Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02009

 

 

 

     2023          11           17                                        210/МА2023/02009

 

 

 

Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04037 дугаар шийдвэртэй

Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох,

2 ширхэг тээврийн хэрэгсэл гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амархүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Бид 2022 онд өөрийн өмчлөлийн улсын 53** ӨМЭ, 53** ӨМҮ дугаар бүхий LBZ447DB6BA005595, LBZ447DB8BA005596 арлын дугаартай норд бенз /Northbenz/ ND4260 маркийн 2 ширхэг, нэг бүрийн үнэ 165,000,000 төгрөг буюу нийт 330,000,000 төгрөгийн ачаа тээврийн зориулалттай авто машиныг “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, хамтран ажиллахаар аман хэлбэрээр тохиролцсон. Үүний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хоёр тээврийн хэрэгслийг “Х” ХХК-д шилжүүлж, 33** УНТ, 33** УНЛ улсын дугаартай болсон.

1.2. “Х” ХХК нь манай машинуудыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан цагаас хойш хамтран ажиллахад шаардлагатай мэдээлэл өгөөгүй, хамтын ажиллагааны харилцаа байхгүй болж манай компанид төлбөр тооцоо хийгээгүй. Тиймээс тээврийн хэрэгслэлүүдийг  буцаан авахаар шаардсан боловч манай компанид шилжүүлж өгөхөөс татгалзсан тул хариуцагч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

Иймээс “Х” ХХК-аас улсын 33** УНТ, 33** УНЛ дугаартай, ачаа тээврийн зориулалттай хоёр ширхэг тээврийн хэрэгслэлийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                             

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Улсын 33** УНТ, 33** УНЛ дугаартай, ачаа тээврийн зориулалттай хоёр ширхэг тээврийн хэрэгслэлүүд “Д” ХХК-ийн эзэмшлийнх биш, харин БНХАУ-ын иргэн Гао гэдэг хүнийх юм. БНХАУ-ын иргэн Гао нь Д.С руу холбогдоод “... баруун хилээр “Д” ХХК-ийн нэрээр 10 автомашин орж ирсэн тул уг авто машиныг өөрийн компанийн нэр дээр бүртгүүлээд явуулчих” гэж хэлэхэд Д.С нь “урьдны машинууд татвараас эхлээд өр төлбөртэй байна гэхэд тэрээр 2 давхар чиргүүлтэй машины чирэгч авчих болохгүй бол зараад өр төлбөрөө дар гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа “Д” ХХК-ийн захирал Н.С-ийн нөхөр нь “урдаас Гао утасдаад тань руу 2 чирэгч шилжүүлээрэй гэсэн гээд өөрөө гүйсээр байгаад манай компанийн дээр дээрх 2 авто машиныг бүртгүүлсэн. Харин нэхэмжлэгчийн бичсэнчлэн уг маргаан бүхий хоёр автомашиныг манай компанид шилжүүлэх ямар ч шаардлага байхгүй бөгөөд уг компани өөрсдөө улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг атлаа манай компанийн нэр дээр нүүрс тээвэрт явуулж ашгаас нь тодорхой хувь авч хамтран ажиллахаар болсон гэж тайларлаж байгаа нь үндэслэлгүй.

2.2. Монгол, Хятад улсын хооронд нүүрс тээвэрлэлт хийхэд Монгол улсад бүртгэлтэй компанийн нэр дээрх автомашин нь бүртгэлтэй байх шаардлагатай болоод автомашинаа шилжүүлдэг болно. БНХАУ-ын иргэн Гао нь манай компанид нийт 927,461,629 төгрөгийн өртэй бөгөөд энэхүү өрний асуудлаас болж бидний хооронд маргаан үүссэн учраас өөрийн өмнөөс бус “Д” ХХК-ийн өмнөөсөө нэхэмжлэл гаргаж байна. Мөн БНХАУ-ын иргэн Гао нь Д.С-тай утсаар автомашинаа авах гээд ярихад нь надад үүсээд байгаа өр төлбөрөө дарчихаад ав хэмээн хэлж байсан ба түүний өмнөөс “Д” ХХК нь Д.С-г Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаад залилсан гэх маягтай гомдол гаргаснаар эрүүгийн маргаан нь 2 удаа гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан.

2.3. Манай компани 2022 онд ажиллаагүй, хүнд нөхцөлд байсан бөгөөд нэхэмжлэгч нь манай компанитай тээвэрлэлт хийх зорилгоор хамтран ажиллахаар аман хэлэлцээр хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Д.С нь БНХАУ-ын иргэн Гао-д холбогдуулан ӨМӨЗО-ны Аж ахуйн хяналтын цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. “Х” ХХК нь дээрх хоёр автомашиныг үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн асуудал байхгүй, харин БНХАУ-ын иргэн Гао гэгчээс болж маш их хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 33** УНТ улсын дугаартай, LBZ447DВ8ВА0055** арлын дугаартай, 33** УАЕ улсын дугаартай, LBZ447DВ6ВА0055** арлын дугаартай, Northbenz ND4260 маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,807,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “талууд харилцан ашигтайгаар ажиллахаар амар тохиролцсон” гэж тайлбарласан бөгөөд хариуцагч тохиролцоо амаар хийгээгүй болохыг нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын архивд хадгалагдаж буй хэрэг бүртгэлтийн 222900167 дугаартай хэргийн материалыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хусэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, захирал Д.Сансармөнх хэргийн оролцогч биш, хариуцагч өөрөө олж авах боломжтой гэж үзсэн. Д.Сансармөнх нь дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээс өөр үндэслэл заасан. Уг нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай баримт боловч хариуцагч өөрөө олж авах боломжгүй. Хариуцагчийн зүгээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газарт нотлох баримт гаргуулах тухай хусалт гаргаж энэ талаар шүүхэд мэдэгдсэн. Мөн хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлох гол баримт нь нэхэмжлэлд дурдагдсан 2 тээврийн хэрэгсэл Монгол улсын гаалиар орж ирэхдээ “Д” ХХК-ийн нэрээр орж ирээгүй тул энэ тухай нотлох баримт гаргуулах хүсэлтийг Гаалийн газарт гаргаж, энэ талаар мэдэгдэхэд шүүх хариуцагчийн гаргасан бүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дурдаагүй бөгөөд үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт “хариуцагч нь эдгээр тээврийн хэрэгсэл нь БНХАУ-ын иргэний өмч бөгөөд түүний зөвшөөрлөөр өөрийн компанийн өмчлөлд төлбөрт тооцон авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, уг тээврийн хэрэгслүүд Монгол Улсад анх нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн. Харин БНХАУ-ын иргэний өмчлөлд бүргэгдэж байгаагүй гэж дүгнэсэн. Тухайн хоёр тээврийн хэрэгслийн гаалиар орж ирсэнтэй холбогдох баримтууд болон прокурорын газарт нэхэмжлэгчийн гаргаж байсан мэдүүлэг зэрэг баримтууд шүүхэд ирсний дараа хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох боломжтой байсан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэх баримтгүй болно.

Иймд шүүх нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг буюу нотолх баримт гаргаж өгөх, шүүхэд хүсэлт гаргах, нотлох баримттай танилцах, мэтгэлцэх эрхүүдийг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уг хэрэг маргаан үүсэж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж өгсөн. Мөн оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон. Уг шүүх хуралдааныг хариуцагчийн зүгээс өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч дараагийн шүүх хуралдааныг хариуцагчийн зүгээс мөн адил хойшлуулсан.

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаагүй. Уг нөхцөл байдлын улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тодорхойгүй. Мөн хэрэгт авагдаагүй үйл баримтуудын талаар тусгаж, уг үйл баримтыг нотолно гэх боловч хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байсан. Манай зүгээс тухайн хүсэлт нь нийт 3 удаагийн шүүх хуралдааны явцад гаргаж өгөөгүй хүсэлтийг гаргасан тул үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан 2 ширхэг тээврийн хэрэгсэл гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргах эрхтэй.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Өмнөговь аймгийн Ханбогд сумын Прокурорын газрын архиваас хэрэг бүртгэлийн 222900167 дугаартай хэргээс нэхэмжлэгч Н.С болон түүний нөхрийн мэдүүлэг болон прокурорын тогтоол гаргуулах ...” хүсэлт гаргасан байна. Анхан шүүх 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2023/19857 дугаартай шүүгчийн захирамжаар “хэргийн оролцогч биш этгээдийн өгсөн тайлбар хэрэгт хамааралгүй, прокурорын тогтоолыг хариуцагч өөрөө бүрдүүлэх боломжтой” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө шүүхэд нотлох баримт цуглуулж, гаргаж өгөхөөр  “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн газар, Гашуун сухайт дахь Гаалийн газар болон Өмнөговь аймггийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, гомдол гаргагч болон нэхэмжлэгч компанийн захирлын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хоёр тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичгүүд,  гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой баримт бичиг гаргуулах хүсэлтүүд гаргасан байна.

 

4.2. Дээрх хүсэлтүүдтэй холбоотойгоор хариуцагч нотлох баримт ирэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2023/21321 дугаартай шүүгчийн захирамжаар уг баримтууд хэрэгт хамааралгүй, хариуцагчид нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгосон гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримт өөрөө гаргаж өгөх, цуглуулах хэргийн оролцогчийн үүргээ хэрэгжүүлэхийг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. /хх-ийн 40, 43-44, 66-69, 77-78/

 

5. Хариуцагчийн нотлох баримт гаргаж, цуглуулж өгөхтэй холбоотойгоор хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад шүүх хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 1,807,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХБАЯР

 

                                          ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

 

                                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ