Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2023/00283

 

 

2023 05 10 153/ШШ2023/00283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багт оршин байрлах, Ховд дулааны станц төрийн өмчит хувьцаат компани/цаашид ТӨХК гэх/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, Эко-1 гудамж, 1б тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох дулааны эрчим хүчний төлбөр, алданги гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Д.******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөр 971,520 төгрөг, алданги 487,460 төгрөг, нийт 1,457,280 төгрөгийг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ******* хорооллын хауст оршин суудаг Д.******* нь 2014 оны 12, 2015 оны 10,11,12, 2016 оны 1,2,3,4,10,11,12, 2017 оны 1,2,3,4,10,11,12, 2018 оны 1,2,3,4,10,11,12, 2019 оны 1,2,3,4,10,11,12, 2020 оны 1,2,3,4 дүгээр саруудын дулааны эрчим хүчний төлбөрөө төлөөгүй, нийт 1,457,280 төгрөгийн өртэй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 31.3, 31.4 дүгээр зүйлд заасны дагуу 485,760 төгрөгийн алданги бодогдсон байгаа тул хэрэглэгчээс үндсэн төлбөр, алданги нийт 1,457,280 төгрөгийг гаргуулж өгнө үү.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Дулааны эрчим хүчээр хангах гэрээ/2015.04.29 №116/

- Хэрэглэгчийн дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоо/Д.*******/

- Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар Тариф батлах тухай тогтоол

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар албан бичиг

- Бадамлах дөл ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/64 дүгээр Дулааны эрчим хүчний үнэ нэмэгдүүлж өгөхийг хүсэх тухайалбан бичиг

- Бадамлах дөл ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/43 дугаар Дулааны эрчим хүчний үнэ нэмж өгөхийг хүсэх тухай албан бичиг

 

- Ховд аймгийн Дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа ТӨААТҮГ-ын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 65 дугаар Санал хүргэх тухай албан бичиг

- Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр Дулааны үнэ тогтоох тухай тогтоол

- Гэрч Р.Янжмаа, Ж.Тэрбиш, Д.Цэрэнханд нарын мэдүүлэг

5. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Амьдардаг байрандаа 2014 онд дулааны станцаас өөрийн зардлаар шугам татаж, халаалтаа авсан. 2015 онд Дулааны станцаас хэрэглэгчийг хауст амьдардаг гэж ялгаварлан нийтийн орон сууцны халаалтын үнэ тарифаас өөрөөр тооцож авна гэсэн. Үүнийг би зөвшөөрөөгүй. Гэрээ байгуулахдаа үнийг 550 төгрөгөөр тооцохыг хүсэж, үнийн хэсгийг дарсан байгаа.

Миний бие 2015 оноос 2022 он хүртэл хугацаанд өөрийн хэрэглэсэн халаалтын төлбөрөө орон сууцны тарифаар бүрэн төлсөн. Нэхэмжилж байгаа мөнгө нь 2015 оноос 2020 оны хооронд хэрэглэсэн халаалтын тариф дээр нэмэгдүүлсэн зөрүү болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 1,457,280 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/2014.08.03, №000203351, Ү-1617003265/

8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан Тогтоосон тарифын дагуу дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр 2014 оны 12, 2015 оны 10,11,12, 2016 оны 1,2,3,4,10,11,12, 2017 оны 1,2,3,4,10,11,12, 2018 оны 1,2,3,4,10,11,12, 2019 оны 1,2,3,4,10,11,12, 2020 оны 1,2,3,4 дүгээр саруудын дулааны эрчим хүчний төлбөр 971,520 төгрөг, алданги 487,460 төгрөг, нийт 1,457,280 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.******* нь Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны эрчим хүчний тарифыг батлахдаа хувийн орон сууцыг нийтийн орон сууцнаас ялгамжтайгаар баталсан, уг үндэслэлгүй тарифаар дулааны эрчим хүчний төлбөр тооцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, маргажээ.

2. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16 дахь хэсэгт "эрчим хүчээр хангагч" гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3.1.19 дэх хэсэгт "хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг, 3.1.34 дэх хэсэгт "эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээг тус тус ойлгохоор заажээ.

Хангагч Ховд дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хэрэглэгч Д.******* нар нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 116 дугаар Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ-г бичгээр байгуулж, гарын үсэг зурж, албажуулжээ.

Уг гэрээнд хангагч нь хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж, нийтэлсэн тарифын дагуу дулааны эрчим хүчний төлбөрийг хангагчид төлөх агуулга тусгагдсан тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-г байгуулах үед Ховд дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа ТӨААТҮГ гэсэн эрх зүйн статустайгаар үйл ажиллагаа явуулж байгаад хожим Ховд дулааны станц ТӨХК болж, эрх зүйн байдал өөрчлөгдсөн тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй.

3. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22 дахь хэсэгт "тариф" гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг хэлдэг.

Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна гэж Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заажээ.

Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл-ийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар Тариф батлах тухай тогтоолын хавсралтаар Дулааны эрчим хүчийг айл, өрх, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагад борлуулах тариф-ыг баталж, уг тарифыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Бадамлах дөл ХХК болон Ховд дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа ТӨААТҮГ-т тус тус үүрэг болгожээ.

Уг тарифын 2 дахь хэсэгт Ахуйн хэрэглэгчид борлуулах дулааны тариф/НӨАТ-гүй/-ыг ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно: орон сууцны халаалт 1 метр квадрат тутамд 400 төгрөг, тусдаа тохилог орон сууц 1 метр квадрат тутамд 800 төгрөг, халуун ус халаасан дулаан 1 хүн тутамд 6,000 төгрөг метр куб тутамд 2,500 төгрөг байхаар тус тус заажээ.

Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл-өөс баталсан дээрх тариф нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилжээ.

Учир нь Эрчим хүчний зохицуулах зөвлөл-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 243 дугаар Тариф батлах тухай тогтоолоор Ховд дулааны станц ТӨХК-ийн эзэмшлийн дулааны түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний тарифыг баталж, уг тарифыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг Ховд дулааны станц ТӨХК-д үүрэг болгожээ.

Ховд дулааны станц ТӨХК-ийн эзэмшлийн дулааны түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний тарифыг баталсан Эрчим хүчний зохицуулах зөвлөл-ийн дээрх тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4369 дүгээр бүртгэгджээ./Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. https://legalinfo.mn/mn/detail?lawId=14358/

4. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.29 дэх хэсэгт заасны дагуу "хэрэглэгчийн ангилал" гэж хэрэглээний шинж чанар, эрчим хүчээр хангах зардал зэргийг үндэслэн хэрэглэгчийн тарифыг тогтоох зорилгоор хэрэглэгчийг ангилах-ыг ойлгоно.

Нэхэмжлэл, хариу тайлбараас үзэхэд хангагчаас дулааны эрчим хүчээр хангаж буй хэрэглэгчийн үл хөдлөх эд хөрөнгө нь чухам ангилалд хамаарах буюу хэрэглэгчийн ангилал нь зохигчийн маргааны зүйл болжээ.

Тодруулбал Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ү-1617003265 дугаарт бүртгэлтэй Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ-нээс үзэхэд хариуцагч Д.******* нь гэр бүлийн 4 гишүүний хамтаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Эко 1 дүгээр гудамжны 1б тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208,6 мкв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ.

Дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл-ийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан Дулааны эрчим хүчийг айл, өрх, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагад борлуулах тариф-ын орон сууцны халаалт эсхүл Тусдаа тохилог орон сууц-ны чухам аль хэсэгт хамаарах эсэхэд зохигч маргаж байна.

Зохигчийн маргаж буй асуудалд шүүхээс нотлох баримтад тулгуурласан эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөхийн тулд тарифыг баталсан тогтоолд гарын үсэг зурсан Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл-ийн орон тооны гишүүн Б.Янжмаа, хэрэглэгч Д.Нямлхагвыг хариуцан ажиллаж байсан Ховд дулааны станц ТӨХК-ийн борлуулалтын ажилтан Ж.Тэрбиш нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

Гэрч Б.Янжмаа нь ...Нийтийн орон сууц нь нэг л дулааны шугам сүлжээтэй бол тусдаа тохилог орон сууц нь төв магистрал шугам сүлжээнээс тусдаа шугам сүлжээ татаж, халаалт авдаг учир шугамын дулаан алдалт ихтэй, хувийн орон сууц нь барилгын дулааны алдалт ихтэй учир нийтийн орон сууцнаас ялгамжтай тариф баталсан...,

...Д.******* нь орон сууцандаа тусдаа шугам, сүлжээ татаж, халаалтаар хангагдаж байгаа учир тусдаа тохилог орон сууцанд хамаарч, нийтийн орон сууцнаас ялгамжтай тарифаар дулааны эрчим хүчний үнэ төлнө...

...Орон сууцны халаалтын үнэ, тарифыг ялгамжтай баталснаас хойш хэрэглэгчээс гомдол гараагүй, энэ талаар ямар нэг маргаан үүсээгүй. Халаалтаа тусдаа шугам, сүлжээгээр авдаг хувийн орон сууцтай айл, өрхүүд нь уг тарифаар төлбөрөө төлж байсан... гэж,

Гэрч Ж.Тэрбиш нь ...Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тарифыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тариф шинэчлэн батлах хүртэл манай компани хэрэгжүүлсэн. Би 2017 оны 10 дугаар сараас эхлэн 2020 оныг хүртэл хугацаанд хэрэглэгч Д.Нямлхагвыг хариуцан ажиллаж байсан. Түүний өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийг тусдаа тохилог орон сууц учраас 1 кмв талбай тутамд нэмэгдсэн өртгийн албан татвар нэмэгдсэн 880 төгрөгөөр дулааны эрчим хүчний төлбөрийг нь тооцон бичилт хийж байсан...,

....Нийтийн орон сууц нь орцтой харин тухайн хэрэглэгчийн үл хөдлөх эд хөрөнгө нь хаалга нь шууд гадагш харсан тул дулааны алдагдал гарах магадлал өндөр учир журмаа баримтлан дулааны эрчим хүчний төлбөрийн бичилт хийсэн... гэж тус тус мэдүүлжээ.

Эдгээр гэрчийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-иас дулааны эрчим хүчээр хангагдаж буй хариуцагч Д.Нямлхагвыг өмчилж буй дээрх орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг нийтийн орон сууцнаас хэрэглэгчийн ангиллын хувьд ялгамжтай авч үзэн, тариф тооцох шаардлагатай байжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК нь хариуцагч Д.Нямлхагвыг Тусдаа тохилог орон сууц гэсэн хэрэглэгчийн ангилалд хамааруулж, зохих тарифаар тооцсон нь Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл-өөс баталсан тарифыг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа байна.

Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь хэсэгт "эрчим хүчний зохицуулалттай хангалт" гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн тариф /цаашид "зохицуулалттай тариф" гэх/-аар хэрэглэгчид эрчим хүч худалдахыг ойлгоно гэжээ.

Эрчим хүчний зохицуулалттай хангагчийн хувьд Ховд аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл-өөс баталж нийтэлсэн тарифын дагуу хэрэглэгч Д.*******д худалдан борлуулан дулааны эрчим хүчний төлбөрийг тооцсон нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-ийн үйл ажиллагааг буруутгах эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар батлагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдсонгүй.

5. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ, 11.3.3 дахь хэсэгт Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд Ховд аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл нь харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах эрхтэй бөгөөд уг захиргааны байгууллагаас гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь бодит байдалд нийцсэн, эрх зүйн үндэслэлтэй, ялгаварлан гадуурхсан эсэхэд иргэний хэргийн шүүх дүгнэлт хийх эрх хэмжээгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол-ыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэдэг.

Иймд Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны эрчим хүчний тарифыг батлахдаа хувийн орон сууцыг нийтийн орон сууцнаас ялгамжтайгаар баталсан гэх хариуцагч Д.Нямлхагвын татгалзлын үндэслэлд иргэний хэргийн шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Хариуцагч Д.******* нь Дулааны эрчим хүчний тарифыг батлахдаа хувийн орон сууцыг нийтийн орон сууцнаас ялгамжтайгаар баталсан гэх гомдлоо Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл-д зохих журмын дагуу дээд шатны захиргаа, захиргааны хэргийн шүүхэд гаргах эрхтэй.

Энэхүү иргэний хэргийн тухайд Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл-өөс баталсан Дулааны эрчим хүчийг айл, өрх, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагад борлуулах тариф нь эрх зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй гэх байдлыг баталсан эрх бүхий этгээдийн шийдвэрийг хариуцагчаас иргэний хэрэгт гарган өгөөгүй, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

6. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт Хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Ховд дулааны станц ТӨХК-ийн борлуулалтын ажилтан Д.Цэрэнхандын гарын үсэг, санхүүгийн тэмдгээр албажсан 2015 оны 10,11,12, 2016 оны 1,2,3,4,10,11,12, 2017 оны 1,2,3,4,10,11,12, 2018 оны 1,2,3,4,10,11,12, 2019 оны 1,2,3,4,10,11,12, 2020 оны 1,2,3,4 дүгээр саруудын дулааны эрчим хүчний төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа хүснэгтэд хэрэглэгч Д.******* нь 971,520 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлтэй гэж тусгажээ.

Нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-иас иргэний хэрэгт гарган өгсөн дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоонд тусгагдсөн 971,520 төгрөгийн үлдэгдлийг хариуцагч Д.******* нь үнийн дүнгийн хувьд эсэргүүцээгүй, харин тарифын зөрүү гэж тайлбарлажээ.

Гэвч тарифын зөрүү гэх татгалзлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй эрх зүйн үндэслэлийг дээрх хэсэгт тодорхой тайлбарласан учир хариуцагч Д.******* нь хуулийн дээрх заалтын дагуу зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар тооцон гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй юм.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 116 дугаар Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ-ний 6.2 дахь хэсэгт Энэхүү гэрээ 3 жилийн хугацаатай байна гэжээ.

Үүнээс үзэхэд Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ-ний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон хэдий ч хангагчаас хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангасаар ирсэн, уг байдлыг хэрэглэгч эсэргүүцэлгүй хэрэглэгчээс тодорхой хэмжээгээр дулааны эрчим хүчний төлбөрөө төлсөөр ирсэн, дахин бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч хангагчаас хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлээгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт заасны дагуу Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй юм.

Хэрэглэгч Д.******* нь дулааны эрчим хүчний тариф баталсан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг эс зөвшөөрч зохих журмын дагуу маргаагүй атлаа хангагч Ховд дулааны станц ТӨХК-тай дахин бичгээр гэрээ байгуулах/сунгахаас татгалзсан/-аас татгалзсан нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар тооцон төлөхөөс чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл болохгүй.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан тооцно гэж заасны дагуу талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.34 дэх хэсэгт заасан урт хугацаанд эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх юм.

Иймд хариуцагч Д.******* нь 2015 оны 10,11,12, 2016 оны 1,2,3,4,10,11,12, 2017 оны 1,2,3,4,10,11,12, 2018 оны 1,2,3,4,10,11,12, 2019 оны 1,2,3,4,10,11,12, 2020 оны 1,2,3,4 дүгээр саруудын дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 971,520 төгрөгийг нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-д төлөх үүрэгтэй.

7. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж үзэхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд алданги нь гэрээнд зааснаас гадна хуулийн дагуу үүсдэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл байх бөгөөд Эрчим хүчний салбарын хууль тогтоомжид алданги үүсэх эрх зүйн үндэслэлийг зохицуулжээ.

Тодруулбал Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК нь хариуцагч Д.Нямлхагвын дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 971,520 төгрөгөөс тооцсон алданги 487,460 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалт нийцэж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэжээ.

Нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-ийн нэхэмжилсэн алданги 487,460 төгрөг нь хариуцагч Д.Нямлхагвын 2015 оны 10 дугаар сараас эхлэн 2020 ны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд төлөөгүй эрчим хүчний төлбөр 971,520 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй, хуулийн дээрх шаардлага зөрчигдсөнгүй.

Иймд хариуцагч Д.******* нь хуульд заасны дагуу үүсэх алданги 487,460 төгрөгийг нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-д төлөх эрх зүйн үндэслэлтэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт ...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 1,457,280 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,266 төгрөгийг хариуцагч Д.*******ас гаргуулан улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хариуцагч Д.*******ас Дулааны эрчим хүчний төлбөр 971,520 төгрөг, алданги 487,460 төгрөг, нийт 1,457,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд Дулааны станц ТӨХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ховд дулааны станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 1,457,280 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,266 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ