Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2023/01893

 

 

 

 

 

 

 

 

2023 10 27 210/МА2023/01893

 

 

Э ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/02867 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК -ийн хариуцагч Ю.Ч, Ц.А нарт холбогдуулан гаргасан 2,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч Ц.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Э ХХК нь худалдааны төрлөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд архи, шар айраг, согтууруулах ундааг худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй. Хариуцагч Ю.Ч, Ц.А нарт захиалгын дагуу бараа нийлүүлж байсан. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн ба тухайн төлбөрийг одоо хүртэл төлж барагдуулаагүй. Ийм учраас 2,680,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ю.Ч ын тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Гэр грилл ресторан ажиллуулдаг. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Ц.А тэй гэрээ байгуулж, гэр грилл рестораны үйл ажиллагааг 100 хувь хариуцан ажиллуулахаар түрээсэлсэн. Энэ хугацаанд Ц.А нь Э ХХК -аас бараа бүтээгдэхүүн авч зараад төлбөрийг нь өгөөгүй байсан. Иймээс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Э ХХК -ийн нягтлан бодогчтой тооцоо нийлж гэр грилл ресторанд Ц.А нь 2,630,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан болохыг тодорхойлж төлбөрийн үлдэгдэл дээр гарын үсэг зурж баталгаажуулсан нь үнэн болно. Иймд Э ХХК -аас ямар нэгэн гэрээ байгуулж, гарын үсэг зурж бараа бүтээгдэхүүн аваагүй тул надаас төлбөр гаргуулах боломжгүй гэжээ.

3. Хариуцагч Ц.А ийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Ю.Ч, Ц.А тэй хамтран ажиллах, харилцан туслах гэрээний дагуу хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтарч ажиллахдаа Ц.А ашгийн 30 хувийг авч, үйл ажиллагааг хариуцан явуулахаар тохирсон. Гэрээний харилцаа 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Харин түрээсийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Түрээсийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь Ю.Ч хамтарч ажиллаж байхдаа зээлтэй холбоотой асуудал гараад байна. Түрээсийн гэрээ хийгээд өгөөч гэж гуйгаад байгуулсан. Нэхэмжлэгч тооцоо нийлсэн гэдэг. Тооцооны үлдэгдлийн баталгааны хугацаа 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн акт байгаа. Энэ актыг Ц.А тэй хийгээгүй, цаг хугацааны хувьд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А өөс 1,468,160 төгрөг, хариуцагч Ю.Ч аас 1,211,840 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,900 төгрөгөөс 45,030 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 12,870 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ю.Ч аас 20,355 төгрөг, хариуцагч Ц.А өөс 24,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Ц.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шийдвэрт ...хариуцагч Ц.А нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл худалдан авсан барааны үнэ 1,468,160 төгрөгийг ... хариуцагч нар нотолж чадаагүй гэжээ. Ц.А болон Ю.Ч нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх гэрээгээр тохиролцсоны дагуу өдөр тутмын үйл ажиллагааг 100 хувь хариуцаж, ашгийн 30 хувийг авахаар тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хугацаанд худалдан авч байсан мэтээр дүгнэж байгаа нь илт үндэслэл муутай хуульд нийцэхгүй байна. Иймд Ц.А өд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хамтран ажиллах, харилцан туслах гэрээний 2.2-т хамтын үйл ажиллагаа явуулсаны үр дүнд олсон орлогыг тухай бүр талуудад тохиролцсон хувиар хуваарилах гэж заасан. Ц.А нь тухайн олсон орлогын 30 хувийг авч байгаа учир нэхэмжилсэн үнийн дүнгийн 30 хувийг Ц.А нь төлөх ёстой. Иймд давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч Ю.Ч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Ю.Ч, Ц.А нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нэхэмжлэлийн үнийн дүнг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ю.Ч, Ц.А нарт холбогдуулан гэрээний үүрэгт 2,680,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Юмирэ ХХК-ийн захирал Ю.Ч, Ц.А нар хоорондоо 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хамтран ажиллах, харилцан туслах тухай нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.А нь 1 жилийн хугацаатай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 43-0 тоот хаягт байрлах, Гэр грилл ресторан, пабын үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллуулж, ашгийн 30 хувийг авах, Ю.Ч нь ашиг орлого авч байхаар харилцан тохиролцсон ба тэдгээр нь үйл ажиллагаанаас олсон ашиг орлогоо хуваан авч байсан үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан банкны депозит дансны хуулгаар тогтоогджээ. /хх119-120/

4. Талууд пабын үйл ажиллагааг хариуцагч Ц.А эрхлэн явуулсан бөгөөд Э ХХК -аас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний талаар маргаагүй. Харин худалдан авсан барааны үнийг хэн төлөх эсэх асуудлаар маргаж байна.

5. Дээрх тохиролцооны үндсэн дээр Ц.А нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, Ю.Ч нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд тус тус Э ХХК -аас Соёлж 50л торхтой барааг худалдан авч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдагч нь биет байдлын доголдолгүй Соёлж 50л торхтой барааг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Хэдийгээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч хэрэгт авагдсан Э ХХК -ийн зарлагын баримтууд, түүнд тусгагдсан мэдээллээр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг тодорхойлох боломжтой байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2-т зааснаар худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгджээ.

6. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

7. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Юмирэ ХХК-ийн захирал Ю.Ч нь Э ХХК -аас 2,630,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнэ хөлсөө төлөөгүй болохыг тэмдэглэж, тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зуржээ. /хх-5/ Уг баримтаас үзвэл хариуцагч нар өөрсдийн ажилласан хугацаанд нэхэмжлэгч Э ХХК -аас нийлүүлсэн барааны дээрх үнийн дүн бүхий төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй болох нь санхүүгийн анхан шатны баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

8. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Тодруулбал, нэхэмжлэгч Э ХХК -аас хариуцагч Ц.А нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 1,152,600 төгрөгийн бараа/хх28, 50-57, 77/ хариуцагч Ю.Ч нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 1,477,400 төгрөгийн бараа/хх58-71/ бүтээгдэхүүнийг тус тус хүлээн авчээ.

9. Иймд хариуцагч нар хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Ю.Ч аас 1,477,400 төгрөг, хариуцагч Ц.А өөс 1,152,600 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/02867 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Ч аас 1,477,400 төгрөг, хариуцагч Ц.А өөс 1,152,600 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 20,355 гэснийг 31,864 гэж, 24,675 гэснийг 25,966 гэж тус тус өөрчлөн хариуцагч Ц.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН