Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/02568

 

 

 

 

 

 

 

2023 05 23

101/ШШ2023/02568

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух Ц -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух  Н -д холбогдох,

. тоот хаягт байрлах 481 мкв талбай бүхий газар, тус хаягт байрлах 77 мкв талбайтай хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Ц миний төрсөн охин Ц.Г нь 2020 оны 8 сарын 07-ны өдөр Н.Т, Б.Н, Н.А нарын өмчлөлийн Нийслэлийн . тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн ... тоот дугаартай 481 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20,000,000 төгрөгөөр, 77 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр нийт 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

Гэрээгээр хэлэлцэн тохирсон мөнгийг охин маань мөнгөөр болон эд хөрөнгөөр төлсөний үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг.

Тухайн үед худалдан авсан хөрөнгийг харж хандах хүнгүйгээс дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан Б.Нд эд хөрөнгийн эзэмшил ашиглалтыг үлдээж, шаардлагатай үед авна гэдэг байдлаар тохиролцсон.

Харамсалтай нь охин Ц.Г нь 2021 оны 10 сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан. Охин маань Ц.А, З.А гэх хоёр хүү, нөхрийн хамт амьдарч байсан. Түүнийг нас барсны дараа миний талийгаач охины дээрх эд хөрөнгө нь түүний хүүхдүүдийн болон миний нэр дээр хуулийн дагуу өвлөгдөж, Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2023 оны 1 сарын 18-ны өдөр .. дугаар гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээ олгогдсон.

Энэ хугацаанд А.Ц миний зүгээс өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашиглахаар Б.Нд өөрийн хүргэн Б.Зоригтбадрахаар дамжуулан шаардахад тэрээр хүлээн аваагүй бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж, ашиглаж байна.

Хариуцагчийн ярьж байгаа шиг тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрүүгийн хэрэг үүссэн талаар огт мэдэхгүй бөгөөд энэ асуудал нь хариуцагчийн найз нөхөдийн хооронд үүссэн асуудал байх гэж бодож байна.

Миний охин амьд сэрүүн үедээ газар үл хөдлөх хөрөнгийг зарж байгаа хүмүүс нь настай хүмүүс байдаг юм байна худалдаж байгаа талаар мэдэхгүй байж магадгүй гэж Н.Т, Н.А гэх хүмүүстэй уулзаж газар, байшинг худалдаж авч байсан талаар хэлж, нөгөө хүмүүс нь зөвшөөрч байсан бичлэг хийсэн байсан.

Мөн шүүх хуралдаан өмнө нь хойшилсон бөгөөд хариуцагч талд баримт өгөх хангалттай хугацаа байсан. Түүнчлэн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн талаар болох хариуцагчийн ярьж байгаа зүйлс баримтаар нотлогдохгүй байна.

А.Цгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсээгүй. Түүний өмчлөх эрхийг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй байгаа бөгөөд Б.Н нь Монгол улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж эрхтэй гэж заасан А.Цгийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар А.Ц миний өмч болох . тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 481 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай газар болон тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү тоот дугаартай, 77 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.Нийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2020 оны 10 сард цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Нэхэмжлэлд дурдсан газар үл хөдлөх хөрөнгөд одоо миний бие амьдарч байгаа. Энэ газрыг би худалдах эрхийг Б.Энхболдод олгоогүй, зээл авах зорилгоор итгэмжлэл хийж өгсөн.

Анх талийгаач болон түүний нөхөр нартай уулзаж байсан. Зээл авах гэрээг 3-4 хоногийн дараа хийхээр болсон. н.Цолмон Н.Энхболдод зээл өгсөн гэж байсан. Би тухайн үед Н.Энхболдод 3 сая төгрөгийн зээлтэй байснаа 13 сая төгрөг болгож өгсөн. 2022 онд Н.Энхболд нар нь хутга гаргаж айлгаж сүрдүүлж гэрээ хийсэн. Миний бие 1996 оноос хойш энэ газар амьдарч байгаа. Н.Т нь тэргэнцэртэй суугаа хүн байдаг. Н.А нар нь хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Манай нагац ах, эгч нар юм. Ц.Гтай манай газрыг үзэх гэж ирэхэд нь уулзаж Баянзүрх дүүргийн нотариат ороё гээд тохиролцсон боловч Ц.Г нь тухайн үед ирээгүй. Н.Энхболд, Ц.Г нар нь зээлийн гэрээ хийсэн гэж ойлгож байсан. Энэ талаар гомдол гаргаж шалгуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2020 оны 8 сарын 07-ны өдрийн №3086, №3087 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нас барсны гэрчилгээний хуулбар, .. дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Б.Нд холбогдуулан Нийслэлийн . тоот хаягт байршилтай 77 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын . дугаартай 481 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

2.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3.Маргааны зүйл болох Нийслэлийн . тоот хаягт байршилтай 77 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын . дугаартай 481 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын өмчлөгчөөр иргэн А.Ц, насанд хүрээгүй этгээдүүд болох З.А, Ц.А нар бүртгэлтэй болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0, .. дугаартай гэрчилгээнүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч А.Ц нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч болохын хувьд өмчлөлийн эд хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. /хх-ийн 10-11 дүгээр тал/

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хууль бусаар газар болон хувийн сууцыг эзэмшиж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

5.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг газар болон хувийн сууцыг худалдах эрхийг Б.Энхболдод олгоогүй, зээл авах зорилгоор итгэмжлэл хийж өгсөн. Энэ талаар Б.Энхболдод холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргаж байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч тайлбартайгаа холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар, татгалзалын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байна.

Хариуцагчаас дээрх газар, үл хөдлөх хөрөнгийг өөрөө эзэмшиж, тухайн газар дээр одоо амьдарч байгаа талаар тайлбарлаж байна.

6.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч Б.Н нь дээрх орон сууцыг хууль болон гэрээнд зааснаар эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байна.

7.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар . тоот хаягт байршилтай 77 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын . дугаартай 481 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, . тоот хаягт байршилтай 77 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын . дугаартай 481 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг хариуцагч Б.Нийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Нээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА