Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01621

 

 

 

 

 

 

 

 

2023 08 18 210/МА2023/01621

 

 

********* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/03179 дугаар шийдвэртэй

********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *************** холбогдох

Гэрээний үүрэгт 61,631,253 төгрөг гаргуулах тухай үндсэн,

гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу илүү гарсан зардалд 57,084,280 төгрөг, алданги 537,489,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ********* ХХК нь хариуцагч *************** ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Арматур нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 1000 тонн арматурыг 1 тонныг 1,700,000 төгрөгөөр нийлүүлэхээр тооцон, нийт 1,700,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байхаар тохиролцсон. Төлбөрийн нөхцөлийг гэрээнд 60 хувь бартер, 40 хувь бэлэн мөнгөөр төлөхөөр тусгасан.

1.2. Манай компани гэрээний үүргээ биелүүлж, арматурыг нийлүүлэхдээ арматурын марк, жин тонн, тоо ширхэгийг бичээд нэхэмжлэхийн хамт хариуцагч байгууллагын няравт бүрэн хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.

1.3.Талуудын байгуулсан гэрээний 2.4, 2.5-д заасны дагуу бэлэн мөнгөөр буюу бартерын зүйлээр төлөх ёстой байснаас хариуцагч ************ ХХК төлбөрийн үлдэгдэл 61,631,253 төгрөгийн талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч өндөөрийг хүртэл төлөхгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Иймд хариуцагч *************** ХХК-аас 61,631,253 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ********* ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Арматур нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу нийлүүлэгч ********* ХХК-ийн зүгээс гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор 1,000 тонн арматур нийлүүлэх, захиалагч болох манай компанийн зүгээс 1 тонн арматурыг 1,700,000 төгрөгөөр тооцон, нийт 1,000 тонн арматурны үнэд 1,700,000,000 төгрөгийг бартер болон бэлэн мөнгө хэлбэрээр төлөх үүргийг тус тус хүлээсэн.

2.2. Гэрээний төлбөрийн нөхцөлийг нарийвчлан дурдвал 1,000 тонн арматурын үнэд 1,700,000,000 төгрөг төлөхөөс гэрээний үнийн дүнгийн 60 хувь болох 1,020,000,000 төгрөгөнд бартерийн зүйл, үлдэгдэл 40 болох 380,000,000 төгрөгийг бэлнээр тооцож төлөх ба үүнээс эхний ээлжинд 340,000,000 төгрөгийн бартерийн зүйлийг актаар хүлээлгэн өгөх, үлдэгдэл 680,000,000 төгрөгийн бартерийн зүйлийг талууд харилцан тохиролцож шилжүүлэхээр тохиролцсоны дагуу манай компанийн зүгээс 40,000,000 төгрөгийн үнэ бүхий **** УБИ улсын дугаартай лексус арэкс 450 эйч маркийн автомашин, 130,000,000 төгрөгийн үнэ бүхий **** УБМ порши кайн маркийн автомашин, 95,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 88 дугаар байр, ** тоот 61.3 м.кв 2 өрөө орон сууц, 206,000,000 төгрөгийн бүхий Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Оршил хотхон 8а байр, ** тоот, 93.28 м.кв талбайтай үйлчилгээний талбай, нийт 395,000,000 төгрөгийн бартерийн зүйл, мөн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 150,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5,007,600 төгрөг, нийт 305,007,600 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн.

2.3. ********* ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, гэрээний зөрчил гаргасан байдаг бөгөөд нийт 1,000 тонн арматур нийлүүлэхээс зөвхөн 367,66 тонн арматур нийлүүлсэн. Арматурын үнийг үндэслэлгүйгээр нэмж буюу 1 тонн арматурыг 1,700,000 төгрөгөөр тооцон нийлүүлэхээр тохирсон атал арматурын үнийг 1,770,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Гэрээнд нэхэмжлэгч арматурын тээвэрлэлтийн асуудлыг бүрэн хариуцахаар заасан хэдий ч энэхүү үүргээ үл биелүүлсний улмаас манай компани өөрсдийн зардлаар нийлүүлэгчийн Амгалан дахь тээшнээс арматур авсан. Мөн нийлүүлэгч болох ********* ХХК-ийн зүгээс гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд нийт арматурыг нийлүүлэх болон гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй, зөрчсөний улмаас барилга угсралтын ажлын үндсэн гол материал болох арматур тасалдаж, барилгын үйл явц удаашрах, өөр бусад нийлүүлэгч компаниас яаралтай хугацаанд дараагийн давхарт хэрэглэгдэх арматурыг өндөр үнээр худалдан авах зэргээр манай компани хохирсон.

2.4. ********* ХХК-тай арматур нийлүүлэх гэрээ байгуулсан цагаас эхлэн нийлүүлэгчийн хувиар гэрээнд заасан арматурыг нийлүүлэх боломжгүй, өөрсдийн нөөц боломжоор маш бага хэмжээгээр нийлүүлж, удаа дараа шахаж шаардуулах зэргээр цаашид гэрээнд заасан тоо хэмжээгээр арматур нийлүүлэх боломжгүй болсон учраас дараагийн 1000 тонн арматурын үнэ болон маргаан бүхий гэрээний бартерийн үнээс тооцохоор хүлээлгэж өгсөн байсан 260,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Оршил хотхон 8а байр, ** тоот 93.28 м.кв талбайтай үйлчилгээний талбайг ********* ХХК-аас буцаан шилжүүлэн авсан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. ********* ХХК-аас арматур нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж агуулах дахь арматурын нөөц дууссан, Хятад улсаас арматур орж ирээгүй гэх шалтгаанаар нийт 1000 тонн арматур нийлүүлэхээс зөвхөн 367,66 тонн арматурыг нийлүүлж, гэрээнд заасан тоо хэмжээгээр арматур нийлүүлэх үүргээ зөрчсөний улмаас манай компанийн барилга угсралтын ажлын үндсэн гол материал болох арматур тасалдаж, барилгын үйл явц удааширч, хойшилсноос гадна өөр бусад нийлүүлэгч компаниас яаралтай хугацаанд дараагийн давхарт хэрэглэгдэх арматурыг өндөр үнээр худалдан авах зэргээр цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд их хохирол амссан. Нэхэмжлэгч ********* ХХК нь гэрээгээр хүлээсэн арматур нийлүүлэх биелүүлээгүйн улмаас бэлэн мөнгөөр өөр компаниудаас өндөр үнээр арматур худалдан авсан байдаг. Тиймээс нэхэмжлэгч нь гэрээнд заасан тоо хэмжээгээр арматурыг нийлүүлж чадаагүй учраас манай компани өөр бусад компаниудаас өндөр үнээр арматур худалдан авч 50,375,900 төгрөгийг илүү зарцуулан хохирсон.

3.2. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн арматур нийлүүлэх гэрээнд арматурын тээвэрлэлтийн асуудлыг нийлүүлэгч бүрэн хариуцахаар заасан хэдий ч үүргээ үл биелүүлсний улмаас манай нийлүүлэгчийн амгалан дахь тээшнээс арматурыг очиж авч тээвэрлэлт хийж өөрсдийн хэрэгжүүлж буй Баянгол дүүрэг 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, ДЭМА эмнэлгийн барилгын зүүн талд баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны хотхон бүхий Four season village төслийн талбайд буулгаж, 1 машины арматурын тээвэрлэлтийн зардалд 350,000 төгрөгийг ********* ХХК-ийн ажилтан Н.С-ын дансанд тухай бүр төлдөг байсан. Нийт 6 удаагийн тэврийн зардалд 2,100,000 төгрөгийг төлсөн ба энэхүү зардал нь манай компаниас илүү гарсан зардал буюу хохирол болно.

3.3. Нийлүүлэгч ********* ХХК-ийн зүгээс арматурын үнийг үндэслэлгүйгээр нэмж буюу 1 тонн арматурыг 1,700,000 төгрөгөөр тооцож нийлүүлэхээр тохирсон байтал зарим арматурын үнийг 1,770,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 4,608,380 төгрөгийг илүү нэхэмжилсэн. Тухайн зардал нь манай компаниас илүү гарсан зардал буюу хохирол болно. Нэхэмжлэгч ********* ХХК-ийн зүгээс гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд нийт арматурыг нийлүүлэх болон гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй, зөрчсний улмаас нийт 57,084,280 төгрөгөөр хохирсон тул нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

3.4. Талуудын байгуулсан гэрээний 4.1 дэх хэсэгт нийлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0.2 хувиар буруутай талдаа алданги ногдуулна. Энэ нь анх хүлээсэн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөхгүй гэж заасан тул 632.34*1,700,000=1,074,978,000*0.2%=2,149,956 төгрөг, нийт 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 952 хоногоор тооцоход 2,046,758,112 төгрөг ба Иргэний хуульд заасан анзын хэмжээ нь нийт төлбөл зохих төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан тул 1,074,978,000/2=537,489,000 төгрөгийг нийлүүлэгч ********* ХХК манай байгууллагад төлөх үүрэгтэй. Иймд алданги 594,573,280 төгрөгийг нэхэмжлэгчээс нэмж гаргуулна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: ********* ХХК нь хариуцагч *************** ХХК-тай 2020 оны 08 сарын 20-ны өдөр Арматур нийлүүлэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 1000 тонн арматурыг ******** ХХК-д бүрэн нийлүүлж дуусгасан. Манай компани нь арматурыг нийлүүлэхдээ арматурын марк, жин тонн, тоо ширхэгийг бичээд нэхмжлэхийн хамт ******** ХХК-ийн нярав Н.О хүлээн аваад баримт дээр гарын үсэг зуралцсан. Төлбөрийг анх тохиролцсон буюу талуудын гэрээний 2.4. 2.5-д заасны дагуу бэлэн мөнгөөр буюу бартерийн зүйлээр төлөх ёстой байснаас хамт ******** ХХК нь төлбөрийн үлдэгдэл болох 61,631,253.60 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй байгаа болох нь тухайн үед гэрээний 2 тал болох Н.С, Б.Х нарын тооцооны үлдэгдлийн баталгаа болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа билээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон материалууд нь үндсэн нэхмжлэлийн шаардлага буюу ********* ХХК нь хариуцагч *************** ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр арматур нийлүүлэх гэрээтэй ямар ч хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 4.2-т захиалагч нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хэтэрсэн хоног тутамд тухайн гүйцэтгэлийн унийн дүнгийн 0.2 хувиар гүйцэтгэгчид алданги тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхтэй боловч бид алданги тооцолгүйгээр 2 талын тооцооны үлдэгдлийн баталгаагаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл манай компанид хамааралгүй *********** ХХК, ********** ХХК, *********ХХК, У********** ХХК, ********* ХХК-иудын нэхэмжлэл болон төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн манай компанийг гэрээний үүрэг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж алдинги нэхэмжилсэн байгаа ********* ХХК-д ямар ч хамааралгүй баримт бөгөөд гэрч Б.Х-ын *********р ХХК-ийн нэхэмжлэл нь ********* ХХК-иар ирдэг байсан. Одоо манайх 60,000,000 төгрөгийн өглөгтэй гэх зэрэг мэдүүлгүүдээр сөрөг эхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэж байна. Гэрээний үүрэг дуусгавар болсноос хойш төлбөр тооцоогоо нийлж акт үйлдэж 2 талын гарын үсэг зурснаас хойш элдэв худал амлалт өгч төлбөрөө төлөхгүй явсан атлаа ямар ч баримт нотолгоогүйгээр 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 57,084,280 төгрөг болон 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 537,489,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *************** ХХК-аас гэрээний үүрэгт 61,631,253 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********* ХХК-д олгож, хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу илүү гарсан зардалд 57,084,280 төгрөг, алданги 537,489,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 466,107 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,288,766 төгрөг /443,371 төгрөг, 2.845,395 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7,893 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч *************** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 466,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 2.1-д тээврийг нийлүүлэгч тал хариуцна гэж маш тодорхой заасан байтал шүүхээс тээвэрлэлтийн зардлын талаар заагаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэж, улмаар гэрч Г.С болон Б.Х нарын мэдүүлгээр тээврийн зардалд нийт 2,100,000 төгрөгийг *************** ХХК төлснийг гэрчилсээр атал гэрээнд тусгаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэж, тээвлэлтийн зардлыг *************** ХХК хариуцах үүргийг хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон.

6.2. Талууд нийлүүлсэн болон хүлээн авсан арматурын тоо хэмжээ болох 367,66 тонн барааны үнэд дансаар шилжүүлсэн 305,007,600 төгрөг, бартерт тооцож шилжүүлсэн 265,000,000 төгрөгийн хөрөнгө, үлдэгдэл 61,631,253,6 төгрөгийн дүнгүүдэд маргадаггүй. Эдгээр маргахгүй байгаа дүнгийн нийлбэр (305,007,600+265,000,000+61,631,254=631,638 854)-ийг маргаангүй тоо хэмжээнд хуваан үзэхэд тонн арматурын дундаж үнэ (631 638 854/367,66=1,717,9978)-ийг тогтоох боломжтой. Энэ нь ********* ХХК нь гэрээгээр тохиролцсон үнэ 1,700,000 төгрөгөөс илүү үнээр нийлүүлж байсныг нотлож байна. Эдгээр баримтууд нь хэрэгт хангалттай авагдсан байхад анхан шатны шүүхээс дүгнээгүй.

6.3. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ********* ХХК 1,000 тонн арматур нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл 367,66 тонн арматур нийлүүлснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд 632.34 тонн арматурыг нийлүүлээгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг ба ийнхүү нийлүүлээгүйгээс бусад байгууллагаас 50,375,900 төгрөгийн илүү үнээр *************** ХХК арматур худалдан авсан баримт хэрэгт авагдсан. Үүнийг анхан шатны шүүхээс гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.4. Шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг нягтлан бодох бүртгэлийн аргаар талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн актыг үндэслэн дуусгавар болгож, гэрээний хугацаа хоцруулсан гэсэн үндэслэлээр алданги нэхэмжлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийн ямар зүйл заалтыг баримталж байгаа нь тодорхойгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т гэрээний талууд бараа бүтээгдэхүүнийг тоо ширхэгийн дагуу бүрэн нийлүүлж, захиалагч бараа бүтээгдэхүүний үнийг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэснээр гэрээний хугацаа дуусгавар болно гэж тодорхой заасан байхад шүүхээс гэрээг тооцоо нийлсэн актад дурдсан огноогоор дуусгавар болгосон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нягтлан бодох бүртгэлийн аргаар иргэн, аж ахуйн нэгж бүр жилийн эцсийн байдлаарх тооцоог нийлж байдаг, мөн авлага өглөгийн хэмжээгээ харилцан хүлээн зөвшөөрч, тайлагнах хуульд заасан үүргээ 2 талын нягтлан бодогчид биелүүлсэн. Энэхүү тооцоо нийлсэн акт нь талууд хоорондоо хүлээсэн эрх, үүрэг болон гэрээний харилцааг дуусгавар болгох ямар нэгэн хууль эрх зүйн үндэслэл болохгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ********* ХХК нь хариуцагч *************** ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 61,631,253 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, арматурын үнэд илүү төлсөн 4,608,380 төгрөг, тээврийн зардалд 2,100,000 төгрөг, нэхэмжлэгч ********* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 50,375,900 төгрөг, алданги 537,489,000 төгрөг, нийт 594,573,280 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Арматур нийлүүлэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч ********* ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн таншины 1,000 тонн арматурыг 1 тонн арматурыг 1,700,000 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 1,700,000,000 төгрөгийн арматурыг нийлүүлэх, захиалагч *************** ХХК нь төлбөрийн 60 хувь болох 1,020,000,000 төгрөгийг бартераар, үлдэх 40 хувь болох 680,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 5-9/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3.а. Нэхэмжлэгч ********* ХХК нь гэрээгээр тохиролцсон 1,000 тонн арматураас 367.66 тонн арматурыг хариуцагч *************** ХХК-д нийлүүлсэн, харин хариуцагч *************** ХХК-аас гэрээний төлбөрт 40,000,000 төгрөгийн үнэ бүхий Лэксус ар экс /Lexus RX/ маркийн авто машин 130,000,000 төгрөгийн үнэ бүхий Порше кайен /Porsche саyenne/ маркийн авто машин, 95,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 88 дугаар байр, ** тоот, 61.3 м.кв, 2 өрөө орон сууц, нийт 265,000,000 төгрөгийг бартераар, мөн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 150,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5,007,600 төгрөг, нийт 305,007,600 төгрөгийг нэхэмжлэгч ********* ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт болон зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй байна. /хх27-31/

 

3.б. Дээрх гэрээг талууд 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дүгнэж хариуцагч *************** ХХК нь нэхэмжлэгч ********* ХХК-д арматурын төлбөр 61,631,253 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тэдгээрийн хооронд үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тогтоогдсон. Энэ талаар хариуцагч маргаагүй болно. /хх4/

 

3.в. Түүнчлэн, гэрч Н.С шүүхэд ...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлэхэд *************** ХХК нь 61,631,253 төгрөгийн өглөгтэй гарсан гэж, гэрч Б.Х шүүхэд ...Н.С гэх хүнтэй тооцоо нийлэхэд манай компаниас ********* ХХК-д 60 сая гаруй төгрөгийн өглөгтэй гарсан гэж тус тус мэдүүлжээ. /хх84-87, 121-123/

 

3.г. Хариуцагч *************** ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч ********* ХХК-аас үүргийн гүйцэтгэл болох төлбөрийн үлдэгдэл 61,631,253 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хариуцагчаас 61,631,253 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас арматурын үнийг нэмэгдүүлэн 1,770,000 төгрөгөөр нийлүүлсний улмаас илүү төлсөн 4,608,380 төгрөг, нэхэмжлэгч арматур нийлүүлэх гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 50,375,900 төгрөг болон алданги 537,489,000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

4.а. Учир нь нэхэмжлэгч ********* ХХК-аас 1,770,000 төгрөгөөр арматурыг хариуцагч *************** ХХК-д нийлүүлсэн гэх татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 367,66 тонн арматурыг хариуцагчид 1,700,000 төгрөгөөр нийлүүлсэн, дээрх дүнгээр талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх 121-123/

 

4.б. Хариуцагч *************** ХХК нь бусад нийлүүлэгч компаниудаас өндөр үнээр арматур худалдан авсан хохиролд 50,375,900 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчид хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдоогүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4.в. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д нийлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0.2 хувиар буруутай талдаа алданги ногдуулахаар тохиролцжээ.

 

4.г. Нэхэмжлэгч ********* ХХК нь 2020 оны 12 дугаар сар хүртэл нийт 367.66 тонн арматур нийлсэн боловч хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлөх бэлэн мөнгийг шилжүүлээгүй, мөн бартерт шилжүүлсэн үйлчилгээний талбай нь тохирсон хэмжээндээ хүрэхгүй байсныг буцаан өгсөн, гэрээний үүргийг цааш үргэлжүүлэх боломжгүй болсноор тооцоо нийлсэн акт үйлдэж гэрээг дуусгавар болсон нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4.д. Талууд гэрээг цуцалж дуусгавар болгосон тул гэрээний нэмэлт үүрэг мөн адил цуцлагдана. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 537,489,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн зардалд 2,100,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

5.а. Учир нь талуудын байгуулсан гэрээний 2.1-д ...тээврийг нийлүүлэгч тал хариуцахаар тохиролцсон бөгөөд хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Оршил констракш ХХК-аас тээврийн зардалд нийт 2,100,000 төгрөгийг нэхэмжлэгч ********* ХХК-ийн борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байсан Н.С-ын ХААН банк дахь 51662305** тоот данс руу шилжүүлсэн болох нь дансны хуулга болон гэрч Г.С-ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх58-61/

 

Иймд нэхэмжлэгч ********* ХХК-аас тээврийн зардалд 2,100,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *************** ХХК-д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/03179 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *************** ХХК-аас 61,631,253 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********* ХХК-д олгож, нэхэмжлэгч ********* ХХК-аас 2,100,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *************** ХХК-д тус тус олгож,

сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 592,473,280 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтыг ...56.1 гэсний дараа ...56.2 гэж нэмж, ...олгосугай. гэснийг ...олгож, нэхэмжлэгч ********* ХХК-аас 48,550 төгрөг гаргуулж хариуцагч *************** ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *************** ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,822,661 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

Тогтоох хэсэг: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж байна. Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээ дүгнэж 61 сая үлдэгдэлтэй байна акт үйлдсэн. Анхан шатны шүүх дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон зөв байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд нийлүүлэгч хариуцан гэж заасан тул 2,100,000 төгрөгийг хангав.