Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01970

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01970

 

 

 

 

 

 

 

2023 11 13 210/МА2023/01970

 

З.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02661 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч З.Э-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруул, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р Ф - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 000123 дугаартай захирамжаар З.Э- нь 673,559,890 төгрөгийг Р Ф - ХХК-д 8 хуваан төлөхөөр тохиролцсон эвлэрлийг шүүх баталжээ. Хариуцагч үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж З.Э-, Н.З- нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, А байрны-115 тоот 3 өрөө, 100,51 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг А- ХХК 2022 оны 10 сарын байдлаар 253,379,756 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2022 оны 10 сарын 05-ны өдөр гаргасныг 4-155/18590 тоот мэдэгдлээр шийдвэр гүйцэтгэгч танилцуулснаар мэдсэн.

1.2. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь хотын ашигтай зэрэглэлд байрладаг ба орон сууцны үнийг зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур үнэлсэн байна. 1 м.кв нь 3,500,000 төгрөг буюу нийт 350,000,000 төгрөг ба түүнээс дээш үнэлэгдэх боломжтой. Гэтэл маш богино хугацаанд хайнга байдлаар миний өмчлөлийн өндөр үнэлгээ бүхий эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийж, хэт доогуур үнэлгээг тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1.3. Түүнчлэн З.Э-ы өмчлөлийн зээлийн гэрээнд барьцаалсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Б- дугаар байр, 17 тоот Улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай 82,93 м.кв 3 өрөө орон сууцыг ХХ ү т- ХХК-ийн 2022 оны 10 сарын 04-ний өдрийн мэдэгдлээр 211,472,000 төгрөг гэж үнэлснийг 2022 оны 10 сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн 4-155/18593 дугаар мэдэгдлээр мэдсэн. Уг 3 өрөө орон сууц нь 328,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой. Гэтэл маш богино хугацаанд хайнга байдлаар миний өмчлөлийн өндөр үнэлгээ бүхий эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийж, хэт доогуур үнэлгээг тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 000123 дугаар захирамжаар З.Э-аас 676,122,764 төгрөгийг гаргуулж, Р Ф - ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч З.Э-ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Б- дугаар байр, 17 тоот хаягт байршилтай 82,93 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг, мөн төлбөр төлөгч З.Э-ы үүргийн гүйцэтгэлд барьцаалсан З.Э-, Н.З- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000003 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж, А байр-, 115 тоот хаягт байршилтай 100,51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Б- дугаар байр, 17 тоот хаягт байршилтай 82,93 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 211,472,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж, А байр-, 115 тоот хаягт байршилтай 100,51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 253,379,756 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг төлбөр авагч, төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2022 оны 10 сарын 05-ны өдөр мэдэгдэж, тайланг хуулбарлан өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч З.Э-ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р Ф - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Төлбөр төлөгч нь эвлэрлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нэмээд ч төлбөр авагчийн төлбөрийн хэмжээнд хүрэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагынхаа үндэслэлийг нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000003 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, А байр, 115 тоот хаягт байх 100,51 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн А- ХХК-ийн үнэлгээ болон эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Б- байр, 17 тоот хаягт байх 82,93 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн Х ү т- ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн З.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй.

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 02 сарын 10-ны өдөр төлбөр төлөгч З.Э-ы үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Үндэсний статистикийн хорооноос эрхлэн гаргадаг Статистикийн мэдээллийн нэгдсэн санд байрлах Орон сууцны үнийн өсөлтийн мэдээллийг хавсарган шинжээч томилуулах хүсэлтийн хамт өгсөн боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч өөрөө хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэх нь шинжээч хөндлөнгийн хараат бус байх, хууль сануулах гэх мэт Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаандаа баримтлах зарчимд нийцэхгүй. Ингэснээрээ бидний захиалж хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх эрсдэлтэй байсан тул шүүхийн журмаар шинжээч томилуулах гэсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй.

5.2. Тус хэргийн гуравдагч этгээд Р Ф - ХХК-ийг шүүхэд төлөөлөх төлөөлөгчийн итгэмжлэл хуульд нийцээгүй. Тухайлбал тус шүүхэд нэхэмжлэгч З.Э-, хариуцагч 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.М- нарын хооронд үүссэн маргаанд гуравдагч этгээдийг төлөөлөх бүрэн эрхийг Б.Х-д олгосон гэх агуулга бүхий итгэмжлэл хэрэгт авагдсан ч уг маргаан нь З.Э-ы нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох иргэний хэрэг тул дээрх итгэмжлэлийн дагуу гуравдагч этгээд Р- ББСБ ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон төлөөлөгч нь гуравдагч этгээдийг төлөөлөх эрхгүй байхад шүүх хуралдаанд оролцуулсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр үнэлгээ хүчинтэй эсэхийг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжтой. Мөн Р Ф - ХХК-ийн захирлын гарын үсэгтэй итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч З.Э- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 000123 дугаартай захирамжаар хариуцагч З.Э- нь нэхэмжлэгч Р Ф - ХХК-ийн нэхэмжилсэн 673,559,890 төгрөгийг 2021 оны 10 сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 сарын 30-ны өдрийн хугацаанд 8 удаагийн төлөлтөөр хуваан төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталжээ. Хариуцагч үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- 2022 оны 04 сарын 26-ны өдөр үүсгэж, улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн, талууд энэ талаар маргаагүй. Харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 сарын 29-ний өдрийн 9/383 дугаартай тогтоолоор А- ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамьяныг, мөн өдрийн 9/284 дугаартай тогтоолоор ХХ ү т- ХХК-ийн үнэлгээчин Ж.У-г тус тус шинжээчээр томилсон.

Шинжээч А- ХХК /үнэлгээчин Ч.Ж-/ нь улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 253,379,756 төгрөгөөр, ХХ ү т- ХХК /үнэлгээчин Ж.У-/ нь улсын бүртгэлийн Ү-0000000003 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 211,472,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайлангуудыг 2022 оны 10 сарын 04-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар ирүүлжээ. Хариуцагч уг тайлангуудыг 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 4-155/18590, 4-155/18591 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч З.Э-, өмчлөгч Н.З- нарт танилцуулж, уг үнэлгээг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд 2022 оны 10 сарын 07-ны өдөр гомдол гаргажээ.

 

6. Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан буюу үнэлэгдэж буй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд орших 17 тоот 3 өрөө орон сууцыг мөн дүүргийн 25 дугаар хороонд байх ойролцоо байршилтай 2-3 өрөө бүхий 3 ширхэг орон сууцтай, мөн үнэлэгдэж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхонд 115 тоот 3 өрөө орон сууцыг мөн дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхонд байх ойролцоо байршлын 2-3 өрөө бүхий 3 ширхэг орон сууцтай тус тус харьцуулан үнэлж, хөрөнгийн үнэлгээний жишиг үнийн аргаар үнэлсэн нь хураагдсан хөрөнгийг зах зээлийн үнээс илт багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх бөгөөд энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгч нь шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхиж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн, гуравдагч этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хууль зөрчсөн үндэслэлээрдавж заалдах гомдол гаргажээ.

Шүүх 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 3317 дугаартай захирамжаар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн мэдэлд байгаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг өөрөө тогтоолгох боломжтой буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт нь нэхэмжлэгчийн нотлох үүрэгт хамаарна, үнэлүүлэх гэж буй хөрөнгө нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө уг баримтыг бүрдүүлэх боломжгүй гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд хандан хөрөнгийнхөө үнэ цэнийг тогтоолгох боломжтой, эрх бүхий этгээдийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримт болох тул нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй гэх гомдлыг хүлээн авахгүй.

Шүүх 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 7992 дугаартай захирамжаар Р Ф - ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлжээ. Гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэлийг 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Б.Х-д олгосон. Уг итгэмжлэлд ...тус шүүхэд нэхэмжлэгч З.Э-, хариуцагч НШШГГ- нарын хооронд үүссэн маргаанд гуравдагч этгээдээр оролцох ... шүүхэд төлөөлөх бүрэн эрхийгБ.Х-д олгосон... байна. Иймд Р Ф - ХХК-ийг шүүхэд төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх гомдол үндэслэлгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02661 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ