Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/03847

 

 

 

 

 

 

                                2023       09          04

                   101/ШШ2023/03847

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б.Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , Бт холбогдох

 

Банкны данснаас хасалт хийсэн 2,035,864 төгрөгийг буцаан олгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, ажиллагааг холбогдох хууль, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд нийцүүлэн явуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. Б // миний бие нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 00814 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 1128 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 сарын 24-ны өдрийн 00362 тоот тогтоолоор Капитал банк ХХК-д 61,689,100 төгрөг төлөхөөр болж, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн ,,,,, -р байрны тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц /41,88 м.кв /-аар хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Гэтэл Б нь 2023 оны 04 сарын 12-ны 18:12 цагт Б овогтой Б // миний ХААН Банк дахь ,, тоот харилцах данснаас 2,035,864 төгрөгийг данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, данс эзэмшигчид мэдэгдэлгүйгээр НШШГГазрын Голомт банк дахь харилцах дансаар шилжүүлэн авч, миний эрхэнд халдсан үйлдэл гарлаа. Шүүхийн шийдвэр, захирамж болон гүйцэтгэх хуудсан дээр зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулахаар маш тодорхой заасаар байхад бусад хөрөнгө битүүмжлэх, данс хаах, харилцах данснаас мөнгө татах, хил гааль хаах зэрэг арга хэмжээнүүдийг нэмэлтээр авсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн үзэж байна. Зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй, өөр үүрэг ноогдуулсан хэлцэл байхгүй, үүргийн гүйцэтгэлд хангалттай хүрэлцэх юм. Б.Б миний дансыг хаах, данснаас мөнгө татах ажиллагааг явуулахдаа надад мэдэгдээгүй, утсаар ч яриагүй. Энэ хууль бус ажиллагааны талаар ШШГЕГ-ын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэхээс хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзжээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.7-д "Энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байна." хэмээн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь зөвхөн албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны хүрээнд явагдахыг хуульчилж өгсөн.

Нэхэмжлэлийн шаардлага:

Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.

Үүнд:

1.         Банкны төлбөр барагдуулах газраас Б.Б /РД:/-гийн ХААН Банк дахь харилцах данснаас хууль бусаар татсан 2,035,864 төгрөгийг гаргуулж Б.Бд буцаан олгуулах,

2.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, ажиллагааг холбогдох хууль, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд нийцүүлэн явуулахыг даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

1а. Би 3 шатны шүүхийн шийдвэрээр Капитал банкны эрх хүлээн авагчид төлөх, төлөхгүй бол орон сууцаар үүрэг хангуулахаар шийдвэр гарсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газар нь миний данснаас 2 сая төгрөгийг данс эзэмшигчид мэдэгдэхгүйгээр шилжүүлэн авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгө шүүхийн шийдвэрт тодорхой байхад өөр хөрөнгө уруу халдсан нь хууль бус юм. Уг орон сууцанд үүрэг ногдуулсан өөр хэлцэл байхгүй. Данснаас гүйлгээ хийхдээ надад мэдэгдээгүйгээс би хүнд байдалд орсон. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн аваагүй. Гүйцэтгэх баримтад дурдсанаас өөрөөр ажиллагаа явуулсан. 2 сая төгрөгийг буцаан гаргуулах, ажиллагаа анхнаасаа хууль бус байсныг тогтоож, гүйцэтгэх хуудсанд нийцүүлэн явуулахыг даалгахыг хүснэ. Хуулийн 44.7-д ажиллагаа нь гүйцэтгэх баримт бичигтэй нийцсэн байхаар заасан. Дансыг нээснээр ажиллагаа буруу явуулснаа зөвшөөрсөн гэж үзнэ. Орон сууц нь эхнэр болон 2 хүүхэд гээд 4 хүний өмч бөгөөд одоо хөдөөгийн оюутан амьдардаг гэв.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч С.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 814 дүгээр шийдвэрээр Б.Бгаас 61,689,100 төгрөгийг болон УТХ 536,595 төгрөгийг тус тус гаргуулж Капитал банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1128 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 362 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 814 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14161 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч тус шүүхийн 1280 шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22360361 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч Б.Бтай уулзаж эрх үүргийг танилцуулан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.2.13 төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах данс дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих гэж заасан үндэслэл журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ  Хаан банкны ,, тоот харилцах данснаас 2,035,864 төгрөгийг.... татаж авсан тухай дурдсан байна. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Б.Бгийн “данс нээлгэх тухай хүсэлт” гүйцэтгэх баримт бичигт нотлох баримтаар авагдсан .

44.З. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.

44.4. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гэж хуульд тодорхой заасан байхад гомдол гаргах дараалал зөрчсөн мөн 86.2. Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна., ШШГТХуулийн 76 дугаар зүйл 76.1, 76.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

2а. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж байсан. Хуулийн 44.2.10-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулсан. Мөн нэхэмжлэгчийн данс нээлгэх хүсэлт хэрэгт авагдсан байдаг. Энэ талаар 7 хоногийн дотор гомдол гаргаж болох байсан боловч дарааллыг алдагдуулсан. Гомдол гаргах дараалал зөрчсөн. Эхний ээлжид бэлэн мөнгөнөөс төлбөр гаргуулахаар хуульчилсан. Иймд хуулийн дагуу ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь төлбөр авагчтай утсаар ярьж маргаж буй мөнгийг төлбөрт тооцохыг хүссэн байдаг. Нэхэмжлэгч нь хүсэлт гаргасан бөгөөд гомдол гаргаагүй юм гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14161 дүгээр захирамжийн хуулбар /хх5-6/, шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх7/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00814 дүгээр шийдвэрийн хуулбар /хх8-16/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1128 дугаар магадлалын хуулбар /хх17-24/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 00362 дугаар тогтоолын хуулбар /хх25-30/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа 3 ширхэг /хх32-34/, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол /хх35/, шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03/1579 дүгээр албан тоот /хх36/

3б. Хариуцагчаас шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх56-57/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх58/, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх59/, эрх, үүрэг танилцуулсан баримтын хуулбар /хх60/, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдээллийн хуулбар /хх61/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх62/, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын хуулбар /хх63/, данс нээх тухай хүсэлтийн хуулбар /хх64/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Б.Б нь банкны данснаас хасалт хийсэн 2,035,864 төгрөгийг буцаан олгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, ажиллагааг холбогдох хууль, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд нийцүүлэн явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдаж байгаа, мөнгөн хөрөнгийг хуульд зааснаар төлбөрт тооцож, зарлагын гүйлгээ хийсэн гэж маргаж байна.

 

4.         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00814 дүгээр шийдвэрээр энэ хэргийн нэхэмжлэгч Б.Бгаас 61,689,100.12 төгрөг гаргуулж, Капитал банкны эрх хүлээн авагчид олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх8-16/ Мөн тус хэргийн хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн ,,,,,тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,, дугаар бүртгэгдсэн, 40.59 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан.

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1128 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 00362 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх17-24, 25-30/

Цаашлаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14161 дүгээр захирамжаар дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, мөн өдөр 01280 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх5-6, 7/

Дээрх гүйцэтгэх баримт бичгийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 22360361 дүгээр тогтоол гарсан байна. /хх58/

Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч Б.Бтай уулзалт хийж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, холбогдох мэдэгдлийн хуулбараар тогтоогдсон. /хх59, 62/

4а. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш төлбөр төлөгчтэй уулзалт хийх хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь намайг дуудаж байгаагүй гэж тайлбарласан бол хариуцагчийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын ачаалал, ажлын зохион байгуулалттай холбоотойгоор ажиллагаа удааширсан гэж тайлбарласан.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсантай холбоотой гомдол гаргасан үйл баримт тогтоогдоогүй.

 

5.         Банкны төлбөр барагдуулах газраас 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай ,,, дугаар тогтоол гарч, арилжааны банкнуудад хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /хх63/

Уг тогтоолын дагуу Хаан банк дахь нэхэмжлэгчийн данснаас 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 2,035,864.03 төгрөгийн хасалт хийсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Энэхүү тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчийн бэлэн болон бэлэн бус мөнгөн хөрөнгөнөөс эхлэн явуулна гэж заасантай нийцсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.2.13-т заасан эрхийн хүрээнд хийгдсэн ажиллагаа болжээ.

6.         Ийнхүү нэхэмжлэгчийн данснаас хасалт хийсэн ажиллагаа нь дээрх гүйцэтгэх баримт бичигт дурдсан мөнгөн дүнгээс хэтрээгүй байх тул уг хасалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Тодруулбал, шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан байгаа нь мөнгөн хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан зохицуулалт биш юм.

 

7.         Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь гүйцэтгэх баримт бичигт үндэслэн энэ хэргийн нэхэмжлэгчид холбогдуулан үүсгэгдэж, үргэлжлэн явагдсан тул ажиллагаа бүхэлдээ хууль бус явагдсан гэх үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэлийн үндэслэл болсон банк дахь данснаас хасалт хийсэнтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан, зөвхөн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгөтэй холбогдуулан ажиллагаа явагдах ёстой гэх тайлбарууд нь дээр дурдсанаар үндэслэлгүй байна.

 

8.         Харин нэхэмжлэгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гаргасан гомдолд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч мөн оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариу өгсөн байна. Улмаар нэхэмжлэгч нь 21-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэх тайлбар үндэслэлгүй.

 

9.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 117,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д зааснаар хариуцагч Бт холбогдох банкны данснаас хасалт хийсэн 2,035,864 төгрөгийг буцаан олгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, ажиллагааг холбогдох хууль, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд нийцүүлэн явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 117,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.Г