Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/03036

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 14

101/ШШ2023/03036

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Ж.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  өөрийн байранд байрлах, НШШГГт холбогдох

 

ФЭ ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Б миний бие Э ББСБ-аас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 200,000,000 төгрөгийн зээл авч, улмаар зээлийг өөрийн төрсөн дүүдээ өгсөн байсан юм. Дүү Ж.Б маань энэ зээлийг бага багаар төлж байгаад сүүлдээ төлөлт хийж чадахгүй нөхцөл байдалд орж, надад зээлийг төлж байгаа санаа зоволтгүй гэж хэлж явсаар нэг мэдэхэд шүүхэд шилжүүлсэн байсан юм. Ингээд шүүхээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/00тоот шийдвэр гарсан байсан. Энэ хугацаанд банк бусын зээлийн хүү маш их болсон байсан бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа 523,094,256 төгрөгийг надаас гаргуулж миний нэр дээр байх Баянгол дүүрэг, 6 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг юм. Миний бие энэ хугацаанд өөрийн төрсөн дүүгээ энэ зээлийг төлөх байх гэж итгэж хүлээсээр байсан. Гэтэл төлөлт хийх санхүүгийн эх үүсвэргүй болсон тул миний нэр дээр авахуулсан зээлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа учраас би өөрийн нэр дээр байгаа өөрийн хөдөлмөрөөр үүсгэсэн эд хөрөнгөө алдахгүйн тулд зээлийн төлөлтийг хийхээс аргагүй байдалд хүрээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээ хийж дүгнэлт гаргахдаа 915,100,000 төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Гэтэл энэ үнэлгээ нь одоо байгаа зах зээлийн ханшаас илт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн зарын сайтуудаас үзвэл адил хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 1,5 тэрбумаар үнэлэгдэхээр байна. Миний бие энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрж, хүүхэд төрүүлсэн бөгөөд төрөхөөс өмнө биеийн байдал хүндэрч улмаар хүүхэд маань төрсөний дараа эмнэлгийн хяналтанд байх оноштой байсан тул эмнэлэгт байж байгаад гарсан юм. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 915,100,000 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн үнэлгээг хүчингүй болгож зах зээлийн бодит ханшаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байгаа юм.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ФЭ ХХК-иар үнэлүүлсэн Баянгол дүүргийн 0 дугаар барилгын 1 дүгээр давхарын А хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 915,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0дугаар шийдвэрээр Ж.Баас 526,737,878 төгрөгийг гаргуулж Э ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Ж.Бын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай Баянгол дүүрэг, 0 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0/01 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0/02 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/58 тоот шинжээч томилох тогтоолоор Файн-эстимэйт ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 915,100,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлййн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг Ж.Бд 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4-188/4385 тоот мэдэгдлийг гардуулан өгсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, НШШГГын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4-188/4385 дугаартай үнэлгээний мэдэгдэл, 0 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, Интермед эмнэлгийн Histology examination report, Төрөлтийн талаарх тэмдэглэлийг амаржих газрын эмч, эх баригч бөглөнө гэсэн баримт, тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн нүүр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/00дугаартай шийдвэр, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 0 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн Ж.Бын үнийн санал, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, объектын зураг, Э ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/58 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, ФЭ ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, НШШГГын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4-159/4101 дугаартай үнэлгээний мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4-188/4385 дугаартай үнэлгээний мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4-188/6770 дугаартай мэдэгдэлийг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Баянгол дүүргийн 0 дугаар барилгын 1 дүгээр давхарын А хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 915,000,000 төгрөгөөр үнэлсэн ФЭ ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/00дугаартай шийдвэрээр Ж.Баас 523,094,256 төгрөг гаргуулж, Э ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Ж.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 0 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсгийн 336 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

3б. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 0 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үүсгэсэн байна.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 0/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг үйлдэж, төлбөр төлөгч Ж.Бын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсгийн 336 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаар 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Эдгээрээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хэн алин нь дээрх ажиллагаанд гомдол гаргаагүйг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

3в. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

Үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Ж.Бд мэдэгдэхэд тэрээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үнийн саналаа ирүүлсэнийг төлбөр авагч Э ББСБ ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй, шинжээч томилуулах хүсэлтийг 02 дугаар сарын 20-ны өдөр гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан ба шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасан ажиллагааг явуулжээ.

 

Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй байх тул НШШГГ нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/58 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Г.Цийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна.

 

Г.Ц нь ФЭ ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд үнэлгээчин, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан Хөрөнгийн үнэлгээ хийх 0 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, мэргэжлийн хариуцлагын даатгал зэргээр тогтоогдож байна.

ФЭ ХХК-ийн үнэлгээчин Г.Ц нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан-г гаргаж, НШШГГт хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4-188/4385 дугаартай үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Бд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулжээ.

 

3г. ФЭ ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч нь 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүхэд энэхүү үнэлгээг эс зөвшөөрч 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гомдлын шаардлага гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд дээрхээс үзвэл төлбөр төлөгч Ж.Б нь хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргаагүй байна.

Ийнхүү хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ Ж.Б нь Миний бие энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрж, хүүхэд төрүүлсэн бөгөөд төрөхөөс өмнө биеийн байдал хүндэрч улмаар хүүхэд маань төрсөний дараа эмнэлгийн хяналтанд байх оноштой байсан тул эмнэлэгт байж байгаад гарсан гэх боловч энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 0 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, Интермед эмнэлгийн Histology examination report, Төрөлтийн талаарх тэмдэглэлийг амаржих газрын эмч, эх баригч бөглөнө гэсэн баримт, тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн нүүр гэсэн баримтуудыг хавсарган ирүүлсэн боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй хуулбар хувь баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй юм.

Хүүхдийн төрсний гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ж.Б нь хүүхэд төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа хэдий ч үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад төрөхийн өмнө болон төрсний дараа түүний биеийн байдал хүндэрч, эмнэлгийн хяналтанд байж байгаад гарсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хэдийгээр нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч баримтуудыг үзэхэд Интермед эмнэлгийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Histology examination report гэх баримтын хувьд Ж.Бтай холбоотой баримт биш, Төрөлтийн талаарх тэмдэглэлийг амаржих газрын эмч, эх баригч бөглөнө гэсэн баримт-аас төрөхийн өмнөх нөхцөл байдал тодорхой харагдахгүй, Тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр-ийн зөвхөн нүүрэн хэсгийг хуулбарлан ирүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдохгүй буюу хуульд заасан гомдол гаргах хугацаагаа хэтрүүлж, шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

4. ФЭ ХХК-ийн үнэлгээчин Г.Ц нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөлийн байдал, эрхийн хязгаарлалтын байдал, ашиглалтын байдал, хийц, бүтээцийн байдал, барилгын хийцийн үндсэн үзүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн байршил зэргийг тодорхойлон, зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын арга болон орлогыг шууд капиталчлах аргыг хэрэглэж, ойролцоо байршилтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаа болон жишиг үйлчилгээний талбайн зах зээлийн үнэ судалгаа, зах зээлийн жишиг түрээсийн төлбөрийн судалгааг хийж, капиталчлах хувийн тооцоо /жишиг объектын аргаар/, барилгын орлогын хандлагаарх үнэлгээг тус тус гаргаж, зах зээлийн хандлагын аргаар үнэ цэнийг 915,100,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Үнэлгээний тайланд ...Бидний судалгаагаар ойролцоо байршилд арилжаагдахаар хүлээгдэж буй ижил төсөөтэй хөрөнгүүдийн үнийн мэдээллийг үл хөдлөх хөрөнгийг борлуулах зарын нэгдсэн групп, зарын сайт болох www.unegui.mn, www.ezar.mn, www.negdoor.mn, www.zarmedee.mn, www.remax.mn, www.century21.mn, www.osmo.mn, www.mmgroperties.com, www.facebook.com зэргээс цуглуулсан... гэж тусгаад, ойролцоо байршилтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн судалгааг www.unegui.mn сайтаас үнэлэгдэж буй хөрөнгөтэй ойролцоо байршилтай 18 хөрөнгийн судалгааг авч, жишиг үйлчилгээний талбайн зах зээлийн үнэ судалгааг 4 хөрөнгийн хувьд жишиж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг жишиг болгожээ.

Орлогыг шууд капиталжуулах аргаарх үнэлгээг хөрөнгийн цаашид ашиглагдах хугацаа, хөрөнгийн ашиглалтын орлого, зах зээлийн жишиг түрээсийн төлбөрийн судалгаа, капиталжих хувийн тооцоо, барилгын орлогын хандлагаарх үнэлгээг зэргийг хөрөнгийн үнэлгээнд ашигласан байна.

Үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай, 336 мкв талбайтай, зах зээлийн хандлагаар 915,100,000 төгрөг, орлогын хандлагаар 813,810,000 төгрөг гарч байх ба үнэлгээчний тогтоосон зах зээлийн хандлагаарх үнэ цэнэ нь 915,100,000 төгрөг байна гэжээ.

Ийнхүү хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2022 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан байна.

 

4а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ФЭ ХХК нь үнэлгээг гаргахдаа ...одоо байгаа зах зээлийн ханшаас илт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн зарын сайтуудаас үзвэл адил хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 1,5 тэрбумаар үнэлэгдэхээр байна... гэх боловч энэхүү үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу зах зээлийн үнэ ханшаас илт доогуур үнэлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргаагүй, гомдлын шаардлага нь үндэслэлгүй байна.

 

5. Хариуцагч НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, ФЭ ХХК нь үнэлгээ хийх аргачлал, хууль зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цд 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж, тэрээр Баримт №9 баримтад гарын үсгээ зурсан байх ба өнөөдрийн товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан ФЭ ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Бын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2023/11899 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ