Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/03510

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 24 101/ШШ2023/03510

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххх тоот хаягт оршин суух, Т.Аын /РД: ххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххх тоот хаягт оршин суух, С.Эт /РД: хххххх/ холбогдох

Орон сууцыг С.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.А нь 2013 оны 07 сарын 08-ны өдөр К ХХК-тай захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ байгуулан хххххх тоотын 59,6 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,650,000 төгрөгөөр тооцон 98,340,000 төгрөгийн урьдчилгаа 18,340,000 төгрөгийг төлж үлдэгдэл 80,000,000 төгрөгийг Хаан банкны орон сууцны зээлд хамрагдан төлөхөөр харилцан тохиролцсон.

Орон сууц ашиглалтанд орж улмаар 2013 оны 07 сарын 23-ны өдөр Т.Аын нэр дээр тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн хххххххххх дугаарт бүртгэлтэй гэрчилгээ гарч Хаан банкнаас ипотекийн зээл 80,000,000 төгрөг олгогдсоноор КХХК-д төлбөр төлөгдөж дууссан.

Ингээд Т.Аын гэр бүл тухайн орон сууцандаа нүүж орох зорилгоор түлхүүрээ авахаар очиход уг байр хэд хэдэн чанарын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүсч энэ тухай КХХК-ийн эрх бүхий хүмүүст мэдэгдсэн ба тус компани орон сууцыг буцаах боломжгүй, таныг ямар ч байсан хохиролгүй болгож өгнө, байрны мөнгөө танайх 100 хувь төлсөн, нэр дээр чинь гэрчилгээ гарсан болохоор санаа бүү зов, түр орон сууцандаа оролгүй хүлээж бай гэж мэдэгдсэн.

Гэтэл хэсэг хугацааны дараа 120 тоот орон сууцанд маань өөр айл түр оруулсан, таны байрны мөнгийг буцааж өгөх гэтэл 1 дор бөөн мөнгө гаргах боломжгүй байна гэсэн асуудал яригдаж эхэлсэн.

Улмаар Т.А нь гомдолтой байгаагаа илэрхийлж сар болгон амьдраагүй байрны зээл төлж давхар хохирч байгаагаа мэдэгдэн дахин уулзахад таны байранд өөр айл оруулчихсан байгаа, энэ асуудал шийдэгдтэл сарын түрээсийн мөнгийг танд төлье, та зээлээ төл гэсэн санал тавьж, Т.А уг саналыг нь хүлээн авсан.

Гэтэл 2023 оны 02 сараас хойш түрээсийн төлбөр төлөхөө больж Т.А орон сууцны төлбөр төлөх болсон.

Ингээд тухайн байранд амьдарч байгаа С.Этэй уулзаж танайх манай байрыг чөлөөлж өг, цаашид дахин түрээсээр байлгах боломжгүй болсон тухайгаа хэлэхэд Т.Аын өмчлөлийн байрыг төлбөрт авсан, чөлөөлөх боломжгүй гэх болсон.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу өмчлөгч Т.А нь хххххх тоот орон сууцаа С.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр Б ХХК-ийн захирал Б.О нь 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 04/17/18 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг А ХХК-ийн захирал Л.Гтэй байгуулж ажилласан.

Л.Г нь хххххххххх тоот орон сууцыг гэрээний дагуу бартераар ажлын хөлсөнд авах санал гарган манай гэр бүл 2018 оны 08 сард уг орон сууцанд амьдарч эхэлсэн.

Орон сууцанд орсноос 1 жил гаруйн дараа Т.А гэх хүн миний байр гэх болсон ба энэ талаар А ХХК-ийн захирал Л.Гт хэлэхэд бид хоорондын асуудлаа дуусгасан, илүү мөнгө манай компаниас нэхээд байгаа гэсэн утгатай зүйлийг ярьсана.

Энэ олон жилийн хугацаанд Т.Атай удаа дараа уулзахад А ХХК-ийн захирал Л.Г гэж хүний тухай ярьж байснаас бус К ХХК-ийн талаар ярьдаггүй байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Т.Атай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Мөн КХХК болон А ХХК нь ямар харилцан хамааралтай болох нь тодорхойгүй.

Т.А нь К ХХК-тйг хариуцагчаар татах ёстой байтал ямар ч хамааралгүй намайг хариуцагчаар татсан гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Т.А нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Т.Аын иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Т.Аын Хаан банк дахь орон сууцны зээлийн дансны хуулга, Хаан банктай байгуулсан 2013 оны 08 сарын 30-ны өдрийн орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, 2020 оны 05 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч С.Э нь хариу тайлбар, А ХХК-тай Б ХХК-ийн байгуулсан 2018 оны 04 сарын 17-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

2023 оны 06 сарын 21-ний өдрийн 15805 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамжны 75-р байр, 120 тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, 59,6 м.кв 3 өрөө орон сууцны хувийн хэргийн хуулбар,

Хаан банкнаас Т.А нь Хаан банктай 2013 оны 08 сарын 30-ны өдөр ЗГ/344 тоот зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг орон сууцны зээлийн төлбөрт төлсөн гэх ба уг орон сууцны зээлийн хувийн хэргийн хуулбар зэрэг баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч С.Эт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамжны 75-р байр, 120 тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, 59,6 м.кв 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Т.А нь КХХК-тай /захирал Л.Г/ 2013 оны 07 сарын 08-ны өдөр захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байр, 12 давхрын 120 тоотын 59,6 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,650,000 төгрөгөөр, нийт 98,340,000 төгрөгөөр,

Урьдчилгаа 18,340,000 төгрөгийг Хаан банкинд байршуулан, үлдэгдэл 80,000,000 төгрөгийг Хаан банкны орон сууцны зээлд хамрагдаж төлөхөөр,

КХХК нь орон сууцыг 2011 оны 05 сард эхлэн 2012 оны 03-р улиралд барьж дуусган, улсын комисс хүлээн авмагц захиалагчид түлхүүрийг өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2013 оны 02 сарын 06-ны өдрийн 050/2013 тоот актаар захиалагч, хөрөнгө оруулагч КХХК, Д.Алтансүх

-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байр, /үйлчилгээтэй 130 айлын 25 машны гаражтай/ орон сууцны барилгыг 2013 оны 02 сарын 06-ны өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн байна.

 

КХХК-ийн захирал Л.Гийн Хаан банкны Их цайз тооцооны төвд 2013 оны 07 сарын 05-ны өдөр хүргүүлсэн 1/125 тоот албан бичигт:

Манай компанийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байрны 12 давхрын 120 тоотын 59,6 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 1 м.кв нь 1,650,000 төгрөгөөр тооцон 98,340,000 төгрөгөөр худалдаж байгаа нь үнэн болно гэжээ.

 

КХХК-ийн захирал Л.Гийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2013 оны 07 сарын 18-ны өдөр хүргүүлсэн 1/060 тоот албан бичигт:

Түвшинбаяр овогтой А /РД: ЛА84050613/ нь УБ хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамжинд байрлах, үйлчилгээтэй, 130 айлын орон сууц болох 75-р байрны 12 давхрын 59,6 м.кв талбайтай 120 тоотыг захиалагч мөн бөгөөд төлбөрийн үлдэгдэлгүй болох нь үнэн болно гэжээ.

 

Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 13320, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байрны 120 тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Т.А 2013 оны 07 сарын 23-ны өдөр бүртгэгдсэн байна.

 

Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 13320, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байрны 120 тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгч Т.А нь Хаан банктай 2013 оны 08 сарын 30-ны өдөр ЗГ/344 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан, орон сууц худалдан авах зориулалтаар 80,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлэн авчээ.

Т.А нь мөн өдөр Хаан банктай БГ/344 тоот барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 13320, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байрны 120 тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг болон Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 14-р байрны 7 тоотын 18 м.кв талбайтай орон сууцаа ЗГ/344 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ.

2023 оны 06 сарын 05-ны өдрийн байдлаар Т.Аын Хаан банктай байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 29,406,451.11 төгрөгийн үлдэгдэлтэй байна

 

Дээр дурдсан үйл баримтууд Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 13320, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байрны 120 тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны хувийн хэргиийн хуулбар, Т.Аын Хаан банктай байгуулсан 2013 оны 08 сарын 30-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний хувийн хэргийн хуулбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 4-5, 23-37,48-113 дугаар тал/

 

Орон сууцны өмчлөгч Т.А КХХК-д орон сууцны чанартай холбоотой шаардлага тавихад тодорхой хугацааны дараа зөрчлийг арилгаж хүлээлгэн өгнө гэсэн атлаа өөр иргэнийг тухайн орон сууцанд оруулсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон ба тухайн компани байрны асуудал шийдвэрлэтэл орон сууцны зээлээ өөрөө төл, харин бид түрээсийн төлбөр төлье гэсэн санал гаргасныг хүлээн авсан хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлалаа.

 

Нэхэмжлэгч Т.А нь Хаан банктай байгуулсан 2013 оны 08 сарын 30-ны өдрийн зээлийн төлбөрийг төлж байсан нь түүний зээлийн дансны хуулгаар тогтоогдсон ба 2023 оны 06 сарын 05-ны өдрийн байдлаар орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 29,406,451.11 төгрөг байгаа нь орон сууцны зээлийн дансны хуулгаар тогтоогдсон болно.

 

Хариуцагч С.Э нь 2018 оны 04 сарын 17-ны өдөр А ХХК, БХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу Б ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт орон сууцыг авсан, 2018 оны 08 сараас уг орон сууцанд оршин суусан гэж тайлбарласан болно.

/ХХ-ийн 16-19 дүгээр тал/

 

Уг орон сууцанд 2018 оны 08 сард оршин сууснаас хойш 1 жилийн дараа Т.А нь тухайн орон сууцны өмчлөгч, байрнаас нүү гэх шаардлага гаргах болж А ХХК-ийн захирал Л.Гт хэлэхэд тэрээр бидний хоорондын тооцоо дууссан гэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан ба хариуцагч С.Э 2019 оны 08 сараас хойш нэхэмжлэлийн хувь гардан авсан 2023 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд уг асуудлаа зохих хуулийн этгээдэд хандан шийдвэрлүүлэх боломжтой байсан байна.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ,

183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.

Хариуцагч С.Э Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 13320, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байрны 120 тоот орон сууцыг Т.Аын өмчлөлд бүртгэлтэй талаар мэдсэнээсээ буюу 2019 оны 08 сараас хойш хугацаанд уг бүртгэлтэй холбоотой маргаан гаргаагүй тул бүртгэл үнэн зөв гэж тооцогдоно.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 13320, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байрны 120 тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгч Т.А болон хариуцагч С.Э нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд өмчлөгч Т.А хариуцагч С.Эийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч С.Эийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 13320, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байрны 120 тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан ба хариуцагч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасанжав нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч С.Э нь өөрт хохирол учирсан гэж үзвэл А ХХК болон КХХК нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч С.Эийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 13320, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75-р байрны 120 тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ат олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН