Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/02661

 

 

 

 

 

2023 09 01

181/ШШ2023/02661

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З.Э-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  НШШГГ -т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч НШШГГ холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01880 дугаартай захирамжаар нэхэмжлэгч р ХХК нь хариуцагч З.Э д холбогдуулан 673,559,890 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З.Э нь хуваан төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч р ХХК-ийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Нэг. З.Э , Н.З нарын өмчлөлийн зээлийн гэрээний барьцааны зүйл болох Нийслэлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Аптай хотхон, Энгельс гудамж, 12 дугаар байр, 115 тоот хаягт байрлах, 3 өрөө, 100,51 м.кв улсын бүртгэлийн Ү-2205037615 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийг "А" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын байдлаар 253,379,756 төгрөгөөр тодорхойлсон үнэлгээний тайлан гаргасан.

Тус тайланг үндэслэн дээрх үл хөдлөх хөрөнгийг 253,379,756 төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18590 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэлтэй танилцаж мэдсэн.

Тус үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь, тухайн үнэлгээ нь бодитой биш.

Тухайн үл хөдлөх хөрөнгө нь хотын ашигтай зэрэглэлд байрладаг. Улмаар орон сууцны үнийг тооцоолохдоо зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур үнэлсэн байна. 1 м.кв үнэлгээ нь 3,500,000 төгрөг ба түүнээс дээш байх боломжтой. Улсын бүртгэлийн Ү-2205037615 дугаарт бүртгэлтэй 100,51 м.кв үл хөдлөх хөрөнгө 350,000,000 төгрөг ба түүнээс дээш үнэлэгдэх боломжтой.

Гэтэл маш богино хугацаанд хайнга байдлаар миний өмчлөлийн өндөр үнэлгээ бүхий эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийж, хэт доогуур үнэлгээг тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хоёр. Түүнчлэн З.Э ы өмчлөлийн зээлийн гэрээний барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны зам гудамж, 152 дугаар байр, 17 тоот Улсын бүртгэлийн Ү-2204068001 дугаартай 82,93 м.кв 3 өрөө орон сууцыг "Х" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлээр 211,472,000 төгрөг гэж үнэлсэн.

Тус үнэлгээг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 4-155/18593 дугаар мэдэгдлээр мэдсэн бөгөөд дээрх үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь тухайн үнэлгээ нь бодитой биш.

Тухайн үл хөдлөх хөрөнгө нь хотын ашигтай зэрэглэлд байрладаг. Улмаар орон сууцны үнийг тооцоолохдоо зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур үнэлсэн байна. 1 м.кв үнэлгээ нь 3,500,000 төгрөг ба түүнээс дээш байх боломжтой. Улсын бүртгэлийн Ү-2204068001 дугаартай 82,93 м.кв 3 өрөө орон сууцын үнэлгээ нь 328,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой.

Гэтэл маш богино хугацаанд хайнга байдлаар миний өмчлөлийн өндөр үнэлгээ бүхий эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийж, хэт доогуур үнэлгээг тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01880 дугаар захирамжаар З.Э аас 676,122,764 төгрөгийг гаргуулж, р ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч З.Э ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068001 дугаартай, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 152 дугаар байр, 17 тоот хаягт байршилтай 82,93 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22280423/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 22280423/06 тоот тогтоолоор хураасан.

Мөн төлбөр төлөгч З.Э ы үүргийн гүйцэтгэлд барьцаалсан З.Э , Н.З нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037615 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 12 дугаар байр, 115 тоот хаягт байршилтай 100,51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22280423/05 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20280081/7 тоот тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068001 дугаартай, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 152 дугаар байр, 17 тоот хаягт байршилтай 82,93 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 211,472,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037615 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 12 дугаар байр, 115 тоот хаягт байршилтай 100,51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 253,379,756 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч З.Э 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18593, төлбөр авагч р ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18591, өмчлөгч Н.З т 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18590 тоот албан бичгээр мэдэгдсэн тайланг хуулбарлан өгсөн.

Төлбөр төлөгч З.Э 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-155/19866, төлбөр авагч р ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-155/19864, өмчлөгч Н.З т 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4-155/19867 тоот албан бичгээр, 11/27, 11/26 дугаар тогтоолоор тус тус анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг гардуулан өгч гарын үсгээр баталгаажуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч З.Э ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн татгалзлыг дэмжиж дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...төлбөр төлөгч одоог хүртэл 1 төгрөгийн ч төлбөр барагдуулаагүй. Эвлэрлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нэмээд ч төлбөр авагчийн төлбөрийн хэмжээнд хүрэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагынхаа үндэслэлийг нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. ... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хувилсан хувь, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн Н.З , З.Э нарт ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18590, 4-155/18593 дугаартай мэдэгдлүүд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01880 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, "Х" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 448 дугаартай тодорхойлолтын хувилсан хувь, "А" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №ТХҮ-422/4680 дугаартай албан бичгийн хувилсан хувь, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068001, Ү-2205037615 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээний хувилсан хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлийн хуулбар, Үндэсний статистикийн хорооны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаарх статистикийн мэдээ, 2022 оны 10 дугаар сарын байдлаар Орон сууцны үнийн мэдээ /хх 4-18, 89, 121-122/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас нотлох баримтаар: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2022/00409 дугаартай гүйцэтгэх хуудас, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01880 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй олгох тухай захирамж, Сүхбаатар дүүргийн ахлах шидйвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 22280423 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4-155/9264 дугаартай албан бичиг, тус хэлтсээс ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 8/718 дугаартай хариу албан бичиг, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4-155/9265, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/11105 дугаартай албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 22280423/155 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068001, Ү-2205037615 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээний хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22280423/03, 22280423/05 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, мөн өдрийн тэмдэглэлүүд, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 22280423/06, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22280423/8 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, мөн өдрийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, иргэн Н.З , З.Э нарт хүргүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4-155/17214, 4-155/17217 дугаартай үнийн санал авах тухай мэдэгдэл, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/283, 9/284 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолууд, шинжээчид эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан, шинжээчээр оролцохоос татгалзах нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тухай тэмдэглэл, "А" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-422/4680 дугаартай үнэлгээний тайлан, "Х" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайлан, 448 дугаартай тодорхойлолт, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн актууд, иргэн Н.З , З.Э болон р ХХК-д хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-155/18590, 4-155/18591, 4-155/18593 дугаартай үнэлгээний мэдэгдлүүд, мөн өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11/26, 11/27 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд, мөн өдрийн тэмдэглэл, мэдэгдлүүд /хх 28, 36-87/ зэргийг хуулбарлан гаргаж өгсөн.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нотлох баримтаар: өөрийн байгууллагын улсын бүртгэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, иргэн З.Э тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12/30 дугаартай Зээлийн гэрээ, хавсралтын хуулбар, иргэн З.Э , Н.З болон "Э" ХХК-тай байгуулсан мөн өдрийн Барьцааны гэрээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068001, Ү-2205037615 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээний хуулбар /хх 97-107, 143/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7. Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч НШШГГ т холбогдуулан "А" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн болон "Х" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн бөгөөд гуравдагч этгээд хариуцагчийн татгалзлыг дэмжсэн байна.

 

8. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.1. З.Э аас 673,559,890 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1,762,874.72 төгрөгийн хамт гаргуулж р ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01880 дугаартай шийдвэрт 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 181/ГХ2022/00409 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж байна. /хх 11-12, 36-40/

 

8.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан З.Э ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068001 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам гудамж, 152 байр, 17 тоот хаягт байршилтай 82,93 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон Н.З , З.Э нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037615 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 12 байр, 115 тоот хаягт байршилтай 100,51 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22280423/03, 22280423/05 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 22280423/06, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22280423/8 дугаартай тогтоолоор хурааж, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/283, 9/284 дугаартай тогтоолоор тус тус шинжээч томилж үнэлүүлсэн байна. /хх 42-57, 68-70/

 

8.3. "А" ХХК /үнэлгээчин Ч.Ж/ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068001 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 253,379,756 төгрөгөөр үнэлсэн бол "Х" ХХК /үнэлгээчин Ж.У/ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037615 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 211,472,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 58-67, 71-82/

 

8.4. НШШГГ нь "А" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн болон "Х" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч З.Э д 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилцуулж, мөн өдрийн 4-155/18590, 4-155/18593 дугаартай мэдэгдлийг, тайлангийн хамтаар гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх 9, 13, 17, 83-85/

 

9. Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж хураасан, шинжээч томилсон ажиллагаанд хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй байх тул шүүх эдгээр ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгчээс эд хөрөнгүүдийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэд нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр "А" ХХК, "Х" ХХК-ийн гаргасан үнэлгээг тус тус хүчингүй болгуулахаар шаардсан бөгөөд энэхүү гомдлоо 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Иймээс хуульд заасан хугацааны дотор гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

 

10. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно. гэж заасан.

 

Шинжээч нар үнэлгээг хийхдээ тухайн хөрөнгийн байдалтай тус бүрчлэн танилцаж, холбогдох мэдээллийг авсны үндсэн дээр зах зээлийн судалдаа, шинжилгээг хийж, хөрөнгийн үнэлгээний жишиг үнийн болон өртгийн аргуудыг сонгон ашиглаж, олон улсын ба үндэсний стандарт бүхий эрх зүйн актуудад нийцүүлэн тодорхойлжээ.

 

Иймээс нэхэмжлэгчийн ... зах зээлийн бодит үнэд нийцээгүй, хэт доогуур үнэлсэн... гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. гэж, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. гэж тус тус заасан.

 

Хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шинжээчээс хуульд заасны дагуу шинжээчээр оролцоход татгалзах болон оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэх, шинжээчийн мэргэжил, ур чадвар зэргийг тодруулж, мөн өдрөө шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 11, 13, 14, 16, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4 дэх хэсэгт заасан эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тайлбарлаж өгсөн байх ба уг ажиллагааны талаар тэмдэглэл хэрэгт баримтаар авагдсан байна. /хх 56-57, 68-69/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тодорхойлсон үнэлгээг үгүйсгэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүйн гадна, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй буюу мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ийнхүү нотлохыг нэхэмжлэгчээс шаардах боломжгүй юм.

 

Иймд "А" ХХК болон "Х" ХХК-ийн үнэлгээг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул З.Э ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037615 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 12 байр, 115 тоот хаягт байршилтай 100,51 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн "А" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээ болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068001 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам гудамж, 152 байр, 17 тоот хаягт байршилтай 82,93 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн "Х" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн З.Э ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН