Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01640

 

 

2023 08 21 210/МА2023/01640

 

 Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03226 дугаар шийдвэртэй,

Б.М-ын нэхэмжлэлтэй

П.М-д холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч П.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2020 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, А-ийн ** дүгээр гудамж, *** тоотод байрлах, 1864631295**** нэгж талбарын дугаартай 182 м.кв талбайтай газар, хашаа байшинг худалдан авч, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн газраас 0054**** тоот гэрчилээг олгосон. Гэтэл тус хашаанд түр оршин сууж байгаа айл нь нүүхгүй удаа дараа маргаан үүсгэн хувийн өмчөө захиран зарцуулах боломжгүй байна.

Иймд уг хашаа, байшин миний хууль ёсны өмч тул иргэн П.М-г нүүлгэж, газар чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие газрыг 2010 онд 10,000,000 төгрөгөөр С.У, С.Э Х.Б нараас худалдан авсан болно. Гэвч тэд тохирсон ёсоороо гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байсан тул шүүхэд хандан шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 101/ШШ2020/03134 дугаар шийдвэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч нь намайг мөн болохыг тогтоож, хариуцагч нарыг газар шилжүүлэхийг даалгасан болно. Гэвч С.У, С.Э Х.Б нар шүүхэд хэргийг шийдвэрлэж байх явцад бэлэглэлийн гэрээгээр Б.М-ын нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлж, дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэн өнөөдрийг хүрсэн болно.

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч нь намайг болохыг тогтоосон атал, уг этгээдүүд санаатайгаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, А-ийн ** дүгээр гудамжны *** тоотод 2010 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байна. Анх би өөрийн амьдарч байгаа газраа Р.Б болон Х.Б нартай 10,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 8,500,000 төгрөгийг бэлнээр Р.Б-д, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг газрын өмчлөгч Х.Б-д өгсөн болно. Тухайн үед Х.Б удаа дараа газрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхөө хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй. Үүний дагуу миний зүгээс шүүхэд хандаж 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03134 тоот шийдвэрээр намайг уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, Х.Б, С.У, С.Э нарыг дээрх маргаан бүхий газрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгасан болно.

Гэвч Х.Б шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад дүр үзүүлсэн хэлцэл байгуулж 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр бус бэлэглэх гэрээ байгуулж, Б.М-ын нэр дээр газрыг шилжүүлсний улмаас 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03134 тоот шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, мөн миний бие газрыг өнөөдрийг хүртэл хууль ёсоор захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, А-ийн ** дүгээр гудамж, *** тоотод байрлах газрыг Б.М-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу маргаан бүхий газрын эзэмших эрхийг хууль ёсны дагуу Х.Б, С.У, С.Э нараас шилжүүлж авсан бөгөөд улсын бүртгэл өнөөдрийг хүртэл хүчинтэй. Миний эсрэг хариуцагч П.М 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар өмнө нь 2 удаа нэхэмжлэл гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32021/07922 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/Ш32021/14780 шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Миний бие хариуцагч П.М-д тухайн газрыг шилжүүлэн өгөх үүрэг хүлээгээгүй бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч П.М-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, А-ийн ** дүгээр гудамжны *** тоотод байрлах, нэгж талбарын 1864631295**** дугаартай, 182 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-220400**** дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч П.М гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.Б, С.Э С.У нарын нэхэмжлэгч Б.М-тай 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хариуцагч П.М-д олгож шийдвэрлжээ.

 6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Нэхэмжлэгч Б.М 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний дагуу газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөгч Х.Б, С.Э С.У нарын өмчлөх эрх дуусгавар болсон бөгөөд Б.М-ыг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хүчин төгөлдөр юм. Иргэний хуулийн 106 зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Б.М хариуцагчаас газар эзэмших эрхийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

6.2. Нэхэмжлэгч Б.М 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу улсын бүртгэлд хариуцагчийг өмчлөгчөөр тогтоосон 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03134 дугаар шийдвэр гарахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулахаар шаардах эрхгүй. Нэхэмжлэгч Б.М 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий газрыг шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийн асуудлаар маргаагүй, улсын бүртгэл хүчин төгөлдөр тул маргаан бүхий газрын өмчлөгч нь Б.М юм.

6.3. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрт хамаарах нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03134 тоот шийдвэр нь нэхэмжлэгч Б.М тай хариуцагч П.М газрын эрхийн асуудлаар маргаагүй гуравдагч этгээд Х.Б, С.Э С.У нартай маргасан учраас бэлэглэлийн гэрээний нөгөө тал хариуцагч П.М биш тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шаардах эрхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг нэхэмжлэгч Б.М хариуцахгүй, харин Х.Б, С.Э С.У нар хариуцах үүрэгтэй.

6.4. Шүүхээр тогтоогдсон баримтыг дахин үнэлж, нотлох баримтгүйгээр бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхийн дүгнэлтэд дурдсан шүүхийн маргаантай байхад газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан талаарх нотлох баримтгүйгээр өөрөөр хэлбэл, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03134 тоот шийдвэртэй иргэний хэргийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан цаг хугацааг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх цаг хугацаанд өмчлөгч нар нь газрын өмчлөх эрхийг өөрийн хамаарал бүхий этгээд болох Б.М-д бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тул биш харин, ийнхүү хэлцэл хийсэн дүр үзүүлэх зорилгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Б.М-д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг дахин хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие уг газарт 2010 оноос одоог хүртэл ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Шүүхийн шийдвэр удаа дараа манай талд гарсан боловч энэ хүмүүс хуулийн цоорхойг ашиглан шийдвэр биелэгдэх боломжгүй болгож байна. Иймд шүүх нэг мөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч П.М-д холбогдуулан газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 3. Хэргийн үйл баримтын талаар:

3.1. Х.Б, С.У, С.Э нар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг Б.М тай байгуулж, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, А-ийн ** дүгээр гудамж, *** тоотод байрлах, нэгж талбарын 1864631295**** дугаартай, 182 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-220400**** дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэж, мөн өдөр улсын бүртгэлд Б.М өмчлөгчөөр бүртгэгдэж, 00054**** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.

3.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/03134 дугаартай шийдвэрээр дээрх маргаан бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч П.М-гийн нэр дээр шилжүүлэхийг Х.Б, С.У, С.Э нарт даалгаж шийдвэрлэсэн.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр, маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хангаж шийдвэрлэхдээ бэлэглэлийн гэрээний нэг тал болох Х.Б, С.У, С.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр бусд тооцсоноор гуравдагч этгээд Х.Б, С.У, С.Э нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай юм.

 5. Дээр дурдсанаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэхдээ гэрээний нэг тал болох гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулаагүй, давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.БЯМБАСҮРЭН