Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1437

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2019/01244 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Т- Т.Б- нарт холбогдох

 

Орон сууцны үнэ 46 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О-ь, өмгөөлөгч Д.М, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн Т.О-ь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.О-ь нь эцэг Түмэнжаргалын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоот, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг өмчилдөг байсан, аав нь 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад байрны 50 хувийн өмчлөлийг бага дүү Батбаярт шилжүүлэхээр болж 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс дүү Т.Б- нь өв залгамжлалаар Т.О-ьтай хамт байрыг өмчлөх болсон.Т.Б-, түүний эхнэр Г.Т- нар 2014 оны 9 дүгээр сард байрыг авахаар болж Т.Б- бид хоёр Г.Т-тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг 92 000 000 төгрөгөөр худалдахаар байгуулж, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Туяацэцэгийн нэр дээр гаргасан. Дараа нь Т.О-ьд өгөхөөр тохиролцсон байсан, ээжийн нэр дээр бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 19-1126-В тоотод байрлах, хашаа, дэлгүүр, байшинг Т.Б-т өгч, харин 2 өрөө орон сууцыг Т.О-ьд буцаан бүрэн шилжүүлэхээр тохиролцсон учраас ээж нь өөрийн нэр дээрх хашаа, байшин, дэлгүүрийг Батбаярт шилжүүлсэн.Тэгээд Т.О-ь 2 өрөө байрандаа нүүж орсон боловч Г.Т- байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхгүй байх бөгөөд дүү Батбаяр нь байрнаас гар гэж хөөдөг болсон. Иймд Г.Т-тэй байгуулсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоот, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу түүнээс орон сууцны үнэ 46 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.О-ь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоотод байрлах, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг би аав Түмэнжаргалын хамт өмчилдөг байсан ба 2010 онд аав нас бараад бид хоорондоо ярилцаж байгаад дүү Батбаярыг аавын 50 хувьд хамтран өмчлөгчөөр оруулсан.Г.Т- манайд 2013 онд бэр болж ирсэн бөгөөд байраа Г.Т-т 2014 оны 9 дүгээр сард 92 000 000 төгрөгөөр зарахаар гэрээ хийсэн, манай ээж 6 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг байсан, гэтэл Т.Б-, Г.Т- нар бид ээжийн дэлгүүрийг авъя, та байраа ав, бид танд мөнгө өгөхгүйгээр танд байрны ордерыг шилжүүлж өгнө гээд намайг 2018 оны 4 сард байранд оруулсан боловч Туяацэцэг байрны ордерыг миний нэр дээр болгохыг зөвшөөрөхгүй, Т.Б- намайг байрнаас хөөж байгаа тул Г.Т-ээс 46 000 000 төгрөгийг нэхэмжилж байна, Т.Б-аас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Т- шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, би 2014 оны 9 сарын эхээр байр худалдан авахаар хайж байтал Т.Б- гэдэг хүн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоот, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг худалдана гэсэн тул би уг байрыг худалдан авахаар Т.Б-тай ярилцаж, уг байрны хамтран өмчлөгч Т.О-ьтай уулзаж 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тэдэнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, би байрны үнэ 92 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг бэлнээр өмчлөгч нарт өгч, үлдсэн 82 000 000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдаж ХХБ-с 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл авч, шууд Т.Б-ын данс руу шилжүүлсэн, байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Т.Б-, Т.О-ь нар нь улсын бүртгэлийн газарт өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Батбаяраас байрыг нь 92 000 000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийж, урьдчилгаа 12 000 000 төгрөгийг бэлэн өгөөд үлдэгдлийг ХХБ-наас 8 хувийн зээл авч төлсөн, 10 сарын 4-ний өдөр 10 000 000 төгрөгийг Т.Б-ын Хаан банкны дансанд бэлнээр хийсэн, 80 000 000 төгрөг нь ХХБ-аас Т.Б-т данс нээгээд шилжүүлсэн.Өв залгамжлалын гэрчилгээ зөвхөн Батбаярын нэр дээр байсан, Т.О-ь өвөөсөө татгалзсан байгаа, 2017 онд Түмэнбаяр нас бараад ээж ганцаараа дэлгүүрээ ажиллуулж чадахгүй байхад та хоёр дэлгүүрээ өргөжүүлж ажиллуулаад эгчийгээ байрандаа оруулчих гэж хэлэхэд нь зөвшөөрөөд байрны ордерыг 3-5 жилийн дараа шилжүүлж өгнө гэж хэлсэн, нэхэж байгаа мөнгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Т.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Г.Т-т 2014 оны 9 дүгээр арын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоот, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээгээр 92 000 000 төгрөгөөр зарсан. Үүний урьдчилгаа болох 12 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр миний Хаан банкны дансанд шилжиж орсон, 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкны дансанд үлдэгдэл 80 000 000 төгрөг шилжиж орсон. Уг байрыг зарсан 92 000 000 төгрөгөөс өөрийн эгч болох ордер дээр хамт нэр нь байгаа Т.О-ьд өгөөгүй.Учир нь уг байр нь өв залгамжлалаар зөвхөн надад өмчлөгдөн ирсэн байр юм. Т.О-ийн нэр байрны ордер дээр бичигдсэн учир нь Т.О-ь нь 2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг байрыг 3 000 000 төгрөг зээлж байрандаа хүн суулгаад, үл хөдлөхөд барьцаалбарын гэрээг бүртгүүлсэн байсан ба 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөнгөө өгч авалцсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн газарт очиж барьцаалбараа цуцлуулаагүйн улмаас өв залгамжлан өмчлөх эрхийн дагуу уг байр нь надад шилжих боломжгүй болсоны улмаас анх барьцааны гэрээг хийсэн Т.О-ийг ордер дээр оруулахаас аргагүй болсон. Ийм учраас эгч Т.О-ь нь байрны өмчлөгч биш гэдгээ мэдэж байсан тул тухайн үед байр худалдсан төлбөрөөс нэхээгүй болно. Тиймээс би орон сууц худалдсан мөнгөө өөрөө зарцуулсан болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Г.Т-ээс 46 000 000/дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулан Т.О-ьд олгож, Нэхэмжлэгч Т.О-ь нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б-аас татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-ээс 387 950 /гурван зуун наян долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Т.О-ьд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Маргаан бүхий орон сууц нь Д.Түмэнжаргал, Т.О-ь нарын өмч байсан бөгөөд Д.Түмэнжаргал 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нас барж, 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг Т.Б-т олгосон. Тухайн өвлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан байх бөгөөд уг гэрчилгээнд нэхэмжлэгч Т.О-ь болон бусад хууль ёсны өвлөгч нар өвөөс татгалзсан байдаг.

Хариуцагч Г.Т- нь худалдах-худалдан авах гэрээг Т.О-ь, Т.Б- нартай байгуулсан бөгөөд гэрээний дагуу байрны үнэ болох 92 000 000 төгрөгийг худалдагч тал болох Т.Б-т шилжүүлсэн нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулга зэргээр нотлогдож байхад дахин 46 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Гэрээнд орон сууцны үнийг худалдагч тал болох Т.О-ь, Т.Б- нарт 50/50 хувиар өгнө гэж заагаагүй бөгөөд худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг барагдуулсан тул байрны гэрчилгээг Г.Т-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг дуусгавар болсон юм. Гэтэл нэгэнт дуусгавар болсон үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх Г.Т-ийг үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нөгөө талаар хариуцагч Г.Т- нь тухайн үед гэрээний үүрэгт 92 000 000 төгрөгийг шилжүүлсэн байж дахин 46 000 000 төгрөг төлөхөөр болж байгаа нь хариуцагчийн эрх ашгийг хохироож байна. Анхан шатны шүүх Г.Т-ээс 46 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээр тэрээр 92 000 000 төгрөгийг орон сууцыг 138 000 000 төгрөгөөр авах нөхцөл байдал үүсч байна. Шүүх нэхэмжлэгч Т.О-ьд 46 000 000 төгрөг өгөх шаардлагатай гэж дүгнэж байгаа бол уг төлбөрийг Г.Т-ээс бус Т.Б-аас гаргуулах нь зүйн хэрэг юм.

Хариуцагч Г.Т-, Т.Б- нар нь одоогоор хамтран амьдарч байгаа хэдий ч гэрээ байгуулагдах үед буюу 2014 онд танил төдий л байсан бөгөөд гэр бүлийн харилцаанд ороогүй байсан. Тийм ч учраас байрны үнэ болох 92 000 000 төгрөгийг Т.Б-ын данс руу шилжүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нь байрны төлбөрийг 50 хувь болох 46 000 000 төгрөгийг авах байсан бол тухайн үед нь шаардлага гаргахгүй 4 жилийн дараа гаргаж байгаа нь төлбөр мөнгөний асуудалд түүнд хамаагүй байсныг илтгэж байна.

Түүнчлэн, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний үүргийг 2019 онд нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар гаргасан байхад энэ талаар дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа, маргааны үйл баримт, талуудын тайлбар зэрэгт хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2019/01244 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.О-ь нь хариуцагч Г.Т-, Т.Б- нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоотод байрлах 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгийн үнэ болох 46 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Т.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Дээрх маргаан бүхий орон сууц болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 25 дугаар байрны 05 тоот 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Түмэнжаргал, Т.О-ь нар болох нь 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх.42/

 

Уг орон сууцны  өмчлөгчийн нэг Д.Т 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нас барж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгч болох Т.Т, Т.О-ь, Т.Э, Т.О, Л.Ц нар 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өвлөхөөс татгалзаж орон сууцны талийгаачид ногдох хэсгийг Т.Б-т өв залгамжлуулан өгөх хүсэлт гаргасны дагуу 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ Т.Б-т олгогджээ. /хх.34-35/

 

2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны өмчлөгч Т.О-ь, Т.Б- нар Г.Т-тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг 92 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /хх.6/ Тус гэрээний дагуу хариуцагч Г.Т- 92 000 000 төгрөгийг Т.Б-ын дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагч Г.Т- нь Т.Б-т орон сууцны үнийг бүгдийг төлсөн байгааг нэхэмжлэгч Т.О-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь өөрт ногдох хэсгийн төлбөрийг шаардах эрхтэй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гэрчээр асуугдсан Т.О-ийн “...Т.Б-, Г.Т- нар 2013 оноос гэр бүл болсон, эгч Т.О-ь нь Г.Т-т байраа зараад 46 000 000 төгрөгийг нь авах ёстой байсан, энэ талаар гэрээгээр тохиролцсон, эгч мөнгөө авья гээд шаардахаар янз бүрийн шалтаг тоочоод өгдөггүй...” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч Т.О-ь нь шаардах эрхээ хэрэгжүүлж байсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар болон Т.Б-, Г.Т- нар нь 2014 онд танилууд төдий байсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үгүйсгэгдэж байгаа тул давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 387 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ц.ИЧИНХОРЛОО