Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01934

 

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01934

 

Ч.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02568 дугаар шийдвэртэй,

 

Ч.Тын нэхэмжлэлтэй,

Б.А, В нарт холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хохирлын хамт нийт 29,354,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Вы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, хариуцагч Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.Т нь БНХАУ-ын иргэн Втай танилын харилцаатай бөгөөд Чингэлтэй дүүрэгт зарах газар байна гэсний дагуу сонирхож үзээд худалдан авахаар болсон. Тэрээр тухайн үед “энэ газар миний нэр дээр биш Б.А гэх залуугийн нэр дээр байдаг, гэхдээ миний газар” гээд Б.Атай уулзуулахад “тиймээ наймаа тохирч болж байна” гэсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01125-А/66/2021 дугаар шийдвэртэй, тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байрлах - нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, - дугаартай гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг шилжүүлэн авахаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

1.2. Тухайн өдөр гэрээгээр тохирсон үнэ болох 26,754,000 төгрөгийг төлөх ёстойгоос интернэт банкаар гүйлгээ хийх дээд хэмжээ болох 20,000,000 төгрөгийг Вы эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь - тоот данс руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл төлбөрийг мөн хариуцагч нарын хэлсэн  “Хаан банк” ХХК дахь  -, - дугаартай данс руу тус тус шилжүүлсэн.

1.3. Гэрээ байгуулсан өдрөө Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өөрсдийн биеэр очиж газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18/761 дугаартай ирүүлсэн  албан бичигт “таны хүсэлт гаргасан газрын байршил нь ойн сан бүхий газарт хамаарч байгаа нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт “Хамгаалалтын бүсийн ойд зам, түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн. Үүний дараа Ч.Тын зүгээс Б.А, түүний эцэг Н.Б болон В гэх хүмүүстэй уулзаж гэрээгээ цуцалж, мөнгөө буцааж өгөөч гэхэд “Б.А надад өртэй учир Б.Ааас ав”, харин Б.А, Н.Б нар нь болохоор “Ваас аваарай” гэх байдлаар өнөөдрийг хүртэл хохироож байна. Түүнчлэн В уулзах үедээ болон өмнө нь бас ийм зөрчилтэй гээд газрын эрх шилжихгүй байсан талаар хэлж байсан.

1.4. Хариуцагч Б.А, В нар нь тухайн газрыг эрхийн доголдолтой, шилжих боломжгүй гэдгийг мэдсээр байж, Ч.Тт зарж, мөнгийг авсан тул 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0202 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу төлсөн 26,754,000 төгрөгийг Б.А, В нараас хуваан гаргуулж өгнө үү.

1.5. Ч.Т нь хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан ажлын хөлсөнд төлсөн 2,600,000 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулахаар нэхэмжилжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

2. Хариуцагч Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бид 2004 оноос хойш тухайн газарт амьдарч байгаа ба зохих дүрэм, журмынх нь дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан. Н.Б нь төлбөрийг 100 хувь өөртөө аваагүй. Өөрийн хүү Б.Аын эзэмшлийн газрын зэргэлдээх зуслангийн газар дээр барилга бариулсан бөгөөд халаалтын систем суурилуулахаар танил А.Сүхээд хэлсний дагуу түүний найз болох БНХАУ-ын иргэн В ирж суурилуулж өгсөн юм. Ингээд Втай танилцсан бөгөөд тэрээр “танай зуслангийн газар их гоё юм байна, манай дүү Ч.Т зуслангийн газар сонирхож байгаа” гээд өөрийн эхнэр Д.Шгийн хамт ирж үзээд “би танай газрыг дүүдээ авч өгье, та хэдэд зарах вэ” гэхээр нь “20,0 саяд өгнө” гэж хэлсэн. Гэтэл тэд “бид хоёр 5,0 сая төгрөг нэмээд 25,0 сая төгрөгт зараад өгье” гэсэн. Ингээд Б.Аын нэр дээрх эзэмшлийн 15 жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт хаягт байрлах - нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий - дугаар гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай зуслангийн газрыг Ч.Тт худалдахаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

2.2. Би анхнаасаа газраа зарахыг хүсээгүй байхад В, түүний эхнэр Д.Ш нар нь гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн. Миний бие зохих дүрэм журмынх нь дагуу тухайн газрын эзэмших эрхийг авсан. Засаг дарга болон Газрын албанаас ямар нэгэн байдлаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон эсхүл газрыг буцаан авах талаар мэдэгдэл ирүүлээгүй. Өнөөдрийг хүртэл газар эзэмших эрх маань хүчинтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.3. Ч.Т нь миний болон хүү Б.Аын данс руу мөнгө шилжүүлээгүй, харин В нь надад газрын төлбөрт 15,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Тухайн үйл баримтыг орчуулагч А.Сүхээ сайн мэднэ. Вы ажлын хөлсийг би бүрэн төлж дуусаагүй байгаа.

 

3. Хариуцагч Вы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

3.1. В нь 2021 онд өөрийн найз Н.Бийн Чингэлтэй дүүрэг, Ар Гүнтэд байрлах зуслангийн байшинд нь халаалтын систем суурилуулахаар харилцан тохиролцож, Н.Б ажлын хөлсийг тодорхой хугацааны дараа төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. В гэрээнд заасан үүргээ биелүүлж халаалтын системийг нь суурилуулж дуусгасан. Харин Н.Б ажлын хөлс болох 19,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй. Вы ажлын хөлсөө Н.Баас шаардахад удахгүй төлнө гэдэг байсан.

3.2. 2022 оны 3 дугаар сараас эхлэн Н.Б нь надад “Ар Гүнтэд өөр нэг газар байдаг, энэ газрыг зараад гэрээний мөнгөө төлье, газар авах хүн байвал мэдээрэй” гэж байсан тул В өөрийн харилцагч Ч.Тт хэлж, тэрээр газрыг биечлэн үзэж, газрын бичиг баримттай танилцаад зөвшөөрч, улмаар Н.Б болон түүний хүү Б.Атай газрыг худалдан авахаар харилцан тохиролцсон.

Б.А, Н.Б нар газар зараад олсон мөнгөнөөсөө Вд өгөхгүй байж магадгүй гэсэн болгоомжлол байсан тул тэрээр газрын мөнгийг өөрийн “Хаан банк” ХХК дахь дансаар хүлээн авахыг хүссэн, талууд зөвшөөрсөн тул Ч.Таас нийт 24,000,000 төгрөгийг хүлээн авсан. Н.Б нь Воос “эхний ээлжинд 10,000,000 төгрөгийг авчих, надад мөнгөний хэрэг байна” гэсэн тул В зөвшөөрч 15,000,000 төгрөгийг Н.Бийн данс руу шилжүүлсэн.

3.3. Хариуцагч Б.Аын бусдад худалдсан газар нь гэрчилгээтэй, хууль ёсных байсан бөгөөд хариуцагч В нь газрын албаны шийдвэр, үйл ажиллагааг урьдчилан мэдэх боломжгүй байсан. Хэрэв Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах бол гэрээний нэг тал болох Б.А, Н.Б нар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 26,754,000 төгрөгийг бүрэн хариуцах нь зүйтэй. Мөн Вы зүгээс нэхэмжлэлд дурдсан шиг газар бусдад нэр шилжих боломжгүй гэдгийг урьдчилан мэдэж байсан гэдэг нь ор үндэсгүй худал болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Вд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ааас 17,675,400 төгрөгийг, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч В-с 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,678,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Таас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 348,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 246,327 төгрөгийг, хариуцагч В-с 158,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Вы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Анхан шатын шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд  үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан гэж хариуцагч Выг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн дүгнэж 9,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1 дэх хэсэгт анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрх шилжих боломжгүй байсан гэдгийг мэдсээр байж тухайн газрыг худалдан авахаар 24,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “... Түүнчлэн В уулзах үедээ болон өмнө нь бас ийм зөрчилтэй гээд газрын эрх шилжихгүй байсан талаар хэлж байсан. Хариуцагч Б.А, В нар нь тухайн газрыг эрхийн доголдолтой, шилжих боломжгүй гэдгийг мэдсээр байж, Ч.Тт зарж, мөнгийг авсан” гэж дурдсанаас харагдаж байна.

Нэхэмжлэгч нь газрыг эрхийн зөрчилтэй байсан болохыг мэдсээр байж худалдан авахаар үнийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн дээрх заалтаар шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй үндэслэлд хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3 дахь хэсэгт "... Татварын ерөнхий газрын - дугаартай дансанд /газрын татвар, хураамжид/ 2,675,400 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь дансны хуулга, тодорхойлолт, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна” гэж, мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч Ч.Т нь гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь 2,675,400 төгрөгийг Татварын ерөнхий газрын дансанд төлсөн байхад шилжүүлсэн зүйлээ Татварын ерөнхий газраас нэхэмжлэхгүй, хариуцагч Б.Ааас нэхэмжилж, 2,675,400 төгрөгийг хариуцагч Б.Ааас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

5.3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02568 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Вд холбогдох хэсэг, хариуцагч Б.Ат холбогдох хэсгээс 2,675,400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч тал гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зүйлийг буруу ойлгон тайлбарласан байна. Газрыг шилжүүлэх боломжгүй болсныг мэдсэн даруйд мөнгөө нэхэмжлэхэд В өмнө нь ийм асуудал гарч байсан гэж хэлж байсан. Түүнээс бус бид энэ талаар мэдсээр байж газрыг худалдан авсан зүйл байхгүй. Мөн бидэнд эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлээгүй байсан бол 20,000,000 гаруй төгрөгөөр хохирохгүй байх байсан. Иймд тухайн хохирлыг хариуцан төлөх үндэслэлтэй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Вы итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Б.А, В нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хохирлын хамт нийт 29,354,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ч.Т, Б.А нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Б.А нь өөрийн эзэмшлийн, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнтэд байрлах нэгж талбарын - дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг шилжүүлэх, Ч.Т үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.  

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260 дахь хэсэгт заасан газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч Ч.Т нь гэрээгээр тохиролцсон 24,000,000 төгргийг хариуцагч Вы эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь - дугаар дансанд шилжүүлсэн талаар талууд маргаангүй байна.   

 

5.1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй.

Эрхийн доголдлын талаар Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт эрх худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил үйлчилнэ гэж заасныг үндэслэн шалгана. 

Ч.Т болон Б.А нар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг Ч.Тын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг гаргасан боловч тус газраас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18/761 тоот албан бичгээр тэдгээрийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн бөгөөд үндэслэлийг хүсэлт гарсан газрын байршил нь ойн сан бүхий газарт хамаарч байгаа нь Ойн тухай хуулийн гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж дурджээ.  

Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлд хамаарах газар нь тус хуульд заасан ойн бүсэд хамаарч буй талаар үйл баримтыг зохигчийн хэн аль нь баримтаар үгүйсгээгүй байна. Түүнээс гадна уг газрыг эзэмших эрхийг Б.Ат олгосон байдал нь Ойн тухай хуулийг зөрчөөгүй, уг эрхийг нэхэмжлэгч Ч.Тт шилжүүлэх боломжтой гэж дүгнэхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж болохгүй эрхийг Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан эрхийн доголдолд хамааруулж дүгнэхээр байна.

Харин анхан шатны шүүх гэрээний зүйлийг эрхийн доголдолтой гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хууллийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэрээ цуцлах эрхийг гэрээнээс татгалзах эрх гэж буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Иймд худалдан авагч Ч.Т нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйл болсон газар эзэмших эрх нь эрхийн доголдлын улмаас худалдагчид шилжүүлэх үүргийг Б.А гүйцэтгэх боломжгүй байгааг гэрээний үүргийн зөрчилд хамааруулан гэрээнээс татгалзах эрхтэй юм.

5.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан талууд хэн алиндаа шилжүүлж өгөх үүргийн хүрээнд Ч.Таас Б.Ат шилжүүлэх зүйлгүй бөгөөд Б.А нь Ч.Таас гэрээний үнэд авсан мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй болно. 

5.3.Ч.Т нь гэрээний үнэ 24,000,000 төгрөгийг хариуцагч Вд банкаар дамжуулан шилжүүлэн өгсөн, хариуцагч В уг мөнгөн хөрөнгөөс 15,000,000 төгрөгийг худалдагч буюу хариуцагч Б.Аын эцэг Н.Бид өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, Б.Ааас буцаан гаргуулах үнийг 15,000,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ шийдэлд хариуцагч Б.А давж заалдах гомдол гаргаагүй байна. 

5.4. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдуулж худалдан авагч нь хохирол шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Ч.Т нь газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Татварын албанд 2,675,400 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр татварт төлсөн, энэ төлбөрийг хохиролд тооцож хариуцагч Б.Ааас гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаар хариуцагч Б.А давж заалдах гомдол гаргаагүй. Хариуцагч Вы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шгийн гарын үсэг зурсан гомдолд Б.А гэж нэрийг бичсэн боловч тэрээр гарын үсэг зураагүй болно.

Уг хохирлыг хариуцагч Воос гаргуулахаар шүүх шийдвэрлээгүй, түүний эрхийг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч Вы итгэмжлэгдсэн төлөөлөчгийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

5.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Т болон хариуцагч Б.А нарын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заалтын баримталсан байна. Давж заалдах шатны шүүхээс дүгнэлтэд нийцүүлэн залруулах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хөрөнгө гэж тодорхойлох бөгөөд мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөд эрх хамаарах юм.

 

6. Хариуцагч В нь нэхэмжлэгч Ч.Таас хүлээн авсан 24,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ат дутуу буюу 9,000,000 төгрөгийг шилжүүлээгүй байна. Түүнээс гадна хариуцагч нарын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний маргаан нь нэхэмжлэгчээс гаргасан газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой маргаанд харилцан тооцогдох боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ч.Таас газар эзэмших эрхийн үнэд шилжүүлсэн 9,000,000 төгрөг хариуцагч Вы эзэмшилд байх бөгөөд тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа үүссээгүй байна. Иймд Воос уг 9,000,000 төгрөгийг гаргуулж Ч.Тт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлд хамаарна.

Хариуцагч Вы итгэмгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-д заасан анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй гэж заасныг анхан шатны шүүх анхаараагүй гэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь маргаан бүхий газар эзэмших эрхийг хариуцагч Б.А шилжүүлсэн бөгөөд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.А аливаа нэгэн шаардлагыг гаргаагүй. Харин мөнгөн хөрөнгө шилжүүлсэн Ч.Тын үйлдэлд хуулийн дээрх заалт хамааралгүй байна. 

 

7. Эрх зүйн туслалцаа авах гэрээний үнэд төлсөн гэх 2,678,600 төгрөгийг өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан гэрээний хөлсийг хариуцагч нараас шаардах эрхгүй гэх, нэхэмжлэлээс үлдэх 78,600 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэгч нотлоогүй гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

   

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Вы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Вы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Вы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                              ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА