Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00407

 

Р.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01274 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1401 дүгээр магадлалтай,

Р.Т-ийн нэхэмжлэлтэй,

“М Э В” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ажилласан хугацааны цалин гаргуулах, ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой учирсан хохирол буюу жирэмсний болон амаржсаны тэтгэмж, өмгөөлөгчийн хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачитын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Т-э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Т-э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018.11.14-ний ѳдѳр “Метал энд вүүд” ХХК-ийн менежер Ѳлзиймаатай тохиролцож 2018.11.15-ны ѳдрийн 9 цагаас тус компанид ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зѳрчил гаргаж, чѳлѳѳ авч байгаагүй. 2018.11.15-ны ѳдрѳѳс 2019.11.15-ны ѳдѳр хүртэл 1 жилийн хугацаатай хѳдѳлмѳрийн гэрээ байгуулсан. 2018.12.11-ний ѳдѳр намайг амарч байхад Алтанзул гэх хүнийг нягтлан бодогчоор авсан байсан. Таны туслах гэж надад хэлсэн. 12.11-ний ѳдѳр захирал намайг дуудаж кассын баримт аваагүй байна, алдаа гаргасан тул ажлаас халлаа гэж хэлсэн. Хѳдѳлмѳрийн гэрээний эхний хуудсыг сольсон байсан. Хѳдѳлмѳрийн гэрээнд 26 хоногийн хугацаатай буюу 2018.12.11-ний ѳдѳр хүртэл гэж бичсэн байсан. Хѳдѳлмѳрийн нѳхцѳл дээр нь туршилтын гэж бичсэн байсан. Анхнаасаа надтай туршилтын хугацааны талаар ярьж тохироогүй. Хэрвээ намайг алдаа гаргасан гэж байгаа бол арга хэмжээ авах ёстой байсан.

Иймээс намайг “М Э В” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай хөлстэй тэнцэх олговорт 2 000 000 тѳгрѳг, нийгмийн даатгалын шимтгэл нѳхѳн тѳлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, 2018 оны 12 дугаар сард ажилласан цалин 337 682 тѳгрѳг нэхэмжилж байсан нь буруу тооцоололтой байсан тул нэмэгдүүлж 428 571 тѳгрѳг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл тѳлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тайлагнаж тѳлѳѳгүй, ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой хохирол буюу жирэмсний тэтгэмж 1 721 625 тѳгрѳг, амаржсаны тэтгэмж 1 681 587 тѳгрѳг, ѳмгѳѳллийн хѳлс 500 000 тѳгрѳг, нийт 6 331 783 төгрөгийг гаргуулж ѳгнѳ үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг манай компани ажлын 22 хоног буюу туршилтын хугацаагаар нягтлан бодогчоор ажилд авсан. Хѳдѳлмѳрийн дотоод журмын 6.2.7-д туршилтын хугацаа 1 сарын хугацаатай, 6.7-д ажил олгогч нь байнгын ажлын байранд ажилтантай тохиролцож туршилтын ажилтнаар авч болно, 6.8-д туршилтын хугацаа дууссаны дараа ажилд авах эсэхийг ажил олгогч дангаараа шийднэ гэж заасан тул Хѳдѳлмѳрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар 2018.12.11-ний ѳдѳр А/63 тушаалаар ажлаас чѳлѳѳлсѳн. Иймд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Ажиллаж байх хугацаандаа Түмэн-Эрдэнэ нь мэдлэг ур чадвар дулимаг, орлого зарлагын баримтыг буруу үйлдэж алдаа, дутагдал гаргаж байсан. Р.Т-этэй туршилтын хугацаатай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед жирэмсэн байсан гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нѳхѳн тѳлѳхѳд манай талаас татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь тухайн үед 2 компанид ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Нэхэмжлэлийг зѳвшѳѳрѳхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01274 дүгээр шийдвэрээр: Хѳдѳлмѳрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Галдан тойн овогт Рэнжингийн Түмэн-Эрдэнийг “М Э В” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч "М Э В" ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 000 000 / хоёр сая/ тѳгрѳг, 2018 оны 12 дугаар сарын цалин 428 571 /дѳрвѳн зуун хорин найман мянга таван зуун далан нэг/ тѳгрѳг гаргуулж нэхэмжлэгч Р.Т-эд олгож,  

Хѳдѳлмѳрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох цалин, олговроос зохих суутгал хийж, ажил олгогчоос тѳлѳх нийгмийн даатгалын шимтгэлийг тѳлж, нийгмийн даатгалын дэвтэрт нѳхѳн бичилт хийхийг хариуцагч "М Э В" ХХК-д даалгаж,

Хѳдѳлмѳрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч "М Э В" ХХК-иас жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 403 212 /гурван сая дѳрвѳн зуун гурван мянга хоёр зуун арван хоёр/ тѳгрѳг гаргуулж нэхэмжлэгч Р.Т-эд олгож, ѳмгѳѳлѳгчийн хѳлс 500 000 тѳгрѳгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тѳлсѳн 36 149 тѳгрѳгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108 258 тѳгрѳг гаргуулж 36 149 тѳгрѳгийг нэхэмжлэгчид, 72 109 тѳгрѳгийн улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1401 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01274 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128 дугаар зүйлийн 128.1” гэснийг “128 дугаар зүйлийн 128.1.2” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 510 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1401 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Р.Т-ийг “М Э В” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын цалин 428 571 төгрөг, нэхэмжлэгчид олгох цалин, олговроос зохих суутгал хийж, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 403 212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шаардлагуудаас хариуцагч компани нь 2018 оны 12 дугаар сарын цалин 428 571 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг төлбөрөөс зохих суутгал хийж, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхэд татгалзах зүйлгүй юм.

Хоёр. Харин үлдэх Р.Т-ийг “М Э В” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 000 000 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 403 212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй юм.

Учир нь Нэхэмжлэгч Р.Т-э нь манай компанитай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг туршилтын ажлын 22 хоногийн хугацаагаар байгуулж, нягтлан бодогчоор ажилд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 -д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэж заасны дагуу туршилтын хугацаагаар ажилд авсан.

Түүнчлэн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.7 “Туршилтын хугацаа сар”, 6.7-д “Ажил олгогч нь байнгын ажлын байранд ажлын байранд ажилчинтай тохиролцсоны үндсэн дээр туршилтын хугацаагаар ажилд авч болно” 6.8-д “Туршилтын хугацаа дууссаны дараа үндсэн ажилчнаар авах эсэх асуудлыг ажилтны оролцоогүйгээр ажил олгогч дангаараа шийднэ” гэж тус тус заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/63 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

Гурав. Хавтаст хэрэгт авагдсан жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудаснаас харахад нэхэмжлэгч Р.Т-э нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2 сарын дараа байна. Манай компанид энэ асуудал нь хамааралгүй байна.

Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос нэхэмжлэгч Р.Т-э нь “Сисан” ХХК- д давхар ажилладаг болох нь харагддаг юм. Өөрөөр хэлбэл жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ уг компаниар дамжуулан нийгмийн даатгалаас авсан байх бүрэн боломжтой' байна. Нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ Нийгмийн даатгалаас аваагүй талаарх нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дөрөв. Бодит байдал манай компанийн хувьд түр хугацаагаар нягтлан ажилд авах шаардлага үүсч Р.Т-этэй нэг сарын хугацаанд ажиллахаар харилцан тохиролцсон. Тухайн үед нэхэмжлэгчийг жирэмсэн гэдгийг бүгд мэдэж байсан. Энэ талаараа ч хоёр тал тохиролцсон. Түүнчлэн давхар ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлын хүртэл мэдэж байсан. Тийм ч учраас нэхэмжлэгч нэг сар ажиллахаар болсондоо баяртай байсан. Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журамд үндэслэж туршилтын хугацаагаар ажилд авсан. Нэхэмжлэгч нэг сар буюу ажлын 22 хоногийн хугацаагаар манай компанид ажиллах юм байна гэдэг ээ анх ажилд орохдоо маш сайн мэдэж байсан. Ажиллах хугацаандаа санхүүгийн алдаа дутагдал гаргасан. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар  сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01274 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1401 дугаартай магадлалын “Түмэн-Эрдэнийг “М Э В” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 000 000 төгрөг, нэхэмжлэгчид олгох цалин, олговроос зохих суутгал хийж, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 403 212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн” хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Р.Т-э нь “М Э В” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ажилласан хугацааны цалин гаргуулах, ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой учирсан хохирол буюу жирэмсний болон амаржсаны тэтгэмж, өмгөөлөгчийн хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар “М Э В” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/61 тушаалаар Р.Т-ийг 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажлын 22 хоногийн хугацаанд нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэж, мөн өдөр №29 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр туршилтын хугацаагаар ажиллуулахаар харилцан тохиролцож ажиллуулсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/63 тушаалаар туршилтын хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...анх ажилд авахдаа тогтвор суурьшилтай ажиллах талаар надаас амлалт авч, 2 хоног харна гэсэн. 2 хоног өнгөрч үргэлжлүүлэн ажилласан. ...Олон хүн дамжиж, бичиг баримт эмх цэгцгүй, олон ажил гүйлгээнүүдийн нягтлан бодох бүртгэлийн бичилтүүд хийгдээгүй, он дуусах дөхсөн ч олон харилцагч тооцоо нийлэхээр хүлээж байсан. Ажиллах хугацаанд ажилдаа маш их чармайж алдаа дутагдал гаргахгүй, түргэн шуурхай ажиллаж, өмнөх хугацааны гүйлгээнүүдийг нөхөж хийх, тооцоотой олон газруудтай тооцоо нийлэх, өр авлагаа барагдуулахаар ажлын 6 өдөрт илүү цаг ажиллаж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 30-нд цалин бодох болоход хүний нөөц Өлзиймаа надаар нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан.

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажилчдын цалинг бодсон хүснэгтийг танилцуулахад, мөн 05-ны өдөр ажилчдын цалингаас нийгмийн даатгалын тайлан гаргаж танилцуулахад захирал бид хоёрын хооронд үл ойлголцох асуудал гарсан. Би хуулийн дагуу ажилласан, хэрэв захирлын хэлсний дагуу тайлан тооцоог гаргавал холбогдох хуулиудыг зөрчинө гэсэн тул намайг ажлаас гар гэж хэлсэн. Түүнчлэн байгууллагын санхүүгийн баримттай холбогдуулан анхан шатны хүчингүй баримт үйлдсэн байна гээд ажлаас хална гэсэн.

Анх ажилд ороход туршилтын хугацаа гэж тохироогүй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, ажлаас үндэслэлгүй халсан, мөн ажлаас халагдах үед миний бие жирэмсэн байсан, ажлаас халагдаад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул жирэмсний болон амаржсаны тэтгэмжид нийт 3 403 212 төгрөгийг авалгүй хохирсон, 12 дугаар сард 9 хоног ажилласны цалин хөлсийг өгөөгүй, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөгийг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2 000 000 төгрөг, нийт 6 331 783 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “...нэхэмжлэгчийн 12 дугаар сард ажилласан хугацааны цалин хөлсийг зөвшөөрч байгаа, нэхэмжлэлийн бусад шаардлага үндэслэлгүй. Ажилтныг анх туршилтын хугацаатай ажилд авсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон. Энэ тохиолдолд ажилтан ямар нэг зөрчил, дутагдал гаргасан, түүнчлэн сахилгын арга хэмжээ авагдсан байхыг шаардахгүй бөгөөд хугацааг дахин сунгах шаардлагагүй гэж үзсэн тул ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй...” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдааг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгчийн 12 сард ажилласан хугацааны цалинд 428  571 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хариуцагч маргаагүй болно.

Харин ажлаас үндэслэлгүй халсан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, түүнээс үүсэх бусад үр дагаврыг шийдвэрлүүлэхийг хүссэн шаардлага маргааны зүйл болсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2.-т энэ хуулийн 23.2.1.-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж, 231 дүгээр зүйлийн 231.1.-д ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно гэж, 231.2.-т туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд  туршилтын хугацаа 3 сар хүртэл байна гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан Р.Т-ийг ажилд авсан А/61 тушаалд түүнийг ажлын 22 хоногийн хугацаатайгаар ажилд томилж, туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хүний нөөцийн менежерт үүрэг болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн нөхцөлийг “туршилтын” гэж, хөдөлмөрийн гэрээ нь “2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл”  хүчинтэй байна гэж заасан.

“М Э В” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын Зургаа дугаар зүйлийн 6.1.-д байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна, 6.2.-т хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заавал тусгана гэж, 6.7.-д ажил олгогч байнгын ажлын байранд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр туршилтын хугацаагаар ажилд авч болно гэж, 6.8.-д туршилтын хугацаа дууссаны дараа үндсэн ажилтнаар авах эсэх асуудлыг ажилтны оролцоогүйгээр ажил олгогч шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.

Ажилтныг байнгын ажлын байранд туршилтын хугацаагаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан ажил олгогчийн шийдвэр “М Э В” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2., 231 дүгээр зүйлийн 231.1., 231.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний эхний хуудсыг сольсон байна, анхнаасаа туршилтын хугацааны талаар ярьж тохироогүй, жирэмсэн байсныг мэдсээр байж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлах боловч хариуцагчийн тайлбар, үндэслэл, хэрэгт цугларсан баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тул энэ үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний алдааг зассан нь зөв боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг засаагүй, шийдлийг хэвээр үлдээсэн нь давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлээгүй, магадлал 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцээгүй гэж үзэх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01274 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1401 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.11., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “М Э В” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 000 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 403 212 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн Р.Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачитын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч М Э В” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД