Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01952

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/03847 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч Б-т холбогдуулан гаргасан банкны данснаас хасалт хийсэн 2,035,864 төгрөгийг буцаан олгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, ажиллагааг холбогдох хууль, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд нийцүүлэн явуулахыг даалгах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр Б.Б-гаас 61,689,100 төгрөг гаргуулж Капитал банкны эрх хүлээн авагчид олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байрны 117 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Б- нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний Хаан банк дахь 5498002811 тоот данснаас 2,035,864 төгрөгийг зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн авч, миний эрхэд халдсан. Шүүхийн шийдвэр, захирамж болон гүйцэтгэх хуудсанд үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулахаар заасан байхад данснаас мөнгө татсан нь үндэслэлгүй. Иймд Банкны төлбөр барагдуулах газраас харилцах данснаас хууль бусаар татсан 2,035,864 төгрөгийг гаргуулж Б.Б-д буцаан олгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, ажиллагааг холбогдох хууль, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд нийцүүлэн явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ... Шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч Б.Б-тай уулзаж эрх үүргийг танилцуулан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.2.13-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцсэн. Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.З, 44.4 дэх хэсэгт заасан гомдол гаргах дарааллыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д зааснаар хариуцагч Б-т холбогдох банкны данснаас хасалт хийсэн 2,035,864 төгрөгийг буцаан олгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, ажиллагааг холбогдох хууль, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд нийцүүлэн явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 117,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн, энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгчийн данснаас 2023.04.12-ны өдөр 2,035,864 төгрөгийн хасалт хийсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэсэн. Нэхэмжлэгч нь харилцах данснаас мөнгө татсан асуудлыг хууль бус болохыг тогтоолгохоор ахлах шийдвэр гүйцэтэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан бөгөөд хуулийн дагуу шийдвэрлээгүй тул иргэний шүүхэд хандаж, улмаар иргэний хэрэг үүсгэсэн атлаа шүүхийн шийдвэр гаргахдаа талууд маргаагүй хэмээн дүгнэсэн нь үнэнд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 7 дахь хэсгүүдэд дурдсан тайлбарууд нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б-т холбогдуулан банкны данснаас хасалт хийсэн 2,035,864 төгрөгийг буцаан олгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, тус ажиллагааг холбогдох хууль болон албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд нийцүүлэн явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 814 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Б.Б-гаас 61,689,100 төгрөг гаргуулж, Капитал банкны эрх хүлээн авагчид олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байр, 117 тоот хаягт байрлах, 40.59 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 8-30-р тал/

3.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

3.б.Төлбөр төлөгч Б.Б- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Капитал банкны эрх хүлээн авагчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1280 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 56-57-р тал/

3.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгч Б.Б-д мэдэгдсэн байна. /хх-ийн 58, 62-р тал/

3.г.Улмаар хариуцагч байгууллага нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол үйлдэж арилжааны банкуудад хүргүүлсэн байх бөгөөд мөн өдөр төлбөр төлөгч Б.Б-гийн Хаан банк-ны данснаас 2,035,864 төгрөгийн хасалт хийсэн болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 31, 63-р тал/

3.д.Дээрх ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар талууд маргасан ба анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, төлбөрийг төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулж болох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан.

Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгчийн харилцах данснаас хасалт хийсэн ажиллагаа нь хуульд заасан дарааллыг зөрчөөгүй, мөн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнээс хэтрээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

5.Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсэгт заасан зохицуулалт нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээнд хамаарах үйл ажиллагаа нь  гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байх хуулийн шаардлагатай холбоотой харилцааг зохицуулна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд холбоотой шаардах эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт уг зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/03847 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 44.7-д ... гэснийг 44.4 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б-гаас төлсөн 117,724 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ