Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02568

 

 

 

 

 

2023 08 21

181/ШШ2023/02568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А,

 

Хариуцагч: В.Д  нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 29,354,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Х.Н, хариуцагч В.Д-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б ч, түүний өмгөөлөгч Ю.С нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Б.А , В.Д нараас Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөрт төлсөн 26,754,000 төгрөгийг өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 2,600,000 төгрөгийн хамт хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 ...Ч.Т нь БНХАУ-ын иргэн В.Д тай танилын харилцаатай бөгөөд Чингэлтэй дүүрэгт зарах газар байна гэсний дагуу сонирхож үзээд худалдан авахаар болсон. Тухайн үед энэ газар миний нэр дээр биш Анар гэх залуугийн нэр дээр байдаг, гэхдээ миний газар гээд Анартай уулзуулахад тиймээ наймаа тохирч болж байна гэсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 01125-А/66/2021 тоот шийдвэртэй, тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байрлах 1501212735 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, 0000026756 дугаартай гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг шилжүүлэн авахаар 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 0202 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Тухайн өдөр гэрээгээр тохиросон үнэ болох 26,754,000 төгрөгийг төлөх ёстойгоос интернэт банкаар гүйлгээ хийх дээд хэмжээ болох 20,000,000 төгрөгийг хариуцагчийн өгсөн БНХАУ-ын иргэн В.Д ы Хаан банкны 5111094679 тоот данс руу шилжүүлсэн. Маргааш өдөр нь буюу 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл төлбөрийг мөн хариуцагч нарын хэлсэн Хаан банкны 5111094679, 5176120446 дугаартай данс руу тус тус шилжүүлсэн.

Түүнчлэн гэрээ байгуулсан өдрөө Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өөрсдийн биеэр очиж газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18/761 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Уг албан бичигт Таны хүсэлт гаргасан газрын байршил нь Ойн сан бүхий газарт хамаарч байгаа нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт Хамгаалалтын бүсийн ойд зам, түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэж заасныг зөрчиж байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн. Үүний дараа Ч.Т ын зүгээс Б.А , түүний эцэг Н.Б ч болон В.Д гэх хүмүүстэй уулзаж гэрээгээ цуцлая, мөнгөө буцааж өгөөч гэхэд Б.А надад өртэй учир Б.А аас ав, харин Б.А , Н.Б ч нар нь болохоор В.Д -с аваарай гэх байдлаар булзайруулсаар өнөөдрийг хүртэл хохироож байна. Түүнчлэн В.Д уулзах үедээ болон өмнө нь бас ийм зөрчилтэй гээд газрын эрх шилжихгүй байсан талаар хэлж байсан.

Хариуцагч Б.А , В.Д нар нь тухайн газрыг эрхийн доголдолтой, шилжих боломжгүй гэдгийг мэдсээр байж, Ч.Т т зарж, мөнгийг авсан.

Иймд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 0202 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу төлсөн 26,754,000 төгрөгийг Б.А , В.Д нараас хуваан гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулж, олон сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Ч.Т хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Ө /1165/, Х.Н /0940/ нартай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 22/10-18 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан ажлын хөлсөнд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,300,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөг төлсөн.

Иймд хариуцагч нараас өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 2,600,000 төгрөгийг хуваан гаргуулахаар нэмж нэхэмжилж байна. гэжээ.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

 

2.1. Хариуцагч Б.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...Ч.Т нь Чингэлтэй дүүргийн газрын албанаас эрх шилжүүлэх боломжгүй гэсэн албан бичиг гаргуулж шүүхэд хандсан байна. Бид 2004 оноос хойш тухайн газарт амьдарч байгаа ба зохих дүрэм, журмынх нь дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан. Газрын албаны дарга удаа дараа солигддог, нэг нь гаргахаараа нөгөө даргынхаа шийдвэрийг эсэргүүцдэг, олон сар жилээр хүлээлгэдэг төрийн албаны буруу тогтолцоо оршсоор ирсэн, одоо ч байсаар байгаад гомдолтой байна. Энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх болно. Ч.Т ын газрын гэрээ шилжүүлэхгүй гэх гомдлыг түр зүгсоож, дараах шүүхийн шийдвэрийг харж өгнө үү. Н.Б ч миний бие төлбөрийг 100 хувь өөртөө аваагүй. Өөрийн хүү Б.А ын эзэмшлийн газрын зэргэлдээх зуслангийн газар дээр барилга бариулсан бөгөөд халаалтын систем суурилуулахаар танил А.Сүхээд хэлсний дагуу түүний найз болох БНХАУ-ын иргэн В.Д ирж суурилуулж өгсөн юм. Ингээд В.Д тай танилцсан бөгөөд тэрээр танай зуслангийн газар их гоё юм байна, манай дүү Ч.Т зуслангийн газар сонирхож байгаа гээд өөрийн эхнэр Д.Б гийн хамт ирж үзээд би танай газрыг дүүдээ авч өгье, та хэдэд зарах вэ гэхээр нь 20 саяд өгнө гэж хэлсэн. Гэтэл тэд бид хоёр 5 сая төгрөг нэмээд 25 сая төгрөгт зараад өгье гэсэн. Ингээд Б.А ын нэр дээрх эзэмшлийн 15 жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт хаягт байрлах 501212735 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий 0000026756 дугаар гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай зуслангийн газрыг Ч.Т т худалдахаар 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Би анхнаасаа газраа зарахыг хүсээгүй байхад В.Д , түүний эхнэр Д.Б нар нь гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн. Миний бие зохих дүрэм журмынх нь дагуу тухайн газрын эзэмших эрхийг авсан. Засаг дарга болон Газрын албанаас ямар нэгэн байдлаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон эсхүл газрыг буцаан авах талаар мэдэгдэл ирүүлээгүй. Өнөөдрийг хүртэл газар эзэмших эрх маань хүчинтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Т нь миний болон хүү Б.А ын данс руу мөнгө шилжүүлээгүй. Харин В.Д нь надад газрын төлбөрт 15,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Тухайн үйл баримтыг орчуулагч А.Сүхээ сайн мэднэ. В.Д ы ажлын хөлсийг би бүрэн төлж дуусаагүй байгаа. ... гэжээ.

 

2.2. Хариуцагч В.Д ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...В.Д нь 2021 онд өөрийн найз Н.Б чийн Чингэлтэй дүүрэг, Ар Гүнтэд байрлах зуслангийн байшинд нь халаалтын систем суурилуулж өгсөн байдаг. Ингэхдээ В.Д , Н.Б ч нар нь хоорондоо гэрээ байгуулсан бөгөөд Н.Б ч ажлын хөлсийг тодорхой хугацааны дараа төлөх нөхцөлтэй байсан. Ингээд В.Д ы зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж халаалтын системийг нь суурилуулж дуусгасан. Харин Н.Б чийн зүгээс ажлын хөлс болох 19,000,000 төгрөгийг төлөх шаардлагатай байсан боловч 2020-2021 оны үед 2,000,000 төгрөгийг төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй. В.Д ы хувьд ажлын хөлсөө Н.Б чаас шаардахад удахгүй төлнө гэдэг байсан. Ингээд 2022 оны 3 дугаар сараас эхлэн Н.Б ч нь надад Ар Гүнтэд өөр нэг газар байдаг, энэ газрыг зараад гэрээний мөнгөө төлье, газар авах хүн байвал мэдээрэй гэдэг болсон. Тиймээс В.Д өөрийн харилцагч Ч.Т т газар авах талаар сонирхуулахад тэрээр газрыг биечлэн үзэж, газрын бичиг баримттай танилцаад зөвшөөрч, улмаар Н.Б ч болон түүний хүү Б.А тай газрыг худалдан авахаар харилцан тохиролцсон байдаг. Б.А , Н.Б ч нар нь газар зараад олсон мөнгөнөөсөө В.Д д өгөхгүй байж магадгүй гэсэн болгоомжлол байсан тул В.Д ы зүгээс газрын мөнгийг өөрийн Хаан банкны дансаар хүлээн авахыг хүссэн. Гэрээний талууд болох Б.А , Ч.Т нар нь мөнгийг В.Д ы дансанд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан тул мөнгийг дансаараа авсан. Анхнаасаа Н.Б ч нь чи миний газрыг танидаг найз нөхдөдөө хэлээд зарвал дундаас нь өөрийнхөө мөнгийг суутгаад авчихаарай гэдэг байсан болно. Мөн Н.Б чаас гэрээний төлбөрөө авалгүй удаан хугацаа өнгөрсөн байсан тул В.Д өөрийн дансаар газрын мөнгийг хүлээж авахыг хүссэн юм. В.Д өөрийн дансаар Ч.Т аас нийт 24,000,000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд өөрийн гэрээний төлбөрийн мөнгийг суутгаж авах гэтэл Н.Б ч нь эхний ээлжинд 10,000,000 төгрөгийг авчих л даа, надад мөнгөний хэрэг байна хэмээн гуйгаад байсан тул В.Д арга буюу зөвшөөрч 15,000,000 төгрөгийг Н.Б чийн данс руу шилжүүлж өгсөн. В.Д нь өөрийн ажил гүйцэтгэж бараа материал нийлүүлж, халаалтын систем суурилуулсан төлбөрийг суутгаж авсан бөгөөд үүнийг нь Н.Б ч зөвшөөрсөн байдаг. Хариуцагч Б.А ын бусдад худалдсан газар нь гэрчилгээтэй, хууль ёсных байсан бөгөөд хариуцагч В.Д ы зүгээс газрын албаны шийдвэр, үйл ажиллагааг урьдчилан мэдэх боломжгүй байсан. Хэрэв Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах бол гэрээний нэг тал болох Б.А , Н.Б ч нар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 26,754,000 төгрөгийг бүрэн хариуцах нь зүйд нийцнэ хэмээн үзэж байна. Мөн В.Д ы зүгээс нэхэмжлэлд дурдсан шиг газар бусдад нэр шилжих боломжгүй гэдгийг урьдчилан мэдэж байсан гэдэг асуудал ор үндэсгүй худал болно. Ч.Т нь газрыг үзэж, Н.Б чтай уулзах үедээ хэрхэн цахилгаан татах талаар ярилцаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул В.Д д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх өргөдлийн бүртгэл-хяналтын картын маягт, Чингэлтэй дүүргийн Газрын зохион байгуулалтын албанд гаргасан 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн өргөдлүүд, Б.А ын эзэмшлийн улсын бүртгэлийн Э-2202005779 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт хаягт байрлах, нэгж талбарын 1501212735 дугаар бүхий 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Монголын татварын албаны №3220300538387 дугаартай нэхэмжлэх, нэгж талбарын 1501212735 дугаартай газрын кадастрын зураг, Чингэлтэй дүүргийн Газрын алба, Б.А нарын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №01125-2021/02020 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Б.А тай байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийн 0202 дугаартай Газар эзмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Хаанбанк дахь өөрийн эзэмшлийн 5035078754 дугаартай дансны /2022.3.01-2022.4.01, 2022.10.20, 2022.12.14/ хуулга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №18/761 дугаартай хүсэлтийн хариу бүхий албан бичгийн хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Б.Ө , Х.Н нартай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 3-20, 51-53, 61-63/ зэргийг шүүхэд гаргасан.

 

4. Хариуцагч Б.А аас: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 27, 34/-г,

- хариуцагч В.Д оос: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 38/-г тус тус шүүхэд гаргасан.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Хаанбанкнаас 5111094679, 5176120446 дугаартай данс эзэмшигчийн лавлагаа, 5111094679 дугаартай дансны /2022.3.03-2022.12.31/ хуулга /хх 98-127/-г нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 26,675,400 төгрөгийг хангаж, үлдэх 2,678,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...хариуцагч Б.А тай байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №0202 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газрын төлбөрт хариуцагч В.Д болон Татварын Ерөнхий газрын дансанд шилжүүлсэн 26,754,000 төгрөгийг Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн ажлын хөлсөнд төлсөн 2,600,000 төгрөгийн хохирлын хамт хариуцагч нараас хуваан гаргуулна. ... гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

3.1. Хариуцагч Б.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...тухайн газрыг эзэмших эрхийг хууль ёсны дагуу олж авсан. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөнд бид буруугүй. Талуудын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Түүнчлэн өөртөө авсан хууль зүйн туслалцаа, үйлчилгээний хөлсийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй. ... гэжээ.

 

3.2. Хариуцагч В.Д ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...В.Д нь 2021 онд Н.Б чийн зуслангийн байшинд халаалтын систем суурилуулж өгсөн. Н.Б ч нь ажлын хөлсийг төлж дуусгаагүй бөгөөд оронд нь хүү Б.А ын эзэмшлийн зуслангийн газрыг бусдад худалдаж, төлбөрөө авахыг зөвшөөрсний дагуу бид Ч.Т ыг уулзуулсан. Улмаар талууд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Ч.Т нь төлбөрт 24,000,000 төгрөгийг В.Д ы дансанд шилжүүлсэн. Үүнээс 15,000,000 төгрөгийг Н.Б чид шилжүүлж, үлдсэн мөнгийг ажлын хөлсөндөө суутгаж авсан. Түүнчлэн өөртөө авсан хууль зүйн туслалцаа, үйлчилгээний хөлсийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй. ... гэжээ.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 01125-А/66/2021 тоот шийдвэрийг үндэслэн тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт 0 хаягт байрлах, нэгж талбарын 1501212735 дугаар бүхий 700 м.кв талбайтай газрыг Б.А т гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2202005779 дугаарт бүртгэж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. /хх 9, 11-15/

 

4.2. Улмаар Б.А нь газар эзэмших эрхээ 26,754,000 төгрөгт үнэлэн Ч.Т т шилжүүлэхээр 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр №0202 дугаартай гэрээг байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. /хх 16/

 

4.3. Эрх хүлээн авагч Ч.Т нь мөн өдрөө гэрээгээр тохирсон төлбөрийг эрх шилжүүлэгч Б.А ын эцэг Н.Б чийн нэрлэн зааснаар Хаанбанк дахь БНХАУ-ын иргэн В.Д ы 5111094679 дугаартай дансанд 24,000,000 төгрөгийг, Татварын Ерөнхий газрын 5176120446 дугаартай дансанд /газрын татвар, хураамжид/ 2,675,400 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь дансны хуулга, тодорхойлолт, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна. /хх 10, 19, 98-127/

 

4.4. Түүнчлэн талууд мөн өдрөө газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтээ холбогдох баримтын хамт Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байх боловч тус албанаас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №18/761 дугаартай албан бичгээр Таны хүсэлт гаргасан газрын байршил нь Ойн сан бүхий газарт хамаарч байгаа нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно заалтыг зөрчиж байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. гэсэн хариуг өгсөн байна. /хх 6-20/

 

5. Зохигчид дээрх үйл баримтын талаар болон В.Д нь 24,000,000 төгрөгийг хүлээн авснаас 15,000,000 төгрөгийг Н.Б чид өгсөн, үлдэх мөнгийг ажлын хөлсөнд тооцож өөртөө авсан асуудлаар маргаагүй.

 

Харин хариуцагч нар ийнхүү газар эзэмших эрх шилжээгүй нь өөрсдийн буруугаас болоогүй, анхнаасаа эрхийн доголдолтой эд хөрөнгө болохыг мэдсээр байж худалдаагүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчийн өөртөө авсан хууль зүйн туслалцаа, үйлчилгээний хөлсийг төлөхгүй хэмээн татгалзжээ.

 

6. Ч.Т , Б.А нарын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №0202 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл Б.А нь газар эзэмших боломжоо Ч.Т т үнэлж, худалдсан байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй.

 

Манай тохиолдолд гэрээний 6.3-т Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болж, эрх шилжүүлэгч талын эзэмших эрх дуусгавар болно. гэж заасны дагуу талууд хүсэлтээ холбогдох баримтын хамт Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байх боловч тус албанаас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №18/761 дугаартай албан бичгээр Таны хүсэлт гаргасан газрын байршил нь Ойн сан бүхий газарт хамаарч байгаа нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно заалтыг зөрчиж байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна. гэсэн хариуг өгсөн байх тул шүүх Б.А ыг эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч Ч.Т нь гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй ба хариуцагч Б.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тухайн хөрөнгийг эрхийн доголдолтой гэдгийг мэдээгүй байсан... гэх тайлбар нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч В.Д д мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээгээгүй тул В.Д ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд уг хөрөнгийг бүхэлд нь буцаан шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ч.Т ын нэхэмжилж буй мөнгөн шаардлагаас 9,000,000 төгрөгийг хариуцагч В.Д д хариуцуулах үндэслэлтэй.

 

Хариуцагч В.Д болон иргэн Н.Б ч нарын хоорондох харилцаа тухайн маргааны зүйл болоогүй бөгөөд В.Д нь түүнд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний биелэлт шаардсан нэхэмжлэлээ гаргахад энэ хэргийн шийдвэрлэлт саад болохгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Б.А аас 17,675,400 /15,000,000+2,675,400/ төгрөгийг, хариуцагч В.Д оос 9,000,000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул хариуцагч нараас нийт 26,675,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгч Ч.Т нь Газар эзэмших гэрээний дагуу төлсөн гэх 26,754,000 төгрөгөөс /26,754,000-26,675,400/ 78,600 төгрөгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй тул хэрэгсэхгүй болголоо.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Ч.Т аас хууль зүйн туслалцаа авсан хохиролд 2,600,000 төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шаардлагын үндэслэлээ ...энэхүү хэрэг маргаантай холбоотойгоор нэхэмжлэгч тал хууль зүйн туслалцаа авсны дагуу өмгөөллийн ажлын хөлсөнд 2,600,000 төгрөг төлсөн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас хуваан гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №22/10-18 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөр төлсөн талаарх нэхэмжлэгчийн дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх 52-53, 61-62/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг иргэн Ч.Т , хуульч, өмгөөлөгч Б.Ө , Х.Н нар байгуулсан байх ба гэрээний 4.1-д өмгөөллийн үйлчилгээний хөлсийг үйлчлүүлэгч энэхүү гэрээний хавсралтад дурдсан хэлбэр, хугацаанд өмгөөлөгчид төлөхөөр тохиролцжээ.

Гэвч гэрээний нөхцөлд үйлчилгээний хөлс тусгагдаагүй, гэрээний бүрдэл хэсэг болох хавсралтыг ирүүлээгүй байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн ...хууль зүйн туслалцаа авах эрхтэй... гэж заасан хэдий ч иргэний эрх зүйн маргаанд заавал өмгөөлөгчтэй оролцох хэрэг, маргааны төрлийг заагаагүй буюу өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх нь нээлттэй байдаг.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн бүрэн чадамжтай иргэн Ч.Т нь өөрийгөө сайн дурын үндсэн бусдаар төлбөртэйгээр төлөөлүүлж, өмгөөлүүлэхээр тохирсон, ийнхүү эрхээ хэрэгжүүлсний хөлсийг хариуцагч нараас шаардах үндэслэлгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

 

7. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.А аас 17,675,400 төгрөгийг, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч В.Д /W.D /-с 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,678,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 348,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А аас 246,327 төгрөгийг, хариуцагч В.Д /W.D /-с 158,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т т тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БИЛГҮҮН