Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 143/ШШ2023/00299

 

 

 2023 оны 06 сарын 13 өдөр Дугаар 143/ШШ2023/00299 Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 сарын 10-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Өлзийнасан нь 2022 оны 09 дүгээр сард ******* гэх хүнээс ...........нэгж талбарын дугаар бүхий 816 мкв газрыг худалдан авсан бөгөөд тухайн үед тус газар дээр байсан айлыг ******* нь манай хамаатны хүмүүс түр буусан байгаа юм, удахгүй нүүчихнэ, би хэлчихье гээд утсаар би газраа зарсан учраас та нар нүүгээрэй гэж ярьсан байдаг юм. Ингээд Э.Өлзийнасан нь тухайн айлыг газар чөлөөлж өгөхийг хүлээж хэд хэдэн удаа нүүгээрэй, манайх газраа ашигламаар байна гэж хэлсэн байдаг боловч Д.******* нь нүүнээ гэчхээд өнөөдрийг хүртэл газар чөлөөлж өгөхгүй байгаа учраас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хаягт байрлах газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дондив овогтой ******* миний бие Өмнөговь аймаг Даланзадгад сум тоотод оршин суугч уг газрыг 2010 оны 5 сард Цэрэнтогооч овогтой Гэрэлмаагаас бэлэн мөнгө 650 000 төгрөгөөр худалдан авч 2011 оны 7 сард уг газар нүүж ирж 2 тал хашаа босгож буусан уг газар нь ус явдаг ховилтой газар байсныг тэгшилж буусан. Уг газрыг худалдаж авахад бэлэн мөнгө өгснийг гэр бүлийн хүн хүүхэд бүгд мэднэ би аймаг газар өмчилж авч чадаагүй байсан Гэрэлмаа нь манай хүүхэд *******ийн газар хүүхэд энэ газар буухгүй би гэрчилгээгийн авч өгнө мөнгөний хэрэгцээ гарлаа дүү нь нас барсан учир мөнгө хэрэг болоод гэж хэлээд авсан. Миний төрсөн ах Дондивын Бүнэ эхнэр хүүхдүүд нь болохоор итгээд тэгж байгаад гэрчилгээг нь аваад өгөх байлгүй гэж бодоод л яваад байсан хэд хэдэн удаа хэлж үзсэн. Гэрчилгээний мөнгө 60 000 төгрөг өгчих тэгвэл дор нь бүтээгээд өгнө гэж хэлж байсан. Тэр үед нь надад мөнгө байгаагүй 2022 оны 6 сард гэнэт ******* нь газраа нүү гээд утсаар хүн яриулаад унасан би тэгэхээр нь чи надад өртэй түүнийгээ өг гэж хэлсэн. Өмнөговь аймаг Гурвантэс суманд цагдаа байхдаа надаас 10 кг ноолуур авч яваад юу ч өгөөгүй байгааг нь хэлсэн өөрөө төлнө гэж хэлсэн. Уг газрыг худалдаж авсан гээд байгаа хүн нь надтай нэг ч удаа уулзаагүй дандаа утсаар ярьж байсан. Түрүүнд нь бас утсаар хэлд хэдэн хүн яриад наад газрыг чинь худалдаж авч байгаа гээд хүн яриулаад байдаг байсан учир би эхлээд учрыг нь хэлж байсан. Уг газрыг өгөхөд надад хүндрэлтэй байна. Би 2 гэрийн буйр цементлэн цутгаад бэхжүүлсэн өдий төдий хөрөнгө зараад өөрийн газар гэж бодоод яваад байдаг. Би сүүлд нь хохирч үлдэх гээд байна. Уг асуудлыг шийдэж өгөхийг хүсье. Уг газрыг хөрөнгө зарж авчихаад өгөхөд хохиролтой байна гэжээ.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө тухайн үед нь худалдаж авсан газар. Би гэрчилгээгээ авъя гэж олон удаа хэлсэн. Гэрчилгээгээ өгөхгүй надаас өөр зүйл нэхээд байсан учраас мөнгө төгрөг өгч байсан. Тэгээд гэрчилгээг нь авч өгөхгүй удсанаас болж ийм нөхцөл байдал үүсч байна. Намайг залилсан байна гэж ойлгож байна. Миний төрсөн ахын эхнэр, хүүхэд учраас гэрчилгээг нь тэгж байгаад аваад өгчих байх гэж бодож явсаар байгаад сүүлдээ өөрөө газаргүй, өчнөөн төгрөгийн хохиролтой үлдэх гээд байгаа. Нүүхэд хүндрэлтэй байна. Надад нүүж очоод буух өөр газар байхгүй. Өөр өмчилсөн газар байхгүй гэв

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч маргаан бүхий газрыг урьд нь өмчлөгчөөс худалдан авсан тухайгаа гэрчлэх зорилгоор гэрчүүд асуулгасан байгаа. Гэрч Гэрэлмаа гэж хүний зүгээс 650 000 төгрөгийг манай хүүгээс газар худалдан авах зориулалтаар төлсөн, тэр мөнгийг нь хүлээж авсан гэж мэдүүлсэн. Энэ 650 000 төгрөг гэдэг бага мэт сонсогдож байгаа боловч тухайн хэлцэл хийж байх үеийн ханшаар бодвол энэ газрын ханштай дүйх хэмжээний өртөг байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь өөрөө зарахгүй гэсэн ийм илэрхийлэл гаргаад яваад байсан. Мөн миний үйлчлүүлэгч тухайн газар дээр олон жил амьдарч байгаа. Ийм нөхцөл байгаа учраас энэ гэрээний харилцаа үргэлжилж байгаа гэх үүднээс энэ гэрээг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй болохоос биш энэ нь өөрөө худалдах худалдан авах гэрээний шинжээ агуулж байгаа. Нэг талаас тухайн эд хөрөнгийг эзэмшил, өмчлөлдөө авах хүсэлтэй Д.******* гэж хүн төлбөр төлж байна. Нөгөө талаас нь Д.******* гэж хүнийг тухайн газартаа амьдрах, оршин суух, биет байдлаар нь ашиглахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүн дээр ямар нэгэн маргаангүй. Энэ нь гэрээ байгуулаагүй боловч эс үйлдлээрээ тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ 2 хүний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хэлцэл хийгдсэн байна гэж үзэх бүрэн боломжтой. Нэг эд хөрөнгийг 2 этгээдэд худалдсан тохиолдолд хамгийн түрүүлж эзэмшилдээ авсан этгээд нь давуу эрхтэй байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Өлзийнасан нь хариуцагч Д.*******т холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг нь ... Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тухайн газрыг Д.******* гэж хүн худалдаж авсан үйл баримт тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл гэрч нараас мэдүүлэг авсан байдаг. Гэрч болох Гэрэлмаа нь тухайн өдөр 650 000 төгрөгөөр тийм харилцаа үүссэн гэж мэдүүлдэг боловч *******тэй тохиролцоо хийсэн үйл баримт тогтоогддоггүй. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар хэрвээ худалдах худалдан авах харилцаа үүссэн бол худалдан авч байгаа тал, худалдаж байгаа талын аль нь ч улсын бүртгэлд хандаж эрхээ хамгаалуулах буюу гэрчилгээ гаргуулах эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, үнэхээр газар худалдаж авсан үйл баримт нь үнэн юм бол яагаад өнөөдрийг хүртэлх гэрчилгээгээ гаргуулж аваагүй, яагаад гэрээ байгуулаагүй вэ гэдэг асуудал үүсч байна... гэж,

Хариуцагч тал нь ... Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан байдаг. Энгийн бодит амьдрал дээр худалдах худалдан авах гэрээг нотариат дээр очоод эсвэл албан газрын ширээн дээр сууж байгаад бичээд байгуулчихдаг. Иргэний хуулийн зохицуулалтуудаа харвал худалдах худалдан авах гэрээг тэд хоногийн дотор хийгээгүй бол хүчин төгөлдөр бусад тооцох тухай зохицуулалт байдаггүй. Ийм онцлогтой. Худалдах худалдан авах гэрээ гэдэг маань тухайн хэлцлийнхээ онцлогоос хамаарч хугацаа нь яригддаг. Зарим төрлийн хэлцэл, жишээ нь бартер, дэлгүүрт хийгдэж байгаа худалдах худалдан авах гэрээнүүд тухайн минут секундээр хэмжигддэг бол зарим төрлийн үл хөдлөх хөрөнгө, бизнесийн хэлцлүүд мөнгөө төлөх, тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ авах энэ дарааллууд нь зарим нэг онцлогоосоо хамаараад хэдэн жилийн дараа ч нөгөө тал нь гэрээний үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдлууд байдаг. Би өнөөдөр газар худалдаж авахаар 10 000 000 төгрөг хүнд өгөөд тэр хүн 3 жилийн дараа, магадгүй 10 жилийн дараа надад гэрчилгээгээ шилжүүлж өгөх боломжтой. Үүнийг тэр хугацаан дотор хийгээгүй бол энэ худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, энэ худалдах худалдан авах харилцаа биш гэж үзэх боломжгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Маргаан бүхий Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгж талбарын дугаар бүхий 816 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Сагсаа овогт Энхтөрийн Өлзийнасан болохыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар Газар үл хөдлөх эд хөрөнгө болно. Мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.4 дэх хэсэгт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтооно гэж тус тус заасан ба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг ойлгоно гэж тус тус заасан байна.

Хариуцагч Д.******* нь маргаан бүхий газрыг 2010 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт нь түүний ...уг газрыг 2010 оны 5 сард Цэрэнтогооч овогтой Гэрэлмаагаас бэлэн мөнгө 650 000 төгрөгөөр худалдан авч 2011 оны 7 сард уг газар нүүж ирж 2 тал хашаа босгож буусан уг газар нь ус явдаг ховилтой газар байсныг тэгшилж буусан. Уг газрыг худалдаж авахад бэлэн мөнгө өгснийг гэр бүлийн хүн хүүхэд бүгд мэднэ би аймаг газар өмчилж авч чадаагүй байсан Гэрэлмаа нь манай хүүхэд *******ийн газар хүүхэд энэ газар буухгүй би гэрчилгээгийн авч өгнө мөнгөний хэрэгцээ гарлаа дүү нь нас барсан учир мөнгө хэрэг болоод гэж хэлээд авсан. Миний төрсөн ах Дондивын Бүнэ эхнэр хүүхдүүд нь болохоор итгээд тэгж байгаад гэрчилгээг нь аваад өгөх байлгүй гэж бодоод л яваад байсан хэд хэдэн удаа хэлж үзсэн. Гэрчилгээний мөнгө 60 000 төгрөг өгчих тэгвэл дор нь бүтээгээд өгнө гэж хэлж байсан. Тэр үед нь надад мөнгө байгаагүй 2022 оны 6 сард гэнэт ******* нь газраа нүү гээд утсаар хүн яриулаад унасан би тэгэхээр нь чи надад өртэй түүнийгээ өг гэж хэлсэн... гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно. Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь бусдаас газар худалдаж авсан хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, өөрчлөлтийг хийлгэснээр өөрт нь өмчлөх эрх нь шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ба дээрх байдлаар газар худалдах, худалдан авах гэрээг хуульд заасны дагуу бүртгүүлээгүй тул Д.*******т газрыг өмчлөх эрх үүсээгүй, өмчлөгч болоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй ба хариуцагч нь маргаан бүхий газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Э.Өлзийнасанг бүртгэсэн бүртгэл үндэслэлтэй эсэх талаар маргаж өөр шүүхэд хэрэг үүсгэн шалгагдаж байгаа баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хариуцагч талын хүсэлтээр гэрч Ц.Гэрэлмаа, А.Сарантуяа, С.Баярмаа, Э.Наранбаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч нар нь маргаан бүхий газрыг хэрхэн авч, одоо хэрхэн ашиглаж байгаа талаар мэдүүлсэн боловч хариуцагчийг хуулийн дагуу газрыг өмчилж авсан болохыг нотолж мэдүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хаягт байрлах 4608002251 нэгж талбарын дугаар бүхий 816 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Д.*******ийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэни хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Өлзийнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Өлзийнасанд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.УГТАХБАЯР