Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/03992

 

 

 

 

 

 

 

 

                            2023        09          14

            101/ШШ2023/03992

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Н” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ч.Б /рд:/,

 

Хариуцагч:  Л.Б /рд:/ нарт холбогдох

 

Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны бодит эзэмшлийг шилжүүлж өгөхийг даалгах, 18,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ж, хариуцагч Ч.Бийн төлөөлөгч Э.Н, хариуцагч нарын өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч М.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Н” ХХК нь Баянзүрх дүүргийн ,,, ,,, гудамж “С” орон сууцны байрны ,,, тоот дугаартай үл хөдлөх хөрөнгийг ,,, дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсоор өмчилдөг болно. Н ХХК нь иргэн Ч.Б болон түүний нөхөр Б.Б нартай 2022.11 07-ны өдөр №Б2-22/04 дугаартай “Орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр 116 м.кв хэмжээтэй ,,, тоот орон сууцыг худалдан борлуулахаар тохиролцсон юм. Гэтэл худалдан авагч нар нь уг гэрээний үүргээ биелүүлээгүй орон сууцны үнээс 22,000,000 төгрөгийг төлснөөс төлбөрийн хуваарийг зөрчиж, төлбөр төлөгдөөгүй тул бид 2023 оны 03 сарын 01-ний өдрийн №59 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичгийг хүргүүлж, төлбөрийн хуваарийг хэвийн болгохыг анхааруулж, хэрэв төлбөрийг төлөхгүй бол гэрээнээс татгалзах талаар мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдэл хүргүүлснээс хойш хариуцагч нарын хувьд ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул гэрээнээс та талзаж дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

Гэрээний 6.2-д заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцалсан тул Баянзүрх дүүргийн ,,, ,,, гудамж “С” орон сууцны байрны ,,, тоот орон сууцны бодит эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах,

Гэрээний 2.3-д заасан алдангийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл тооцоолоход 18,300,000 /Арван найман сая гурван зуун мянга/ төгрөг байна.

Түүнчлэн хариуцагч нар нь 2020 оны 08 дугаар сараас хойш тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаад нэхэмжлэгч компанид уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авах санал гаргасныг хүлээн зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан юм. Гэтэл хариуцагчийн хувьд дээрх гэрээгээ илт зөрчиж 2020 оноос өнөөдрийг хүртэл орон сууцанд багахан хэмжээний төлбөр төлж амьдарсаар байгаа билээ.

Нэхэмжлэгчийн хувьд дээрх гэрээ байгуулахаас өмнө хариуцагч нарыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж байсан ч хожим гэрээ байгуулсан тул уг нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд хэлэлцүүлээгүй юм. Тодруулж хэлбэл бидний хувьд хариуцагч нарт тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох боломжийг олгож, итгэж найдан гэрээ байгуулсан боловч огт үүргээ биелүүлсэнгүй.

Иймд хариуцагчид “Н” ХХК-ийн өмчлөлийн орон сууцны бодит эзэмшлийг шилжүүлж өгөхийг даалгаж , алданги 18,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь ,,, тоот орон сууцыг өмчилдөг. Тухайн байраа хариуцагч нартай гэрээгээр худалдахаар тохиролцсон. Гэвч урьдчилгаа төлбөр төлсөн боловч үлдэгдлийг төлөөгүй. Удаа дараа уулзаж шаардлага хүргүүлсэн. Гэтэл гэрээний үүрэг хангагдаагүй. Иймд гэрээнээс татгалзаж, буцаан шилжүүлэхийг даалгаж, гэрээ хүчинтэй хугацааны алданги шаардана. Удаа дараа шаардаж байсан тул нэмэлт хугацаа өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй. Гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Одоо гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа боловч өмнө гэрээний дагуу мэдэгдээгүй гэдэг нь харилцан үгүйсгэгдэж байна. Гэрээ хүчин төгөлдөр бус байсан ч гэсэн орон сууцыг буцаан өгнө гэв.

 

2.             Хариуцагч нар нь шүүхэд, хариуцагч Ч.Бийн төлөөлөгч Э.Н, хариуцагч нарын өмгөөлөгч С.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-нийн Ч.Б болон Б.Б надад холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №Б2-22/04 дугаартай “Орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууцны бодит эзэмшлийг шилжүүлж өгөхийг даалгах, гэрээнд заасан алданги 18,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Бидний хувьд Н ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны №Б2-22/04 дугаартай “Орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээг байгуулсан.Тодорхой шалтгааны улмаас орон сууц худалдан авсан төлбөрөө төлж чадаагүй удааширсан зүйл бол байгаа. Бид нар орон сууцны үнийг төлж буцаан худалдан авах хүсэлтэй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн өгсөн авснаа буцаая гэсэн атлаа алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Орон сууцанд 2020 оны 11 сараас амьдарч байгаа. 22 болон 60 саяыг төлсөн. 60 саяыг Сд төлсөн. С нь нэхэмжлэгчтэй гэрээ хийсэн байсан юм. Одоо хариуцагч нар орон сууцанд амьдарч байгаа юм. Орон сууцанд амьдарч байсан болохоор урт хугацаанд төлбөрөө төлөхийг хүссэн боловч нэхэмжлэгчийн гаргасан хуваариар гэрээ байгуулагдсан. Төлбөр төлсөн баримттай маргаангүй. Төлбөртэй холбоотойгоор нэхэмжлэгч талтай ганц удаа уулзсан. Уулзаад алданги, гэрээний сарын төлбөр өндөр байгаа талаар яригдсан. Гэрээний сарын төлбөрийг багасгаж хугацааг сунгах талаар яригддаг. Гэвч тохиролцоонд хүрээгүй юм.

2б. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүрэг зөрчсөнөөр гэрээнээс татгалзсан гэж байна. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнээс татгалзахдаа 225.1-д зааснаар нэмэлт хугацаа олгоно гэж заасан. Гэтэл хэрхэн нэмэлт хугацаа олгосон бэ. Гэрээнээс татгалзах мэдэгдлийг хүлээж аваагүй. Мөн нэмэлт хугацаа тогтоохыг хуулиар шаарддаг. Иймд гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэхийг шаардана. Иймд хэлбэрийн шаардлагыг хангаагүй. 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг биелүүлээгүй гээд шаардлага гаргасан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэл үндэслэлгүй. Хэрэгт байгаа мэдэгдлээс үзэхэд эхний 2 нь гэрээ байгуулахаас өмнөх баримт юм. Иймд энэ хэрэгт ач холбогдолгүй. Зөрүүтэй гэх тайлбарын хувьд хэрэв гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол гэдэг талаас нь тайлбарлаж байгаа юм. Нотариатаар гэрчлүүлээгүй гэдгийг үгүйсгээгүй тул зөвшөөрсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 109.1, 109.2-т заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ юм. Гэрээнээс татгалзсан гээд байгаа тул алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

3.             Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх6-9/, ,,, дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрээний хуулбар /хх12, тооцоо нийлсэн акт /хх13/, “Н” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 95 дугаар, мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр, 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 59 дүгээр албан тоотын хуулбар /хх14, 15, 16/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 11666 дугаар захирамж /хх17-19/, тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны 02730 дүгээр тэмдэглэл /хх29-30/, тус шүүхийн мөн өдрийн 00317 дугаар тогтоол /хх31-33/

3б. Хариуцагчаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 07962 дугаар захирамжийн хуулбар /хх89-91/, тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02907 дугаар шийдвэрийн хуулбар /хх92-94/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01710 дугаар магадлалын хуулбар /хх95-96/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 18,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч “Н” ХХК нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүрэг, ,,,, ,,,, Хүннү гудамж ,, байр, ,,, тоот хаягт байрлах, 116 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дүгээр бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгөхийг даалгах, алдангид 18,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч Ч.Б, Б.Б нар нь гэрээ байгуулж, нэхэмжлэгчид 22,000,000 төгрөг, өмнөх гэрээний оролцогч Э.Сд 60,000,000 төгрөг төлсөн, зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй тул татгалзах эрх үүсээгүй гэж маргаж байна.

 

4.             Зохигчид 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ,,,нд баригдаж буй S хотхоны ,,-р байрны ,,, тоот, 116 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг нийт 464,000,000 төгрөгөөр худалдах, үнийг 13 хувааж, эцсийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлөхөөр тохиролцон байгуулжээ. /хх7-9/

4а. Уг барилга ашиглалтад орсон бөгөөд одоогийн хаяг нь маргаж буй Баянзүрх дүүрэг, ,,,, ,,,, Хүннү гудамж ,, байр, ,,, тоот хаягт байрлах, 116 м.кь талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дүгээр бүртгэгдсэн, 4 өрөө орон сууц мөн бөгөөд хариуцагч нар нь эзэмшиж буюу оршин сууж байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

5.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээнд нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигдахгүй тул гэрээ хүчин төгөлдөр юм. Харин өмчлөх эрх шилжүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагад нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хүргүүлэх учиртай. Зохигчид өмчлөх эрхийн талаар маргаагүй бөгөөд орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч болох нь ,,, дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх12/

5а. Энэхүү өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон байх тул гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь захиран зарцуулах эрхтэй байжээ.

 

6.             Гэрээний дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгчид нийт 22,000,000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан төлбөр төлсөн талаарх тооцоо нийлсэн актын талаар маргаагүй. /хх13/

6а. Харин Э.С гэгчид 60,000,000 төгрөг өгч залилуулах гэх асуудал энэ хэрэгт хамааралгүй. Учир нь Э.С нь маргаж буй гэрээний оролцог биш бөгөөд тэрээр орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байсан гэдэг нь тогтоогдоогүй. Мөн энэхүү 60,000,000 төгрөгийн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа үйл баримтын талаар маргаагүй тул энэхүү мөнгөн хөрөнгийг зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний төлбөр гэж үзэх үндэслэлгүй.

 

7.             Улмаар гэрээний алдангийн талаар болон төлбөрийн нөхцөлийг өөрчлөх талаар зохигчид уулзаж байсан болох нь хариуцагч Ч.Бийн төлөөлөгч, хариуцагч нарын өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Үүнээс үзэхэд гэрээнд заасан төлбөр төлөх хуваарь зөрчигдсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж байжээ.

7а. Цаашлаад орон сууцтай холбоотойгоор албадан чөлөөлөх, түрээс болон ашиглалтын зардал шаардсан нэхэмжлэлтэй хэрэг өмнө нь тус шүүхэд хянагдаж байсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02907 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01710 дугаар магадлалын хуулбараар тус тус тогтоогдсон. /хх92-94, 95-96/

Дурдаж буй дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагдсан хэрэгт нэхэмжлэлийг буцаасан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй боловч энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь өөр байх тул хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Харин өмнөх хэргийн нэхэмжлэлийн үндэслэл буюу хариуцагч нар үнийг төлөөгүй гэх тайлбар хэвээр байгааг дурдах нь зүйтэй.

7б. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх мөн оны 07 дугаар сарын 21-ны өдөр хариуцагч нарыг шүүхэд албадан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.

Хариуцагч нар нь ийнхүү нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш төлбөр төлсөн талаар баримт ирүүлээгүй.

Дээрх үйл баримтыг харьцуулан үзэхэд төлбөр төлөхийг шаардаагүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй тул татгалзах эрхгүй гэж тайлбар үндэслэлгүй. Тодруулбал, өмнө болон энэ хэрэгт гэрээний үнэ төлөгдөөгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах санал гаргаж буйг хариуцагч нар мэдэж байжээ. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

 

8.             Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэх шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

9.             Нэхэмжлэгч нь гэрээнээс төлбөр төлөх хуваарь зөрчигдсөн үндэслэлээр хугацаанаас өмнө татгалзсан тул гэрээний үүрэг буюу алданги шаардах эрхгүй. Иймд 18,300,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, ,,,, ,,,, Хүннү гудамж ,, байр, ,,, тоот хаягт байрлах, 116 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дүгээр бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч “Н” ХХК-д шилжүүлэн өгөхийг хариуцагч Ч.Б, Б.Б нарт даалгаж, үлдэх 18,300,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,569,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,477,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.Г