Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02033

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02033

 

 

 

 

 

 

 

2023 11 22 210/МА2023/02033

 

Н-Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/03992 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н-Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Б- Л.Б- нарт холбогдох,

Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, 18,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагч Ч.Б-ийн өмгөөлөгч С.Б-, хариуцагч Л.Б-, түүний өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Н-Э- ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын гудамж 000- тоотод байх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Н-Э- ХХК нь иргэн Ч.Б- Л.Б- нартай 2022 оны 11 сарын 07-ны өдөр №Б2-00/00- дугаартай Орон сууцны барилгыг худалдах-худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 116 м.кв хэмжээтэй 1308 тоот орон сууцыг худалдан борлуулахаар тохиролцсон. Гэтэл худалдан авагч нар нь уг гэрээний үүргээ биелүүлээгүй ба орон сууцны үнээс 22,000,000 төгрөгийг төлж, төлбөрийн хуваарийг зөрчсөн. Иймд бид 2023 оны 03 сарын 01-ний өдрийн №00-дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр төлбөр төлөхийг анхааруулж, төлбөр төлөхгүй нөхцөлд гэрээнээс татгалзахыг мэдэгдсэн.

1.2. Мэдэгдэл хүргүүлснээс хойш хариуцагч нар төлбөрөө төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний 6.2-д зааснаар 2023 оны 03 сарын 01-ний өдөр гэрээг цуцалсан тул Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын гудамж 000-тоот орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах, гэрээний 2.3-д заасан алдангийг 2023 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл тооцоход 18,300,000 төгрөг болж байна.

1.3. Түүнчлэн хариуцагч нар 2020 оны 08 сараас хойш тус үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаад нэхэмжлэгч компаниас уг орон сууцыг худалдан авах санал гаргасныг хүлээн зөвшөөрч 2022 онд гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь гэрээгээ зөрчин 2020 оноос өнөөдрийг хүртэл орон сууцанд багахан хэмжээний төлбөр төлж амьдарсаар байна. Иймд хариуцагчид орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгаж , алданги 18,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Бидний хувьд Н-Э- ХХК-тай 2022 оны 11 сарын 07-ны №Б2-00/00- дугаартай Орон сууцны барилга худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Тодорхой шалтгааны улмаас орон сууц худалдан авсан төлбөрөө төлж чадаагүй удааширсан. Бид нар орон сууцны үнийг төлж буцаан худалдан авах хүсэлтэй байна. Бид орон сууцанд 2020 оны 11 сараас амьдарч байна. Мөн 60,000,000 төгрөгийг Э.С-од төлсөн. Хэрэгт байгаа мэдэгдлээс үзэхэд эхний 2 нь гэрээ байгуулахаас өмнөх баримт юм. Гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасан хэлбэрийн шаардлага хангаагүй. Гэрээнээс татгалзсан гээд байгаа тул алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 000- тоот хаягтай, 116 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001- дүгээр бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч Н-Э- ХХК-д шилжүүлэн өгөхийг хариуцагч Ч.Б- Л.Б- нарт даалгаж, үлдэх 18,300,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,569,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 2,477,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн хуулиар олгогдсон эрх болон мэтгэлцэх зарчим зөрчигдсөн тухайд. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх "...өөрөө олж авах боломжтой баримтыг шүүхийн журмаар гаргахгүй..." гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж, шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан. Гэвч Эрүүгийн 0000000000000- дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй, прокурорын хяналтын шатанд байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчид хавтаст хэргийн материалтай танилцах, баримт сэлт хуулбарлаж авах эрхгүй болохыг анхаарсангүй. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн ч эрүүгийн 0000000000000- дугаартай хэрэгт авагдсан, Ч.Б-ийг хохирогчоор тогтоосон тогтоол, Э.С-ыг яллагдагчаар татсан тогтоол, "Н Э- ХХК-ийг иргэний харицагчаар татсан тогтоол зэрэг баримт нь хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн эсэх үйл баримтад шүүхээс зөв дүгнэлт өгөх, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ач холбогдолтой баримт юм.

4.2. Тухайн үед "Н-Э-" ХХК болон хариуцагч нар 60,000,000 төгрөгийг гэрээний үнийн дүнд суутгахаар тохиролцсоныг нотлохоор дээрх баримтуудыг гаргуулах, гэрчийн мэдүүлэг авахуулах, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа дутуу, татгалзлын үндэслэлийг нотолсон баримт бүрэн бүрдээгүй, шүүхийн хэлэлцүүлэг явуулахад бэлэн болоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх болон мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн. Энэхүү алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

4.3. Анхан шатны шүүх хууль зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэргийн үйл баримтыг зөв үнэлээгүй тухайд. Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн маргаан бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах талаар нөгөө талдаа мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож өгөх, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар хариуцагчид гэрээнээс татгалзах хугацааг өөрөө тогтоох боломжийг олгох журмыг хэрэгжүүлээгүй. Хариуцагч гэрээнээс татгалзах санал болон нэмэлт хугацааны талаар мэдсэн байхыг шаардана. Гэтэл гэрээнээс татгалзах мэдэгдлийг хариуцагч нар хүлээж аваагүй, мэдэгдлийг хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй атал шүүх гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэх үйл баримыг зөв үнэлж, дүгнэж чадсангүй.

Учир нь төлбөрийн нөхцлийг өөрчлөх асуудлаар талуудын уулзалт, гэрээний үүрэг шаардаж байсан зэрэг үйл баримт нь нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах санал хүргүүлсэн гэх /х.x-ийн 15 тал/ хугацаанаас өмнөх цаг хугацаанд болсон бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хуульд заасан журмыг зөрсөн эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж бодит дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд шүүхэд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Хариуцагчийн ярьж байгаа асуудал нь огт үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 11 сарын 07-ны өдрийн төлбөрийн график болон нийт гэрээний үнийн дүн дээр ямар нэгэн байдлаар төлбөр тооцох асуудал байдаггүй.

5.2. Нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2022 оны 11 сарын 07-ны өдрөөс хойш 5 сарын хугацааг хариуцагч талд олгосон. Хариуцагч талаас бидэнд гэрээний үүрэг биелүүлэх, орон сууцыг буцааж авах мэдэгдэл ирүүлээгүй гэж тайлбарладаг атлаа шүүх хуралдааны явцад бид нар ярилцсан гэж зөрүүтэй тайлбарладаг. Гэрээнд Э.С-отой холбоотой харилцаа тусгагдаагүй. Эрүүгийн хэрэгтэй холбоотой хохирлын асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н-Э- ХХК нь хариуцагч Ч.Б- Л.Б- нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 000- тоотод байх 116 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, алданги 18,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

4. Зохигчийн маргаж буй орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Н-Э- ХХК бөгөөд хариуцагч нар гэрээний төлбөрт 22,000,000 төгрөг төлсөн, уг орон сууцанд 2020 оны 11 сараас эхлэн амьдарч байгаа үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч Н-Э- ХХК гэрээнээс татгалзах, алданги шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

5. Хариуцагч нар маргааны зүйл болсон одоогийн амьдарч буй орон сууцаа нэхэмжлэгчээс худалдан авахаар талууд 2022 оны 11 сарын 07-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нар гэрээний үнэ 464,000,000 төгрөгийг 14 сарын хугацаанд нэхэмжлэгчид хуваан төлөх, нэхэмжлэгч нь үнэ бүрэн төлөгдсөний дараа орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна. /хх.7-9/

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

 

6. Хэргийн баримтаар нэхэмжлэгч орон сууцыг хариуцагч нарын эзэмшилд шилжүүлж гэрээний 1.2-т заасан үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нар 22,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, гэрээний 2.2-т заасан мөнгөн төлбөрийн үүрэг зөрчигдсөн байна. Хариуцагч нар нь Э.С-од 60,000,000 төгрөг төлснийг орон сууцны үнэд тооцуулна, ийнхүү тооцсоноор нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрх үгүйсгэгдэнэ гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон боловч хариуцагч нарын өөр этгээдэд төлсөн төлбөрийг орон сууцны үнэд тооцохоор талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгаагүй, энэ талаар тохиролцсон болон нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн үйл баримт тогтоогдоогүй байна.

Хариуцагч нар гэрээний 1.3.3, 2.2-т заасан мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үнэд төлсөн 22,000,000 төгрөг нь гэрээний үнийн дүнгийн 5 хувьд хүрээгүй байдал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн, мөн хууллийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар мөн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид шилжүүлсэн орон сууцны эзэмшлийг хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн хариуцагч нар нь Э.С-од 60,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд тооцуулах үндэслэлтэй талаархи татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

7. Хэрэгт нэхэмжлэгч Н-Э- ХХК-аас хариуцагч Ч.Б- Л.Б- нарт гэрээг цуцлах талаар 2023 оны 02 сарын 07, 03 сарын 01, 07 сарын 07-ний өдрүүдэд албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн баримт авагджээ. Уг баримтыг хариуцагч тал үгүйсгэж нэхэмжлэгч гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй, татгалзах журмыг зөрчсөн гэж мэтгэлцжээ. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнийг хэрхэн шийдвэрлэх асуудлаар талууд уулзалт хийж байсан нь 2023 оны 09 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

8. Хариуцагч нь маргаж буй орон сууцыг Э.С-оос 2020 онд худалдан авч, орон сууцны үнэд 60,000,000 төгрөг өгч залилуулсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэгт хохирогчоор, нэхэмжлэгч иргэний хариуцагчаар оролцож байгааг тайлбарлажээ. Талууд хожим худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа дээрх 60,000,000 төгрөгийг гэрээний үнэд тооцохоор тохиролцоогүй учир эрүүгийн хэргээс баримт гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хэрэгт хамааралгүй үндэслэлээр хангахаас татгалзсан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч Л.Б- шүүх хуралдаанд шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаан хийж шийдвэр гарсан гэх тайлбарыг гаргасан. Шүүх 2023 оны 09 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулж, хурлыг 2023 оны 09 сарын 14-ний өдөр товложээ. Товыг хариуцагч Л.Б-д түүний -, хариуцагч нарын өмгөөлөгч С.Б-д түүний - дугаараар дамжуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэхэд товыг хүлээн авчээ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх ба хариуцагч талын нотлох баримт гаргуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/03992 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,477,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ