Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/шш2023/03179

 

 

 

 

 

 

 

 

 

 

00000000

000/00000/00000

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвд байрлах Дулаан чанар ХХК /Регистрийн дугаар 5851254/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токиогийн гудамж Оршил төв 901 тоотод байрлах Оршил констракшн ХХК /Регистрийн дугаар 2772205/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 61,631,253 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу илүү гарсан зардалд 57,084,280 төгрөг, алданги 537,489,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь хариуцагч Оршил констракшн ХХК-тай 2020 оны 8 дугаар 20-ны өдөр арматур нийлүүлэх гэрээ байгуулж, 1000 тонн арматурыг 1 тонныг 1.7 сая төгрөгөөр нийлүүлэхээр тооцож, нийт 1.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байхаар тохиролцсон. Төлбөрийн нөхцөл 60 хувь нь бартер, 40 хувь нь бэлэн мөнгөөр төлөхөөр гэрээнд тусгасан. Гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагчид арматурыг хүлээлгэж өгч байсан. Манай компани нь арматурыг нийлүүлэхдээ арматурын марк, жин тонн, тоо ширхгийг бичээд нэхэмжлэлийн хамт Оршил констракшн ХХК-ийн нярав Оюунчимэгт хүлээлгэн өгөхдөө баримт дээр гарын үсэг зуралцаж өгдөг авдаг байсан. Төлбөрийг анх тохиролцсон буюу Арматур нийлүүлэх гэрээний 2.4, 2.5-д заасны дагуу бэлэн мөнгөөр буюу бартерын зүйлээр төлөх ёстой байснаас Оршил констракшн ХХК нь төлбөрийн үлдэгдэл болох 61,631,253.60 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй байгаа болох нь гэрээний хоёр тал болох Н.Санчир, Б.Хонгорзул нарын хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа болон тэд нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа билээ. Хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж 61,631,253 төгрөгийн үлдэгдлийг төлөхөөр акт үйлдэж төлбөр төлөхөө илэрхийлсэн боловч төлөхгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Иймд хариуцагч Оршил констракшнХХК-аас 61,631,253 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Оршил констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шаардлагын үндэслэл болгосон материалууд нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Арматур нийлүүлэх тухай гэрээтэй ямар ч хамааралгүй. Гэрээний 4.2-т Захиалагч нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хэтэрсэн хоног тутамд тухайн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.2 хувиар гүйцэтгэгчид алданги тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхтэй боловч бид алданги тооцолгүйгээр хоёр талын тооцооны үлдэгдлийн баталгаагаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл манай компанид хамааралгүй Металл оптик ХХК, Жинч транс ХХК, Цамхаг гүүр ХХК, Улаанбаатар менежмент ХХК, Үүр тээл ХХК-ийн нэхэмжлэх болон төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн манай компанийг гэрээний үүрэг зөрчсөн гэж алданги нэхэмжилсэн нь Дулаан чанар ХХК-д ямар ч хамааралгүй баримт бөгөөд гэрч Б.Хонгорзулын Дулаан чанар ХХК-ийн нэхэмжлэл нь Дулаан чанар ХХК-аар ирдэг байсан, одоо манайх 60 сая төгрөгийн өглөгтэй гэх зэрэг мэдүүлгүүдээр сөрөг- нэхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэж байна. Гэрээний үүрэг дуусгавар болсноос хойш төлбөр тооцоогоо нийлж акт баримт үйлдэж 2 тал гарын үсэг зурснаас хойш элдэв худал амлалт өгч төлбөрөө төлөхгүй явсан атлаа ямар ч баримт нотолгоогүйгээр үндэслэлгүйгээр 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 57,084,280 төгрөгийн, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 537,489,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Оршил констракшн ХХК 61,631,253 төгрөгийн өглөгтэй, энэ талаар хариуцагч тал маргахгүй, хүлээн зөвшөөрч байна гэсэн. Харин сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 261, 219 дүгээр зүйлүүдийг баримталж үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзсэн. Манай талын буруугаас болж үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, гэрээний харилцааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон гэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв өөр үнэ өртөгтэй арматур авсан гэвэл гэрээний үүрэгтэй холбоогүй, тусдаа гэм хорын хохирол үүссэн нөхцөл байдал байна уу, үгүй юу гэдгийг өнөөдрийн хэлэлцэх асуудал биш гэж үзэж байна. Иймд хариуцагч Оршил констракшн ХХК-аас 61,631,253 төгрөгийг гаргуулан Дулаан чанар ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дулаан чанар ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Арматур нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу нийлүүлэгчийн зүгээс гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор 1000 тн арматур нийлүүлэх, захиалагч болох манай компани 1 тн арматурыг 1,700,000 төгрөгөөр тооцож нийт үнэд 1,700,000,000 төгрөгийг төлөхөөс 60 хувь болох 1,020,000,000 төгрөгт бартерын зүйл, үлдэгдэл 40 хувь болох 380,000,000 төгрөгийг бэлнээр тооцож төлөх, үүнээс эхний ээлжид 340,000,000 төгрөгийн бартерын зүйлийг актаар хүлээлгэн өгөх, үлдэгдэл 680,000,000 төгрөгийн бартерын зүйлийг талууд харилцан тохиролцож шилжүүлэхээр тохиролцсоны дагуу манай компанийн зүгээс дараах бартерын зүйл болон бэлэн мөнгийг шилжүүлсэн. 2020.07.31-ний өдөр 40,000,000 төгрөгийн үнэ бүхий 05-30 УБИ улсын дугаартай Lexus RX маркийн автомашин, 2020.08.21-ний өдөр 130,000,000 төгрөгийн үнэ бүхий 89-59 УБМ улсын дугаартай Porshe Cain маркийн автомашин, 95,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 88 дугаар байрны 19 тоот, 61,3 м.кв, 2 өрөө орон сууц, 100,000,000 төгрөг, 2020.08.25-ны өдөр 260,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Оршил хотхоны 8а байрны 402 тоот 93,28 м.кв талбайтай үйлчилгээний талбай, 2020.09.15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020.10.19-ний өдөр 150,000,000 төгрөг, 2020.10.24-ний өдөр 5,007,600 төгрөг, нийт 305,007,600 төгрөг. Гэтэл Дулаан чанар ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, гэрээний зөрчил гаргаж, гэрээг байгуулсан цаг хугацаанаас эхлэн нийлүүлэгчийн хувиар гэрээнд заасан арматурыг нийлүүлэхгүй, өөрсдийн нөөц боломжоор маш бага хэмжээгээр нийлүүлж, удаа дараа шахаж шаардуулах зэргээр цаашид гэрээнд заасан тоо хэмжээгээр арматур нийлүүлэх боломжгүй болсон учраас дараагийн 1000 тн арматурын үнэ болон маргаан бүхий гэрээний бартерын үнээс тооцохоор хүлээлгэж өгсөн байсан 260,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Оршил хотхоны 8а байрны 402 тоот 93,28 м.кв талбайтай үйлчилгээний талбайг буцаан шилжүүлэн авсан.

Дулаан чанар ХХК нийт 1000 тн арматур нийлүүлэхээс зөвхөн 367,66 тн арматурыг нийлүүлж, гэрээнд заасан хугацаанд, гэрээнд заасан тоо хэмжээгээр арматур нийлүүлэх үүргээ зөрчсөний улмаас манай компанийн барилга угсралтын ажлын үндсэн гол материал болох арматур тасалдаж, барилгын үйл явц удааширч, хойшилсноос гадна өөр бусад нийлүүлэгч компаниас яаралтай хугацаанд дараагийн давхарт хэрэглэгдэх арматурыг өндөр үнээр худалдан авах зэргээр цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд ихээхэн хохирол амссан. Тухайлбал: Металл оптик ХХК-аас 2020.11.06-ны өдөр 20,705.04 тн, 9,158.76 тн, 19,404 тн, 1,877 тн-ыг нэгж үнэ 1,680,000 төгрөгөөр худалдан авсан, Жинч транс ХХК-аас 2020.11.08-ны өдөр 0,347 тн, 3,663 тн-ыг нэгж үнэ 1,750,000 төгрөгөөр нийт 7,018,830 төгрөгөөр худалдан авч 200,500 төгрөгийн зөрүү, Цамхаг гүүр ХХК-аас 2020.11.10-ны өдөр 30тн-ыг нэгжийн үнэ 1,630,000 төгрөгөөр худалдан авсан, Улаанбаатар менежмент ХХК-аас 2021.03.26-ны өдөр 27,004 тн, 7,996 тн,8 тн, 9,990 тн-ыг нэгжийн үнэ 2,190,000 төгрөгөөр нийт 110,177,400 төгрөгөөр худалдан авч 24,195,400 төгрөгийн зөрүү, Үүр тээл ХХК-аас 2021.03.29-ний өдөр 18,700 тн, 7 тн, 10,6 тн, 7 тг-ыг нэгжийн үнэ 2,300,000 төгрөгөөр нийт 99,590,000 төгрөгөөр худалдан авч 25,980,000 төгрөгийн зөрүү гарч, хохирлын хэмжээ буюу 1 тн арматурыг 1,700,000 төгрөгөөс илүү үнээр авсны зөрүү 50,375,900 төгрөг болсон. Ийнхүү Дулаан чанар ХХК нь гэрээнд заасан тоо хэмжээгээр арматурыг нийлүүлж чадаагүй учраас манай компани өөр бусад компаниудаас өндөр үнээр арматур худалдан авч 50,375,900 төгрөгийг илүү зарцуулан хохирсон Гэрээнд арматурын тээвэрлэлтийн асуудлыг нийлүүлэгч бүрэн хариуцахаар заасан хэдий ч энэхүү үүргээ үл биелүүлсэний улмаас манай компани өөрсдийн зардлаар нийлүүлэгчийн Амгалан дахь тээшнээс арматурыг очиж авч тээвэрлэлт хийн өөрсдийн хэрэгжүүлж буй Баянгол дүүрэг 24 дүгээр хороонд баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны хотхоны барилгын талбайд буулгаж, 1 машины арматурын тээвэрлэлтийн зардалд 350,000 төгрөгийг Дулаан чанар ХХК-ийн ажилтан Н.Санчирын дансанд тухай бүр төлдөг байсан. Нийт 6 удаагийн тээврийн зардалд 2,100,000 төгрөгийг төлсөн ба энэхүү зардал нь манай компаниас илүү гарсан зардал буюу хохирол болно. Мөн нийлүүлэгч Дулаан чанар ХХК-ийн зүгээс арматурын үнийг үндэслэлгүйгээр нэмж буюу 1 тн арматурыг 1,700,000 төгрөгөөр тооцож нийлүүлэхээр тохирсон байтал зарим арматурын үнийг 1,770,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 4,608,380 төгрөгийг илүү нэхэмжилсэн байдаг. Тухайн зардал нь манай компаниас илүү гарсан зардал буюу хохирол болно. Ийнхүү гэрээний нэг тал болох арматур нийлүүлэгч Дулаан чанар ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөний улмаас нийт 57,084,280 төгрөгөөр хохирсон тул Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу 57,084,280 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дулаан чанар ХХК нь арматур нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, нийт 1000 тн нийлүүлэхээс 367,66 тн арматурыг нийлүүлж, үлдэгдэл 632,34 тн арматурыг өнөөдрийг хүртэл огт нийлүүлээгүй. Гэрээний 4.1-д Нийлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0.2 хувиар буруутай талдаа алданги ногдуулна. Энэ нь анх хүлээсэн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөхгүй гэж заасан тул хоногт тооцогдох алданги 632.34 тн * 1,700,000 төгрөг = 1,074,978,000Т төгрөг *0,2 хувь =2 ,149,956/ төгрөг, 2023.05.01-ний өдрийг хүртэл 952 хоногоор тооцоход 2,046,758,112 төгрөг ба Иргэний хуульд анзын хэмжээ нь нийт төлбөл зохих төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан тул 1,074,978,000 төгрөгийн 50 хувь 537,489,000 төгрөгийг нийлүүлэгч Дулаан чанар ХХК төлөх үүрэгтэй. Иймд хохирол 57,084,280 төгрөг, алданги 537,489,000 төгрөг, нийт 594,573,280 төгрөгийг гаргуулж өгнө үү. Оршил констракшн ХХК-ийн зүгээс тооцооны үлдэгдлийн баталгаагаар 61,631,253 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдэг талаар маргадаггүй, зөвхөн төлөхгүй байх үндэслэлд гэрээний дагуу нийлүүлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо тооцоолоод нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 594,573,280 төгрөгөөс 61,631,253 төгрөгийг хасаад 532,942,026.4 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.23-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020.08.20-ны өдрийн 2020 дугаартай Арматур нийлүүлэх гэрээ, 2022.08.24-ний өдрийн итгэмжлэл, 2022.10.27-ны өдрийн итгэмжлэл, 2023.06.22-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар,

3.2. Хариуцагч талаас: 2022.09.19-ний өдрийн итгэмжлэл, 2022.10.04-ний өдрийн хариу тайлбар, 2021.01.26-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020.07.31-ний өдрийн Тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт, 2020.08.21-ний өдрийн Тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт, 2020.08.25-ны өдрийн Үйлчилгээний талбай хүлээлгэн өгсөн акт, 2020.08.26-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2020.09.04-ний өдрийн 0433 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, 2020.11.06-ны өдрийн орлого, зарлагын баримт, Худалдаа хөгжлийн банкны 2020.11.06, 2020.11.08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020.11.08-ны өдрийн орлого, зарлагын баримт, Хаан банкны 2020.11.10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны 2021.03.11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2021.03.26-ны өдрийн нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, орлог, зарлагын баримт, 2021.03.30-ны өдрийн орлого, зарлагын баримт, Худалдаа хөгжлийн банкны 2021.03.29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020.10.24, 2020.11.03-ны өдрийн зарлагын баримт, Хаан банкны 5121058953 дугаартай депозит дансны хуулга, Хаан банкны 2020.10.19, 2020.10.24, 2020.10.30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020.08.26-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2023.02.15-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.04.25-ны өдрийн итгэмжлэл, 2023.05.26-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Н.Санчирын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Б.Хонгорзулын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

г


Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь хариуцагч Оршил констракшн ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 61,631,253 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

хариуцагч нь нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу илүү гарсан зардалд 57,084,280 төгрөг, алданги 537,489,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 

2. Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Дулаан чанар ХХК болон Оршил констракшн ХХК нь 2020 оны 8 дугаар 20-ны өдөр Арматур нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр нийлүүлэгч Дулаан чанар ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1000 тонн арматурыг 1 тонныг 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 1.700,000,000 төгрөгийн арматурыг гэрээ байгуулснаас хойш 30 хоногт багтааж нийлүүлэх, төлбөрийн нөхцөл 60 хувь буюу 1,020,000,000 төгрөгийг бартераар, 40 хувийг 680,000,000 төгрөгийг бэлнээр 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Тус гэрээний хавсралтаар төлбөрийн асуудлыг тохиролцсон байх ба үүнд: бартераар RX450 маркийн 05-30 УБИ улсын дугаартай автомашиныг 40,000,000 төгрөгөөр, Porshe Cayenne маркийн автомашиныг 130,000,000 төгрөгөөр, BMW маркийн автомашиныг 40,000,000 төгрөгөөр бартерт тооцох, мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Оршил хотхоны 8а байрны 402 тоотод байрлах 100 м.кв үйлчилгээний талбайг 260,000,000 төгрөгөөр бартерт тооцохоос энэ гэрээний бартерт 130,000,000 төгрөгийг хасч тооцох, үлдэгдэл 130,000,000 төгрөгийг дараагийн захиалгын 1000 тонн гэрээний бартерийн 60 хувиас хасаж тооцох, нийт тохирсон бартер нь 340,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл бартер болох 680,000,000 төгрөгт харилцан тохирч нэмэлтээр акт үйлдэн хүлээлцэхээр тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба талууд дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчид гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нь гэрээний дагуу нийт 1000 тонн арматур нийлүүлэх үүргийг хүлээсэн боловч 367,66 тонн арматурыг 2020 оны 12 дугаар сар хүртэл нийлүүлсэн гэх тайлбарыг гаргасан ба нийлүүлэлтийг зогсоосон шалтгаанаа хариуцагч Оршил констракшн ХХК гэрээнд заасны дагуу төлбөрт төлөх бэлэн мөнгийг хугацаанд нь шилжүүлээгүй, мөн бартерт шилжүүлсэн үйлчилгээний талбай нь тохирсон хэмжээндээ хүрэхгүй байсан тул гэрээний үүргийг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн өгсөн, авснаа харилцан тооцоо нийлж гэрээг дуусгавар болгохоор болсон гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь гэрээний дагуу 367,66 тонн арматур хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд гэрээний төлбөрийн үүрэгт 2020.07.31-ний өдөр 40,000,000 төгрөгийн үнэ бүхий 05-30 УБИ улсын дугаартай Lexus RX маркийн автомашин, 2020.08.21-ний өдөр 130,000,000 төгрөгийн үнэ бүхий 89-59 УБМ улсын дугаартай Porshe Cain маркийн автомашин, 95,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 88 дугаар байрны 19 тоот, 61,3 м.кв, 2 өрөө орон сууц, 100,000,000 төгрөг, 2020.09.15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020.10.19-ний өдөр 150,000,000 төгрөг, 2020.10.24-ний өдөр 5,007,600 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн 2020.08.25-ны өдөр 260,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Оршил хотхоны 8а байрны 402 тоот 93,28 м.кв талбайтай үйлчилгээний талбайг шилжүүлсэн боловч буцаан авсан болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт, үйлчилгээний талбай хүлээлгэн өгсөн акт зэрэг баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

5. Оршил констракшн ХХК болон Дулаан чанар ХХК-ийн нягтлан бодогч нар 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хоёр компанийн хооронд нийлүүлсэн арматур, төлсөн төлбөрийн тооцоог хийж, Оршил констракшн ХХК нь 61,631,253 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг харилцан тооцож Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Зохигчид энэ баримтыг үйлдсэн талаар маргаагүй. /хх-4/

 

Мөн талууд 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр тооцоо нийлж Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж байсан болох нь тогтоогдож байх ба уг баримтыг үйлдсэн Оршил констракшн ХХК-ийн нягтлан бодогч Б.Хонгорзул, Дулаан чанар ХХК-ийн борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байсан Н.Санчир нар нь гэрчийн мэдүүлэгтээ дээр дурдсан тооцооны үлдэгдлийн баталгаануудыг үйлдсэн талаар тус тус мэдүүлсэн.

 

Гэрч нар нь хоёр компанийн арматур нийлүүлэх үед хүлээлцсэн зарлагын баримтууд, төлбөрт шилжүүлэн өгсөн мөнгө болон бартерын тооцоог хянаж анхан шатны баримтуудыг үндэслэн өглөг, авлагын тооцоог хийж, арматурын төлбөрийн үлдэгдэл 61,631,253 төгрөг болохыг тооцоо нийлж, акт үйлдсэн талаар мэдүүлсэн бөгөөд Оршил констракшн ХХК тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсан төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй болохыг гэрч Б.Хонгорзул мэдүүлсэн болно. /хх-84-87, 122-123/

 

6. Нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсан төлбөрийн үлдэгдэл 61,631,253 төгрөгийг хариуцагч Оршил констракшн ХХК-аас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч компанид төлөх арматурын төлбөр 61,631,253 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч байх боловч Дулаан чанар ХХК-ийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон Оршил констракшн ХХК-д хохирол учирсан тул хохирлын хэмжээнээс төлөх төлбөрийг хасаж тооцуулна гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

7. Хариуцагч Оршил констракшн ХХК нь нийлүүлэгч Дулаан чанар ХХК арматурын үнийг үндэслэлгүйгээр нэмж зарим арматурын үнийг 1,770,000 төгрөгөөр тооцон нийт 4,608,380 төгрөгийг илүү нэхэмжилж авсан гэсэн үндэслэлээр уг мөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд 1 тонн арматурын үнийг 1,700,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон байх ба хариуцагч нь хэзээ, хэдэн тонн арматурыг гэрээнд зааснаас илүү үнээр худалдан авсан талаар нотлох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс арматурын үнийг нэмэгдүүлж 1,770,000 төгрөгөөр нийлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 1 тонн арматурыг 1,770,000 төгрөгөөр нийлүүлсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

Оршил констракшн ХХК-ийн нягтлан бодогч Б.Хонгорзул нь гэрчийн мэдүүлэгтээ Дулаан чанар ХХК нь 1 тонн арматурыг 1,700,000 төгрөгөөр нийлүүлж, тооцоо хийж байсан талаар мэдүүлсэн бөгөөд хариуцагчийн арматурын үнийг нэмэгдүүлэн 1,770,000 төгрөгөөр нийлүүлсний улмаас илүү төлсөн 4,608,380 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй, үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Хариуцагч нь гэрээнд арматурын тээвэрлэлтийн асуудлыг нийлүүлэгч бүрэн хариуцахаар заасан боловч Оршил констракшн ХХК-ийн зүгээс 1 машины тээвэрлэлтийн зардалд 350,000 төгрөгөөр тооцон 6 удаагийн тээврийн зардал төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс 2,100,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Зохигчдын хооронд 2020 оны 8 дугаар 20-ны өдөр байгуулсан Арматур нийлүүлэх гэрээ-нд тээвэрлэлтийн зардлын талаар заагаагүй, талууд энэ асуудлыг гэрээгээр тохиролцоогүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж заасны дагуу Арматур нийлүүлэх гэрээ-ний захиалагч буюу худалдан авагч Оршил констракшн ХХК нь тээвэрлэлтийн зардлыг хариуцах үүргийг хүлээнэ.

 

Хэрэгт Дулаан чанар ХХК-ийн борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байсан Н.Санчирын Хаан банкны 5166230520 дугаартай данс руу 2020.10.19-ний өдөр 1,050,000 төгрөг, 2020.10.24-ний өдөр 350,000 төгрөг, 2020.10.30-ны өдөр 350,000 төгрөг, 2020.11.01-ний өдөр 350,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөгийг шилжүүлсэн банкны мөнгөн шилжүүлгийн баримт авагдсан ба Г.Санчир нь гэрчийн мэдүүлэгтээ зарим удаагийн тээврийн зардлыг Оршил констракшн ХХК-аас дансаар шилжүүлснийг хүлээн авч жолооч нар руу шилжүүлдэг байсан гэж мэдүүлсэн.

 

Хариуцагчаас тээврийн зардалд шилжүүлсэн 2,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Дулаан чанар ХХК үндэслэлгүйгээр авч, захиран зарцуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох үндэслэлгүй, тээврийн зардалд шилжүүлсэн гэх 2,100,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

9. Хариуцагч Оршил констракшн ХХК нь нэхэмжлэгч Дулаан чанар ХХК нийт 1000 тн арматур нийлүүлэхээс зөвхөн 367,66 тн арматурыг нийлүүлж, гэрээгээр тохирсон хугацаанд, гэрээнд заасан тоо хэмжээгээр арматур нийлүүлэх үүргээ зөрчсөний улмаас бусад нийлүүлэгч компаниас гэрээнд тохирсон үнээс өндөр үнээр арматур худалдан авсан гэсэн үндэслэлээр үнийн зөрүү нийт 50,375,900 төгрөгийн хохирол учирсан гэж уг мөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 50,375,900 төгрөгийн худалдан авалтыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Металл оптик ХХК-аас 2020.11.06-ны өдөр 20,705.04 тн, 9,158.76 тн, 19,404 тн, 1,877 тн-ыг нэгж үнэ 1,680,000 төгрөгөөр худалдан авсан, Жинч транс ХХК-аас 2020.11.08-ны өдөр 0,347 тн, 3,663 тн-ыг нэгж үнэ 1,750,000 төгрөгөөр нийт 7,018,830 төгрөгөөр худалдан авч 200,500 төгрөгийн зөрүү, Цамхаг гүүр ХХК-аас 2020.11.10-ны өдөр 30тн-ыг нэгжийн үнэ 1,630,000 төгрөгөөр худалдан авсан, Улаанбаатар менежмент ХХК-аас 2021.03.26-ны өдөр 27,004 тн, 7,996 тн,8 тн, 9,990 тн-ыг нэгжийн үнэ 2,190,000 төгрөгөөр нийт 110,177,400 төгрөгөөр худалдан авч 24,195,400 төгрөгийн зөрүү, Үүр тээл ХХК-аас 2021.03.29-ний өдөр 18,700 тн, 7 тн, 10,6 тн, 7 тг-ыг нэгжийн үнэ 2,300,000 төгрөгөөр нийт 99,590,000 төгрөгөөр худалдан авч 25,980,000 төгрөгийн зөрүү гарч, хохирлын хэмжээ буюу 1 тн арматурыг 1,700,000 төгрөгөөс илүү үнээр авсны зөрүү 50,375,900 төгрөг болсон гэжээ.

 

Хариуцагч Оршил констракшн ХХК нь барилгын салбарт барилга угсралт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг компани байх бөгөөд дээр дурдсан Металл оптик ХХК, Жинч транс ХХК, Цамхаг гүүр ХХК, Улаанбаатар менежмент ХХК, Үүр тээл ХХК-аас арматур худалдан авсан нь нэхэмжлэгч Дулаан чанар ХХК гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэж үзэх боломжгүй юм.

 

Тодруулбал, Дулаан чанар ХХК болон Оршил констракшн ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр Дулаан чанар ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Таншины арматур нийлүүлэхээр тохиролцсон байх ба хариуцагч Оршил констракшн ХХК нь бусад улсад үйлдвэрлэсэн арматурыг өндөр үнээр худалдан авсан үнийн зөрүүг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь дээр дурдсан зарим компаниас арматурыг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан үнийн дүнгээс бага дүнгээр худалдаж авсан болох нь тогтоогдож байх ба зах зээлийн үнэ өртгөөр арматурыг худалдан авч өөрийн барьж буй барилгын ажилд зарцуулсан зардлыг хохиролд тооцон нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй.

 

10. Хариуцагч Оршил констракшн ХХК нь Дулаан чанар ХХК гэрээгээр нийт 1000 тонн арматур нийлүүлэхээс 367,66 тонн арматурыг нийлүүлж, үлдэгдэл 632,34 тонн арматурыг нийлүүлээгүй үндэслэлээр нийлүүлээгүй арматурын үнийн дүнгээс гэрээнд заасны дагуу алданги тооцож, алданги 537,489,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Зохигчдын хооронд 2020 оны 8 дугаар 20-ны өдөр байгуулсан Арматур нийлүүлэх гэрээ-ний 4.1-д Нийлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0.2 хувиар буруутай талдаа алданги ногдуулна. Энэ нь анх хүлээсэн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөхгүй, 4.2-т Захиалагч нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хэтэрсэн хоног тутамд тухайн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.2 хувиар гүйцэтгэгчид алданги тооцно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч тал нь 2020 оны 12 дугаар сар хүртэл арматур нийлүүлсэн гэж, хариуцагч тал нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийлүүлсэн гэх тайлбарыг тус тус гаргаж байх ба нэхэмжлэгч нь нийлүүлэлтийг зогсоосон шалтгаанаа хариуцагч Оршил констракшн ХХК гэрээнд заасан хугацаанд төлөх бэлэн мөнгийг шилжүүлээгүй, мөн бартерт шилжүүлсэн үйлчилгээний талбай нь тохирсон хэмжээндээ хүрэхгүй байсныг буцаан өгч, гэрээний үүргийг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн өгсөн, авснаа харилцан тооцоо нийлж гэрээг дуусгавар болгосон гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Гэрээний 4.3-т Талуудын аль нэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 30 хоногоос хэтэрвэл үүрэг гүйцэтгүүлэгч тал дангаар гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нөгөө талаар төлүүлнэ гэж заасан байх ба хариуцагч Оршил констракшн ХХК нь гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах шаардлагыг гаргах эрхтэй байсан, энэ эрхээ өөрийн тодорхойлсон хугацаа болох 2020 оны 11 дүгээр сараас хэрэгжүүлэх боломжтой байсан атал энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн хариуцагч тал гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-аас шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Оршил констракшн ХХК болон Дулаан чанар ХХК нь 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх өгч, авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлээр нийлж тооцоо нийлсэн, мөн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг дахин хийсэн болох нь тогтоогдсон ба талууд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээг дүгнэж дуусгавар болгосон гэж үзэх үндэстэй байна. /хх-26, 4/

 

Тодруулбал, гэрээний талууд болох Дулаан чанар ХХК болон Оршил констракшн ХХК хэн аль нь гэрээнд заасан үүргээ цаашид гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийлүүлсэн арматур, түүний төлбөрт төлсөн дүнг харилцан тооцож гэрээг дуусгавар болгожээ.

 

Иймд хариуцагч нь гэрээний хугацаа хоцруулсан гэсэн үндэслэлээр алданги 537,489,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Оршил констракшн ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 61,631,253 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-д олгож, хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу арматурын үнийг үндэслэлгүйгээр нэмсний улмаас гарсан зардал 4,608,380 төгрөг, тээврийн зардалд төлсөн 2,100,000 төгрөг, бусад нийлүүлэгч компаниас гэрээнд тохирсон үнээс өндөр үнээр арматур худалдан авсан үнийн зөрүү 50,375,900 төгрөг, алданги 537,489,000 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 466,107 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,288,766 төгрөг /443,371 төгрөг, 2,845,395 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7,893 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Оршил констракшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 466,107 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Оршил констракшн ХХК-аас гэрээний үүрэгт 61,631,253 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-д олгож, хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу илүү гарсан зардалд 57,084,280 төгрөг, алданги 537,489,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 466,107 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,288,766 төгрөг /443,371 төгрөг, 2,845,395 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7,893 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Оршил констракшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 466,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дулаан чанар ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР