| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2017/0216/Э |
| Дугаар | 242 |
| Огноо | 2017-06-05 |
| Зүйл хэсэг | 258.2., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,
Улсын яллагч Н.Дамбадаржаа,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Буянбадрах,
Иргэний нэхэмжлэгч С.Март,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Хандармаа /1160/,
Шүүгдэгч Б.Гэрлээхүү, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа /1584/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Балбарын Гэрлээхүүд холбогдох эрүүгийн 201526022279 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1958 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт БГД-ийн 6-р бичил хороолол 26 байр 03 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Кореа Пансуу ХХК-нд захирал ажилтай байсан, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Балбарын Гэрлээхүү /РД:ХЕ58092070/.
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:
Шүүгдэгч Б.Гэрлээхүү нь 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор өөрийн нэр дээрх Кореа Пансуу компанийн үйл ажиллагааг зогсоон зориуд дампуурсанд тооцуулж, эд хөрөнгөө нуун дарагдуулж, шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.Гэрлээхүү мэдүүлэхдээ: “Манай Корей пансу ХХК нь Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж авсны дараа дахин мөнгөө аваад заалны ажлаа хийх ёстой юм байна гэж ойлгоод 84 дүгээр сургууль дээр очиж уулзахад мөнгө байхгүй гэсэн. Тэгээд би шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаад урдчилгаа мөнгөө өгөхгүй байх тул ажил хийх боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд эд зүйлээ барьцаанд тавиад ажлаа эхлүүлэх гэтэл 84 дүгээр сургуулийн захирал модон шалаа хуулаад цемент цутгаад хийж өг гэсэн. Тэгэхээр нь би ийм ажил хийж чадахгүй гэсэн. Тэгтэл 84 дүгээр сургуулийн захирал шийдвэр гүйцэтгэгч рүү утасдаж шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийж байгаа талаар хэлсэн ба шийдвэр гүйцэтгэлээс сургуулийн захирлын хэлснээр хийж өг гэсэн. Мэргэжлийн хяналтын газрын Алтансүх гэж хүнд хандахад стандартын дагуу хийж өг гэсэн. Тэгээд 10 см цемент цутгаад миний мөнгө дууссан. Манай компанийн ажилчид засал чимэглэлийн ажилчид бөгөөд өөр хүн нэмж ажил хийлгэсэн ба хөрөнгө мөнгөгүй тул ажлаа зогсоогоод хуульд зааснаар компанийхаа дампуурлыг зарласан. Миний бие шүүхийн шийдвэрийг боломжийн хэрээр биелүүлсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэхгүй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Буянбадрах мэдүүлэхдээ: Улсын Дээд Шүүхийн 573 дугаар тогтоолоор 84 сургуулийн 576 метр квадрат биеийн тамирын заалны шалны засварын ажлыг “Кореа пансу” ХХК-аар гэрээнд заасны дагуу шинээр гүйцэтгүүлэх тухай шийдвэр гаргасан” байсан. Тэгээд би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс явуулсан.
Гэрлээхүү удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй талаар хандаж байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа шаардсан.
Манай байгууллагаас 84 дүгээр сургууль дээр очиж зааланд орж үзэхэд модон шалан дээр хавтан хадаад резенин будгаар будсан байсан ба уг шал хөдөлгөөн орсон байсан ба талуудыг байлцуулж уулзуулахад “Корей пансу” ХХК-ийн захирал бетон цутгаж хийх талаараа зөвшөөрч байсан. Тэгээд шалаа цутгаж байгаад ажлаа хийхгүй орхисон тул сургуулийн зүгээс мэдэгдсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хаягийн дагуу мэдэгдлийг хүргүүлсэн боловч ажлаа хийж гүйцэтгээгүй тул холбогдох цагдаагийн байгууллагад хандсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Март мэдүүлэхдээ: “Мэргэжлийн хяналтын газраас заалны шалны ажил шаардлага хангахгүй хийснийг тогтоогоод 3 шатны шүүхийн шийдвэр гарсан ба олон хүүхдийн эрх зөрчигдөөд байна гэж үзсэн. Гэтэл өнөөдөр Гэрлээхүү гэж хүн анхнаасаа гэрээний дагуу шаардлага хангахгүй ажил хийсэн тул стандарт шаардлагаа хангаж хий гэдэг шаардлагыг тавьсан боловч хүлээж аваагүй.
Олон удаа янз бүрийн байдлаар заалны шалны ажлыг хийх талаар хандаж байсан боловч үгүйсгэж ярьсаар өнөөдрийг хүрлээ. Манай сургууль 15.5 сая төгрөгөөр, 4500 хүүхдийг сурах эрх тус тус хохироод явж байна.
Улсын дээд шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй явсаар ийм байдалд хүрлээ. Иймд манай сургууль өөр байгууллагад хандаж спорт заалны ажлыг хийлгэсэн. Анх гэрлээхүү модон шалан дээр нь хийнэ гэхэд нь болохгүй гээд байхад надаас зөрсөөд байгаад хийсэн нь хоёр ажил болоод байна.
Иймд манай сургууль Корей пансу ХХК-д шилжүүлсэн 15.8 сая төгрөгнөөс хийсэн ажлыг хасч 2.1 сая төгрөгийг хасч үлдэх мөнгийг буцаан олгож өгнө үү” гэв.
Гэрч Л.Наранчимэг мэдүүлэхдээ: “...2014 оны 7 дугаар сард манай 84 дүгээр сургууль А, Б биеийн тамирын заалыг засуулахаар “Кореа пансуу” ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээг тухайн байгууллагын өөрийнх нь үнийн санал ирүүлсэнээр судалж байгаад тус байгууллагаар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн биеийн тамирын А, Б заалны шалны засварын ажлыг хийлгэхээр болсон. Тэгээд тус байгууллага нь тус сургуулийн А, Б заалыг засварлах хугацаандаа ажлаа бүрэн хийж дуусгаагүй. Тэр үед “Кореа пансу” ХХК байгууллага нь стандартын завсарын ажлыг хийгээгүй. Тэгээд явсаар 2014 оны 9 дүгээр сард хүлээлгэж өгөөч гэсэн чинь тэмдэглэгээнүүдээ хийлгээгүй будаг байхгүй гээд байсан. Тухайн биеийн тамирын зааланд зассан шал нь модон шалан дээр шууд цутгаж хийсэн байсан болохоор эргээд хууларсан. Тэгээд тухайн үед ийм болчихлоо энийгээ үз гээд “Кореа пансуу” ХХК-ийн захирал Гэрлээхүүд хэлсэн чинь нэг удаа нөхөөд янзалсан. Тэгээд тэрнээс хойш дахиад Б заалны шал нь хууларчихсан. Тэгээд иргэний 3 шатны шүүхэд хандаад хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс 2015 оны 10 дугаар сард тус “Кореа Пансу” ХХК-ийн горимын дагуу дахин хийж гүйцэтгүүлэхээр шийдвэр гарсан. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Кореа пансу” ХХК-д хандсан боловч тус байгууллага нь манай сургуулийн заалны засварын ажлыг хийж өгөөгүй...” гэжээ. /1 хав 23/
Гэрч Б.Батзаяа мэдүүлэхдээ: “...2014 оны 5 сарын эхээр захирал Мартаа өрөөндөө дуудаад хурал хийсэн. Хурал дээр манай сургуулийн биеийн тамирын заалны шалны засварын ажлыг “Кореа пансу” ХХК-аар хийлгэхээр болсон. Энэ байгууллага нь ийм ийм материалаар хийнэ гэж байна гээд танилцуулсан. Тэгээд тэр үед “Кореа пансу” ХХК-ийн захирал Гэрлээхүү гэж хүн бид нар заалны засварыг 5 см зузаантай битон зутгаад дээр 5-8 мм зузаантай будгаар 2 дахин будагаар будна гэж ярьж байсан. Тэгээд Гэрлээхүү нь шал бол асуудалгүй би өөрөө Солонгос улсад олон жил ажилласан гэж байсан. Тэгээд тэрнээс хойш манай засварын ажил эхлэх үед байгаагүй засварын ажил 2014 оны 6 дугаар сарын сүүлээр эхэлсэн. Тэгээд сургуулийн биеийн тамирын заалны ажил эхэлсэний дараа 2 хоногийн дараа би сургууль дээр очиход засварын хүмүүс манай биеийн тамирын заал руу диспа хавтан зөөж оруулж байсан. Тэгээд хоёр хоногийн дараа дахиад сургууль дээр ирэхэд А зааланд диспа хавтан шалан дээр битүү шахсан байсан. ..нэг ажилтанаас нь бетон цутгах байсан яагаад хавтангаар хийж байгаа юм бэ гэсэн чинь би мэдэхгүй манай дарга мэднэ гэж хэлж байсан. Тэрнээс хойш би ойр ойрхон ирж байсан. ..намайг ирэхэд ногоон будгаар А заалыг будсан байсан. Тэгээд зааланд ил гарсан шрупны толгой ил гарсаныг цааш нь хийгээд байсан. Тэгээд тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Б зааланд нэг шар тор дэвсээд бор ууттай юм зуураад шалан дээр нь асгаад тэгшилж байсан. .. хичээл эхэлсэнээс хойш 2 долоо хоногийн дараа Б заалны шал 2-3 газараа цоороод эхлэхээр нь “Кореа пансуу” ХХК-д хэлсэн чинь хоёр ажилчин нь ирээд нөхөж өгөөд яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш дахиад ирэхээ больсон. Тэгсэн Б заалны шал 11 дүгээр сараас эхлээд урагдаад эхэлсэн бөгөөд 12 дугаар сараас эхлээд хичээл орохын аргаггүй болоод биеийн тамирын хичээл Б зааланд орохоо больсон. Тэгээд тэрнээс хойш манай сургуулийн зүгээс шүүхэд хандаад хамгийн сүүлд дээд шатны шүүхээс “Кореа пансуу” ХХК-аар манай сургуулийн заалны шалны засварын ажлыг хийлгэх шийдвэр гарсан...” гэжээ. /1 хав 24-25/
Гэрч С.Марта мэдүүлэхдээ: “...2012 оны хавраас эхлэн “Кореа пансу” ХХК-ийн захирал Гэрлээхүү гэх хүн барилгын дээвэр, биеийн тамрийн талбай заалны шал засварладаг гээд танайд ийм ажил байна уу гэж 2-3 удаа манай сургуульд хүсэлт ирүүлж байсан 2014 оны 5 дугаар сард Гэрлээхүүд итгээд 84 дүгээр сургуулийнхаа биеийн тамирийн А, Б шалны шалыг засварлуулахаар тохиролцсон. Тэгээд манай сургуулийн биеийн тамирийн 8 багш, нягтлан бодогч Мөнхтайван, нярав Наранчимэг нарыг байлцуулан биеийн тамирийн заалны шалны засварыг хийх дараалал технологийг горимыг “Кореа пансу” ХХК-аас манайд ирүүлсэн 2 удаагийн үнийн саналыг үндэслэн тодруулж ярилцаад тухайн байгууллагаас ирүүлсэн үнийг зөвшөөрч нэг ч төгрөг хасалгүйгээр засварын ажлыг хийлгэх гэрээ хэлцэл байгуулсан. Тэгээд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 84 дүгээр сургуулийн биеийн тамирийн А, Б хоёр заалны шалны засварын ажлыг эхлүүлж 14 хоногийн хугацаанд завсарын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.
Гэвч …2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай сугуулийн хичээл эхлэхэд засварын ажил дуусгаагүй байсан. “Кореа пансу” ХХК-ийн нэгдүгээрт өөрсдийнхөө ажлын дараалал технологийн горимоо баримтлаагүй, хоёрдугаарт хямд материалаар чанаргүй гүйцэтгэсэн, гуравдугаарт хугацаандаа ажлаа дуусгаагүй дөрөвдүгээрт гэрээгээ зөрчиж байгаа талаар бид нарын зүгээс тавьсан шаардлагыг анхнаасаа хүлээж аваагүй, тавдугаарт ажлаа дутуу гүйцэтгээд үлдэгдэл мөнгөө нэхэж дутуу хийсэн ажлаа хүлээж авахыг шаардаж гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймээс 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай сургуулийн зүгээс “Кореа пансу” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэх талаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчын хоёр удаагиин дүгнэлт гарж засварын ажил чанаргүй шаардлага хангахгүй болсон байна, барилгын хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд дээрх маргааны дагуу гурван шатны шүүхийн шийдвэр гарч “Кореа пансу” ХХК-ийг чанарын доголдолыг бүрэн арилгаж засварын ажлыг дахин шинээр хийж гүйцэтгэхийг даалгасан шийдвэр гарсан. Хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сард Улсын дээд шүүхийн шийдвэр гарсанаас хойш “Кореа пансу” ХХК-ийн захирал Гэрлээхүү иргэний үүргээ биелүүлж шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт манай сургуулийн зүгээс хандсан. Гэвч Гэрлээхүү нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж элдэв худал зүйл ярьж бичиг цаас ийш тийш өгсөөр 4 сар өнгөрсөн. Энэ …хоёр хичээлийн жилийн турш 84 дүгээр сургуулийн 4200 гаруй хүүхдүүд биеийн тамирийн хичээл, секц орох боломжгүй болж тэмцээн уралдаан зогсож сурах хөгжих эрх ашиг нь хохирч байна. Манай сургуулийн зүгээс хүүхдийн эрх ашгийг хохироохгүй чанаргүй гүйцэтгэсэн засварын ажлаа богино хугацаанд хийж гүйцэтгүүлэхийг “Кореа пансуу” ХХК-аас хүссэн. Гэвч тус байгууллагаас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай сургуульд ирүүлсэн бичигээс үзэхэд зориулалтын бус будгаар биеийн тамирийн заалны шалны будгийг зориулалтын бус будгаар будсан Эпокси будаг байгаагүй мэтээр бичсэн нь анхнаасаа ашиг олохын тулд төрийн байгууллагыг хууран мэхэлсэн зориудын залилангын шинжтэй үйлдэл хийсэн байна гэж ойлгогдохоор байна...” /1 хав 26-27/
Гэрч Д.Отгонжаргал мэдүүлэхдээ: “Анх 2015 оны 5 дугаар сард Гэрлээхүү гэх хүн нь манай сургууль дээр ирж танай сургуулийн А,Б заалны засварыг сайн хийнэ, би Солонгос улсад шал хийж байсан гэх мэтээр сайхан зүйлийг яриад захирал болон багш ажилчидад итгүүлсэн. Тэгээд манай сургууль Гэрлээхүү гэх хүнээр засварын ажлаа хийлгэхээр болоод 2015 оны зун засварын ажлыг хийгээд 2015 оны намар 9 дүгээр сард Гэрлээхүү А,Б заалын засварын ажлыг дуусгаад манай сургууль хичээлээ А, Б зааланд оруулж эхэлсэн. Тэгтэл хичээл ороод удаагүй А заалны шал хөвсийгөөд хөндийрч эхэлсэн. Тэгээд тухайн үед Гэрлээхүүд манай сургуулийн зүгээс хандсан чинь нэг удаа ирж нөхөөс тавьж өгсөн. тэгтэл тавьсан нөхөөс нь хуурч хагараад байсан. Тэгээд манай сургуулийн захиргаанаас Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж шүүхээс Гэрлээхүүг манай сургуулийн А,Б заалын засварын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх шийдвэр гарсан. Тэгтэл Гэрлээхүү нь өнөөдрийг хүртэл хугацаанд А заалны шалыг бетон зутган түүнээс өөр зүйл хийгээгүй. Б зааланд ямар ч засварын ажил хийгээгүй байгаа...” гэжээ. /1хав 122-123/
Гэрч И.Тамир мэдүүлэхдээ: “2015 оны 6 дугаар сард Гэрлээхүү гэж хүн манай 84-р сургуулийн биеийн тамирын А,Б заалны шалны засвар хийж будна гэж надтай болон манай захирал Март болон багш нартай уулзсан. Тэгээд тухайн үед Гэрлээхүү нь компани сайн хийдэг гээд яриад байсан. .. 8 дугаар сард ажилдаа ороход манай А,Б заалны засвар дуусаагүй байж байгаад 10 дугаар сар өнгөрөөгөөд засвар дууссан гээд манай сургуулийн хичээл тус зааланд орж эхэлсэн. Тэгсэн чинь хичээл ороод 7 хоног болоод А заалны шал хуулараад эхэлсэн. Тэгээд түүнээс хойш манай сургуулийн зүгээс шүүхэд өгөөд шүүхээс Гэрлээхүүг манай сургуулийн А,Б заалны засварын ажлыг дахин хийлгүүлэх шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсанаас хойш 2016 оны 01 дүгээр сард манай сургуулийн А заалны Гэрлээхүү дахин засвар хийх гэж шалыг нь хуулаад бетон зутгасан. Тэгээд цагаан сарын баярын дараа талыг нь хуваагаад бетон зутгаж түүнээс хойш дахиж ирээгүй. Гэрлээхүү нь шүүхийн шийдвэрийн дагуу манай сургуулийн А,Б заалны засварын ажлыг дутуу хийсэн...” гэжээ. /1хх 124-125/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 33/
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэр /1хх 38-40/
Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал /1хх 41-44/
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /1 хх 45-47, 2 хх 59-61/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/38027 дугаартай мэдэгдэл /1хх 48/
Ажил гүйцэтгэх гэрээ /1хх 72-74/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 126-127, 128/
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны 102/ШШ2016/05958 дугаартай шийдвэр /2 хх 68-71/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.
Шүүхийн дүгнэлт:
Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гэрлээхүүг “2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор өөрийн нэр дээрх “Кореа Пансуу” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоон зориуд дампуурсанд тооцуулж, эд хөрөнгөө нуун дарагдуулж, шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аливаа хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болсон бол Иргэний хуульд зааснаар хуулийн этгээдийн үйл ажиллагааг дамжууруулахаар иргэний шүүхэд хандах эрхтэй ба прокуророос шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийсэн гэх үйлдлийг тогтоогоогүй юм.
Түүнчлэн Прокуророос “Кореа Пансу” ХХК-ийг эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэх боловч ямар эд хөрөнгийг хэрхэн яаж нуун дарагдуулсан болох нь тодорхойгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгч Б.Гэрлээхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч Б.Гэрлээхүүг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, шүүхийн тогтоолыг санаатай биелүүлээгүй болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Буянбадрах /1 хх 20-21, 22/, иргэний нэхэмжлэгч С.Марта, гэрч Л.Наранчимэг /1 хх 23/, Б.Батзаяа /1 хх 24-25/, С.Марта /1 хх 26-27/, Д.Отгонжаргал /1 хх 122-123/, И.Тамир /1 хх 124-125/ нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 33/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэр /1 хх 38-40/, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал /1 хх 41-44/, Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /1 хх 45-47, 2 хх 59-61/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/38027 дугаартай Мэдэгдэл /1 хх 48/, ажил гүйцэтгэх гэрээ /1 хх 72-74/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 126-127, 128/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны 102/ШШ2016/05958 дугаартай шийдвэр /2 хх 68-71/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гэрлээхүү нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Гэрлээхүүг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, шүүхийн тогтоолыг санаатай биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Б.Гэрлээхүү нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг анхааруулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Иргэний нэхэмжлэгч 84 дүгээр “…сургуулийн спорт заалны ажлаа өөр хуулийн этгээдээр хийж гүйцэтгүүлсэн гэх ба “Кореа Пансу” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үнийг хасч үлдэх мөнгийг олгуулж өгнө үү” гэх боловч шүүх хуралдаанаар үүнийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь Кореа Пансу ХХК нь 84 дүгээр сургуулийн спорт зааланд хийгдсэн ажлын үнэлгээг 84 дүгээр сургуулийн хүсэлтээр хийгдсэн байх тул уг үнэлгээг үнэлэх боломжгүй юм.
Иймд иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Балбарын Гэрлээхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж мөн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Тайж овогт Балбарын Гэрлээхүүг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, шүүхийн тогтоолыг санаатай биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Тайж овогт Балбарын Гэрлээхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Б.Гэрлээхүү нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Тайж овогт Балбарын Гэрлээхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Гэрлээхүүгийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ