Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/02867

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .....................тоот хаягт байрлах Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ..................... тоот хаягт оршин суух, М овогт ЮЧ

Хариуцагч: Баянгол дүүрэг, ..............тоотод оршин суух, Х ургийн овогтой Ц А нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Хариуцагч Ю.Ч ын өмгөөлөгч Ц.Э

Хариуцагч Ц.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Э ХХК нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 2,681,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь компани худалдааны төрлөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд архи, шар айраг, согтууруулах ундааг худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй. Хариуцагч Ю.Ч , Ц.А нарт захиалгын дагуу бараа нийлүүлж байсан. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн ба тухайн төлбөрийг одоо хүртэл төлж барагдуулаагүй. Ийм учраас 2,680,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ю.Ч хариу тайлбараа: Нэхэмжлэгчийн мөнгө нэхэмжилж байгаа цаг хугацаа нь хоёр хариуцагчийн хоорондоо байгуулсан түрээсийн гэрээний хугацаанд хамаарч байна. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаа гэж ойлгосон. Энэ хугацаанд хариуцагч Ю.Ч нь хариуцагч Ц.А тэй түрээсийн гэрээ байгуулж, өөрийнхөө ажиллуулдаг Г Pub-г Ц.А-д түрээслүүлээд хариуцуулсан байдаг. Ц.А түрээсийн төлбөрөө орлогоосоо Ю.Ч-д төлөөд, ашгийг өөрөө авч байсан. Нэхэмжлэгч байгууллагаас нийлүүлсэн бараа материалыг хариуцагч өөрөө хариуцагч байсан. Тухайн цаг хугацаанд Ю.Ч тухайн рестораныг ажиллуулж байгаагүй. Ц.А гэдэг хүний ажиллуулж байх цаг хугацаанд авсан барааны үнийг нэхэмжлэгч тал нэхэмжилж байна. Хариуцагч Ю.Ч өөрийн түрээсийн үйл газартай холбоотой тооцоо байсан учир өмнө нь өөрөө авсан барааны үнийг төлөөд үлдэх тооцоог зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч Ц.А хариу тайлбартаа: Хариуцагч Ю.Ч , Ц.А тэй хамтран ажиллах, харилцан туслах гэрээний дагуу хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтарч ажиллахдаа Ц.А ашгийн 30 хувийг авч, үйл ажиллагааг хариуцан явуулахаар тохирсон. Гэрээний харилцаа 2020.01.28-2020.03.26-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Харин түрээсийн гэрээг дүр үзүүлсэн хийсэн хэлцэл юм. Түрээсийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь Ю.Ч хамтарч ажиллаж байхдаа зээлтэй холбоотой асуудал гараад байна. Түрээсийн гэрээ хийгээд өгөөч гэж гуйгаад байгуулсан. Нэхэмжлэгч тооцоо нийлсэн гэдэг. Тооцооны үлдэгдлийн баталгааны хугацаа 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн акт байгаа. Энэ актыг Ц.А тэй хийгээгүй, цаг хугацааны хувьд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 3/, тооцооны үлдэгдлийн баталгаа /1хх-ийн 5/, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 26,27/, зарлагын баримт /1хх-ийн 28/, гар бичмэл /1хх-ийн 29/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /1хх-ийн 41, 42/, зарлагын баримтууд /1хх-ийн 50-71/, зарлагын баримт /1хх-ийн 77, 78/, Г ийн бүртгэлийн баримт /1хх-ийн 79/, Э ХХК-ийн депозит дансны хуулга /1хх-ийн 89/, Э ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /1хх-ийн 90-93/, Хас банк ХХК-иас ирүүлсэн дансны хуулга /1хх-ийн 94-112/, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хамтран ажиллах, харилцан туслах тухай гэрээ /1хх-ийн 119, 120/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /1хх-ийн 123-126/, Г-ийн бүртгэлийн баримт /1хх-ийн 127,128/, Э ХХК-ийн дансны гүйлгээний баримт /1хх-ийн 130/, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 139-2хх-ийн 149/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

           1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ю.Ч , Ц.А нарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд худалдсан барааны төлбөрийн үлдэгдэл төлбөр 2,680,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Э ХХК нь архи, шар айраг, согтууруулах ундааг тусгай зөвшөөрлийн дагуу худалдан борлуулдаг. Хариуцагч Ю.Ч , Ц.А нарт захиалгын дагуу бараагаа нийлүүлсэн боловч төлбөрөөс 2,680,000 төгрөгийг төлөөгүй байна. гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч Ю.Ч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа барааг нийлүүлсэн цаг хугацаа нь хоёр хариуцагчийн хоорондоо байгуулсан түрээсийн гэрээний хугацаанд хамаарч байна. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Ю.Ч нь хариуцагч Ц.А тэй түрээсийн гэрээ байгуулж, өөрийнхөө ажиллуулдаг Г Pub-г Ц.А өд түрээслүүлсэн байсан. Энэ хугацаанд Ц.А түрээсийн төлбөрөө орлогоосоо Ю.Ч д төлөөд, ашгийг өөрөө авч байсан. Нэхэмжлэгч байгууллагаас нийлүүлсэн бараа материалыг хариуцагч Ц.А хариуцна. Тухайн цаг хугацаанд Ю.Ч тухайн рестораныг ажиллуулж байгаагүй, бараа аваагүй. ...Хариуцагч Ю.Ч өмнө нь өөрийн авсан барааны тооцоог хийсэн. Өөрийн түрээсийн газартай холбоотой тооцоо байсан учир тооцоо нийлсэн акт үйлдсэн гэж тайлбарласан.

 

5.Хариуцагч Ц.А нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Хариуцагч Ю.Ч , Ц.А тэй хамтран ажиллах, харилцан туслах гэрээний дагуу хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтарч ажиллахдаа Ц.А ашгийн 30 хувийг авч, үйл ажиллагааг хариуцан явуулахаар тохирсон. Гэрээний харилцаа 2020.01.28-2020.03.26-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Харин түрээсийн гэрээг дүр үзүүлсэн хийсэн хэлцэл юм. Түрээсийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь Ю.Ч хамтарч ажиллаж байхдаа зээлтэй холбоотой асуудал гараад байна. Түрээсийн гэрээ хийгээд өгөөч гэж гуйгаад байгуулсан. Нэхэмжлэгч тооцоо нийлсэн гэдэг. Тооцооны үлдэгдлийн баталгааны хугацаа 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн акт байгаа. Энэ актыг Ц.А тэй хийгээгүй, цаг хугацааны хувьд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Э ХХК-ийн 2022.02.21-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааны баримт /1хх-ийн 5/, Зарлагын баримт /1хх-ийн 28,50-71,77/, Ю.Ч , Ц.А нарын хооронд 2020.02.01-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ /1хх-ийн 26-27/, Ц.А ийн Хас банк дахь дансны хуулга /1хх-ийн 96-112/, Ю ХХК, Ц.А нарын хооронд 2020.01.29-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах, харилцан туслах тухай гэрээ /1хх-ийн 119-120/, Э ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /1хх-ийн12-126/, Г тооцооны баримт /1хх-ийн 79, 127-128/, С.Б-ийн Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 139-250/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1.Хариуцагч Ц.А болон Ю ХХК-ийн хооронд 2020.01.29-ний өдөр Хамтран ажиллах, харилцан туслах тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр талууд Баянгол дүүрэг, ........ тоот хаягт байрлах, Г ыг хариуцагч Ц.А хариуцан ажиллуулж, ашгийн 30 хувийг авахаар тохиролцсон байна. Гэрээний харилцаа 2020.01.26-2020.03.26-ны өдөр хүртэл үргэлжилж, талууд ашгаа хуваан авч байсан болох нь Ц.А ийн Хас банк дахь дансны хуулга, С.Б-ийн Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

6.2.Мөн нэхэмжлэгч Э ХХК-аас С 50л торхтой барааг 2020.01.26-2020.05.27-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүрэг, ......... тоот хаягт байрлах, Г хаягт захиалан авч байсан болох нь Э ХХК-ийн Зарлагын баримтаар нотлогдож байна.

 

7.Хариуцагч нарын хамтын хамтын үйл ажиллагаа 2020.01.26-2020.03.26-ны өдөр хүртэл үргэлжилж, энэ хугацаанд хариуцагч Ц.А үйл ажиллагааг эрхлэн явуулсан, зохигч талууд Э ХХК-тай бараа захиалгын гэрээг бичгээр байгуулж байгаагүй, хариуцагч нарын хамтын болон хариуцагч Ю.Ч ын үйл ажиллагаа явуулах хугацаанд ажилтан С.Б, н.А, Б.Х нар нэхэмжлэгч байгууллагаас бараа хүлээн авч байсан тухайд маргаагүй.

 

8.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч Ц.А нарын хооронд 2020.01.26-2020.03.26-ны өдөр хүртэл, нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч Ю.Ч нарын хооронд 2020.03.27-2022.03.21-ний өдөр хүртэл тус тус С 50л торхтой барааг шилжүүлэн өгч, төлбөрийг дараа төлөхөөр тохиролцсон хэлцэл хийгдсэн. Хэлцлийн агуулгаас үзвэл талуудын хооронд тус тус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

10.Хариуцагч Ц.А 2020.01.28-2020.03.26-ны өдөр хүртэл хугацаанд худалдан авсан барааны үнэ 1,468,160 төгрөг, хариуцагч Ю.Ч 2020.03.27-2022.03.21-ний өдөр хүртэл хугацаанд авсан барааны үнэ 1,211,840 төгрөгийг төлөхөөс татгалзах үндэслэл, төлбөрөө төлсөн нь талаар хэрэгт авагдсан нотлох баримгүй, хариуцагч нар нотолж чадаагүй байна.

 

11.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Ц.А өөс 1,468,160 төгрөг, хариуцагч Ю.Ч аас 1,211,840 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

12.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,900 төгрөгөөс 45,030 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 12,870 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ю.Ч аас 20,355 төгрөг, хариуцагч Ц.А өөс 24,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.А өөс 1,468,160 төгрөг, хариуцагч Ю.Ч аас 1,211,840 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,900 төгрөгөөс 45,030 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 12,870 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ю.Ч аас 20,355 төгрөг, хариуцагч Ц.А өөс 24,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР