Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01401

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01274 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Р.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж,дэвтэрт бичилт хийлгэх, 2018 оны 12 дугаар сард ажилласан хугацааны цалин хөлс 337 682 төгрөг гаргуулах, 12 сард ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Т, хариуцагчийн төлөөлөгч О.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018.11.14-ний ѳдѳр М ХХК-ийн менежер Ѳлзиймаатай тохиролцож 2018.11.15-ны ѳдрийн 9 цагаас тус компанид ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зѳрчил гаргаж, чѳлѳѳ авч байгаагүй. 2018.11.15-ны ѳдрѳѳс 2019.11.15-ны ѳдѳр хүртэл 1 жилийн хугацаатай хѳдѳлмѳрийн гэрээ байгуулсан. 2018.12.11-ний ѳдѳр намайг амарч байхад Алтанзул гэх хүнийг нягтлан бодогчоор авсан байсан. Таны туслах гэж надад хэлсэн. 12.11-ний ѳдѳр захирал намайг дуудаж кассын баримт аваагүй байна, алдаа гаргасан тул ажлаас халлаа гэж хэлсэн. Хѳдѳлмѳрийн гэрээний эхний хуудсыг сольсон байсан. Хѳдѳлмѳрийн гэрээнд 26 хоногийн хугацаатай буюу 2018.12.11-ний ѳдѳр хүртэл гэж бичсэн байсан. Хѳдѳлмѳрийн нѳхцѳл дээр нь туршилтын гэж бичсэн байсан. Анхнаасаа надтай туршилтын хугацааны талаар ярьж тохироогүй. Хэрвээ намайг алдаа гаргасан гэж байгаа бол арга хэмжээ авах ёстой байсан. Иймээс намайг М ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгуулэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай хөлстэй тэнцэх олговорт 2 000 000 тѳгрѳг, нийгмийн даатгалын шимтгэл нѳхѳн тѳлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, 2018 оны 12 дугаар сард ажилласан цалин 337 682 тѳгрѳг нэхэмжилж байсан нь буруу тооцоололтой байсан тул нэмэгдуулж 428 571 тѳгрѳг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл тѳлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тайлагнаж тѳлѳѳгүй, ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой хохирол буюу жирэмсний тэтгэмж 1 721 625 тѳгрѳг, амаржсаны тэтгэмж 1 681 587 тѳгрѳг, ѳмгѳѳллийн хѳлс 500 000 тѳгрѳг гаргуулж ѳгнѳ үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн тѳлѳѳлѳгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг манай компани ажлын 22 хоног буюу туршилтын хугацаагаар нягтлан бодогчоор ажилд авсан. Хѳдѳлмѳрийн дотоод журмын 6.2.7-д туршилтын хугацаа 1 сарын хугацаатай, 6.7-д ажил олгогч нь байнгын ажлын байранд ажилтантай тохиролцож туршилтын ажилтнаар авч болно, 6.8-д туршилтын хугацаа дууссаны дараа ажилд авах эсэхийг ажил олгогч дангаараа шийднэ гэж заасан тул Хѳдѳлмѳрийн тухай хуулийн 37 дугаар зуйлийн 37.1.3-т зааснаар 2018.12.11-ний ѳдѳр А/63 тушаалаар ажлаас чѳлѳѳлсѳн. Иймд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй. Ажиллаж байх хугацаандаа Тэ нь мэдлэг ур чадвар дулимаг, орлого зарлагын баримтыг буруу үйлдэж алдаа, дутагдал гаргаж байсан. Р.Тэтэй туршилтын хугацаатай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед жирэмсэн байсан гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нѳхѳн тѳлѳхѳд манай талаас татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь тухайн үед 2 компанид ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Нэхэмжлэлийг зѳвшѳѳрѳхгүй гэжээ.

 

Шүүх: Хѳдѳлмѳрийн тухай хуулийн 128 дугаар зуйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Галдан тойн овогт Рэнжингийн Тийг "М" ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч "М" ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 000 000 / хоёр сая/ тѳгрѳг, 2018 оны 12 дугаар сарын цалин 428 571 /дѳрвѳн зуун хорин найман мянга таван зуун далан нэг/ тѳгрѳг гаргуулж нэхэмжлэгч Р.Тэд олгож, Хѳдѳлмѳрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох цалин, олговроос зохих суутгал хийж, ажил олгогчоос тѳлѳх нийгмийн даатгалын шимтгэлийг тѳлж, нийгмийн даатгалын дэвтэрт нѳхѳн бичилт хийхийг хариуцагч "М" ХХК-д даалгаж, Хѳдѳлмѳрийн тухай хуулийн 128 дугаар зуйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч "М" ХХК-иас жирэмсэний болон амаржсаны тэтгэмжид 3 403 212 /гурван сая дѳрвѳн зуун гурван мянга хоёр зуун арван хоёр/ тѳгрѳг гаргуулж нэхэмжлэгч Р.Тэд олгож, ѳмгѳѳлѳгчийн хѳлс 500 000 тѳгрѳгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.1, 60 дугаар зуйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1.1, 41 дугээр зуйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тѳлсѳн 36 149 тѳгрѳгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108 258 тѳгрѳг гаргуулж 36 149 тѳгрѳгийг нэхэмжлэгчид, 72 109 тѳгрѳгийн улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Р.Тэ нь манай компанитай 2018 оны 11-р сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг туршилтын ажлын 22 хоногийн хугацаагаар байгуулж, нягтлан бодогчоор ажилд орсон. Хавтаст хэрэгт авагдсан жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудаснаас харахад Р.Тэ нь 2019 оны 02-р сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2 сарын дараа байна Манай компанид энэ асуудал нь хамааралгүй. Түүнчлэн 2019 оны 01-р сарын 09-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос Р.Тэ нь "Сисан" ХХК-д давхар ажилладаг болох нь харагддаг.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ уг компаниар дамжуулан нийгмийн даатгалаас авсан байх бүрэн боломжтой.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ нийгмийн даатгалаас аваагүй гэх баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой.Түр хугацаагаар нягтлан ажилд авах шаардлага үүсэж Р.Тэтэй нэг сарын хугацаанд ажиллахаар харилцан тохиролцсон. Туршилтын хугацаагаар ажилд авсан. Нэхэмжлэгч нэг сар буюу ажлын 22 хоногийн хугацаагаар манай компанид ажиллах юм байна гэдэгээ анх ажилд орохдоо маш сайн мэдэж байсан. Ажиллах хугацаандаа санхүүгийн алдаа дутагдал гаргасан. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрдөг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй  гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Р.Тэ нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 000 000 төгрөг, 12 дугаар сард ажилласан 9 хоногийн цалин 428 571 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тайлагнаж төлөөгүй, ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой хохирол буюу жирэмсний тэтгэмж 1 721 625 төгрөг, амаржсаны тэтгэмж 1 681 587 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, нийт 6 331 783 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ. /хх1-4, 25/

 

Нэхэмжлэгч Р.Тийг "М" ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/63 дугаар тушаалаар туршилтын хугацаанд ажилласан тул гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр тус компанийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн. /хх12 тал/ Талууд хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулсан эсэх, ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудлаар маргжээ.

 

Нэхэмжлэгч нь  "М" ХХК компанийн нягтлан бодогчоор  2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан, цалинг 1 000 000 төгрөгөөр тохиролцсон үйл баримт  тогтоогдож байна. /хх-30-33 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй. Хэргийн 30-33 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан гарын үсэг зурсан боловч ажил олгогч зураагүй, хэргийн 79-82 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээ хуулбар,нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болдог. Хөдөлмөрийн гэрээг ажилтантай зохих ёсоор байгуулаагүйд ажилтан буруугүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болдог хэдий ч ажил олгогч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх байдал, үндэслэл шалтгаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан, ажилтныг ямар үндэслэлээр цаашид ажилуулахгүй болсон, мэргэжил, ур чадварыг хэрхэн дүгнэсэн болохоо нотлоогүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглох заалтыг зөрчжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг нягтлан М.Алтанзулын оронд ажилд авсан, дээрх ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар хэвээр хадгалагдаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд  нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Мөн нэхэмжлэгчийн цалин олговрыг тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул хариуцагчид энэ талаар үүрэг болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлж, тайлагнаагүйгээс нэхэмжлэгч жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй болох нь хэрэгт авагдсан жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас зэрэг баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас 3 403 212 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Харин Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад холбогдох хуулийн нарийвчилсан зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул зөвтгөж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчлөх нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусдыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01274 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128 дугаар зүйлийн 128.1” гэснийг “128 дугаар зүйлийн 128.1.2” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 510 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД