Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/03491

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 20

101/ШШ2023/03491

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух М.Ц /,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух Д.Ч / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух Б.Э /-д холбогдох,

Зээлийн гэрээгүйгээр төлсөн хүүгийн мөнгө болох 10,909,900 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зэлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч М.Ц ,

нэхэмжлэгч Д.Ч ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай гэр бүл 2011 оноос хойш Баянзүрх дүүрэгт байрлах Жуков худалдааны төвд бэлэн хувцас, хүнсний зориулалтаар лангуу түрээслэн ажиллаж байхдаа Б.Э аас 2017 оны 08 сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 08 сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 09 сарын 08-ны өдөр 2,300,000 төгрөг, 2017 оны 10 сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 02 сард 1,000,000 төгрөг, 2018 оны 04 сард 1,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд эдгээр 8 удаагийн зээл авахдаа нэг ч гэрээ хийж байгаагүй билээ. Бид Б.Э ын Төрийн банкны ..... тоот дансанд 15,794,000 төгрөг, Хаан банкны .... дансанд 12,115,900 төгрөг төлсөн. Нийт 27,909,900 төгрөгийг Б.Э д төлсөн байдаг. Үүнээс үндсэн мөнгө болох 17,000,000 төгрөг, хүүнд 10,909,900 төгрөг. Гэвч Б.Э нь биднээс авсан хүүний мөнгө болох 10,909,900 төгрөгийг буцаан өгөх ёстой гэж бид үзэж байна. Учир Б.Э бидэнтэй гэрээ хийгээгүй төдийгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн. Мөн тэрээр 2002 оны аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүйгээр бидэнтэй зээлийн харилцаанд орж удаа дараа тогтмол хүүтэй мөнгө зээлж байсан нь хууль зөрчсөн гэж үзсэн. Үүнийг нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон. Иймээс бидний төлсөн хүүний мөнгө болох 10,909,900 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч Б.Э нь шүүхэд хуурамч гэрээ бүрдүүлэн өгсөн нь шүүхийг илтэд доромжилсон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл төдийгүй, хүнийг ямар ч аргаар залилан гүтгэж болохыг өөрийн үйлдлээрээ харууллаа. Бид энэ хүнээс нийт 8 удаагийн үйлдлээр 17 сая төгрөг зээлж, буцаан төлсөн байдаг. Анхнаасаа хуурамч гэрээ хийсэн байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газар гэрээг хуурамч гэдгийг тогтоосон. Хариуцагч тал өөрсдөө сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаад өөрсдийнхөө хууль бус үйлдлийг нотолж байна. Б.Э гэдэг хүнээс 3 гэрээний дагуу мөнгө аваагүй. Хэрэв авсан бол Б.Э 2020 онд шүүхээр явахдаа мөнгөө нэхээд шийдэгдэх байсан. Хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сард гэрээ хийгээд дууссан. Хуурамч гэрээ бариад шаардаж байна, хуурамч гэдэг нь батлагдсан гэрээ учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нотлох баримт хангалттай бүрдсэн байгаа. Нэхэмжлэгч нар хуулиа мэддэггүй, уншсан ч ойлгодоггүй юм шиг байна. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн асуудал. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа нийт 8 удаагийн хэлцлээр төлсөн зээлийн хүү үнийн дүнгээрээ байж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд авч хэлэлцээд аль хэдийн шүүхийн шийдвэр гараад давж заалдах шатны шүүхийн магадлал гараад одоо шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлээд явж байгаа. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан байдаг. Тийм учраас хэлэлцээд байх шаардлага байхгүй, хэрэгсэхгүй болгох юм шиг санагдаж байгаа. Нэхэмжлэгч нар 2017, 2018 оны асуудлыг сөхөж ярьж байна. Одоо 2023 он болж байгаа, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Энэ үйл баримт, маргаад байгаа асуудлаар өмнө нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Нотлох баримтаар хангалттай авагдсан шүүхийн шийдвэр болон магадлалыг уншаад үзэхээр 8 удаагийн хэлцэл үнийн дүн, он сар өдөртэйгөө байгаа. Шүүх аль хэдийн хэлэлцээд шийдвэрлэсэн. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч М.Ц , Д.Ч нар нь иргэн Б.Э аас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 13 удаагийн хэлцлээр нийт 44,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал зэргээр шалтаг тоочин зээлсэн мөнгөө анх тохиролцсоны дагуу төлөөгүй. Тэд 2017-2018 онуудад 11 удаагийн хэлцлээр нийт 27,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлсэн боловч үүнээс ердөө 15,260,000 төгрөгийг эргүүлж төлсөн. Улмаар 2019 оны 01 дүгээр сард 2 удаагийн хэлцлээр 17,000,000 төгрөг 2 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй нэмж зээлсэн боловч үүнээс 10,509,000 төгрөг эргүүлж төлсөн. Энэхүү 10,509,000 төгрөгийг тэд 2017-2018 онуудад зээлсэн мөнгөнийхөө тооцоонд оруулж байгаа нь зүйд нийцэхгүй юм. 2019 онд олгосон 17,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүүгийн төлбөрт нийт 26,891,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлж авсан 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлж авсан 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлж авсан 10,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банкны ... , ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.12-ны өдрийн 1490 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.06-ны өдрийн 101/ШШ2022/02135 дугаар шийдвэр, 2023.07.17-ны өдрийн хариу тайлбар,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлдүүлсэн мөнгөний тооцоолол, 2017.07.03-ны өдрийн баримт, 2018.01.15-ны өдрийн баримт, 2018.04.23-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.01.08-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.01.23-ны өдрийн зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.06-ны өдрийн 101/ШШ2022/02135 дугаар шийдвэр, сөрөг нэхэмжлэлийн багасгасан шаардлага, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.03-ны өдрийн 101/ШЗ2022/22691 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.03.01-ний өдрийн 557 дугаар Шинжээчийн дүгнэлт, ХААН банкны 2023.03.21-ний өдрийн банкны данс эзэмшигчийн талаарх лавлагаа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.04.21-ний өдрийн 10/2841, 2023.05.15-ны өдрийн 10/3390 дугаартай албан бичиг, шинжээч Х.Б гийн тайлбар,

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар, хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Ц , Д.Ч нар нь хариуцагч Б.Э д холбогдуулан зээлийн гэрээгүйгээр төлсөн хүүгийн мөнгө болох 10,909,900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан 2019 онд олгосон 17,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүүгийн төлбөрт нийт 26,891,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгаж 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Зохигчийн хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5. Зээлийн гэрээгүйгээр төлсөн хүүгийн мөнгө болох 10,909,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Э нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн харилцаанд орж хүүтэй мөнгө зээлж байсан нь хууль зөрчсөн гэдгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон үндэслэлээр төлсөн хүүгийн мөнгө болох 10,909,900 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

5.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02135 дугаар шийдвэрээр Б.Э ын нэхэмжлэлтэй хариуцагч М.Ц , Д.Ч нарт холбогдох 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тоот зээлийн гэрээний үүрэгт 29,610,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2020.02.02-2021.12.26-ны өдрийг хүртэл илүү төлсөн 10,909,900 төгрөг, 750,000 төгрөг, нийт 11,659,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэж хариуцагч М.Ц гээс 29,610,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Ч ад холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1490 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн хянан нэхэмжлэгч Б.Э ыг аж ахуйн үй ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй зээлийн гэрээний харилцаанд орсон үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хүү шаардах эрхгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан хариуцагч М.Ц гээс 11,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгож, хариуцагч Д.Ч ад холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Б.Э д холбогдох 11,659,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан байна.

5.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02135 дугаар шийдвэрт хариуцагч М.Ц , Д.Ч нарын сөрөг нэхэмжлэлийн бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний хүүгийн төлбөрт төлсөн 10,909,900 төгрөгийг гаргуулах шаардлагыг ...зээлдэгч хүүг хүлээн зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1490 дугаар магадлалд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байна.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нарын зээлийн хүүгийн төлбөрт илүү төлсөн гэх 10,909,900 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан шийдвэр, магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул зээлийн гэрээгүйгээр төлсөн хүүгийн мөнгө болох 10,909,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

6. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зэлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1. Хэрэгт хариуцагчаас Б.Э , М.Ц нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэх, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 7,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлдүүлэх, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлдүүлэх тухай зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн.

6.2. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Э тай эдгээр гэрээг байгуулаагүй, хуурамч нотлох баримтыг үндэслэн мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ц нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн гэрээнүүдэд зурсан гарын үсэг нь түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон.

 

6.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 557 дугаар Шинжээчийн дүгнэлтээр ...2018 оны 04 дүгээр сарын 23, 2019 оны 01 дүгээр сарын 08, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдийн Зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгүүд нь М.Ц гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй... гэсэн дүгнэлтийг гаргасан.

6.5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох явдал юм.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Э аас нэхэмжлэгч М.Ц , Д.Ч нарт 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зэлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

6.6. Хариуцагч Б.Э нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 6,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг,10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт зээлдүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Б.Э д холбогдох зээлийн гэрээгүйгээр төлсөн хүүгийн мөнгө болох 10,909,900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч М.Ц , Д.Ч нарт холбогдох 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зэлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

8. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,950 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,405 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Э д холбогдох зээлийн гэрээгүйгээр төлсөн хүүгийн мөнгө болох 10,909,900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч М.Ц , Д.Ч нарт холбогдох 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зэлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,950 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,405 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР