Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01554

 

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01554

 

 

А.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23ы өдрийн 101/ШШ2023/02568 дугаар шийдвэртэй,

 

            А.Цгийн нэхэмжлэлтэй,

Б.Нд холбогдох,

 

            Хувийн сууц болон газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А.Цгийн охин Ц.Г нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Н.Т, Б.Н, Н.А нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9 дүгээр гудамж, - хаягт байрлалтай, 77 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн - тоот дугаартай 481 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрхийг 20,000,000 төгрөгөөр, нийт 40,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээнүүд түүний нэр дээр олгогдсон.

Тухайн үед дээрх үл хөдлөх эд хөрөнгийг харж хандах хүнгүйгээс өмнөх өмчлөгч Б.Нийн эзэмшил, ашиглалтад үлдээж, шаардлагатай үед авахаар тохиролцсон.

1.2. Ц.Г нь 2021 оны 10 сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан тул 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А.Ц, З.М, Ц.Т нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг олгосон.

А.Ц өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахаар Б.Нээс шаардсан боловч тэрээр өнөөдрийг хүртэл газар, хувийн сууцыг чөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

1.3. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар А.Цгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9 дүгээр гудамж, - хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, 481 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар болон 77 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Нийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлд дурдсан газар, хувийн сууцанд Б.Н нь 1996 оноос хойш амьдарч байгаа бөгөөд тэрээр тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдах бус, зээлийн барьцаанд тавих эрхийг Б.Эод итгэмжлэлээр олгосон. Учир нь Б.Н тухайн үед Б.Эод өртэй байсан. Н.Э, Ц.Г нарыг зээлийн гэрээ хийсэн гэж ойлгож байсан. 2020 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж, 2021 онд энэ хэрэг залилан болон бүлэг дээрмийн шинжтэй гэх хариу өгсөн.

Нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын 9 дүгээр гудамж, - хаягт байршилтай 77 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын - дугаартай 481 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг хариуцагч Б.Нийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Нээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэрэгт газар болон хувийн сууцыг худалдаж авсан 40,000,000 төгрөгийн баримт авагдаагүй, би тэр мөнгийг аваагүй. Ч.Гг нөхөртэйгөө ирэх үед нь “зарахгүй, дахин төлөвлөлтөд орох учир орон сууц болгоно” гэж хэлсэн бөгөөд барьцаанд тавьж байгаа талаараа тодорхой хэлсэн. Тухайн үйл явдал болсны дараа Ч.Гтай “уулзъя” гэж хэлсэн боловч надтай огт уулзаагүй.

2020 оны шүүхийн шийдвэрээр автомашин, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах ямар ч боломжгүй буюу хоригтой байсан. Гэтэл тус үл хөдлөх эд хөрөнгө яагаад бусдад шилжсэн талаар ойлгомжгүй байна. Хүний хөрөнгийг дур мэдэн өөрсдийн нэр дээр шилжүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Б.Нд холбогдуулан хувийн сууц болон газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүй, харин зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг Б.Эод олгосон гэх агуулгаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн талаарх үйл баримтад маргаж буй тохиолдолд шүүхээс эдгээр нөхцөл байдлыг тодруулах, ийнхүү тодруулсны үндсэн дээр маргаж буй асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжтой.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг тодруулж давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.  

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хувийн сууц болон газар өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний хуулбарт улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримт нь эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байх тул энэ талаар дүгнэлт өгөх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй болно.  

 

5. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч Б.Н нь А.Б гэх өмгөөлөгч түүнийг төлөөлж оролцохоор болсон боловч өмгөөлөгч ар гэрийн гачигдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүхэд гаргаж өгөх нотлох баримтууд өмгөөлөгчид байгаа талаар мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргажээ.  

Шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх хүндэтгэн үзэх шалтгааныг хариуцагчийн өмгөөлөгч баримтаар нотлоогүй боловч эрх зүйн туслалцаа авах хариуцагчийн эрхийг хязгаарлах үндэслэл биш юм. Иймд шүүх хариуцагчийг эрх зүйн  туслалцаа авах эрхээр хангах байжээ.   

 

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23ы өдрийн 101/ШШ2023/02568 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Нээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА