Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/03226

 

 

 

 

 

 

 

2023 06 26

101/ШШ2023/03226

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 0 оршин суух, Б.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 оотод оршин суух, П.М холбогдох

 

Газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М,

Хариуцагч П.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б. Мл миний бие 2020 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0тоот хаяг байршилтай 0 0 нэгж талбарын дугаартай 182 м.кв өмчилсөн газар хашаа байшинг худалдан авч 2020 оны 8 дугаар сарын 14-нд улсын бүртгэлийн газраас 0 тоот гэрчилээг олгосон билээ. Гэтэл тус хашаанд түр оршин сууж байгаа айл нь нүүхгүй удаа дараа маргаан үүсгэн хувийн өмчөө захиран зарцуулах боломж олгохгүй байна. Тус хашаа байшин миний хууль ёсны өмч тул иргэн П.Мг нүүлгэж яаралтай газар чөлөөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч П.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс уг газрыг 2010 онд 10,000,000 төгрөгөөр С.У, С.Э, Х.Б нараас худалдан авсан болно. Гэвч тэдний зүгээс тохирсон ёсоороо гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байсан тул миний зүгээс шүүхэд хандан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 101\ШШ2020\00 тоот шүүхийн шийдвэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч нь намайг мөн болохыг тогтоож, хариуцагч нарыг газрын нэрийг надад шилжүүлэхийг даалгасан шүүхийн шийдвэр гарсан болно. Гэвч С.У, С.Э, Х.Б нар нь шүүхэд хэргийг шийдвэрлэж байх явцад бэлэглэлийн гэрээгээр Б.Мын нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлж, үүнээс үүдэн дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэн өнөөдрийг хүрсэн болно.

Иймд миний зүгээс нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч нь намайг мөн болохыг тогтоосон атал уг этгээдүүд нь санаатйгаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

3. Хариуцагч П.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Баянзүрх дүүргийн 0тоотод 2010 оноос өнөөдрийг хүртэл оршин сууж амьдарч байна. Анх миний бие өөрийн амьдарч байгаа тус газрыг Р.Б болон Х.Б нартай 10,000,000 төгрөгөөр худадаж авахаар харилцан тохиролцож 8,500,000 төгрөгийг бэлнээр Р.Бд, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг газрын өмчлөгч Х.Бд өгсөн болно. Тухайн үед Х.Б нь удаа дараа газрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхөө хүлээн зөвшөөрч баримт үйлдэж байсан болно. Гэвч өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээг шилжүүлэн өгөөгүй байна. Үүний дагуу миний зүгээс шүүхэд хандаж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101\ШШ2020\00 тоот шүүхийн шийдвэрээр намайг уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож Х.Б, С.У, С.Э нарыг дээрх маргаан бүхий газрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгасан шүүхийн шийдвэр гарсан болно. Гэвч Х.Б нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад дүр үзүүлсэн хэлцэл байгуулж 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр бус Бэлэглэх гэрээ-г байгуулж, Б.Мын нэр дээр газрыг шилжүүлсэний улмаас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101\ШШ2020\00 тоот шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй мөн миний бие газрыг өнөөдрийг хүртэл хууль ёсоор захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийн Г-0 дугаартай Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгий 21 дүгээр гудамж 301 а тоотод байрлах газрыг Б.Мд шилжүүлсэн Бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч Б.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

П.Мгийн сөрөг нэхэмжлэлтэй Б.М миний танилцаад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь: Нэхэмжлэгч Б.М миний бие нь 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний дагуу маргаан бүхий газрын эзэмших эрхийг хууль ёсны дагуу Х.Б, С.У, С.Э нараас шилжүүлж авсан бөгөөд улсын бүртгэл өнөөдрийг хүртэл хүчинтэй. Нэхэмжлэгч Б.М миний эсрэг хариуцагч П.М нь 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчингүйд тооцуулахаар урьд өмнө нь 2 удаа нэхэмжлэл гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32021/00, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/Ш32021/0 шүүгчийн захирамжиудаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.М миний бие нь хариуцагч П.Мд тухайн газрыг шилжүүлэх өгөх үүрэг хүлээгээгүй бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болгуулах хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

 

5. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 0стрын зураг, Б.Мын иргэний үнэмлэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг тус тус нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-154/20174 дугаартай албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, С.Уийн иргэний үнэмлэхний лавлагаа, С.Э, Х.Б, Б.М нарын иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00 дугаартай шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ГХ2020/00дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4-153/2875 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 8/319 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32021/00 дугаартай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/Ш32021/0 дугаартай захирамжийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч П.Мд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 0 тоот газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч П.М нь нэхэмжлэгч Б.Мд холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Нэхэмжлэгч Б.М нь Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, нэгж талбарын 00 дугаартай, 182 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдэж, 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

3б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 00 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 182 мкв талбай бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч П.Мгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Х.Б, С.У, С.Э нарт даалгаж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 101/ГХ2020/00дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас олгогджээ.

 

3в. Ийнхүү дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж эхэлсэн байх ба тус газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4-153/2875 дугаартай ... 301а тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэхийг тодруулж, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарын хамт ирүүлэх мэдэгдлийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна.

 

Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 8/319 дугаартай албан бичгээр ...301А тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн бэлэглэх гэрээгээр иргэн Б.М...н өмчлөлд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн байх тул захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн хариуг ирүүлжээ.

 

3г. Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, нэгж талбарын 00 дугаартай, 182 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч нь Х.Б, С.Э, С.У нар байсан байх бөгөөд эдгээр өмчлөгч нар 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г Б.Мтай байгуулж, өмчлөх эрхээсээ татгалзаж, бэлэглэсэн байна. Б.М нь өмчлөгч С.Уийн гэр бүлийн хүн, өмчлөгч Х.Бгийн бэр болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар тогтоогдож байна.

 

3д. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгээс үзвэл ... Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна гэсэн дүгнэлт хийгдсэн байх бөгөөд газрын өмчлөгч байсан Х.Б, С.Э, С.У нар нь П.Мд холбогдуулан газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

3е. Нэхэмжлэгч Б.Мын хувьд өмчлөх эрхийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн авсан боловч тухайн газартаа амьдараагүй, бодитоор өмчлөх эрхээ хэрэгжүүлээгүй, харин хариуцагч П.М нь 2010 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4. Дээрх үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч Б.М нь бусадтай байгуулсан дээрх хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх нь үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэлтэй юм.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардах бөгөөд дээр дурдсанаар болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч П.Мгийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

 

5. Х.Б нар өмнө нь П.Мд холбогдуулан газартай холбоотой асуудлаар маргаантай байж, улмаар шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн болон П.Мгийн нэхэмжлэлтэй, Х.Б, С.Э, С.У нарт холбогдох маргаан бүхий газартай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх цаг хугацаанд өмчлөгч нар нь газрын өмчлөх эрхийг өөрийн хамаарал бүхий этгээд болох Б.Мд бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч П.Мгийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж зааснаар Б.Мын Х.Б, С.Э, С.У нартай байгуулсан маргаан бүхий газрын өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

6. П.М нь Б.Мд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан байх ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32021/00 дугаартай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/Ш32021/0 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагыг хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

Ийнхүү П.Мгийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдал нь түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн асуудал биш, энэ асуудлаараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй хэвээрээ байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч П.Мд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, нэгж талбарын 00 дугаартай, 182 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч П.Мгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.Б, С.Э, С.У нарын нэхэмжлэгч Б.Мтай 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хариуцагч П.Мд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ