Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/04037

 

 

 

 

 

 

                                2023       09          18

                   101/ШШ2023/04037

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Д” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х” ХХК /рд:/-д холбогдох

 

2 ширхэг тээврийн хэрэгсэл гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А, хариуцагчийн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгч Э.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Д” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг. 2022 онд бид өөрийн өмчлөлийн тухайн үед ,,,,-ӨМЭ улсын дугаартай байсан, ,,, арлын дугаар бүхий Northbenz ,,, маркийн, мөн тухайн үед ,,-ӨМҮ улсын дугаартай байсан, ,, арлын дугаар бүхий Northbenz ,,, маркийн 2 ширхэг нэг бүрийн үнэ нь 165,000,000.00 төгрөгийн үнэ бүхий нийт 330,000,000.00 төгрөгийн ачаа тээврийн зориулалттай автомашиныг “Х” ХХК-ний нэр дээр нүүрс тээвэрт явуулж, ашгаас нь тодорхой хувь авч хамтран ажиллахаар аман хэлбэрээр харилцан тохиролцсон. Үүний дагуу “Д” ХХК-ийн захирлын 2022 оны 01-р сарын 23-ны өдрийн А-04 албан тоотоор маргаан бүхий 2 тээврийн хэрэгслийг “Х” ХХК-нд шилжүүлж, гэрчилгээ олгож, өгөхийг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлж улмаар 2022 оны 01-р сарын 24-ний өдөр манай тээврийн хэрэгслүүдийг “Х” ХХК-ийн нэр дээр бүртгэж, ,, арлын дугаартай автомашин ,,,-УНТ улсын дугаартай, ,,, арлын дугаартай автомашин ,,,-УНЛ улсын дугаартай тус тус болсон. Гэтэл “Х” ХХК нь манай машинуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан цагаас хойш хамтран ажиллахад шаардлагатай мэдээлэл өгөлгүй, хамтын ажиллагааны харилцаа байхгүй болсон бөгөөд манай компанид ямар ч төлбөр тооцоо хийгээгүй. Ийнхүү бидний дунд хамтын ажиллагааны харилцаа байгаа хэмээн итгэж өөрийн өмчлөлийн хөрөнгөө шилжүүлсэн боловч бидний хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй байсан болох нь хожим илэрхий болсон тул шилжүүлэн өгсөн ачаа тээврийн зориулалт бүхий автомашинуудаа буцаан авахаар шаардахад шилжүүлж өгөхөөс татгалзсан. Манай Д ХХК нь Northbenz ,,, маркийн 2 ширхэг ачаа тээврийн зориулалт бүхий автомашин шилжүүлсэн боловч бодит нөхцөл дээр бидний хоронд үүрэг үүсээгүй байсан тул ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасны дагуу “Х” ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймээс “Х” ХХК-с өөрийн өмчлөлөөс шилжүүлсэн тээврийн хэрэгслүүдийг буцаан шаардаж өөрт олгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч ,, арлын дугаартай автомашин ,,,-УНТ улсын дугаартай, ,,, арлын дугаартай автомашин ,,,-УНЛ улсын дугаартай Northbenz ,,, маркийн нэг бүр нь 165,000,000.00 төгрөгийн үнэ бүхий нийт 330,000,000.00 төгрөгийн ачаа тээврийн зориулалттай автомашиныг ИХ-ийн 492.1, 492.1.1-т заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн “Х” ХХК-аас гаргуулж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Бид 2 автомашиныг хариуцагчийн нэр дээр нүүрс тээвэрт явуулж ашгаа хуваахаар тохиролцсон. Улмаар уг машиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх албан тоот бичсэнээр нэр шилжигдсэн. Үүний улмаас машины улсын дугаар солигдсон. Гэтэл хариуцагч нь нэр шилжүүлж авснаас хойш хамтран ажиллах харилцаагаа зогсоосон. Бид хамтран ажиллаж байгаа гэж бодсон боловч ингээгүй. Улмаар бид цагдаад хандсан боловч үндэслэлгүйгээр машиныг буцаан өгөхөөр тохиролцсоноо биелүүлээгүй. Бидний хооронд ямар нэг үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492-д зааснаар хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм. Иймд машиныг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа юм. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлд ач холбогдолгүй зүйл ярилаа. Хэн хэний хооронд харилцааг үүссэнийг анхаарах ёстой. Бид шилжүүлсэн машинаа л нэхэж байгаа юм. Нотлох баримтгүй ярьж байна. Амаар ярилцсан тул эрх зүйн харилцааны талаар баримтгүй юм. Хариуцагч харилцаа үүсээгүй гэдэг тул 492-д зааснаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч Д.Э нь шүүхэд, төлөөлөгч Ч.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “Д” ХХК-н гаргасан нэхэмжлэлтэй хариуцагч тал уншиж танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн утга болон шаардлага бүгд үндэслэлгүй хэмээн хариуцагч тал үзэж байна.

“Д” ХХК-н нэхэмжлээд байгаа ,,, УНТ улсын дугаартай ,, арлын дугаартай, Northbenz ,,,, ,, УНТ улсын дугаартай ,,, арлын дугаартай, Northbenz ,,, ачаа тээврийн зориулалттай хоёр ширхэг автомашин нь үнэндээ “Д” ХХК-н эзэмшлийнх биш бөгөөд жинхэнэ нь эзэмшигч нь БНХАУ-н иргэн ,,, \монгол нэршлээр Г \ гэж хүнийх юм. Учир нь: БНХАУ-н иргэн Г нь нэг өдөр С руу утасдаж холбогдоод баруун хилээр “Д” ХХК-н нэрээр 10 автомашин орж ирсэн тэдгээр автомашиныг өөрийн компанийн нэр дээр  бүртгүүлээд явуулчих гэсэн тэгэнгүүт нь С нь дургүйцээд юу яриад байгаа юм бэ урьдын машинуудын чинь татвараас эхлээд бөөн өр төлбөрөө эхлээд төлчих гэсэнд одоохон төлнө бүр болохгүй бол ядаж 2 давхар чиргүүлтэй машины чирэгч авчих тэгээд бүр болохгүй бол хэсэг хугацааны дараа зараад ч хамаагүй өр төлбөрөө дараарай гэсэн байдаг юм. Тэгэхээр нь С нь эрүүл мэндийн шалтгааны улмаас бараг чадахгүй байх шүү гэдгээ хэлсэн байдаг.

Хэсэг хугацааны дараа “Д” ХХК-н захирал Сийн нөхөр \одоо нэрийг нь санахгүй байна\ нь Стай ирж уулзаад С төрөх дөхсөн учир өөрөө ирж чадахгүй болоод би ирж байна, урдаас ,,, утасдсан тань руу 2 чирэгч шилжүүлээрэй гэсэн, гээд 2 хоёр машинаа яаж шилжүүлж авах вэ гэсэн. С нь та нарт хэлсэн ш дээ би явж чадахгүй нуруу нугалмын хавдартай өвчтэй хүн явж чадахгүй гэхэд өө би мэдэж байгаа би явах асуудлыг бүгдийг нь өөрөө явчихна та санаа зоволтгүй гэж өөрөө гүйсээр байгаад манай “Х” ХХК-н нэр дээр дээрх 2 автомашиныг бүртгүүлж манай компани уг автомашинуудын эзэмшигч нь болсон. Нэхэмжлэгч талын бичсэнчлэн уг маргаан бүхий хоёр автомашиныг манай "Х” ХХК-д шилжүүлэх ч ямар ч шаардлага байхгүй бөгөөд '‘Д” ХХК нь өөрсдөө улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг хирнээ манай компанийн нэр дээр нүүрс тээвэрт явуулж ашгаас нь тодорхой хувь авч хамтран ажиллахаар болсон гэдэг нь огт худал юм. Г гэгч нь мөн л олон тооны буюу 30 гаран автомашиныг “Х” ХХК-н нэр дээр эзэмшигчээр бүртгүүлж байсан юм. Ингэж эзэмшигчээр бүртгүүлэхийн учир нь Монгол, Хятад улсын хооронд нүүрс тээвэрлэлт хийхэд Монгол улсад бүртгэлтэй компанийн нэр дээрх автомашин нь бүртгэлтэй байх шаардлагатай болоод автомашинаа шилжүүлдэг болно. Ингэснээрээ зөвхөн Компанийн нэр ашигладаг юм. Тээвэрлэлтийн хөлс өгнө гэж тохирдог боловч өнөөг хүртэл тохирсон хөлсөө өгдөггүй Монгол улсад мөнгө төгрөг нь орж ирдэггүй зөвхөн Хятад улсад мөнгө нь ордог ийм л урсгал яваад байдаг шиг байгаа юм. Г гэгчийн шилжүүлэн өгсөн явдаггүй баахан автомашины татвар хураамжтай холбоотой өр төлбөр нь өнөөдрийн байдлаар Г нь манай "Хс” ХХК-д нийт дүнгээр 927 461, 629, 56 төгрөгийн өртэй бөгөөд энэхүү өрний асуудлаас болж БНХАУ-н иргэн Г бидний хооронд маргаан үүсэхээр өөрийн өмнөөс биш “Д” ХХК-г өмнөөсөө нэхэмжлэл гаргуулж байна. Тэгэхээр дээрх 2 автомашиныг жинхэнэ эзэмшигч БНХАУ-н иргэн ,,, буюу Г гэгч юм. Мөн Г нь Стай утсаар автомашинаа авах гээд ярихаар нь С нь надад үүсээд байгаа өр төлбөрөө дарчхаад ав хэмээн удаа дараа хэлж байсан ба түүний өмнөөс “Д” ХХК-н С нь Сг Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаад залилсан гэх маягтай гомдол гаргаснаас энэхүү эрүүгийн маргаан нь 2 удаа гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хааж байсан. 2022 онд манай “Х” ХХК нь компанийн захирал Д.С нь хүнд өвчний улмаас ажил хийх боломжгүй болсон бөгөөд компанийн ажил бараг зогсонги хэлбэрт шилжсэн. Ийм ажиллаагүй хүнд нөхцөлд “Д” ХХК нь манайтай тээвэрлэлт хийх зорилгоор хамтран ажиллахаар аман хэлэлцээр хийсэн гэж байгаа нь худал бөгөөд манай хувьд нүүрс тээвэрлэлтээр тоотой хэдхэн удаа тээвэрлэлт хийгдсэн байдаг юм. Мөн Г гэгч нь “Г” ХХК, “Б” ХХК, “А” ХХК, “Г” ХХК, “Д” ХХК, “Г” ХХК, 'Х” ХХК, “А” ХХК болон бусад компаниудын нэр дээр баахан чирэгч болон чиргүүлүүдийг оруулж ирж компанийн нэр ашиглаж нүүрс Монголоос гаргаж ямар ч мөнгө Монголд оруулж ирэхгүй асуудал байгаа юм. Д.С нь мөн Г гэгчид холбогдуулан ӨМӨЗО-ний Аж ахуйн хяналтын цагдаагийн хэлтэст гомдол гаргаад явж байгаа. Сгийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд надаас машин нэхэмжлээд ,,,гийн өмнөөс ингээд гүйгээд байгаад үнэхээр харамсаж бас дургүйцэл төрж байна гэдэг бөгөөд Г гэгчийн автомашин гэдгийг хэн аль нь мэдсээр байхад ийм нэхэмжлэл гаргаж байгаад нь харамсаж байна гэдэг. Хэн алинаа мэдэж байж ингэж өөрийн машин мэт жүжиглээд байгаа нь үнэхээр хөөрхийлөлтэй байна. Нэхэмжлэгч нь ИХ-н 492.1, 492.1.1-д зааснаар шаардлагаа гаргасан байдаг бөгөөд “Х” ХХК нь дээрх хоёр автомашинаа үндэслэлгүйгээр олж аван хөрөнгөжсөн асуудал байхгүй бөгөөд харин ч “Д” ХХК-д түр автомашинаа шилжүүлсэн Г гэгчээс болж маш их хохирол амсаад байгаа болно. Х ХХК-н хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна хэмээн үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. "Х” ХХК-н захирал Д.Сгийн хувьд “Д” ХХК-н удирдлагууд БНХАУ-н иргэн Г гэгчтэй хуйвалдан намайг залилж байна хэмээн үздэг болно.

2а. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь тус 2 машины шударга өмчлөгч биш юм. Нүүрс тээвэрлэхээр тохиролцсон гэдэг нь үндэслэлгүй юм. Үүнийг нотлохын тулд бид гаалиас баримт ирсний дараа шинэ баримт гаргах байсан боловч шүүх хүсэлтийг хангасангүй. Уг машинуудыг Өвөр монгол хүн хилээр оруулж ирсэн байдаг. Тэрээр 10 машин оруулж ирээд манай нэр дээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Улмаар хариуцагчийн нэр дээр татварын өр төлбөр үүсдэг байсан. Хариуцагч нь 400 гаруй сая төгрөгийг төлсөн байдаг. Одоо 500 гаруй саяын татварын өртэй үлдсэн байдаг. Улмаар уг Өвөр монгол хүнтэй холбогдоход өрөндөө наад 2 машинаа ав гэж хэлдэг. Ингээд холбоо тасарсан байдаг. Үүний дараа нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн нэр дээр байсан машинуудыг тэр Өвөр монгол хүн оруулж ирсэн байдаг юм. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны эхээр хүсэлт гаргаад машины нэр шилжсэн бөгөөд төлбөр төлөгдөөгүй гэдэг. Гэтэл 2023 оны дундуур нэхэмжлэл гаргадаг. Гэтэл жил гаруйн хугацаанд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Улмаар цаана нь өөр асуудал байсан болохоор нэхэмжлэл гаргахгүй байсан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь үндэслэлгүй байна. Машин шилжүүлсэн зорилго нь өмчлөгч Өвөр монгол хүн л шилжүүлсэн. Зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, машины эзэн нь манайд өгсөн юм гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/04 дүгээр албан тоот /хх6/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх47-51/

3б. Хариуцагчаас 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23/181 дүгээр албан тоот /хх67/, 13-ны өдрийн 23/180 дугаар албан тоот /хх68/, 05-ны өдрийн хүсэлт /хх69/

3в. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс маргаж буй тээврийн хэрэгслийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагааг гаргуулсан. /хх33-36/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр 2 тээврийн хэрэгслийг хариуцагч “Х” ХХК-с гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “Д” ХХК нь ,,, УНТ улсын дугаартай, ,, арлын дугаартай, ,,, УАЕ улсын дугаартай ,,, арлын дугаартай, Northbenz ,,, маркийн 2 ширхэг тээврийн хэрэгсэл гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч “Х” ХХК нь 2 ширхэг тээврийн хэрэгслийг бусдаас өр төлбөрт тооцож авсан бөгөөд нэхэмжлэгч нь өмчлөгч биш гэж маргасан.

 

4.         Маргаж буй ,,, УНТ улсын дугаартай, ,, арлын дугаартай, ,,, УАЕ улсын дугаартай ,,, арлын дугаартай, Northbenz ,,, маркийн 2 ширхэг тээврийн хэрэгсэл нь анх нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь авто тээврийн үндэсний төвийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа, нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/04 дүгээр албан тоотоор тус тус тогтоогдсон. Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх33-36, 6/ Энд тээврийн хэрэгслийн улсын дугаар нь нэхэмжлэлд дурдсанаас зөрүүтэй байх боловч арлын дугаар таарч байгааг дурдах нь зүйтэй.

 

5.         Хариуцагч нь эдгээр тээврийн хэрэгсэл нь БНХАУ-н иргэний өмч бөгөөд түүний зөвшөөрлөөр өөрийн компанийн өмчлөлд төлбөрт тооцон авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, уг тээврийн хэрэгслүүд Монгол улсад анх нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд БНХАУ-н иргэний өмчлөлд бүртгэгдэж байгаагүй.

 

6.         Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь бид анх хамтран ажиллахаар тохиролцсон гэж тайлбарлах боловч хариуцагчийн төлөөлөгч нь зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж маргасан.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хамтран ажиллагааг гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй, энэ талаар баримтгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг үндэслэж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

 

7.         Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлөөс хариуцагчийн өмчлөлд тээврийн хэрэгслүүд шилжсэн бөгөөд зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэх баримтгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

8.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК-с ,,, УНТ улсын дугаартай, ,, арлын дугаартай, ,,, УАЕ улсын дугаартай, ,,, арлын дугаартай, Northbenz ,,, маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,807,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.Г