Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 591

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Т.Эрдэнэбат,

            Шүүгдэгч Г.Хн, Г.И, Г.Ж тэдгээрийн өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Тулчин овогт Гийн Ж, Дунж овогт Гийн И, Тогруутан овогт Гын Х нарт холбогдох 1711008880148  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, -Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 84/20 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Тулчин овогт Гийн Ж, (РД:И0000000000000),

2.Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хялганат тосгонд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дунж овогт Гийн И, (РД:0000000000),

3.Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тогруутан овогт Г Хн, (РД:000000000000),

нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Тасганы овооны хойд талын замаар явж байсан хохирогч Г.Адъяаг “Зодно, хойд жалганд аваачаад булна” гэж хүч хэрэглэхээр заналхийлж Айфоне 5 маркийн гар утсыг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:

1.Г.Жаас: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн үед Тасганы овоо хавьд И уулзая гээд уулзсан. Тэгтэл урд нэг залуу явж байхад Хн тэр залуугийн гар утсаар ярья гэж хэлээд очсон. Тэгээд би араас нь хохирогч залуугаас утсаараа яриулчих гэтэл утсаа өгөөд паспортоо хэлж өгөхгүй байсан. Би хохирогчийг айлган сүдүүлж утсыг нь авсан зүйл байхгүй. Хн хохирогч хоёр цааш хамт явж байгаад хохирогч зугтаагаад явсан. Хохирогчийг дээрэм хийх санаа зорилго байгаагүй.” гэв.

Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчим И Хурэлчулуун бид 3 дээрэм хийе гэж ярилцаад гэрээс гарсан. Ингээд гадуур алхаж байгаад шөнө 01 цагийн орчим байх Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овооны орчим ганцаараа явж байсан 18-19 орчим насны залуу дээр И түрүүлж очоод уулзсан. Араас нь Хн очоод би сүүлд нь очиход И дээр намайг найз нартайгаа согтуу явахад зодож байсан залуу мөн байна гэсэн. Би очоод нөгөө залуутай юм ярьж байгаад бид 3 тэр залууг дагуулаад дээшээ гараад утсаа өгч бай гээд нөгөө залууд хэлэхэд надад Айфоне-5 утас гаргаж өгсөн. Би гар утас гаргаж өгөхөөр нь найз руугаа залгаад авахгүй болохоор нь утсыг нь буцаагаад өгөх гэж байсан. Энэ үед надаас Хн наад утсаа надад өгчих гээд Айди код чинь хэд бэ гээд асуусан чинь нөгөө залуу кодоо хэлж өгөөгүй. Ингээд Хн И бид 3 шат руу дагуулаад доошоо буусан. Тэгсэн чинь Хн та хоёр ард алхаж бай гээд нөгөө залууг дагуулаад урд алхаж байсан. Тэгсэн чинь тэр залуу дээд талын дээд талын шат руу дагуулаад гарах гэсэн чинь зугтаагаад яваад өгөхөөр нь бид нар бас зугтаад явсан. Тэндээс шууд такси бариад зурагтад байх гэртээ харьж хоносон. Маргааш өглөө нь Хн бид хоёр Мобиком Теди дээр очоод утасны код 30000 төгрөгөөр гаргуулаад гар утсыг нь 120.000 төгрөгөөр зарсан. Гар утас зарсан мөнгөөр бид 3 хоол унд идээд өөрсдийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан байгаа” гэжээ.

2.Г.Иаас: “…Би Эрдэнэтээс Улаанбаатар хотод цэрэгт явахаар ирсэн. Тасганы овооны тэр хавьд бид гурав явж байгаад ээжтэйгээ утсаар ярих гэтэл миний утас цэнэггүй болсон байхаар нь Хнаас утсаараа яриулчих гэтэл нэгжгүй, Жын утас цэнэггүй болсон байсан. Тэгээд урд талд явж байсан залуугаас утсаараа яриулчих гэж хэлсэн, тэгтэл тэр залуу гар утасныхаа паспортыг хэлж өгөхгүй байсан. Тэгтэл хохирогчийг Хн аваад явсан цааш явсан хохирогч гар утсаа Хнаас авалгүй зугтаагаад явсан. Би хохирогчийг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй.” гэв.

Г.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зурагтад Хн, Ж бид 3 хүний гар утас дээрэмдье гэж ярилцсан. Ингээд бид 3 гадуур явж байгаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овооны орчим нэг залуу явж байхаар нь би араас нь очоод мөрнөөс татаад тэр залууд хандаад “чи намайг бааранд зодсон залуу мөн байна” ярьж байсан чинь манай найз Хн араас ирээд тэр залууг дагуулаад тасганы овооны дээшээ шатаар дагуулаад гарсан. Энэ үед Ж араас ирээд нөгөө залууд хандаад утсаараа нэг яриулчих гэж хэлсэн чинь нөгөө залуу утсаа гаргаад өгсөн. Тэгээд Ж тэр залуугийн утсыг нь хэсэг бариад оролдож байгаад эргүүлээд өгсөн. Тэгсэн чинь Хн утсыг нь буцааж аваад 3 жиг нь асаагаад Айди кодыг нь гаргуулах гэсэн чинь кодоо хэлэхгүй, хэл амаар дарамтлаад байсан. Би тухайн үед юу гэж ярьж байсныг нь тодорхой санахгүй байна. Ингээд Хн нөгөө залууг дагуулаад урд гараад алхсан. Хн тэр залууг дагуулаад доошоо бууж байх үед Ж, Хн бид 3 утсыг нь аваад зугтаасан. Нөгөө залуугийн хувьд шатаар буугаад доор үлдсэн. Тэндээс бид 3 шууд гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь намайг унтаж байхад Ж, Хн хоёр гаднаас түгжээд яваад өгсөн байсан. Намайг гэрт байхад Хн ирээд удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. Би гар утас зарсан мөнгөнөөс нь үрээгүй.” гэжээ.

3.Г.Хаас: “…Тухайн хэрэг гардаг өдөр И, Ж нартай уулзсан учир нь И цэрэгт явах гэж байна гэхээр нь РС тоглоомын газарт тоглохоор уулзсан. Тэгээд бид гурав Тасганы овооны тэр хавиар явж байтал нэг залуу утсаа оролдоод явж байхаар нь И тэр залуу дээр очсон тэгээд утсыг авах шиг болоход хохирогч залуу таксинд суугаад явсан.” гэв.

            Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зурагтад И, Ж бид 3 байж байгаад хүний гар утас дээрэмдье гэж ярилцсан. Бид 3 ганцаараа явж байгаа залуучууд эхлээд Идэрээ очиж уулзаад чи намайг зодсон хүн мөн байна гэж хэлэхээр би араас очоод мөн юм уу гээд асуугаад яриа өдөж байхад Ж ах араас ирээд дээрэмдэнэ гэж ярилцсан. Тэгээд зурагтаас 23 цагийн орчим гэрээс гараад алхаж байгаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овооны орчим 01 цагийн үед явж байхад урд нэг залуу явж байсан юм. Тэгээд И түрүүлж очоод уулзаж байхад нь би араас нь яваад Идэрээд хандаад энэ чамайг зодсон хүүхэд мөн үү гээд асуусан чинь И мөн байна гээд худлаа хэлээд байж байхад араас Жавхаа ах ирээд утсаараа нэг яриулчих гээд утсыг нь авсан. Тэгээд нөгөө залууг дагуулаад шатаар дээш гарсан. Ингээд би Жаас нөгөө залуугийн гар утсыг аваад кодоо хэл гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би утасны кодоо хэлэхгүй бол дэлгэцний кодоо хэл гэхэд үгүй хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг дагуулаад би чиний утсьг авахгүй гээд шатаар доош буулгаад Гандан тал руу алхаад нөгөө талын шатаар дээш өгсөөд явсан чинь нөгөө залуу ард үлдээд таксинд гар өргөөд суухаар нь бид нар зугтсан. Маргааш нь Ж бид хоёр Теди төв ороод кодыг нь 30.000 төгрөгөөр гаргуулаад тэр хүндээ утсыг 120.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгийг И, Ж бид 3 хамтдаа үрээд дуусгасан.” гэжээ.

            Хохирогч Г.Адъяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны 22 цагийн орчим ажпаасаа гараад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцэс ороод найз нартайгаа уулзсан. Тэндээсээ 00 цаг 40 минутын орчим алхаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овооны голын замын хойд талаар явж байхад 18 орчим насны залуу араас алгадаад хөөе гэж дуудсан. Ингээд би эргээд харсан чинь араас нэг залуу ирээд наад хүн чинь мөн юм уу нөгөө хүүхдээсээ асуусан. Нөгөө араас ирсэн залуу нь хүрч ирээд чи манай дүүг зоддог хэн юм бэ гэсэн чинь араас нь дахиад нэг залуу нэмэгдэж ирээд наад пизда чинь мөн юм уу гээд нэмэгдээд ирсэн. Тэгснээ сүүлд ирсэн залуу нь утсаараа ганц яриулчих гэхээр нь би тухайн үед нэг их юм бодоогүй өөрийн саарал өнгөтэй Айфоне-5 маркийн гар утсаа гаргаад өгсөн. Тэгсэн чинь утас авсан залуу 3 жи асаагаад шууд Эппле Айди паспорт нэхэхээр нь би хэлж өгөөгүй. Ингээд утсаар хэсэг оролдож байгаад дахиад сүүлд ирсэн залуу нь чи яагаад манай дүүг зодсон юм бэ, найз нарынхаа хажууд хэн ч далдаганаж болно, одоо нэг нэгээрээ үзчих гэж хэлсэн. Би тухайн үед тэд нар цүнх аваад зугтах гэж байна гэж бодоод зодолдохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө 3 залуу намайг дагуулаад Тасганы овоо руу гарсан. Ингээд уулан дээр гарчихаад чиний утас пасс код байхгүй юм уу гэж асуухаар нь хэлэхгүй гэж хэлсэн. Ингээд хаягаа хийхгүй гэж гүрийгээд худлаа код хэлээд утсаа оролдуулсан. Энэ үед би та нарт утсаа өгч чадахгүй, миний дансанд 10.000 төгрөг байна аваад яв гэж хэлсэн. Тэгсэн сүүлд ирсэн залуу бид нарт чиний мөнгө хэрэггүй утсыг чинь авна гээд код нэхээд утасны кодоо өгөхгүй бол чамайг хойд жалганд аваачаад булна гэсэн. Чи пизда минь эндээс зугтана гэж санаж байна уу гэж сүрдүүлсэн. Тэгээд наадахыг чинь нарийн гудам руу ороод зодъё гэсэн. Энэ үед хоёр ирсэн залуу нь чиний утсыг чинь авахгүй ээ харин кодоо хийчих утсыг чинь эргүүлээд өгнө гээд нөгөө хоёр залуугаа явуулаад намайг Тасганы овооноос аваад доошоо буугаад нарийн гудам руу дагуулаад явах гэхээр нь тэр залуугаас ганцаараа байсан учраас зугтаасан.” гэжээ.

            Иргэний нэхэмжлэгч Б.Баярдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэ үед хажуу лангууны Ганцэцэг эгч над дээр ирээд гэр бүлийхэнтэйгээ хоол идэж байгаад олсон утас байгаа юм энэ утасны кодыг нь гаргаад өг гэхээр нь би болно гэж хэлээд кодыг нь гаргаж өгсөн. Тэгээд энэ утсыг хэдээр авах юм бэ гээд асуухаар нь 150.000 төгрөгөөр авья гэж хэлсэн. Ингээд би тэр гар утсыг нь 150.000 төгрөгт бодоод 30.000 төгрөгийг нь код гаргасан төлбөрт аваад 120.000 төгрөгийг махлагдуу бор бандид өгсөн. Ингээд би энэ утсанд өөрийн сим картаа хийгээд байж байхад цагдаагаас ирээд надтай уулзаад энэ утсыг хурааж авсан.” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч Г.Ж, Г.И, Г.Х нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Тасганы овооны хойд талын замаар явж байсан хохирогч Г.Адъяад утсаар чинь яриад өгье гэж  Айфоне 5 маркийн гар утсыг нь  хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан болох нь

шүүгдэгч Г.Жын “Тэгээд би араас нь хохирогч залуугаас утсаараа яриулчих гэтэл утсаа өгөөд паспортоо хэлж өгөхгүй байсан. Би хохирогчийг айлган сүдүүлж утсыг нь авсан зүйл байхгүй. Хн хохирогч хоёр цааш хамт явж байгаад хохирогч зугтаагаад явсан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Иын “Ж араас ирээд нөгөө залууд хандаад утсаараа нэг яриулчих гэж хэлсэн чинь нөгөө залуу утсаа гаргаад өгсөн. Тэгээд Ж тэр залуугийн утсыг нь хэсэг бариад оролдож байгаад эргүүлээд өгсөн. Тэгсэн чинь Хн утсыг нь буцааж аваад 3 жиг нь асаагаад Айди кодыг нь гаргуулах гэсэн чинь кодоо хэлэхгүй, хэл амаар дарамтлаад байсан. Ингээд Хн нөгөө залууг дагуулаад урд гараад алхсан. Хн тэр залууг дагуулаад доошоо бууж байх үед Ж, Хн бид 3 утсыг нь аваад зугтаасан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Хы “Жавхаа ах ирээд утсаараа нэг яриулчих гээд утсыг нь авсан. Тэгээд нөгөө залууг дагуулаад шатаар дээш гарсан. Ингээд би Жаас нөгөө залуугийн гар утсыг аваад кодоо хэл гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би утасны кодоо хэлэхгүй бол дэлгэцний кодоо хэл гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг дагуулаад би чиний утсьг авахгүй гээд шатаар доош буулгаад Гандан тал руу алхаад нөгөө талын шатаар дээш өгсөөд явсан чинь нөгөө залуу ард үлдээд таксинд гар өргөөд суухаар нь бид нар зугтсан” гэх мэдүүлэг,

            хохирогч Г.Адъяагийн “...2017 оны 10 дугаар сарын 06-ны 00 цаг 40 минутын орчим алхаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овооны голын замын хойд талаар явж байхад 18 орчим насны залуу араас алгадаад хөөе гэж дуудсан. Ингээд би эргээд харсан чинь араас нэг залуу ирээд наад хүн чинь мөн юм уу гээд нөгөө хүүхдээсээ асуусан. Нөгөө араас ирсэн залуу нь хүрч ирээд чи манай дүүг зоддог хэн юм бэ гэсэн чинь араас нь дахиад нэг залуу нэмэгдэж ирээд наад пизда чинь мөн юм уу гээд нэмэгдээд ирсэн. Тэгснээ сүүлд ирсэн залуу нь утсаараа ганц яриулчих гэхээр нь би тухайн үед нэг их юм бодоогүй өөрийн саарал өнгөтэй Айфоне-5 маркийн гар утсаа гаргаад өгсөн. Тэгсэн чинь утас авсан залуу 3 жи асаагаад шууд Эппле Айди паспорт нэхэхээр нь би хэлж өгөөгүй. Ингээд уулан дээр гарчихаад чиний утас пасс код байхгүй юм уу гэж асуухаар нь хэлэхгүй гэж хэлсэн. Ингээд хаягаа хийхгүй гэж гүрийгээд худлаа код хэлээд утсаа оролдуулсан. Энэ үед би та нарт утсаа өгч чадахгүй, миний дансанд 10.000 төгрөг байна аваад яв гэж хэлсэн. Тэгсэн сүүлд ирсэн залуу бид нарт чиний мөнгө хэрэггүй утсыг чинь авна гээд код нэхээд утасны кодоо өгөхгүй бол чамайг хойд жалганд аваачаад булна гэсэн. Чи пизда минь эндээс зугтана гэж санаж байна уу гэж сүрдүүлсэн. Тэгээд наадахыг чинь нарийн гудам руу ороод зодъё гэсэн. Энэ үед хоёр ирсэн залуу нь чиний утсыг чинь авахгүй ээ харин кодоо хийчих утсыг чинь эргүүлээд өгнө гээд нөгөө хоёр залуугаа явуулаад намайг Тасганы овооноос аваад доошоо буугаад нарийн гудам руу дагуулаад явах гэхээр нь тэр залуугаас ганцаараа байсан учраас зугтаасан” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, гэмт хэргийн тухай өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Г.Ж, Г.И, Г.Х нарыг бүлэглэн хохирогч Г.Адъяаг “Зодно, хойд жалганд аваачаад булна” гэж хүч хэрэглэхээр заналхийлж Айфоне 5 маркийн гар утсыг авсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаанд “... бид 3 дээрэм хийе гэж ярилцаад гэрээс гарсан” гэж мэдүүлсэн, хохирогч Г.Адъяагийн “Ингээд би эргээд харсан чинь араас нэг залуу ирээд наад хүн чинь мөн юм уу гэж нөгөө хүүхдээсээ асуусан. Нөгөө араас ирсэн залуу нь хүрч ирээд чи манай дүүг зоддог хэн юм бэ гэсэн чинь араас нь дахиад нэг залуу нэмэгдэж ирээд наад пизда чинь мөн юм уу гээд нэмэгдээд ирсэн. Тэгснээ сүүлд ирсэн залуу нь утсаараа ганц яриулчих гэхээр нь би тухайн үед нэг их юм бодоогүй өөрийн саарал өнгөтэй Айфоне-5 маркийн гар утсаа гаргаад өгсөн. Тэгсэн чинь утас авсан залуу 3 жи асаагаад шууд Эппле Айди паспорт нэхэхээр нь би хэлж өгөөгүй. Ингээд утсаар хэсэг оролдож байгаад дахиад сүүлд ирсэн залуу нь чи яагаад манай дүүг зодсон юм бэ, найз нарынхаа хажууд хэн ч далдаганаж болно, одоо нэг нэгээрээ үзчих гэж хэлсэн. Би тухайн үед тэд нар цүнх аваад зугтах гэж байна гэж бодоод зодолдохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө 3 залуу намайг дагуулаад Тасганы овоо руу гарсан. Ингээд уулан дээр гарчихаад чиний утас пасс код байхгүй юм уу гэж асуухаар нь хэлэхгүй гэж хэлсэн. Ингээд хаягаа хийхгүй гэж гүрийгээд худлаа код хэлээд утсаа оролдуулсан. Энэ үед би та нарт утсаа өгч чадахгүй, миний дансанд 10.000 төгрөг байна аваад яв гэж хэлсэн. Тэгсэн сүүлд ирсэн залуу бид нарт чиний мөнгө хэрэггүй утсыг чинь авна гээд код нэхээд утасны кодоо өгөхгүй бол чамайг хойд жалганд аваачаад булна гэсэн. Чи пизда минь эндээс зугтана гэж санаж байна уу гэж сүрдүүлсэн. Тэгээд наадахыг чинь нарийн гудам руу ороод зодъё гэсэн. Энэ үед хоёр ирсэн залуу нь чиний утсыг чинь авахгүй ээ харин кодоо хийчих утсыг чинь эргүүлээд өгнө гээд нөгөө хоёр залуугаа явуулаад намайг Тасганы овооноос аваад доошоо буугаад нарийн гудам руу дагуулаад явах гэхээр нь тэр залуугаас ганцаараа байсан учраас зугтаасан” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор шөнийн цагаар явж, хохирогчийн гар утсыг авахдаа түүнд хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй байна. Нөгөө талаар хохирогчийн гар утсыг авсны дараа “утасны кодоо өгөхгүй бол чамайг хойд жалганд аваачаад булна гэсэн. Чи пизда минь эндээс зугтана гэж санаж байна уу” гэж сүрдүүлснийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдохгүй байна гэж үзлээ.   

Иймд шүүгдэгч Тулчин овогт Гийн Ж, Дунж овогт Гийн И, Тогруутан овогт Гын Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн зүйлийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн тул тэдгээрт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлаж, шүүгдэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж, тэдгээрийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.И, Г.Х нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 3 хоногтой өсвөр насны байсан тул тэдгээрт Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэг нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Ж, Г.И, Г.Х нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулж, шүүгдэгч Г.И, Г.Х нарын өмгөөлөгч нараас гаргасан өсвөр насны хүнд оногдуулах ял шийтгэсэн тогтоол биелүүлэхийг хойшлуулах хүсэлтүүдийг  харгалзсан болно.

Харин шүүгдэгч Г.Ж-ын хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.Ж, Г.Х, Г.И нарт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Тулчин овогт Гийн Ж, Дунж овогт Гийн И, Тогруутан овогт Гын Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жыг 1 (нэг) 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.И, Г.Х тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Х, Г.И тус бүрт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Жын цагдан хоригдсон 60 хоног, шүүгдэгч Г.Хы цагдан хоригдсон 27 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.И цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И, Г.Х тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.И, Г.Х нар нь дээрх хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Х, Г.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй..

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ