Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01527

 

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01527

 

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/03036 дугаар шийдвэртэй

Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Н газарт холбогдох,

Файн-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 915,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Э ББСБ ХХК-аас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 200,000,000 төгрөгийн зээл авч, өөрийн төрсөн дүүдээ өгсөн. Дүү Ж.Б нь зээлийг бага багаар төлж байгаад сүүлдээ төлөлт хийж чадахгүй болсон.

1.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 101/ШШ2020/02362 дугаартай шийдвэр гаргахдаа 523,094,256 төгрөгийг надаас гаргуулж, миний нэр дээр байх Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын *** хэсгийн талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан дүнгээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээ хийж дүгнэлт гаргахдаа 915,100,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл энэ үнэлгээ нь одоо байгаа зах зээлийн ханшнаас илт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн зарын сайтуудаас үзвэл адил хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 1,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэхээр байна.

1.4. Миний бие энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрж, хүүхэд төрүүлсэн бөгөөд төрөхөөс өмнө биеийн байдал хүндэрч улмаар хүүхэд маань төрсний дараа эмнэлгийн хяналтанд байх оноштой байсан тул эмнэлэгт байж байгаад гарсан. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 915,100,000 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн үнэлгээг хүчингүй болгож зах зээлийн бодит ханшаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна.

1.5. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Файн эстимэйт ХХК-аар үнэлүүлсэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 36 дугаар барилгын 1 дүгээр давхрын A хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 915,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2362 дугаар шийдвэрээр Ж.Б-маас 526,737,878 төгрөгийг гаргуулж Э ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Б-мын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037*** дугаартай, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын *** хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22380770/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22380770/02 тоот тогтоолоор эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн.

2.2. Талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/58 тоот шинжээч томилох тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 915,100,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлййн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг Ж.Б-д 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4-188/4385 тоот мэдэгдлийг гардуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Файн Эстимэйт ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Б-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 30-нй өдрийн 101/ШШ2020/02362 дугаартай шийдвэрийг биелүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийхдээ Ж.Б-ын эд хөрөнгийг илт зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл Ж.Б-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 36 дугаар барилгын, 1 давхрын 336 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа хэт доогуур үнэлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож чадаагүй. Тиймээс шинжээч томилж, үнэлгээг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ж.Б-д танилцуулсан байдаг.

5.2. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг зөвшөөрөхгүй бол гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч гомдлын хугацааг баримтлаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Б- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Файн-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 915,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02362 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Б-аас 523,094,256 төгрөг гаргуулан Э ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Ж.Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205037*** дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

3.а. Төлбөр төлөгч Ж.Б- нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1096 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх 37-39/

 

3.б. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эрхийн бүртгэлийн Ү-2205037*** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22380770/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22380770/02 дугаар тогтоолоор тухайн үл хөдлөх хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Нэхэмжлэгч энэ ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно. /хх 40-45/

 

3.в. Үүний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Ж.Б-д мэдэгдэхэд тэрээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үнийн санал ирүүлсэнийг төлбөр авагч Э ББСБ ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин төлбөр авагч Э ББСБ ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/58 тоот тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, эрх, үүргийн тайлбарлажээ. /хх 46, 49-51/

 

3.г. Шинжээч Файн-Эстимэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Г.Цолмонгэрэл бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тодорхойлолт, мэргэжлийн хариуцлагын даатгал зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 77, 78/

 

3.д. Шинжээч Файн-Эстимэйт ХХК нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын *** хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 915,100,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх4/

4. Төлбөр төлөгч Ж.Б- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ж.Б- нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу мөн оны 03 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргах байтал уг хугацааг 1 сар 15 хоног хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Шинжээч Файн-Эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, стандартад нийцжээ. Харин нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар болон гомдлоо баримтаар нотлоогүй байна.

 

6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгджээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/03036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ