Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01400

 

 

 

 

 

 

 

 

 

Б.З, Г.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01529 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.З, Г.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Дд холбогдох,

 

Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт 2 701 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагч Ц.Д, түүний өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.З, Г.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 2.3-д заасны дагуу хөлслөгч тал сар бүрийн 05-ны өдөр түрээсийн төлбөр 400 000 төгрөгийг түрээслүүлэгч талд шилжүүлэх үүрэгтэй боловч гэрээнд заасан хугацаандаа төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1 420 000 төгрөгийн төлбөр огт хийгдээгүй байна. Гэрээний 4.5-д Хэрвээ хөлслөгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2018 оны 01 сарын 06-ны өдрөөс 2019 оны 01 сарын 06-ны хүртэл хугацаандаа төлөөгүй үнийн дүнгийн алданги 2 327 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.4-д заасны дагуу 1 420 000 төгрөгийн 50 хувь буюу 710 000 төгрөгийн алдангийг нэмж нийт 2 130 000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Ц.Д нь байрыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд өмчлөгч талд мэдэгдэхгүй тус байрнаас нүүсэн. Байрны түлхүүрийг нүүсний дараа өмчлөгч Б.Зд хүүхэд нь авчирч өгсөн. Байраа худалдан авсан талд хүлээлгэн өгөх гэтэл ханын обойг солихыг шаардсан бөгөөд байрыг хүлээн авах боломжгүй талаар хэлсэн. Ингээд нийт 2 өрөөний ханын обой цаасыг бүхэлд нь сольсон. Хариуцагч Ц.Д нь ханын обой сольж өгөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй болно. Иймд обой цаас худалдан авсан зардал буюу 615 000 төгрөгийг үндсэн гэрээний төлбөр дээр нэмж нэхэмжилсэн бөгөөд нийт гэрээний үүрэгт 2 745 000 төгрөг нэхэмжилсэн болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Ц.Дд холбогдуулан орон сууц хөлслүүлсний төлбөрт 666 600 төгрөг, алданги 100,000 төгрөг, нийт 766,600 төгрөгийг нэхэмжилсэн.Г.М нь 2019.01.08-ны өдөр Б.Згаас орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 41 дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай 58 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдан авсан. Тус байрыг худалдан авах үед түрээсэлж байгаагаа надад хэлсэн бөгөөд мэдэгдэх хуудас өгч байрыг чөлөөлүүлсний дараа байр хүлээлцэх актаар хүлээлгэн өгөхөөр тохирсон. Ц.Д нь 2019.02.28-ны өдөр байрыг чөлөөлж өгсөн. 2017.09.06-ны өдрийн  гэрээгээр 2019.01.08-ны өдрөөс 2019.02.28-ны өдөр хүртэлх хөлс 666 600 төгрөг, анз 100 000 төгрөг, нийт 766 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.09.06-ны өдөр Тэгш Плант ХХК-ийн 81 айлын орон сууцны 1 давхарын 2 өрөө 6 тоот орон сууцыг хөлслөн амьдарсан. Анх гэрээг Тэгш плант ХХК-ийн ажилтан Шижирбаатартай байгуулсан. 1 сарын түрээсийн төлбөр 400 000 төгрөг нэмж төлсөн. 2017 оны 01 сард Б.Зтай анх байгуулсан гэрээний хугацаагаар дахин гэрээ байгуулсан. 2017.06.01-ний өдрөөс эхлээд 10 гаруй хоног дээд айлаас ус алдсанаас үүдний хэсэг угаалгын өрөө гэрэлгүй болсон. Энэ байдлыг Шижирбаатарт хэлсэн боловч засварлаж өгөөгүй тул тааз үүд орчмын гэрлийг өөрийн зардлаар засварлуулсан. 2019.01.17-ны өдөр 7 хоногийн дотор буюу 01 сарын 23-ны дотор чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдлийг өгсөн. 2019.02.18-ны өдөр 5 хоногийн дотор буюу 02 сарын 23-ны өдөр мэдэгдлийг дахин өгсөн. Хариуцагч шууд гарах боломжгүй өөр байр олох хүртэл хүлээхийг удаа дараа хэлж байсан боловч бид өмчөө худалдсан хүлээх шаардлагагүй гэсэн. Өөрийн эрх ашгийг бодож түрээслэгчийг хохироосон тул төлбөрийг нөхөн төлөхгүй. 1 800 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Нэхэмжлэгч 2017 оны 09 сард гэрээгээ сунгахдаа төлбөрийн үлдэгдэлтэй байхад сунгасан, тийм учраас анз тооцохгүй гэж удаа дараа хэлж байсан. Байранд засвар хийсэн 397 000 төгрөгийн баримтыг  өгсөн. 600 000 төгрөг, 397 000 төгрөгийг хасуулахаар тохиролцсон. Түрээсийн гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд  бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус. Г.Мын хувьд ямар ч гэрээ хэлцэл байхгүй учраас шаардах эрх байхгүй. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ц.Дгаас 2 130 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 615 000 төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Г.Мын 766 600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дгаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 49 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Зд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээнд заасны дагуу гэрээ байгуулахад өгсөн 600 000 төгрөг, их засвар хийсэн мөнгө 397 000 төгрөг, нийт 997 000 төгрөгийн нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Ц.Дд холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц хөлслүүлэх гэрээний үүрэгт 1 420 000 төгрөг, анз 710 000 төгрөг, засварын зардал 615 000 төгрөг, нийт 2 745 000 төгрөгийг гаргуулахаар, нэхэмжлэгч Г.М нь орон сууц хөлслүүлсний төлбөрт 666 600 төгрөг, анз 100 000 төгрөг, нийт 766 600 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 28-31/

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Г.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд давж заалдах журмаар гомдол гаргаж маргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэх юм. Харин хариуцагч нь  нэхэмжлэгч Б.Згийн нэхэмжлэлийн шаардлагаас 997 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах журмаар гомдол гаргаж маргажээ.

 

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 41 дүгээр байрны 6 тоотод байршилтай 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч Б.З байсан болох нь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-44/

 

Нэхэмжлэгч Б.З нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ц.Дд хөлслүүлэхээр 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр  бичгээр гэрээ байгуулж, нэг сарын төлбөр 400 000 төгрөг, гэрээний хугацаа  1 жил байхаар тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээний хувь, зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 4-5/ Хариуцагч гэрээгээр тохирсон төлбөрөөс 1 420 000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй  болох нь тогтоогдсон, харин дээрх төлбөрөөс орон сууцанд хийсэн урсгал засварын төлбөр 397 000 төгрөг, анх гэрээ байгуулахад хөлсүүлслэгчид төлсөн 600 000 төгрөгийг хасч тооцуулна гэж маргажээ. /хх 28-31/

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр 1 сарын төлбөр 400 000 төгрөг, барьцаа 200 000 төгрөг, нийт 600 000 төгрөгийг н.Шижирбаатарт хариуцагч хүлээлгэн өгсөн талаар бичсэн байх боловч уг баримтыг нэхэмжлэгч Б.Зг хүлээн авсан гэж шүүхээс дүгнэх боломжгүй. Түүнчлэн хариуцагч нь  орон сууцанд 397 000 төгрөгийн засвар хийсэн гэх тайлбар, татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.5-д хөлслөгч  төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “анзын гэрээг бичгээр байгуулна” гэж заасантай нийцсэн. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн  232.6 дахь хэсэгт анзын хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага дээрх хуулийн заалтад нийцсэн. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. /хх 4-5/

 

Зохигчдын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрийн үлдэгдэл 1 420 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь уг дүнгээс анз 710 000 төгрөгийг тооцож шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагчаас эд хөрөнгө хөлсөлсний үлдэгдэл төлбөр 1 420 000 төгрөг, алданги 710 000 төгрөг, нийт 2 130 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. /хх 32-33/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн “гэрээ байгуулахад өгсөн 600 000 төгрөг, их засвар хийсэн мөнгө 397 000 төгрөг, нийт 997 000 төгрөгийг төлөх төлбөрөөс хасч тооцох ёстой” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01529 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД