Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 422

 

Г.Жа, Г.И, Г.Хү нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг, шүүгдэгч Г.Хү-ы өмгөөлөгч Г.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 621 дүгээр магадлалтай, 1711008880148 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Жа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 84/20 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу өршөөн хэлтрүүлсэн,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, мөн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 154 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 6 хоногийн хорих ялыг тэнсэж, сулласан Т овогт Га-н Жа-,

2. Монгол Улсын иргэн, 1999 онд 10 дугаар сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй Д овогт Га-н И,

3. Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй Т овогт Га-н Хү.

Г.Хү, Г.И, Г.Жа нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Тасганы овооны хойд талын замаар явж байсан хохирогч Г.А-г “Зодно, хойд жалганд аваачаад булна” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone-5” загварын гар утсыг нь авж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.Хү-, Г.И-, Г.Жа- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Г.Хү-, Г.И-, Г.Жа- нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жа-ыг 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.И-, Г.Хү- тус бүрийг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жа-ын Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлүүлээгүй үлдсэн 6 сар 6 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 жил 6 хоног хорих ялаар тогтоож, тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Жа-ын цагдан хоригдсон 201 хоног, шүүгдэгч Г.Хү-ы цагдан хоригдсон 27 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.И- цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-, Г.Хү- тус бүрд 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Жа- гаргасан гомдолдоо “... Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж байна. Миний бие хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үздэг учир миний гаргасан гомдол болон өмнөх шатуудад шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хүсэлт зэргийг сайтар шалгаж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж анхан шатны шүүх хуралдаанаас өнөөдрийг хүртэл явж байна. Анхан шатны шүүх довтолсон үйлдэл байхгүй юм гэж дүгнэсэн. Учир нь хэргийн хохирогч гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж аваагүй гэж удаа дараа мэдүүлдэг. Утсаар чинь нэг яриад өгье гэхээр нь нэг их юм бодоогүй өгсөн гэж хэлснийг прокурор эсэргүүцэлдээ дурдсан атлаа хэргийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн.

Өмчлөлийг эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус гэж 2 хуваадаг. Гэтэл дээрх хуулийн заалтад зөвхөн бусдын эд хөрөнгийг гэж заасан. Бусдын эд хөрөнгө нь хохирогчийн утас, эд хөрөнгийн бус нь утасны код байдаг. Утасны код эд хөрөнгөд тооцогдохгүй. Анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийн авахдаа хүч хэрэглэж, заналхийлээгүй юм байна гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь давхар үйлдлийг шаарддаг. Чамайг ална гэх довтолгоо хийгээгүй бол энэ зүйл ангиар зүйлчлэхгүй. Харин заналхийлснийхээ дараа довтолсон байвал уг зүйл ангиар зүйлчлэх ёстой. Анхан шатны шүүх эд хөрөнгийн бус зүйлд хэргийг зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал ойлгомжгүй байна. Хяналтын хэсэгтээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.1 булаалтын гэмт хэрэг гэж байхгүй зүйл заалт, мөн шүүгдэгчийн нэрийг Жаргалбаяр гэж буруу бичсэн. Миний үйлчлүүлэгчийн итгэлийг алдуулсан байдаг. Өмгөөлөгч Бадмаараг үйлчлүүлэгч нарыг хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэж бичсэн байдаг. Өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нь хэрэг гарсан газар амьдардаг. Жалганд аваачиж булна гэсэн үг нь бодит биш юм. Тасганы овоо нь баруун болон хойд талдаа айлтай, зүүн болон урд талдаа замтай байхад заналхийлэл нь бодит байж, биелэгдэх боломжгүй юм. Улсын Дээд шүүхийн “заналхийлсэн гэмт хэргийн заналхийлэл нь бодитой байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар заавал тогтоо” гэсэн тогтоол байдаг.

Шүүгдэгч нар нь цэрэг татлагад явах хуудас авсан. Иймд цэрэгт явах боломжоор нь хангаж өгөөч. Магадлалд хохирогчийн хэлээгүй үгийг “утсаа өг” гэж хэлсэн гэж бичиж хэргийг хүндрүүлсэн /хх 232 талд/. Миний бие Га-н А нь 2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө шүүгдэгч нарт өөрийн утсыг дээрэмдүүлсэн. Тухайн үед биед хүч хэрэглэн заналхийлээгүй гэж мэдүүлсэн. Заналхийлсэн үйлдэл нь нотлох баримтаар нотлогдоогүй, мөн довтолгоо байхгүй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Хү-ы өмгөөлөгч Г.Мөнхцэцэг хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч нь хэрэг гарахаас өмнө 2-3 хоногийн өмнө 18 насанд хүрсэн байдаг. Тухайн өдөр шүүгдэгч нар нь гэрээсээ хол явж байгаад утасны цэнэг нь дуусахаар нь хохирогч залуугаас утсаараа нэг яриулаач гээд утсыг нь гуйж авсан байдаг. Түүнээс хойш жалганд булна гэсэн гэдэг. Гэтэл уг үйлдэл нь бодитой байх боломжгүй юм.

Миний бие Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд ажилладаг, Тасганы овоо нь баруун болон хойд талдаа айлтай, зүүн болон урд талдаа замтай байхад заналхийлэл нь бодит байж, биелэгдэх, гэмт хэргийн шинж тогтоогдох боломжгүй гэж үзэж байна. Уг мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгт байдаг. Сүүлд өөрөө уг мэдүүлгээ няцаасан. Хохирогчийн мэдүүлэг хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан. Уг мэдүүлэгт утсаар чинь нэг яриад өгье гэхээр нь нэг их юм бодоогүй өгсөн гэсэн байдаг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүхэд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой байх ёстой гэсэн үндэслэлээр тус тогтоолыг хүчингүй болгосон. Шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад 1, 6 сар хорих, 2 дугаар заалтад дээрэмдэх гэсэн үг, өгүүлбэрийг оруулсан байсан учраас шийтгэх тогтоолыг ойлгомжтой байсангүй гэсэн үндэслэлийг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Жа болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Хү, Г.И, Г.Жа нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Хү-, Г.И-, Г.Жа- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан үйлдэлд нь прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 Тодруулбал, Г.Хү-, Г.И-, Г.Жа- нар нь хохирогч Г.А-г айлган сүрдүүлж, “Одоо нэг нэгээрээ үзээч”, “Утасны нууц кодоо өгөхгүй бол зодно, хойд жалганд аваачаад булна” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлсэн байхад анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан булаах гэмт хэрэг үйлдсэн гэж буруу дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилго бүхий гэмт этгээдийн үйлдлийн шинжийг тодорхойлохдоо хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэж үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлж буй байдал, хүч хэрэглэхээр заналхийлж буй сэтгэхүйн дарамтын гадаад илэрхийлэл, орон зай, хүчний харьцааны шинж чанар, тухайн заналхийлэл нь биелэгдэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан нөхцөл байдлын талаар хууль зүйн бодитой дүгнэлт хийж, уг дүгнэлтэд тулгуурлан хэргийг зүйлчлэлийг зөв тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх  шаардлагатай гэж үзнэ.           

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Жа-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 621 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Жа-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН