Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/шш2023/03495

 

 

 

2023 00 00

101/ШШ2023/00000

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, Улаанбаатар хот, ....-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....,

хариуцагч Л....,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.... нь нэхэмжлэгч Б....аас маргааш өгье яаралтай мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд зээлийн гэрээ байгуулахгүйгээр аман тохиролцоо хийсэн. 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны ... гэсэн дугаартай данснаас 3,000,000 төгрөг, ... дугаартай данснаас 1,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хариуцагч Л....ын ... тоот Голомт банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл Б....аас зээлж авсан 4,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би Япон улсаас машин оруулж ирж зардаг. Б.... нь машин авъя, та нэг машин өгөөч, би мөнгийг удаахгүй өгнө гээд 2022 оны 9 сарын 07-ны өдөр урьдчилгаа 4,000,000 төгрөг надад өгсөн. 9 сарын 09-ний өдөр хар өнгийн crown 210 маркийн машин 40 сая төгрөгт тохироод аваад явсан боловч тухайн машиныг үдээс хойш буцаагаад аваад ирсэн. Энэ машиныг авахаа болилоо, сонирхохгүй байна гэсэн. Удалгүй 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2 машин буусан байсан бөгөөд би Б....т 2 машин буучихсан байна, нэг нь зах дээр, нөгөө нь манай гараашт байгаа, чи зах руу очоод машиныг үзээд ав гэж хэлэхэд өвөр монгол залуутай ирээд, манай гараашт байгаа машиныг харъя гэж хэлсэн, би энэ машиныг хүнд 45 сая төгрөгөөр өгөх гээд бэлэн болчихсон байгаа гэж хэлэхэд үзье гээд машиныг үзүүлсэн чинь энэ машиныг авъя гэж хэлсэн, нөгөө зах дээр байгаа машин ялгаа байхгүй гэхэд энэ машиныг авъя гээд бичиг баримтыг нь шилжүүлсэн. Үүний нотлох баримт нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр цаг минуттайгаа жолоочийн хариуцлагын даатгал хийсэн. Машины улсын дугаар авах гээд очсон чинь ахаа миний нэр дээр авчих гэж хэлсэн, чи мөнгө тооцоогоо дуусгаж байж нэр рүүгээ шилжүүлж ав гэж хэлсэн. Тухайн үед 4 сая төгрөг өгчихсөн, 41 сая төгрөг дутуу байсан бөгөөд 1 дэх өдөр 20 сая төгрөг өгнө гэж хэлсэн, тэгээд улсын дугаар аваад, даатгал хийлгэсэн. Хэрэв тэр үед Б....ын нэр дээр шилжүүлсэн бол би юу ч байхгүй болох байсан. 1 дэх өдөр өгнө гэсэн мөнгөө өгөөгүй, 17, 18 хоносон, сүүлдээ утсаа ч авахаа больсон тул би очоод мөнгөө өгч байж машинаа аваарай гэж хэлээд машиныг аваад гараашт аваачаад тавьсан. 2, 3 хоногийн хугацаанд ирэхгүй, чимээгүй болчихоор нь зах дээр аваачаад ченжид хандаад зараад өгөөч гэж хэлээд 4 сар болж байж тухайн машин 40 сая төгрөгөөр зарагдсан. Монголын зах зээлд улсын дугаар авчихсан, 4, 5 сар явчихсан, өчнөөн км явсан машиныг 45 сая төгрөгөөр зарна гэж байхгүй. 10 дугаар сард 2 залуутай гэрийн гадаа ирж намайг зодсон, ажил ихтэй учраас яршиг гээд цагдаа сэргийлэхэд гомдол гаргаагүй. Б....т итгэлцлийн журмаар хандаж байсан, тухайн үедээ мөнгөө бага багаар өгчихсөн бол ийм асуудал гарахгүй. Гэтэл сүүлдээ надаас 4 сая төгрөг нэхэмжилж байна. Би хүнээс 4 сая төгрөг зээлсэн бол шууд өгнө. Намайг ингэж гүжирдээд байгааг ойлгохгүй байна. Би Б....аас мөнгө зээлж аваагүй, наймаа хийх гэж урьдчилгаанд авсан мөнгө. 10 хэдэн хоног машиныг унаад улсын дугаар авхуулсан. Тухайн үедээ зарагдчих байсан машин байсан. Би зогсоолын мөнгө, угаалгын мөнгө гээд 2 сая гаруй төгрөг өгсөн. 4 сар гаруй хугацааны дараа машинаа 40 сая төгрөгөөр зарсан. Надад зөндөө алдагдал гарсан. Б.... анхнаасаа наймаагаа найдвартай хийгээд мөнгөө өгчихсөн бол ямар ч асуудал байхгүй. Би олон хүмүүст машин зарж, ажил төрлийг нь бүтээхийн төлөө сайхан сэтгэл гаргадаг. 5, 10 сая төгрөг дутуу өгсөн хүн зөндөө байдаг, жаахан мөнгө дутуу байгаа тохиолдолд гарын үсэг зураад шилжүүлж өгөөд явуулчихдаг. Хамгийн гол нь Б.... 40 сая төгрөг дутуу өгсөн, 5, 10 сая төгрөг дутуу байсан бол өөр хэрэг гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Худалдаа хөгжлийн банкны ..., ... дугаартай дансны хуулга, итгэмжлэл,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2022.09.16-ны өдрийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 2023.02.13-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт бүрдүүлсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Л....т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй, автомашин худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 4,000,000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирсон гэх тайлбарыг гарган маргажээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

4. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Б.... нь Худалдаа хөгжлийн банкны ... дугаартай данснаас 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн Худалдаа хөгжлийн банкны ... дугаартай данснаас 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг хариуцагч Л....ын Голомт банкны ... дугаартай дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч эдгээр шилжүүлэг болон мөнгөн дүнгийн хэмжээний асуудлаар маргаагүй. /х.х-ийн 3, 4/

4.2. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягтад ... улсын дугаартай .. маркийн автомашины өмчлөгчөөр Л...., нэр дурдагдсан жолоочоор Б.... гэж бичигдсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 65/

 

5. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тус тус тайлбарлаж байх боловч зохигчдын хооронд бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй байна.

 

Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй асуудлаар маргаж, мэтгэлцээгүй.

 

6. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож буй үйл баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтад үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй, мөн ...улсын дугаартай Toyota Crown маркийн автомашины Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягтад жолоочоор Б....ын нэр дурдагдсан үйл баримтад үндэслэн хариуцагч шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөөгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас T.. маркийн автомашин худалдан авч, шилжүүлсэн мөнгийг төлбөрт суутган тооцож, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохирч талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол 236.2-т зааснаар өмнөх үүргийн харилцаа дуусгавар болох тул зохигчдын хоорондох зээлийн гэрээний харилцаа дуусгавар болж тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.... тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үндэслэлээр автомашиныг буцаан авсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Л.... нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүргийг хүлээх бөгөөд хариуцагч нь автомашиныг буцаан авсан тул шилжүүлэн авсан 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргийг хүлээнэ.

 

8. Хариуцагч нь нэхэмжлэгч Б.... автомашиныг худалдан авахаар тохирч уг автомашинд улсын дугаар авхуулсны улмаас 45,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан борлуулж хохирсон гэх тайлбарыг гарган маргасан боловч талуудын хооронд автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

9. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Л....аас 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б....т олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 79,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Л....аас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б....т олгосугай..

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л....аас улсын тэмдэгтийн хураамжид 79,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б....т олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР