Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01777

 

 

 

 

 

 

 

    2023        09         18                                            210/МА2023/01777

 

 

Т.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24ий өдрийн 101/ШШ2023/03510 дугаар шийдвэртэй

Т.А-ын нэхэмжлэлтэй, С.Э-т  холбогдох,

Орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “К” ХХК-тай захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байр, *** тоот, 59.6 м.кв орон сууцыг 98,340,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 18,340,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 80,000,000 төгрөгийг Хаан банкны орон сууцны зээлд хамрагдаж төлөхөөр болсон. Уг орон сууц ашиглалтанд орсноор 2013 оны 07 сарын 23-ны өдөр Т.А-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, мөн Хаан банкнаас ипотекийн зээлээр 80,000,000 төгрөгийг “К” ХХК-д төлсөн.

1.2. Манай гэр бүл тухайн орон сууцандаа нүүж орох зорилгоор түлхүүрээ авахаар очиход тухайн байр хэд хэдэн чанарын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүсч, энэ тухай “К” ХХК-ийн эрх бүхий хүмүүст мэдэгдэхэд тус компани орон сууцыг буцаах боломжгүй, таныг ямар ч байсан хохиролгүй болгож өгнө, байрны мөнгөө танайх 100 хувь төлсөн, нэр дээр чинь гэрчилгээ гарсан болохоор санаа зоволтгүй, түр орон сууцандаа оролгүй хүлээж бай гэж мэдэгдсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа орон сууцанд өөр айл түр оруулсан, таны байрны мөнгийг буцааж өгөх гэхэд бөөн мөнгө гаргах боломжгүй байна гэсэн. Улмаар Т.А нь гомдолтой байгаагаа илэрхийлж сар болгон амьдраагүй байрны зээл төлж давхар хохирч байгаагаа мэдэгдэхэд таны байранд өөр айл оруулчихсан, энэ асуудал шийдэгдэх хүртэл сарын түрээсийн мөнгийг танд төлье, та зээлээ төл гэсэн санал тавьсан тул уг саналыг хүлээн авсан боловч 2023 оны 02 дугаар сараас хойш түрээсийн төлбөр төлөхөө больж, би орон сууцны төлбөр төлөх болсон. Харин тухайн байранд амьдарч байгаа С.Э-тэй уулзаж танайх манай байрыг чөлөөлж өг, цаашид дахин түрээсээр байлгах боломжгүй болсон тухайгаа хэлэхэд Т.А-ын өмчлөлийн байрыг төлбөрт авсан, чөлөөлөх боломжгүй гэсэн. Иймд миний өмчлөлийн орон сууцыг С.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

                                                      

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний нөхөр “Б ” ХХК-ийн захирал Б.О нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг “А ” ХХК-ийн захирал Л.Г-тэй байгуулж, гэрээний дагуу бартераар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байр, ** тоот орон сууцыг ажлын хөлсөнд авахаар тохиролцож, 2018 оны 08 дугаар сараас манай гэр бүл тус байранд амьдарч эхэлсэн. Орон сууцанд орсноос хойш нэг жил гаруй хугацааны дараа Т.А гэх хүн миний байр гэх болсон тул энэ талаар “А ” ХХК-ийн захирал Л.Г-т хэлэхэд бид хоорондын асуудлаа дуусгасан, илүү мөнгө манай компаниас нэхээд байгаа гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Т.А-тай  удаа дараа уулзахад “А ” ХХК-ийн захирал Л.Г гэж хүний тухай ярьж байснаас бус “К” ХХК-ийн талаар ярьж байгаагүй. Т.А-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсан “К” ХХК болон “А” ХХК-иуд ямар харилцан хамааралтай болох нь тодорхойгүй, Т.А нь “К” ХХК-ийг хариуцагчаар татах ёстой атал ямар ч хамааралгүй намайг хариуцагчаар татсан хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байр, *** тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-22040523** дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. С.Э миний бие 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр шүүхэд төлөөлүүлэх бүрэн эрхийг Т.О-т олгосон бөгөөд 2023 оны 07 сарын 24-ний товлогдсон шүүх хуралдаанд тэрээр оролцоход нь шүүх хуралдаан даргалагч итгэмжлэлтэй танилцаж үзээд итгэмжлэлийн агуулгад Т.А-ын нэхэмжлэлтэй хэрэгт төлөөлөх эрх олгогдсон байгаа тул Т.А-ын нэхэмжлэлтэй, С.Э-т холбогдох хэрэгт хариуцагчийн төлөөлөгч гэж үзэх боломжгүй гэж дүгнэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, бусад хүсэлт, нотлох баримт гаргах, нэхэмжлэгч талтай нэхэмжлэлд дурдсан үйл баримтын хүрээнд мэтгэлцэх зэрэг хуульд заасан эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/17852 дугаар захирамж гарсан бөгөөд уг захирамжийн 1 дэх заалтаар тус хэрэгт хариуцагчийн төлөөлөгч гэж үзэхгүй болохыг дурьдсугай гэж тодорхойлсон нь шүүгчийн захирамжийн үндсэн ойлголт болох тодорхой тохиолдлыг зохицуулсан захирамжилсан шинжийг агуулаагүй. Уг итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 тоот тушаалын хавсралтаар батлагдсан нотариатын үйлдэл хийх зааварт итгэмжлэлд тавигдах шаардлагыг журамласан ба уг шаардлагуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа зохигчийн овог нэрийг зайлшгүй итгэмжлэлд тусгахаар зохицуулаагүй. Иймд анхан шатны шүүхээс төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим хөндөгдөж байна.

4.2. Мөн шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад хариуцагч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасанжав нар хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь миний бие тус өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ыг өөрийг төлөөлүүлэн шүүх хуралдаанд оролцуулсан. Миний төлөөлөгч шүүх хуралдаанд очсон тул би өөрийгөө очих шаардлагагүй гэж үзсэн. Харин өмгөөлөгч Л.Баасанжав нь тухайн өдөр Төв аймагт шүүх хуралдаантай байсан тул оролцож чадаагүй. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны ирцтэй холбоотой нэхэмжлэгчийн саналыг асуулгүйгээр шүүх хуралдаанд хариуцагч болон түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Төлөөлүүлэгч С.Э-ээс олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан явдал нь тухайн хэрэгт төлөөлүүлэх эрхийг олгосон гэдгийг хангалттай нотлох бөгөөд хууль тогтоомжийн хүрээнд итгэмжлэл хүчин төгөлдөр, төлөөлөх эрхийг нотолсон хангалттай баримт болохоор байсан. Гэтэл шүүхээс техникийн шинжтэй нэг үсгийн алдааг итгэмжлэлийн бусад агуулгатай харьцуулан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль заасан зохигчийн эрхийг зөрчсөн. Уг байртай холбоотой өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах, бусад холбогдох ач холбогдол бүхий нотлох баримт гарган өгөх хэргийн оролцогчийн эрх хөндөгдөж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч С.Э-т холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

3.а. Тодруулбал, хариуцагч С.Э нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Т.О-т 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ.  

 

Уг итгэмжлэлд “Т.А” гэж бичигдсэн байгаа боловч агуулгаас нь үзэхэд Т.А-ын нэхэмжлэлтэй, С.Э-т холбогдох, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон байна. Анхан шатны шүүх итгэмжлэлд бичигдсэн техникийн шинжтэй алдааг тодруулах замаар залруулах боломжтой байхад  шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/17852 дугаар захирамжаар Т.А гэгч иргэний нэхэмжлэлтэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, Т.О-ыг хариуцагчийн төлөөлөгч гэж үзэх боломжгүй гэж дүгнээд түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасан зарчимд нийцээгүй байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/03510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД 

 

                                            ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА                         

 

                                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ