгаа юм бэ гээд өөдөөс нь жаахан уурласан маягтай хэлсэнд нөгөө бид нар луу орилоод байсан залуу хүрч ирээд Мөнхсайханы нүүрэнд гараа тулгасан. Тэгэхээр нь би дундуур нь ороод чи одоо яагаад байгаа юм бэ гээд түлхэж охиноосоо холдуулсан чинь намайг хүчтэй түлхэж газар унагасан. Би өндийж босоод чи яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу миний хэвлий хэсэг рүү өшиглөж дахиад намайг унагасан. Тэгэхэд би бөгсөөрөө газар унасан, тэр үед миний дотор гэдэс эвгүйрхсэн. ...” /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхсайханы “...Бид хоёр гэр лүүгээ алхаад явж байсан чинь замын хажууханд зогсож байсан 3 залуугийн нэг залуу нь ээж бид хоёр луу янхнууд минь гэх зэргээр янз бүрийн муухай хараалын үг хэлж доромжлоод байхаар нь би тэсэлгүй та яахаараа ээж шигээ хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь нөгөө хэл амаар доромжлоод орилоод байсан залуу 2 найзаасаа салаад ээж бид 2 дээр дөхөж ирсэн. Тэгэхэд ээж миний урдуур ороод намайг за одоо дуугүй бай гээд зогсож байхад нөгөө залуу ээжид тулж ирээд ээжийн цээж рүү түлхэхэд нь ээж арагшаа унах гэж байхад нь би түшиж аваад тогтоосон. Нөгөө залуу ээж рүү учир зүггүй дайраад зууралдаад байсан. ...Ээж бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан залуу ганцаараа ээжийг түлхэж унагаад бас автомашины арын суудлаас буухгүй гэж өшиглөж, цохиж зодсон. ...” /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Л.Дондовын “...Бид нарын хажуухнаар өнгөрсөн 2 эмэгтэй рүү Б.Нацаг авгай минь гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь нэг эмэгтэй нь манай ээжийг хэл амаар доромжилдог хэн бэ гээд маргалдсан. Тэгээд би Б.Нацагийг болиулаад, нөгөө эгч охиноо болиулаад салгаад би уучлаарай гэж хэлээд явуулсан чинь нөгөө 2 эмэгтэй буцаж ирээд цагдаад хэлнэ гэсэн чинь Б.Нацаг 2 авгай минь зайл гээд хэл амаар доромжилсон. Тэгээд Б.Нацаг таксины арын суудалд суухад ээж нь хаалгыг нь хаалгахгүй, явуулахгүй гэсэн. Б.Нацаг хаалгаа чанга онгойлгож, тэр эгчийг хаалгаар түлхэхэд тэр эгч хойшоогоо бөгсөөрөө газар унасан. Тэгээд босч ирээд дахиад хаалгыг нь бариад явуулахгүй гэсэнд Б.Нацаг дахиад хаалгаа түлхэхэд тэр эмэгтэй дахиад газар бөгсөөрөө унасан. ...” /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт … шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг … тодорхойлох” шаардлагад нийцэхгүй байхын зэрэгцээ Б.Нацагын үйлдсэн гэмт хэргийг хувийн сэдэлттэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1, 319.1.3-т заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүх Б.Нацагт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ялтны өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, С.Батболд, хохирогчийн өмгөөлөгч Д.Гомбо нарын гаргасан “Б.Нацагын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхив.