Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1244

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/01244

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Т.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Г.Т

Хариуцагч:Т.Б нарт холбогдох

Орон сууцны үнэ 46 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Т.О, өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч Г.Т, Т.Б, өмгөөлөгч Ц.Энхболд, гэрч Л.Цэрэннадмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.О нь эцэг Түмэнжаргалын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоот, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг өмчилдөг байсан, аав нь 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад байрны 50 хувийн өмчлөлийг бага дүү Батбаярт шилжүүлэхээр болж 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс дүү Т.Б нь өв залгамжлалаар Т.Отай хамт байрыг өмчлөх болсон.Т.Б, түүний эхнэр Г.Т нар 2014 оны 9 дүгээр сард байрыг авахаар болж Т.Б бид хоёр Г.Ттэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг 92 000 000 төгрөгөөр худалдахаар байгуулж, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Туяацэцэгийн нэр дээр гаргасан.Дараа нь Т.Од өгөхөөр тохиролцсон байсан, ээжийн нэр дээр бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 19-1126-В тоотод байрлах, хашаа, дэлгүүр, байшинг Т.Бт өгч, харин 2 өрөө орон сууцыг Т.Од буцаан бүрэн шилжүүлэхээр тохиролцсон учраас ээж нь өөрийн нэр дээрх хашаа, байшин, дэлгүүрийг Батбаярт шилжүүлсэн.Тэгээд Т.О 2 өрөө байрандаа нүүж орсон боловч Г.Т байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхгүй байх бөгөөд дүү Батбаяр нь байрнаас гар гэж хөөдөг болсон.Иймд Г.Ттэй байгуулсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоот, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу түүнээс орон сууцны үнэ 46 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоотод байрлах, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг би аав Түмэнжаргалын хамт өмчилдөг байсан ба 2010 онд аав нас бараад бид хоорондоо ярилцаж байгаад дүү Батбаярыг аавын 50 хувьд хамтран өмчлөгчөөр оруулсан.Г.Т манайд 2013 онд бэр болж ирсэн бөгөөд байраа Г.Тт 2014 оны 9 дүгээр сард 92 000 000 төгрөгөөр зарахаар гэрээ хийсэн, манай ээж 6 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг байсан, гэтэл Батбаяр, Туяацэцэг нар бид ээжийн дэлгүүрийг авъя, та байраа ав, бид танд мөнгө өгөхгүйгээр танд байрны ордерыг шилжүүлж өгнө гээд намайг 2018 оны 4 сард байранд оруулсан боловч Туяацэцэг байрны ордерыг миний нэр дээр болгохыг зөвшөөрөхгүй, Батбаяр намайг байрнаас хөөж байгаа тул Г.Тээс 46 000 000 төгрөгийг нэхэмжилж байна, Т.Баас татгалзаж байна гэв.

Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, би 2014 оны 9 сарын эхээр байр худалдан авахаар хайж байтал Т.Б гэдэг хүн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоот, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг худалдана гэсэн тул би уг байрыг худалдан авахаар Т.Бтай ярилцаж, уг байрны хамтран өмчлөгч Т.Отай уулзаж 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тэдэнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, би байрны үнэ 92 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг бэлнээр өмчлөгч нарт өгч, үлдсэн 82 000 000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдаж ХХБ-с 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл авч, шууд Т.Бын данс руу шилжүүлсэн, байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Т.Б, Т.О нар нь улсын бүртгэлийн газарт өгсөн.Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2014 оны 9 сарын 30-ны өдөр Батбаяраас байрыг нь 92 000 000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийж, урьдчилгаа 12 000 000 төгрөгийг бэлэн өгөөд үлдэгдлийг ХХБ-наас 8 хувийн зээл авч төлсөн, 10 сарын 4-ний өдөр 10 000 000 төгрөгийг Батбаярын ХААН банкны дансанд бэлнээр хийсэн, 80 000 000 төгрөг нь ХХБ-аас Батбаярт данс нээгээд шилжүүлсэн.Өв залгамжлалын гэрчилгээ зөвхөн Батбаярын нэр дээр байсан, Т.О өвөөсөө татгалзсан байгаа, 2017 онд Түмэнбаяр нас бараад ээж ганцаараа дэлгүүрээ ажиллуулж чадахгүй байхад та хоёр дэлгүүрээ өргөжүүлж ажиллуулаад эгчийгээ байрандаа оруулчих гэж хэлэхэд нь зөвшөөрөөд байрны ордерыг 3-5 жилийн дараа шилжүүлж өгнө гэж хэлсэн, нэхэж байгаа мөнгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Би Г.Тт 2014 оны 9 дүгээр арын 30-нд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоот, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээгээр 92 000 000 төгрөгөөр зарсан.Үүний урьдчилгаа болох 12 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр миний Хаан банкны дансанд шилжиж орсон, 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкны дансанд үлдэгдэл 80 000 000 төгрөг шилжиж орсон.Уг байрыг зарсан 92 000 000 төгрөгөөс өөрийн эгч болох ордер дээр хамт нэр нь байгаа Т.Од өгөөгүй.Учир нь уг байр нь өв залгамжлалаар зөвхөн надад өмчлөгдөн ирсэн байр юм.Т.Оюунбайгалийн нэр байрны ордер дээр бичигдсэн учир нь Т.О нь 2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг байрыг 3 000 000 төгрөг зээлж байрандаа хүн суулгаад, үл хөдлөхөд барьцаалбарын гэрээг бүртгүүлсэн байсан ба 2005 оны 11 дүгээр сарын 18-нд мөнгөө өгч авалцсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн газарт очиж барьцаалбараа цуцлуулаагүйн улмаас өв залгамжлан өмчлөх эрхийн дагуу уг байр нь надад шилжих боломжгүй болсоны улмаас анх барьцааны гэрээг хийсэн Т.Оюунбайгалийг ордер дээр оруулахаас аргагүй болсон.Ийм учраас эгч Т.О нь байрны өмчлөгч биш гэдгээ мэдэж байсан тул тухайн үед байр худалдсан төлбөрөөс нэхээгүй болно.Тиймээс би орон сууц худалдсан мөнгөө өөрөө зарцуулсан болно гэжээ.

Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Г.Тт 2014 оны 9 дүгээр арын 30-нд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоот, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээгээр 92 000 000 төгрөгөөр зарсан, 12 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр миний Хаан банкны дансанд шилжиж орсон, 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкны дансанд үлдэгдэл 80 000 000 төгрөг шилжиж орсон, 2013 оны 5 сард өв залгамжлалын гэрчилгээгээр аавын дүү болон бүх хүмүүс өвөөс татгалзаж зөвхөн миний нэр дээр гарсан.Өв залгамжлал 100 хувь миний нэр дээр байсан тул Т.Од 46 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.О хариуцагч Г.Т, Т.Б нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоотод байршилтай, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрны үнийн 46 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаан дээр хариуцагч Т.Баас татгалзаж, 46 000 000 төгрөгийг Г.Тээс шаардаж байна.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоотод байршилтай, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрны өмчлөгчөөр Д.Түмэнжаргал, Т.О нар бүртгэгдсэн болох нь 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон 0024149 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Д.Түмэнжаргал нь 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан байх бөгөөд Чингэлтэй тойргийн нотариатаас 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 04 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Т.Бт олгосон байна.

Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатад Т.Түмэнбаяр, Т.О, Т.Энхбаяр, Т.Оюунчимэг, Л.Цэрэннадмид нарын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийн агуулгаас үзэхэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоотод байршилтай, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрны талийгч Д.Түмэнжаргалд ногдох хэсгийг өвлөхөөс татгалзсан байна.

Дээрх хүсэлтээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоотод байршилтай, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрны хамтран өмчлөгч Т.О өөрт ногдох хэсгээсээ татгалзсан байна гэж үзэх боломжгүй байна.

Улмаар Т.О, Т.Б нар нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 25 дугаар байрны 5 тоотод байршилтай, 28 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Г.Тт 92 000 000 төгрөгөөр худалдсан байна.

Г.Т нь орон сууцны үнэ 92 000 000 төгрөгийг Т.Бт төлсөн гэж, Т.Б нь Г.Тээс орон сууцны үнэ 92 000 000 төгрөгийг авсан гэж тус тус тайлбарлаж байх боловч Т.Од 46 000 000 төгрөгийг өгөхгүй гэж маргаж байна.

Г.Т нь Т.О, Т.Б нартай гэрээ хийж тухайн орон сууцыг худалдаж авсан атлаа тухайн хөрөнгийн үнийн 50 хувь болох 46 000 000 төгрөгийг Т.Од төлөхгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байх бөгөөд түүний Т.Бт орон сууцны үнийг бүгдийг төлсөн байгааг Т.Оюунбайгалийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул худалдан авагч Г.Т нь үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Г.Тээс орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46 000 000 төгрөгийг гаргуулан Т.Од олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Г.Тээс 46 000 000/дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулан Т.Од олгосугай.

2.Нэхэмжлэгч Т.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Баас татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тээс 387 950 /гурван зуун наян долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Т.Од олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.ДОРЖНАМЖИН