Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01840

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр Дуга210/МА2023/01840

 

 

М.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03491 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.*******д холбогдох,

 

10,909,900 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зэлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, Д.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Манай гэр бүл 2011 оноос хойш ******* дүүрэгт байрлах Жуков худалдааны төвд бэлэн хувцас, хүнсний зориулалтаар лангуу түрээслэн ажиллаж байхдаа Б.*******аас 2017 оны 08 сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 09 сарын 08-ны өдөр 2,300,000 төгрөг, 10 сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 02 сард 1,000,000 төгрөг, 2018 оны 04 сард 1,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд эдгээр 8 удаагийн зээл авахдаа нэг ч гэрээ хийж байгаагүй.

 

1.2.Бид Б.*******ын Төрийн банкны ******* тоот дансанд 15,794,000 төгрөг, Хаан банкны 501528088 дансанд 12,115,900 төгрөг төлсөн. Нийт 27,909,900 төгрөгийг Б.*******д төлсөн байдаг. Үүнээс үндсэн мөнгө болох 17,000,000 төгрөг, хүүнд 10,909,900 төгрөг. Гэвч Б.******* нь биднээс авсан хүүний мөнгө болох 10,909,900 төгрөгийг буцаан өгөх ёстой гэж бид үзэж байна. Учир Б.******* бидэнтэй гэрээ хийгээгүй төдийгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн. Мөн тэрээр 2002 оны аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүйгээр бидэнтэй зээлийн харилцаанд орж удаа дараа тогтмол хүүтэй мөнгө зээлж байсан нь хууль зөрчсөн гэж үзсэн. Үүнийг нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон. Иймээс бидний төлсөн хүүний мөнгө болох 10,909,900 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч Б.******* нь шүүхэд хуурамч гэрээ бүрдүүлэн өгсөн нь шүүхийг илтэд доромжилсон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл төдийгүй, хүнийг ямар ч аргаар залилан гүтгэж болохыг өөрийн үйлдлээрээ харууллаа. Бид энэ хүнээс нийт 8 удаагийн үйлдлээр 17 сая төгрөг зээлж, буцаан төлсөн байдаг. Анхнаасаа хуурамч гэрээ хийсэн байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газар гэрээг хуурамч гэдгийг тогтоосон.

 

1.4.Хариуцагч тал өөрсдөө сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаад өөрсдийнхөө хууль бус үйлдлийг нотолж байна. Б.******* гэдэг хүнээс 3 гэрээний дагуу мөнгө аваагүй. Хэрэв авсан бол Б.******* 2020 онд шүүхээр явахдаа мөнгөө нэхээд шийдэгдэх байсан. Хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сард гэрээ хийгээд дууссан. Хуурамч гэрээ бариад шаардаж байна, хуурамч гэдэг нь батлагдсан гэрээ учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

2. Хариуцагч Б.*******ын тайлбар, түүний агуулга:

2.1.Нотлох баримт хангалттай бүрдсэн байгаа. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн асуудал. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа нийт 8 удаагийн хэлцлээр төлсөн зээлийн хүү үнийн дүнгээрээ байж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд авч хэлэлцээд аль хэдийн шүүхийн шийдвэр гараад давж заалдах шатны шүүхийн магадлал гараад одоо шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлээд явж байгаа.

Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан тулс хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл түүний үндэслэлийн агуулга:  

3.1.Нэхэмжлэгч М.*******, Д.******* нар нь иргэн Б.*******аас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 13 удаагийн хэлцлээр нийт 44,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал зэргээр шалтаг тоочин зээлсэн мөнгөө анх тохиролцсоны дагуу төлөөгүй.

 

3.2.Тэд 2017-2018 онуудад 11 удаагийн хэлцлээр нийт 27,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлсэн боловч үүнээс ердөө 15,260,000 төгрөгийг эргүүлж төлсөн. Улмаар 2019 оны 01 дүгээр сард 2 удаагийн хэлцлээр 17,000,000 төгрөг 2 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй нэмж зээлсэн боловч үүнээс 10,509,000 төгрөг эргүүлж төлсөн. Энэхүү 10,509,000 төгрөгийг тэд 2017-2018 онуудад зээлсэн мөнгөнийхөө тооцоонд оруулж байгаа нь зүйд нийцэхгүй юм. 2019 онд олгосон 17,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүүгийн төлбөрт нийт 26,891,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлж авсан 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлж авсан 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлж авсан 10,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээгүйгээр төлсөн хүүгийн мөнгө болох 10,909,900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч М.*******, Д.******* нарт холбогдох 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зэлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,950 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,405 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч М.*******, Д.******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

М.*******. Д.******* нарын нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэргийг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлээд 2023.07.20-ны өдөр 101/ШШ2023/03491 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд уг шүүхийн шийдвэр нь зөвхөн нэг талд үйлчилсэн, хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.1.Үүнд Нэхэмжлэгч нарын зүгээс 10,909,900 төгрөгийг хариуцагчаас шаардсан. Гэвч анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж, нотлох баримтыг буруу ойлгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн гэж үзэж байна.

Учир нь өмнө Б.******* нь БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 29,610,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гарган М.*******, Д.******* нарыг хариуцагчаар татсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

5.2.Харин давж заалдах шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М.******* нь хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хүү төлөх ёсгүй байсан гэж үзэн 11,550,000 төгрөгийг хангаж, уг мөнгийг хариуцагч М.*******гээс гаргаж нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэсэн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн /2001 оны/ 15-р зүйлийн 15.1, 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэж зохицуулсан тул миний зүгээс Б.*******д зээлсэн мөнгөний хүү гэж нийт 37,859,900 төгрөг төлсөн.

Энэ тухай баримт урд нь шийдвэрлэгдсэн хэргийн материалд байсан бөгөөд шүүгч Д.Цэрэндолгор нь гаргаж өгсөн нотлох баримтыг буруу ойлгож тайлбарлан урд нь БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.06-ны өдрийн 101/ШШ2022/02135 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.12-ны өдрийн 1490 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Өмнө шүүх шийдвэрлэсэн маргаан бол зөвхөн 2020.01.31-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан авсан гэх 21,500,000 төгрөгтэй холбоотой юм.

 

5.3.Харин миний зүгээс зээлсэн мөнгөний хүү гэж төлж байсан нийт 37,859,900 төгрөгөөс урд шийдүүлсэн хэргээс гадна буюу 10,909,900 төгрөгийг нэхэмжилсэн юм. Анхан шатны шүүх хэргийг зөвхөн нотлох баримт хуурамчаар үйлдэн сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба ийнхүү дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна... гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Тиймээс ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн 2023.07.20-ны өдөр 101/ШШ2023/03491 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргалын гаргасан тайлбарын агуулга:

Тухайн гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгч нарын гарын үсэгтэй тохирохгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндсэн нэхэмжлэлийн тухайд өмнө 2 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал бий. Тухайн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2.Нэхэмжлэгч М.*******, Д.******* нар нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт төлсөн 10,909,900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт нийт 23,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийн нотлох баримтыг үнэлж, талуудын маргааны үйл баримтыг тогтоон хэргийг шийдвэрлэсэн байна.

 

4.Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1490 дугаартай магадлалыг үндэслэн 10,909,900 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч тал уг асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй тул дахин хэлэлцэх үндэслэлгүй гэх агуулгаар татгалзан, талууд маргажээ.

 

4.а.Хэргийн нотлох баримтаас үзвэл хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Тодруулбал, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02135 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******, Д.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,610,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлөлт хийсэн 11,659,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна. /хх-130-133/

Тус хэрэгт хариуцагч нар ... 2017 оны 08 сараас 2018 оны 04 сарын хугацаатай ... зээл авч байсан, .... 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Б.*******ын дансанд ... мөнгө төлж байсан, ... талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй нь хуульд заасан шаардлагыг хангаагүй зээлдэгч нараас Б.******* нь зээлийн хүү шаардах эрхгүй, ... иймд илүү төлсөн 10,909,900 төгрөгийг буцаан гаргуулна ... гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1490 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх 49-51,130-133/

 

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын маргааны үйл баримт нэгэнт тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.

Түүнчлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1490 дугаартай магадлалд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан зохицуулалтыг тайлбарлах замаар зээлдэгч хүүг хүлээн зөвшөөрч төлсөн бол буцаан шаардах эрхгүй гэсэн дүгнэлтийг дэмжин хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж дүгнэсэн байх тул Б.******* хүүтэй зээл өгөх эрхгүй этгээд гэдэг нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоосон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Иймд шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан, ... өмнө шүүх шийдвэрлэсэн маргаан бол зөвхөн 2020.01.31-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан авсан гэх 21,500,000 төгрөгтэй холбоотой гэх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нийт 23,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй байх тул энэ талаар эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03491 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,508 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД